Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1909

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01827 дугаар шийдвэртэй

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох үйлдвэрийн ослын нөхөн төлбөрт 7 290 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн авто засварчнаар ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлын байран дээрээ тус засварын газраас үйлчилгээ авч байсан автомашины агрегатын түлкийг компрессороор шахаж, солих үйлчилгээ үзүүлж байх үед түлкний боолт нь харваж, түүний зүүн талын нүдний ухархайн хэсэгт онож, зүүн нүдний гадна ухархайн хэсэг гэмтэж, оёдол тавиулж, эмчилгээ хийлгэсэн. Уг гэмтлийн улмаас түүний нүдний харах чадвар муудаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь гэж тогтоогдсон. Энэ ослын дараа “М” ХХК нь Д.Бг ажлын байранд тэнцэхгүй гэж үзэн, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 044 дугаар тушаалаар ажлаас халсан. Дээрх ослыг “М” ХХК-аас хуульд заасан журмын дагуу “орон тооны бус комисс томилон ажиллуулж” үйлдвэрлэлийн ослыг бүртгэн судалж, акт үйлдсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ажлын байран дахь ослоос эрүүл мэндийн хохирлын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай тогтоогдсон боловч ажил олгогчийн зүгээс өнөөдрийг хүртэл эрүүл мэндээ нөхөн сэргээх, эмчилгээ сувилгааг нь дэмжих зорилгоор нөхөн төлбөр олгоогүй байгаад гомдолтой байна. Иймд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийн дагуу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт тус байгууллагаас цалингийн дунджаар 1 сарын цалинг 810 000 төгрөг гэж тооцон, 7 290 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаатай танилцан гарын үсэг зурж, нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангагдсан байдаг. Гэтэл нийт ажилчдын цайндаа орох цагаар буюу тус өдрийн 13 цаг 26 минутад компанийн ХАБ-ын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй дур мэдэн ажиллаж, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчиж хүлээлгэн өгсөн хамгаалах багийг өмсөхгүйгээр ажиллаж байгаад буюу үйлчилгээ авч байсан автомашины агрегатын түлкийг даралтат шахагч төхөөрөмжөөр шахаж, солих ажил гүйцэтгэх явцад түлк шахдаг төмөр бэлдцийг хазгай тавьсан учраас бэлдэц төмөр нь харваж гэмтсэн. Ажилтныг гэмтсэн даруйд компанийн зүгээс анхан шатны тусламж үзүүлж, машин гарган “Гэмтэл, согог судлалын үндэсний төв” эмнэлэгт хүргэсэн. Эмчийн анхан шатны үзлэгээр ноцтой гэмтэл байхгүй, зөөлөн эд гэмтсэн рентген зураг авахуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Эмчийн зөвлөсний дагуу нэхэмжлэгчид өвчин намдаах эм болон томографийн зураг авахуулах 120 000 төгрөг, нийт 124 000 төгрөгийг компанийн зүгээс төлсөн. Үүний дараа 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өглөө нэхэмжлэгч нь компани дээр ирээд “миний бие зүгээр, эмчид үзүүлсэн ажлаа хийж болно гэсэн, ажлаа хийхэд ямар нэгэн харшлах зүйлгүй” гээд ажилдаа орох хүсэлт гаргахад нь ажилд оруулсан. Ингээд Д.Б ажилдаа орсон өдрөө буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлэгчийн автомашинд засвар хийх явцад хариуцлага алдаж, үйлчлүүлэгчдээс 2-оос дээш гомдол ирсэн учраас 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад үргэлжлүүлэн ажиллуулсан. Компанийн зүгээс эмчийн бичиг дүгнэлтээ авчрахыг удаа дараа шаардаж үйлдвэрлэлийн ослын талаарх бүртгэл хөтлөх гэсэн боловч нэхэмжлэгч нь би зүгээр гээд холбогдох баримтыг бидэнд авчирч өгөөгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь гэж тогтоон шийдвэрлэсэн нь үнэн зөв гэдэгт эргэлзээ төрж байна. Учир нь эмчийн анхан шатны үзлэгээр “ноцтой гэмтэл байхгүй, зөөлөн эд гэмтсэн байна, рентген зураг авахуулах шаардлагатай, томографийн зургаар зүгээр” гэж дүгнэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь би зүгээр ажилдаа ормоор байна гэсний дагуу ажилдаа ороод ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байсан. Манай компаниас эмнэлгийн хөдөлмөр, магадлах комиссын шийдвэрээр Д.Бг хөдөлмөрийн чадвараа 60 хувь хүртэл алдсан гэдгийг нэхэмжлэл гардаж авахдаа мэдсэн бөгөөд тэр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь огт компани дээр ирээгүй энэ тухайгаа бидэнд огт мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 7 290 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 131 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өглөө ажилдаа ирэхдээ миний бие томографын зургаар зүгээр гэж гарсан цаашид ажиллахад ямар нэгэн асуудал байхгүй гээд ажилдаа орсон байхад Чингэлтэй дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 47/0829 дүгээр хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж тогтоосон нь эргэлзээтэй юм. Ийм эргэлзээтэй 2 баримтыг анхан шатны шүүх нарийвчлан судлалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийн 82, 83, 84 дүгээр талд авагдсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын “Д.Б нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоогүй байна” гэсэн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын 3 албан бичгийг огт үндэслээгүй атлаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр албан бичгийн “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/19 тоот тушаалаар томилогдсон гишүүдийн эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрээр шийдвэрлүүлэн бүртгэгдсэн нь үнэн болно” гэсэн албан бичгийг үндэслэсэн. Тэгэхээр дээр дурдсан 82, 83, 84 дүгээр албан бичгүүд нь 409 дүгээр албан бичгийн хувьд утга агуулгын хувьд өөр байхад тус тусад нь дүгнэлт хийгээгүй. Мөн 47/0829 дүгээр шийдвэрийг гаргасан гишүүдийг томилсон А/19 дүгээр тушаал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Энэ А/19 дүгээр тушаал хэрэгт нотлох баримтаар авагдсан эсэх талаар шүүх хурал дээр шинжлэн судлуулья гэсэн боловч судлалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх шаардлага хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 7 290 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“М” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Д.Б нь тус компанийн Үйл ажиллагааны хэлтэст авто засварчнаар томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 044 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Ажилтан Д.Б нь авто засварчны ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр засварын газраар үйлчлүүлж байсан автомашинд засвар хийж байхдаа зүүн нүдээ гэмтээж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 47/0829 дугаар Комиссын шийдвэр, Мэргэжлийн хяналтын байгууллагын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогч нь нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж тус тус заасан бөгөөд ажил олгогч буюу хариуцагч “М” ХХК нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч “М” ХХК-аас үйлвэрлэлийн ослын нөхөн төлбөрт нэг сарын дундаж цалин хөлс болох 953 857 төгрөгөөр тооцож, нийт 7 290 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д тус тус заасанд нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч “М” ХХК нь эрх бүхий байгууллагаас гаргасан комиссын шийдвэрийг эргэлзээтэй нотлох баримт гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй өөрийн тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 131 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО