Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01496

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/01360 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭААБЭЭ” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 26 126 873 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талбай тохижуулахад зарцуулсан зардалд 13 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭААБЭЭ” ХХК-ийн захирал М.Буянхишигтэй 17-5-004 тоот түрээсийн талбайн гэрээ байгуулж, И-март худалдааны төвийн 5 дугаар давхарт 21 м.кв талбай түрээслэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу түрээслэгч нь түрээсийн талбайн 1м.кв-ын төлбөрийг 70 000 төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий менежментийн төлбөрийн 1м.кв-ын төлбөрийг 15 000 төгрөгөөр тус тус тооцож сард нийт 1 785 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тухайн үед буюу 2017 оны 3 дугаар сард И-март худалдааны төв нь нээлтээ хийгээгүй байсан боловч манайхаас талбай сонгон авч түрээслэх хүсэлтэй түрээслэгч нарын хүсэлтээр урьдчилан талбайн захиалга авч гэрээ байгуулж байсан болно. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай И-март худалдааны төв нь албан ёсоор нээлтээ хийж, түрээслэгч нараа оруулахад “ЭААБЭЭ” ХХК нь тус төвийн 5 дугаар давхрын 21 м.кв талбайд үйл ажиллагаа эхлүүлсэн. Түрээсийн талбайн гэрээний 12.1, 12.2-д зааснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус болон хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон болно. Түрээслүүлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлж, 2018 оны 02 дугаар сарын түрээсийн талбайн 1 м.кв-ын үнийг 2018 оны 02 дугаар сард 50 хувь бууруулж хөнгөлөлт үзүүлсэн. Харин түрээслэгч “ЭААБЭЭ” ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчиж, 2018 оны 8 дугаар сараас түрээсийн талбайг орхиж явсан учраас одоог хүртэл манай компани дараагийн түрээслэгчийг оруулж чадаагүй байна. Иймд түрээсийн талбайн гэрээг цуцалж, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 6 сарын түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэлд 9 680 000 төгрөг, гэрээний 20.6-д заасны дагуу алдангид 4 840 000 төгрөг, ашиглалтын зардал 469 112 төгрөг нийт 14 989 112 төгрөгийг “ЭААБЭЭ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас төлсөн зардал нь харилцагч андууран төлөгдсөн байх тул түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8 063 000 төгрөг, алданги 4 031 500 төгрөг, ашиглалтын зардалд 287 873 төгрөг, нийт 12 382 373 төгрөг гаргуулж өгнө үү. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагч “ЭААБЭЭ” ХХК нь түрээсийн талбайг хүлээлцэх үүргээ биелүүлээгүй, талбайг чөлөөлж өгөөгүйгээс нэхэмжлэгч “С” ХХК нь “ЭААБЭЭ” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан 21 м.кв талбайг 2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд өөр түрээслэгчид түрээслэх буюу уг талбайгаас ашиг олох боломжгүй болсон. Иймээс түрээслүүлэгч нь түрээсийн талбайн гэрээний 25.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 326.2 дах хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 2018 оны 9-12 дугаар сар, 2019 оны 01-3 дугаар саруудын түрээсийн төлбөрт 13 744 500 төгрөгийг хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймээс хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-иас нийт 26 126 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн түрээсийг төлж чадахгүй болсон шалтгаан нь анхны тохиролцож орсон аман хэлцэл зөрчигдөж өөр газрууд манай зарна гэж тохиролцсон барааг давхардуулан зараад эхэлсэн. Хамгийн анх Е Mart-ын 5 дугаар давхарт дан хүүхдийн тоглоомын орчин барина. Хүннү моллоос илүү хүчин чадалтай орчин үеийн тоглоомуудаар бүрэн тоноглогдсон монголд байхгүй дан тоглоомын давхар баригдахаар зураг төсөл нь батлагдаад ажлаа эхэлж байгаа гэж 2016 оны 5 дугаар сард менежер Ж.Ариунаа манай компанид танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан болохоор нь маш их итгэж саналыг хүлээж авсан. Тэр үеийн 5 дугаар давхрын зураг төслийг надад менежер Ж.Ариунаа танилцуулж байсан бөгөөд үнэхээр тэр чигээрээ маш том тоглоомын газрууд байхаар зурагдсан байсан. Иймээс бид өдрийн орлого, сарын орлого, улмаар жилийн орлогоо тооцож 1,5 жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө, ирээдүйд ашгаа олно гэж тооцоолж, зөвхөн манайх 5 давхарт давуу эрхтэйгээр ус, ундаа, төрөл бүрийн жимсний шүүс, чихэр амттан, зайрмаг, шаар зарж борлуулна гэсэн аман хэлцэл хийж зөвшөөрөлцсөний үндсэн дээр интерьерийн зураг төслөө гарган батлуулж аман хэлэлцээ байгуулж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Ингээд Скай хайпермаркетийн дансанд 4 725 000 төгрөгийг байршуулсан. Үйл ажиллагаа эхэлтэл нь 1,5 жил тэвчээртэйгээр хүлээсэн. менежер Ж.Ариунаа удахгүй ажлаасаа гараад дараагийн менежер Уранзаяа томилогдсон. Ж.Ариунаагийн аман хэлцлийн талаар маш сайн мэдэж байгаа гэдгээ хэлж байсан. Бид гурван удаа уулзсан. Уранзаяа менежер нэг ирээд уулзах гэтэл ажлаасаа гараад явсан гэсэн хариу сонссон. Энэ хугацаанд 2-3 менежер солигдсон. Менежер солигдох бүрт интерьерийн зургаа өгч танилцуулж байсан. Дараагийн менежер нь Э.Энхцэцэг томилогдсон. Мөн аман хэлцлийн талаар ярьж хэлэхэд мэдэж байсан бөгөөд хэрэгжүүлж ажиллана гэж хэлсэн. Э.Энхцэцэг менежертэй албан ёсоор 6 удаа уулзалтын өрөөнд нь очиж уулзсан. Уулзах тоолондоо манай компани зөвхөн ус, ундаа, зайрмаг, жимсний шүүс, чихэр амттан, шаар зарна гэсэн тохиролцоогоо уйгагүй сануулж байлаа, аман хэлцэл хүчинтэй үргэлжилнэ, маш сайн ойлгож байгаа санаа зоволтгүй ээ гэсэн хариулт Э. Энхцэцэг менежер өгч байсан болохоор хүсэлт биелэгдэнэ гэж бодож байлаа. Яваандаа тоглоомын газруудын оронд хүүхдийн хувцасны дэлгүүрүүд, бичиг хэрэг шал өөр газрууд орохоор болсон байлаа. Богино хугацаанд бид дахин 2-3 удаа интерьерийн зураг зуруулж байж сүүлийн зургийг зөвшөөрсөн. Энэ хугацаанд 500 000 төгрөгийн зургийг ахин зуруулсан. Олон удаа наашаа цаашаа явж асуудлаа шийдүүлэх гэж холбогдох албан тушаалтнуудтай уйгагүй уулзсан. Мөн хүн бараг ордоггүй хүнээ татах, түрээслэгчээ дэмжих үйл ажиллагаа нь хангалтгүйгээс орлогогүй болж алдагдалд орж эхэлсэн. Үйл ажиллагаа эхлээд удаагүй байтал хүний урсгал бага, дорвитой маркетинг, менежтентийн арга хэмжээ аваагүй, ухуулга сурталчилгаа таниулах сурталчлах ажил хангалтгүй зэргээс үүдэн орлогогүй шахам болж ирсэн. Энэ хугацаанд түрээслүүлэгч байгууллага сурталчилсан болон түрээслэгч нараа дэмжсэн маркетинг менежментийн ажиллагааг маш хангалтгүй хийсэн бөгөөд өөрсдөө ч мэдэж байсан. Энэ нь мөн түрээслэгч нарыг түрээсээ төлөх боломжгүй болгосон нэг шалтгаан гэж бид үзэж байна. Иймээс бусад түрээслэгч нар орлогоо нэмэгдүүлэхийн тулд үндсэн үйл ажиллагаанаасаа гажин бусдынхаа зарж байсан бүтээгдэхүүнийг зарж эхэлсний жишээ бол манайд зарагдана гэж тохиролцсон байсан бүтээгдэхүүнүүдийг өөрсдийнхөө түрээсийн павилон дээр зэрэгцээд зараад эхэлсэн явдал юм. Дээрх түрээслэгч нар бүгдээрээ нийлж байгаад 7 дугаар сард хүсэлтээ гаргахад ТУЗ хуралдаж асуудлыг шийдвэрлэж өгнө гээд бас нилээн хүлээлгэсэн. Энэ үед нь бид тухай бүр нь заал зохион байгуулагч Гэрэлмаа, Оюунбат, менежер Э.Энхцэцэг, менежер Батцэцэг, захирал Б.Самади бүгдэд нь амаар болон бичгээр, утсаар олон удаа мэдэгдэж албан тоот өгүүлж байсан. Менежер Э.Энхцэцэг жирэмсний амралтаа авахаасаа өмнө хэд хоног өвчтэй байж байгаад ирэхдээ одоогийн менежер болох Батцэцэгийг миний өөдөөс харуулаад хажуудаа суулгаж байгаад хэлсэн нь анхнаасаа эхний гэрээ хийсэн менежер Ж.Ариунаатай зөвхөн энэ компани давуу эрхтэйгээр ус, ундаа, зайрмаг, жимсний шүүс, чихэр амттан, шаар зарна гэж аман хэлцэл хийж орж ирсэн компани эднийх. Энэ компани ус ундаа, албан бичигт заагдсан хүнсний бүтээгдэхүүн, дурдагдсан юмнуудаа зарна. Өөр газрууд зарах ёсгүй ээ. Энэ айл тооцооллоо хийгээд энэ ажиллагаагаа эхлүүлсэн байгаа учир бид амлалтаа биелүүлэх ёстой шүү. Энэ үүдэнд зайрмаг орж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Яагаад энэ газрууд бусдынхаа зөвшөөрөлтэй юмыг зараад байгаан бэ? Энийг болиулаарай. Зайрмаг, ус ундаа бусад барааг нь давхардуулж болохгүй шүү. Өөрсдийн анхнаасаа хүсэлт гаргаж зөвшөөрөгдсөн юмнуудаа л зарна шүү. Бусад газрууд зарж байгаа бол цэгцэлж болиулаарай гэсэн үүргийг миний өөдөөс харуулаад суулгаж байгаад өгсөн. Батцэцэг нь “За ойлголоо” гэж хэлж байсан. Тулгарсан асуудлыг дор нь шийдвэрлэдэггүй цаг алдаж, хүлээлт үүсгэж хойшлуулсаар байгаад түрээслэгч байгууллагаа өрөнд оруулсан явдал. Энэ хугацаанд менежер Батцэцэгт албан бичиг ч өгч байсан, амаараа 4-5 удаа очиж уулзаж байсан. Хамгийн сүүлд Батцэцэгтэй 2018 оны 3 сарын 25-нд хүртэл уулзаж бичгээ өгсөн. Угаасаа 8 дугаар сарын түрээснээс эхлээд хөнгөлнө гээд бүх газрууддаа хэлчихсэн байгаа, дарга нар мэдэж байгаа болохоор хөнгөлчих байхаа. Ус ундаа зэрэгцэж зараад байгаа газруудад хэлсэн байгаа. Удахгүй цэгцэлж өгнө, арга хэмжээ авна, дарга нар бас сайн ойлгохгүй байна, би хэлээд л байгаа, та нар бичгээр өгчих гэсэн хариултыг л өгдөг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-нд түрээсийн менежер Уянгатай уулзахад бас л түрээсээ буулгана, манай ТУЗ хуралдаж асуудлыг шийднэ гэсэн гэж хэлж байлаа. Энэ бүх ярианд итгэж шийдвэрлээд өгөх байх гэсэн итгэлээр горьдлого тээн хүлээж ядаад бид эцэстээ 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоосон юм аа. Учир нь дээрх яригдаад байсан асуудлууд хэвээрээ үргэлжилж, өдөр хоногоор өрөнд орсоор байсан. Түрээслүүлэгч айл түрээсээ л нэхээд байхаас асуудлаа шийдэж өгөөгүй ээ. Аман хэлцэл хийсний дагуу олох ёстой ашгаа олж чадахаа байсан. Анхны хийгдсэн аман хэлцэл биелэгдэхгүй болсноос үүдэн түрээс төлөх асуудал гэдэг зүйл боломжгүй болоод ирсэн. Түрээс төлөх үндэслэлгүй болчихлоо, түрээсээ буулгаж өгөөч, энэ бусад газрууд манай зарна гэсэн барааг зэрэгцээд зараад байна. Зохицуулаад өгөөч, эцэст нь зураг дахин зуруулсны мөнгийг түрээсээс хасаад өгөөч, үйл ажиллагаа явуулахад боломжгүй боллоо, павилоныг өөр газарт зарж борлуулж өгөөч, ийм байдлаар эвлэрье гэсэн шалтгаанаа дурдсан бичгээ бид удаа дараа өгч байсан. Хамгийн сүүлд гэрээний дагуу гэрээ цуцлахаас 60 хоногийн өмнө гэрээ цуцлах мэдэгдлээ өгсөн. Бид тохиролцож эвлэрэх гэж нэлээн оролдсон. Түрээслүүлэгч байгууллагаас албан бичгүүдийн хариуд боломжгүй гэсэн ганц албан бичиг л өгсөн. Бид 2018 оны 8 дугаар сарын 31-нд павилонд зарагдаж байсан бараагаа авах гэтэл гаргахгүй хориг тавьж 212 ширхэг ундааг гаргалгүй барьцаалж үлдээсэн. Энэ ундаануудын хугацаа дуусч бас л алдагдалд оруулсан. Энэ нь 318 000 төгрөгийн ундаа байсан. Скай хайпермаркетийн ажилтнууд тогтвор суурьшилгүй, олон удаа солигддог байсан учраас урьд ярьж хэлж тохиролцож байсан аман хэлэлцээгээ байнга сануулж хэлдэг байсан. Хэрэв Скай хайпермаркетийн холбогдох албан тушаалтнууд нь бусад худалдаа үйлчилгээний Моллууд шиг түрээслэгч нартаа хөнгөлөлтийн судалгаатайгаар тодорхой үе шаттайгаар үзүүлдэг, маркетинг менежментийн ажлаа тодорхой төлөвлөгөөтэйгөөр танилцуулдаг, түрээслэгч байгууллагуудынхаа хүсэлт, мэдэгдэл, санал хүсэлтийг дор нь шийдвэрлэдэг, хүнээ татах ажлуудыг байнга системтэйгээр зохион байгуулдаг, хүмүүст зар, реклам, телевизийн рекламаар сайн сурталчилдаг, асуудлыг сунжруулдаггүй шийдвэрлэдэг байсан бол ингэж хүнгүй, орлогогүй зогсохгүй байсан бөгөөд түрээслэгч нарыг хохироож алдагдалд оруулахгүй байсан гэж бид бодож байна. Нийтдээ манайх тохижилтод 13 000 000 төгрөг, зураг дахин зуруулахад 500 000 төгрөг, ундааны хугацаа дуусч устгалд орсон 318 000 төгрөг, дээрээс нь нэхэмжлэгч компанийн түрээсийн өр алдангийн хамт 14 989 112 төгрөг нийлээд 28 807 112 төгрөгийн алдагдалд ороод байна. Дээрх шалтгааны улмаас сарын орлого түрээсийн төлбөртөө ч хүрэхгүй, ямар ч ашиггүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд талбайг түрээслэхэд зориулж тохижуулсан хөрөнгө оруулалт, ажилчдын цалин зэргээрээ манай компани хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. “С” ХХК-ийн нэхэмжилсэн дүн зөрж байна. Манай компани түрээсэнд нийтдээ 4 873 000 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн манай компанийн Голомт банкаар гүйлгээ хийсэн түрээсийн төлбөр болох 1 617 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Түрээсийн үлдэгдэл өр 8 512 700 төгрөг байх ёстой. Гэтэл 9 680 000 төгрөг буюу 1 167 300 төгрөгөөр илүү нэхэмжилсэн байна. Түрээсийн алдангийг буруу тооцоолсон байна. Түрээсийн гэрээний 20.6-д заасны дагуу 0,5 хувийн алдангийг бодоход 3 437 953 төгрөг болох ёстой байтал 4 840 000 төгрөгийг нэхэмжилсэн нь 1 402 047 төгрөгөөр илүү нэхэмжилсэн байна. Нийт манай компаниас 2 569 347 төгрөгийг илүү авахаар нэхэмжилсэн. Түрээсийн талбайн гэрээний 24.1 дүгээрт заасны дагуу бид үйл ажиллагаа явуулах болсон тухай мэдэгдлээ 60 хоногийн өмнөөс өгсөн. Мэдэгдлээ өгтлөө, өгсний дараа ч “С” ХХК”-ийн холбогдох албан тушаалтнуудтай уйгагүй уулзаж, хүсэлт, мэдэгдэл, эвлэрэх санал, албан бичгүүдийг шат дараалан өгч, утсаар ярилцаж байсан. Захирал Б.Самаадитай 2018 оны 11 сар, 12 сар, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ярьж уулзсан. 6 дугаар сарын 24-ний өдөр утсаар ярьсан. Менежер Ариунаатай 4 удаа, менежер Уранзаяатай 2, менежер Энхцэцэгтэй 5 удаа, менежер Уянгатай 3 удаа хамгийн сүүлд 2018 оны 11 сарын 14, талбай зохион байгуулагч Ууганбаттай 2018 оны 6 сарын 23, менежер Батцэцэгтэй 4 удаа уулзсан, 7 дугаар сард Батцэцэг менежертэй уулзахад удахгүй ТУЗ хуралдана. Асуудал шийдэгдэнэ дарга нар мэдэж байгаа л гэж хэлдэг. Бид албан бичгээ өгөөд 60 хоног болсны дараа үйл ажиллагаагаа зогсоогоод бүх юмаа хурааж аваад нүүх гэтэл бараа бүтээгдэхүүнийг гаргахгүй, барьцаалж авсан. Давхрын зохион байгуулагч