Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01497

 

Б.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д, Ж.О, Ө.Д нарт холбогдох

Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх Б.Ө-т үүссэн болохыг тогтоолгох, Б.Д, Ж.О нарын хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, Ж.О, Ө.Д нарын хооронд байгуулагдсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ж.О-гээс 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Ө.Д-гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Д-гийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Ө-тай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг,

Хариуцагч Ж.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн,

Хариуцагч: Б.Д-гийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

Гуравдагч этгээд Т.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч болон чиргүүлийг 2011 оны 4 сард дөнгөж орж ирсэн шинэ байхад нь “Грийт гоби ложистик” ХХК-иас түрээсийн нөхцөлтэйгөөр авсан. 2011 оны 5 сараас машинаараа ажилд гарч эхэлсэн. 2012 оны 6 сар хүртэл 70 гаруй рэйсэнд явсан байдаг. Ингээд нэг жилийн хугацаанд “Грийт гоби ложистик” ХХК-ийн нэр дээр рэйсэнд явж байгаад 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл төлбөр 70 000 000 төгрөгт тооцож машиныг авахаар “Грийт гоби ложистик” ХХК-ийн захирал Б.Д-тай тохирсон. Машины үндсэн үнэ нь 100 гаруй сая төгрөгийн үнэтэй байсан ба нэг жилийн ажлын хөлсөө хасаад 70 000 000 төгрөг гэж тохирсон. Б.Д нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч, чиргүүлийг хамтад нь 70 000 000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг бичиж өгч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүнээс хойш зээл хөөцөлдсөн бөгөөд зээл бүтэх хүртэл 2012 оны 11 сар хүртэл улс хоорондын тээвэр хийдэг “ЭСДЭ” ХХК-ийн нэр дээр 112 удаагийн тээврийн хөлс 7 000 000 төгрөгийг машины үнээс хасуулж тооцуулан 63 000 000 төгрөг болгосон. Миний бие жолооны багш хийж байхдаа Т.О-тай танилцсан, түүний нөхөр Ж.О тэй 2009 оноос танил болсон. Тухайн үед буюу Т.О, Ж.О хоёр 2012 оны 11 сард Хас банканд 39 000 000 төгрөгийн зээл эргүүлэн төлөхөд хүнд нөхцөлд байсан. Тэгээд бид ярилцаад миний машиныг худалдан авч байгаа мэт дүр үзүүлж Т.О  нь “Грийт гоби ложистик” ХХК-ийн захирал Б.Д-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийгээд “Хаан банк” ХХК-иас 100 000 000 төгрөгийн зээл авсан. Машины үлдсэн төлбөрөө төлөхийн тулд Т.О, Ж.О нарын банкнаас авсан 100 000 000 төгрөгөөс нь 40 000 000 төгрөгийг тэднээс зээлж аваад 30 000 000 төгрөгийг Б.Д-д бэлнээр өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т.О болон Б.Д  нарын хооронд Норд бенз маркийн чирэгч болон чиргүүлийг 80 000 000 төгрөгөөр худалдах тухай гэрээ хийсэн нь дүр үзүүлсэн хэлцэл юм. Учир нь Б.Д болон Т.О, Ж.О нар өмнө нь бие биенээ огт таньдаггүй, би дээрх машинаа авахын тулд тэднийг уулзуулсан юм. Машин 100 000 000 гаруй төгрөгийн үнэтэй боловч миний бие түрээсийн нөхцөлтэй ажиллаж байсан, ажлын хөлс зэргээ суутгуулаад Б.Д-гаас 63 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байтал Б.Д, Т.О нар хоорондоо 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь дүр үзүүлснийг нотолно. Түүнээс гадна Т.О нь машины үнийг банкны зээлээр төлөхөөр гэрээндээ заасан мөртлөө банкны зээлээр машины үнийг төлөөгүй бөгөөд хэрэв тухайн машиныг авахаар 100 000 000 төгрөгийн зээл авсан бол гэрээнийхээ дагуу машины үнэ 80 000 000 төгрөгийг гэрээ хийсэн “Грийт гоби ложистик” ХХК-д төлөх ёстой байсан. Гэтэл гэрээнийхээ дагуу машиныг авсан юм бол Ж.О, Т.О  нар төлбөрийг “Грийт гоби ложистик” ХХК-д төлөөгүй мөртлөө намайг өөрийнхөө жолооч байсан, өөрсдийн машин, банкны зээлээр худалдаж авсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Б.Д-д машины үнэнд 63 000 000 төгрөг өгөхөөс 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, тэрээр үлдэгдэл 33 000 000 төгрөг төлүүлэхийн тулд “ЭСДЭ” ХХК-ийн замын тээвэр хийх ажил олж өгч, нэг удаагийн тээврийн хөлсийг 600 000 төгрөгөөр тооцож, 55 удаагийн тээвэр хийж төлөхөөр тохиролцсон. Гэвч Б.Д энэ ажлыг олж өгч чадаагүй тул намайг өөрөө ажлаа олоод үлдэгдэл 33 000 000 төгрөгийг өгөөрэй гэсэн юм. Б.Д нь 2014 оны 12 дугаар сард үлдэгдэл төлбөрийн талаар Цогтцэций сумын н.Алимаа гэх нотариатчаар бид 70 000 000 төгрөгөөр машин худалдахаар тохирсон. 30 000 000 төгрөгийг Б.Ө надад өгсөн. 7 000 000 төгрөгийн тээврийн хөлсийг хасуулсан. Үлдэгдэл 33 000 000 төгрөгийг төлнө гэж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Уг баримт дээр Б.Ө нь 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 5 000 000 төгрөг, мөн 5 800 000 төгрөгийг тус тус төлбөрөөс суутгуулсан, үлдэгдэл төлбөр 17 150 000 төгрөг дээр өмгөөллийн зардал 2 000 000 төгрөгийг нэмж, нийт 19 150 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичсэн. Энэ баримтаа үндэслээд Б.Д нь үлдэгдэл төлбөр 19 150 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасныг миний бие бүхэлд нь зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон 207 тоот шүүгчийн захирамжийг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээс гаргасан. Шүүгчийн 207 тоот захирамжаар дээрх чирэгч, чиргүүлийг хуульд зааснаар өмчлөх эрх Б.Ө-т үүссэн гэж үзэж байна. Б.Д нь анхнаасаа надтай 250 рэйс хийгээд машинаа ав гэж тохиролцсон байсан хирнээ хэн түрүүлж 16 000 000 төгрөг өгсөнд нь машиныг шилжүүлнэ гэсэнд гомдолтой байна. Учир нь Б.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 19 150 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрснөөр тэрээр машины нэрийг “Мэнд ирмүүн тулга” ХХК-д шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг төлснөөр миний нэр дээр гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Б.Д нь 16 150 000 төгрөгийг Ж.О-гээс аваад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийгээд түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байсан. Ж.О нь өөрийнхөө машиныг хулгайлсан гэсэн гомдлыг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан, уг гомдлыг иргэд хоорондын зээлийн маргаан гээд Өмнөговь аймгийн сум дундын прокурорын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоолд Б.Ө нь Т.О-аас 40 000 000 төгрөгийг зээлсэн, буцааж 55 600 000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон гэсэн байдаг. Үүний дараа Ж.О нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 16 150 000 төгрөгийн автомашиныг миний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хангасан боловч Нийслэлийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 399 дугаартай магадлалаар хүчингүй болгосон, Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэргийг дахин хэлэлцүүлэх явцад Ж.О нь нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсан. Б.Д-д машины үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцож байх үед Ж.О, Т.