Ууганбат, Гэрэлмаа, харуулын дарга нар бүгд байсан бөгөөд “дээрээс битгий гарга гэсэн үүрэг өгсөн учраас танай юмыг гаргахгүй” гэж барьцаалсан. Үүнд ус, ундаа, зөөлөн чихэр, смүүти, шар доктор, бохь гэх мэт. Үүнээс болж 318,000 төгрөгийн барааны хадгалалтын хугацаа дуусч алдагдалд орсон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдон дараах тайлбарыг гаргаж байна. Талбайн түрээсийн гэрээний 24.1 дүгээрт заасны дагуу бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай мэдэгдлээ 60 хоногийн өмнөөс өгсөн бөгөөд 8 дугаар сарын 31-ний орой үйл ажиллагаагаа зогсоогоод бүх юмаа хурааж нүүх гэтэл бараа бүтээгдэхүүнийг гаргахгүй, тоног төхөөрөмжийн хамт “С” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд барьцаалсан. Давхрын заал зохион байгуулагч Ууганбат, Гэрэлмаа, харуулын дарга нар бүгд байсан бөгөөд “дээрээс битгий гарга гэсэн үүрэг өгсөн учраас танай юмыг гаргахгүй” гэсэн тайлбарыг хэлсэн. Дашрамд дурдахад ганц манай байгууллага биш анх байсан хэд хэдэн түрээслэгч нар бүгд түрээсийн өрөнд орж, зарим нь бараа болон төхөөрөмжөө барьцаалуулж үйл ажиллагаа зогсоож “С” ХХК-иас гарцгаасан. Үүнд Baby spa-хүүхэд усанд оруулдаг газар, Кидс-28 хувцасны дэлгүүр, Pilot-бичиг хэргийн дэлгүүр, “Сүлд” бие бялдаржуулах төв, Кити хаус-дэлгүүр, Дэгдээхэй-дэлгүүр, Next-ийн тоглоомын газар, Bibi’s Creamery-Хусдаг зайрмагны газар гэх мэт. Эдгээр байгууллагуудын төлөөлөгч нар үйл ажиллагааны менежментээ сайжруулж, хүний урсгалыг татах талаар олон удаа хэлж, ярьж, уулзаж, албан бичиг өгч, Б.Самаадий захиралтай хүртэл уулзаж байсан. Удахгүй ТУЗ хуралдаж асуудлыг шийдэж өгнө гэж хугацаа алдуулж хүлээлт үүсгэсээр байгаад ийм байдалд хүрсэн. Мөн “С” ХХК-д манай байгууллагын зүгээс тус павилоныг өөр газарт түрээслүүлж өгөх, түрээсийн төлбөртөө дүйцүүлэн өөрийн эзэмшилдээ авах, мөн өөр түрээслэгчид зарж өгч бидний ажилд тусална уу гэсэн баримт бичгүүдийг удаа дараа бид өгч, эвлэрэх, тохиролцох саналыг бичгээр явуулж байсан. Тус павилоныг худалдаж авах зорилготойгоор 4 аж ахуй нэгж болон хувь хүн ирж сонирхсон боловч менежмент муу, хүний урсгал муу гэх шалтгаанаар түрээслэхээс татгалзсан. Уг талбайг өнөөдрийг хүртэл ямар нэгэн байгууллага түрээслээгүй байна. Манай барьцаалж үлдсэн бараануудыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гаргаагүй. Бараа барьцаалуулснаас болж 318 000 төгрөгийн бараа хадгалалтын хугацаа дуусч алдагдалд орсон. 2019 оны 3 дугаар сарын 20-ноос хойш манай байгууллага руу утсаар холбогдож 4 дүгээр сарын 1-ний дотор юмаа буулга гэсэн бичиг явуулсан талаар “С” ХХК-иас мэдэгдсэн. Бичиг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бид павилоноо буулгаж авсан. Барьцаанд үлдсэн бараанууд тэйкэн дээр өрөөтэй байсныг “түрээслүүлэгч тал түрээслэгч байгууллага талбай чөлөөлөлгүй орхиж явсан” гэж ойлгоод байх шиг байна. Манай байгууллагын бараа, тоног төхөөрөмжийг барьцаалж үлдээгээд Скай дэлгүүрээс гаргахгүй арга хэмжээ авсан түрээслүүлэгч байгууллага нь “манай байгууллагыг талбайд юмаа хаяж явсан, талбай чөлөөлж өгөөгүй” гэх үндэслэлгүй асуудал тавьж байгаа тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “С” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17-5-004 дугаартай, “И март” худалдааны төвд талбай түрээслэх гэрээ байгуулан 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байсан боловч түрээслүүлэгч талтай амаар тохиролцон 5 дугаар давхарт