О нар огт байгаагүй, энэ талаар ч мэдэхгүй, тэдэнд мэдэгдэх шаардлага байгаагүй. Ж.О-д би чиний нэрээр зээлсэн 30 000 000 төгрөгийг хангалттай төлсөн, машиныхаа үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой учраас цаашид мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн үеэс тэд машиныг өөрийн болгох гэж цагдаагийн байгууллагад янз бүрээр хандах болсон. Т.О, Ж.О нарын “Хаан банк” ХХК-иас зээлж авсан 100 000 000 төгрөгөөс нь 40 000 000 төгрөгийг тэднээс зээлж аваад 30 000 000 төгрөгийг Б.Д-д машины үнэнд өгч, үлдэх 10 000 000 төгрөгөөр Делика маркийн машин авсан. Гэтэл тэд намайг 40 000 000 төгрөг аваад 10 000 000 төгрөгийг завшсан гэдэг, мөртлөө Делика маркийн машиныг Ж.О өөрөө бариад түлш зөөж, уг түлшээ надад худалддаг байсан шүү. Мөн 2015 оны 8 сарын дундуур Ж.О-гийн эхнэр Т.О нь намайг 89 000 000 төгрөг зээлж авчхаад 70 000 000 төгрөг өгөхгүй залилсан гэж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст хандсан. Энэ гомдолд нь машинтай холбоотой нэг ч үг байхгүй, гагцхүү мөнгө зээлж авчхаад буцааж өгөхгүй залилж байна гэснийг мөн хэрэгсэхгүй болгож хаасан. Үүний дараа Ж.О дахиад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст машин хулгайлсан өргөдөл өгсөн. Энэ хэрэгт Б.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө машины үлдэгдэл 16 150 000 төгрөгийг хэн эхэлж өгсөн хүнд машиныг өгнө гэснээр 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Д болон Ж.О нарын хооронд төлбөр төлөх гэрээ байгуулагдсан. Ингэхдээ Ж.О машины нэрийг шилжүүлж авахын тулд Говьсүмбэр аймагт байсан машины улсын дугаарыг хулгайлан авч гэрчилгээг өөрийн нэр дээр шинээр авч 54-47 ӨМА улсын дугаартай болгосон бөгөөд чиргүүлийг Ө.Д-д 5 000 000 төгрөгөөр худалдаад нэрийг нь шилжүүлчихсэн байсан. Шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Ж.О  нь Нийслэлийн шүүхийн магадлалаар машиныг Говьсүмбэр аймгаас авч яваад Ө.Д-гээр бариулан 31 000 000 төгрөгийн ашиг олсон байсан. Миний хувьд Ж.О-гийн жолоочоор ажиллаад түүнээс цалин хөлс авч байсан зүйл байхгүй, тэрээр өөрөө машины эзэн байсан юм бол надад бусдаас хулгайлсан түлшээ 1500 төгрөгөөр зарахгүй байсан, түлш авсан баримтад түүний нэр нэг ч байхгүй. Б.Д-гаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ хийхэд чирэгч, чиргүүл нь “Грийт гоби ложистик” ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд машины үлдэгдэл төлбөрийг 2016 оны 6 сард төлж дуусгана гэж түүнтэй тохирсон байсан. Шүүгчийн 207 тоот захирамжийн дагуу 19 150 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас авах төлбөрт тооцож төлсөн. Үлдсэн мөнгийг төлөх гэтэл Б.Д нь машиныг Ж.О-д худалдсан байсан, өмчлөгчөөр тогтоогоод өгчихвөл төлбөрийг бүрэн төлмөөр байна. Иймд хариуцагч Б.Д-д холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 сарын 07-ны өдрийн 207 тоот шүүгчийн захирамж, “Грийт гоби ложистик” ХХК-ийн захирал Б.Д-гийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлийн дагуу Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх Б.Ө-т үүссэн болохыг тогтоолгох, Хариуцагч Ж.О, Б.Д нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, Ж.О, Ө.Д нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир тэдгээрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.О-гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг Ө.