ус, ундаа, жимсний шүүс, зайрмаг, шаар, чихэр амттанг зөвхөн манайх зарах тухай тохиролцоо зөрчигдөн бусад газрууд манай зарна гэсэн барааг зарж эхэлсний улмаас ашиг байхгүй болж, сарын орлого түрээсийн төлбөртөө ч хүрэхгүй болсон тул 6 сард гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Тухайн түрээсийн гэрээ байгуулахад амаар тохиролцсон тохиролцоо зөрчигдөөд байна, арга хэмжээ авч өгөөч гэж удаа дараа уулзалт хийж албан бичиг өгсөн боловч ямар ч арга хэмжээ авч хариу өгөөгүй. Ийм учраас тухайн талбайг түрээслэхэд зориулан тохижуулж хийлгэсэн павилон болон түүний зураг төсөлд зарцуулсан 13 300 000 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч “ЭААБЭЭ” ХХК нь И-март худалдааны төвийн 5 давхарт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сард түрээсээр ажиллахдаа түрээсийн төлбөрт нийт 12 936 000 төгрөг төлөхөөс 2018 оны 4 сарын 19-нд 1 039 500 төгрөг, 2019 оны 4 сарын 23-нд 1 470 000 төгрөг, 2018 оны 9 сарын 19-нд 346 500 төгрөг, 2018 оны 9 сарын 27-нд 200 000 төгрөг, 2018 оны 10 сарын 15-нд 200 000 төгрөг нийт 3 256 000 төгрөг төлж, үлдэх 9 680 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад элдэв шалтаг тоочсоор түрээсийн талбайг хаяж явсан. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээний дагуу түрээслэгч “ЭААБЭЭ” ХХК нь түрээсийн талбайг хүлээлцэх үүргээ биелүүлэхгүйгээр түрээсийн талбайг өөрийн үйл ажиллагаа явуулж байсан тэр хэвээр нь хаяж явсан бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс ирж талбай хүлээлцэж, төлбөрөө барагдуулахыг амаар болон бичгээр удаа дараа шаардаж, улмаар түрээсийн талбайн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр талбайг хүлээлцэхийг мэдэгдсэн. Үүний дагуу түрээслэгч нь 2019 оны 4 дүгээр сард түрээсийн талбайг чөлөөлж, өөрийн талбайд үлдээсэн эд зүйлс болон заслын ажлаа талбайгаас салгаж авч явсан болно. Талуудын байгуулсан түрээсийн талбайн гэрээгээр түрээсийн талбайд хийсэн дотоод заслын ажил, түрээслэгчийн павилион, тек буюу засварын ажлын хөлс, зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар тохиролцсон тул эдгээр зардлыг түрээслүүлэгчээс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ”ЭААБЭЭ” ХХК-иас 11 192 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14 934 873 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 569 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 450 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 194 022 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлсөн гэснийг хасаагүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 1 сарын түрээсийн төлбөр 1 785 000 төгрөг, түүний 50 хувь болох 892 500 төгрөгийг 2 дугаар сарын төлбөрөөс хасалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал 2018 оны 6 дугаар сарын 21, 29-ний өдрүүдэд гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тухайн үед нэхэмжлэгч тал нь энэ мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, гэрээ цуцлах талаар арга хэмжээ аваагүй бөгөөд улмаар хариуцагчийн эд зүйлийг барьцаалж, өөрсдөө талбай чөлөөлөхөд саад учруулсан байхад зөвхөн хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх энэ байдлыг үргэлжлүүлэн 7, 8 дугаар сард түрээсэлсэн мэтээр үзэж тухайн саруудын түрээсийн төлбөрийг гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн хариуцагч тал нь гэрээ байгуулсны дараа гэрээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж түрээсийн талбайг ашиглах боломжгүй, орлогогүй болсноо "С" ХХК-д удаа дараа мэдэгдэж энэ талаар арга хэмжээ авахуулахаар нийт 9 ширхэг албан бичиг хүргүүлсэн бөгөөд түүнд нь хариу өгдөггүй, гэрээг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авдаггүй, гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж байгаа үйлдлийг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна гэсэн мөртлөө Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасан эрхийг хариуцагч талд эдлүүлээгүй нь нэхэмжлэгч талд давуу эрх олгосон гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн буюу "ЭААБЭЭ" ХХК-иас 11 192 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "С" ХХК-д олгох шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 26 126 873 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талбай тохижуулахад зарцуулсан зардалд 13 300 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Чингис-Имарт салбар дэлгүүрийн 5 дугаар давхарт, 21 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 4 жилийн хугацаатай түрээслэх, 1 сарын түрээсийн төлбөр 1 785 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээсийн талбайн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-16 дугаар тал/

 Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хариуцагчаас 11 192 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Тодруулбал, талууд 2018 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. /хх-ийн 168 дугаар тал/

Хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн албан тоотод дурдсанаар хариуцагч “ЭААБЭЭ” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр үйл ажиллагаагаа зогсоосон нь нотлогдож байх тул хариуцагчийн “... 7, 8 дугаар сард түрээсэлсэн мэтээр үзэж түрээсийн төлбөрийг гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй” гэх гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 136-137, 168 дугаар тал/

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасан эрхийг хариуцагч талд эдлүүлээгүй гэх боловч хөлслөгчийн буруугүйгээр хөлсөн авсан эд хөрөнгөө ашиглах боломжгүй болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Түүнчлэн талуудын байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-ийн худалдан борлуулж байгаа барааг өөр байгууллага борлуулахгүй гэх тодорхой нөхцөл тусгаагүй байна.

Иймд хариуцагч “ЭААБЭЭ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрт 892 500 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, нийт 9 817 500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4 873 000 төгрөгийг хасч түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 4 944 500 төгрөг, алданги 2 472 250 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 785 000 төгрөг, нийт /4 944 500₮ + 2 472 250₮ + 3 570 000₮ = 10 986 750₮/ 10 986 750 төгрөгийг хариуцагч “ЭААБЭЭ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч “ЭААБЭЭ” ХХК гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/01360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 11 192 000 ...” гэснийг “10 986 750” гэж, “... 14 934 873 ...” гэснийг “15 140 123” гэж

2 дах заалтын “... 194 022 ...” гэснийг “190 738” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 022 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    А.МӨНХЗУЛ

                                  ШҮҮГЧ                                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 Г.ДАВААДОРЖ