Д-гээс буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Грийт гоби ложистик” ХХК нь хоёр хүний эзэмшлийнх, нийт 8 авто машинтай компани байсан. Би өөрөө “Хас банк” болон “Голомт” банкнаас нийт 340 000 000 төгрөгийн зээл авч 4 машин авсан. 1 машин 118 000 000 төгрөгийн өртөгтэй байсан. Бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл авч машин худалдан авсан бөгөөд зээлээ төлж байж дараа нь ашиг орох болно. Тиймээс Б.Ө-т 2011 онд оруулж ирсэн, шинэ машинаа өгнө гэсэн ойлголт байж болохгүй байх. Манай компанид 8 жолооч байсан тэдгээрийн нэг нь Б.Ө  байсан ба 2011 оноос 2012 оны 6 сар хүртэл манай компанид жолоочоор ажилласан. Б.Ө  нь 2012 оны 6 сард миний машиныг 70 000 000 төгрөгөөр авъя гэхэд нь зөвшөөрсөн бөгөөд банкнаас зээл авахад тодорхойлолт хэрэгтэй гэхээр нь бичиж өгсөн. Үүнээс хойш 2-3 сар сураггүй байснаа барьцаа хөрөнгөгүй, эндэхийн байнгын оршин суугч биш учраас банк надад зээл олгохгүй юм байна гэж ярьсан. Тэгснээ 2012 оны 11 сард би авч чадахгүй юм чинь манай найз авахаар боллоо, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т.О гэж хүн тань дээр очно, та гэрээгээ яаралтай хийгээд өгөөрэй, Хаан банктай тохирсон байгаа гэж Б.Ө  хэлсэн. Т.О-ныг би танихгүй, Б.Ө надруу явуулсны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т.О-тай машин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг баталсан нотариатч н.Цогзолмаагийн тайлбар хэрэгт байгаа бөгөөд хүч хэрэглэсэн, дарамталсан зүйл байхгүй. Гэрээ хийгээд машины төлбөрийг зээл авсныхаа дараа төлнө гэж тохирсон. 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр Б.Ө манай найз машиныг авахаа болилоо, би авахаар боллоо гэж надтай уулзсан. Чи ажиллаж байсан юм чинь 63 000 000 төгрөгт ав гэж хэлсэн. Рэйсэнд явсан 7 000 000 төгрөгийг хассан, 250 рэйс хийгээд машиныг өгнө гэсэн тохироо ч байхгүй. Миний 4 машиныг барьж байсан 4 жолоочоос ганцхан н.Эрдэнэбулган 250 рэйс хийж 2018 онд машинаа авсан. Ингээд 63 000 000 төгрөгөөс урьдчилгаа 30 000 000 төгрөг бэлнээр авч, үлдэгдэл 33 000 000 төгрөгийг 6 сарын дотор буюу 2013 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр амаар тохирсон. Үүнээс хойш 2014, 2015 онуудад Б.Ө нь холбоо байхгүй алга болсон. Харин ч миний итгэлийг алдаж Б.Ө, Ж.О хоёр хуйвалдаж энэ хугацаанд маш их ашиг олсон байсан. Аргагүйн эрхэнд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Б.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 207 тоот шүүгчийн захирамж гарсан. Хагас жилийн дотор төлөхөөр шүүгчийн захирамж гарсан боловч Б.Ө төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. 2015 онд Т.О миний худалдаж авсан машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хураах гээд байна гэсэн байдаг. Ж.О, Б.Ө нар үгсэн хуйвалдаж машины үнийг бууруулсан. Ж.О, Б.Ө-т 40 000 000 төгрөг зээлдүүлсэн бол надад 30 сая төгрөг л өгсөн. Үлдсэн 10 000 000 төгрөгийг нь яасан талаар хоорондоо ярьдаггүй. Ж.О нь Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргасан байдаг. Намайг дуудаж хоёр гурван удаа мэдүүлэг тайлбар авсан. Цагдаа дээр шалгагдаж байхад машин нь Б.Д-гийнх, мөнгө нь Ж.О-гийнх гэдгийг тогтоосон байдаг. Миний хувьд машинаа зарсан нь үнэн, машины үлдэгдэл төлбөрийг өгсөн хүнд машинаа өгнө, төлбөрөө авч байвал гомдол байхгүй гэдгээ хэлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа Ж.О мөнгө олж ирсэн бөгөөд тэр надтай гэрээ байгуулсан Т.О-ны хууль ёсны нөхөр байсан мөнгөө авч энэ талаар бид баримт үйлдсэн. Цагдаагийн хажууд мөнгөө өгөлцөж авалцсан. “Мэнд ирмүүн тулга” ХХК нь машиныг ажилд гаргадаг зуучлалын байгууллага, өмчлөгч нь “Грийт гоби ложистик” ХХК бөгөөд машины нэрийг Ж.О-д шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг хийж өгсөн. Тиймээс “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас Ж.О машины нэрийг шилжүүлж авсан. 2015 оны намар Б.Ө машиныг зарна гэсэн зар тавьсан байсан бөгөөд энэ үедээ Б.Ө манай компанийн жолооч байсан. Тэрээр машин авах бэл бэнчинтэй биш, жолоочоор ажиллаж байсан бөгөөд түүний ярьж байгаа шиг шинэ машиныг өөрөө авсан зүйл байхгүй. Миний зүгээс Т.О болон Ж.О нарыг танихгүй байж тэдэнтэй үгсэн хуйвалдах боломжгүй юм. Ж.О, Б.Ө нар нь анхнаасаа намайг төөрөгдүүлж, санаатайгаар машины үнийг унагасан. Би машин зарчихаад одоо хариуцагч болчихоод байгаад гомдолтой байна. Хэн нэгэндээ тус болох гэж компанийн нэрээр тодорхойлолт бичиж өгснийг ашиглаад өмчлөгч болсон гээд байгааг зөвшөөрөхгүй. Машины үлдэгдэл мөнгийг Б.Ө тухайн үедээ төлөөд дуусгасан бол гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэх байсан. Б.Ө нь автомашиныг хэдэн төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан гэдгээ баримтаар нотлохгүй байна. Шүүгчийн 207 тоот захирамжаар өмчлөх эрх үүссэн гэнэ, энэ захирамжаар машины үнийг төлсөн талаар огт заагаагүй байдаг. Машины үнэ гэж Б.Ө аас 30 000 000 төгрөг, Т.О-аас 10 000 000 төгрөг, 5 850 000 төгрөгийг тээврийн зардал гэж орж ирснийг хэнээс гэдгийг санахгүй байна, Ж.О-гээс 16 150 000 төгрөг тус тус авсан. Энэ асуудалд би ямар ч хамааралгүй, машины эзэмшигч, өмчлөгч хэн болох талаар Б.Ө, Ж.О нар өөрсдөө хоорондоо шийдэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь найзынхаа хамт 2010 оны 2, 3 дугаар сарын үед манай гэрт Т.О-ны жолооны үнэмлэхийг авчирч өгснөөр түүнтэй танилцсан. Тэрээр танайд амьдарч байгаад ажилд орох гэсэн юм гэхэд нь бид зөвшөөрч, манайд амьдардаг байсан. Манайд байхдаа гэр орны ажилд тусалж гүйдэг, архи дарс ч хэрэглэдэггүй, энгийн л сайхан хүн шиг байсан. Ингээд “Грийт гоби ложистик” ХХК-д ажилд орсон гэсэн. 2012 онд “Грийт гоби ложистик” ХХК-ийн ажил болохгүй байна, машинуудаа зарж байна. Бүгдээрээ энэ машиныг авъя, ашигтай, сард 10 000 000 төгрөг олдог гэж орой болгон тооцоо хийж үзүүлж ярьдаг байсан. Би чи өөрөө авахгүй юм уу гэхэд найзад нь зээл авах барьцаа хөрөнгө ч алга, үүнийг авах бэл бэнчин байхгүй, та авчих, би жолоочоор нь ажиллая гэж хэлсэн. Өмнө манайх нэг хятад компаниас машин түрээсэлж байсан боловч түрээслэх эрхгүй компани түрээсэлсэн гэж машинаа буцааж авч, манайх Хас банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсэж байсан. Энэ үед л намайг залилах санаа төрсөн гэж бодож байна. Ингээд манайх 2012 оны 5 сараас “Хаан банк” ХХК-иас зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн. “Хаан банк” ХХК худалдах, худалдан авах гэрээ шаардсаны дагуу Б.Ө нь Б.Д-гаас машин худалдаж авах нь үнэн гэсэн тодорхойлолт авч ирсэн. Гэтэл банк үүнийг авч хэлэлцээгүй, учир нь Б.Ө өөрийн нэр дээр тодорхойлолт хийлгэсэн байсан. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Т.О, “Грийт гоби ложистик” ХХК-ийн захирал Б.Д нар 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манайх бүх зүйлээ болон худалдан авч байгаа том оврын машинаа барьцаалан “Хаан банк” ХХК-иас 100 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 39 000 000 төгрөгийг “Хас” банкны зээлд өгч, 40 000 000 төгрөгийг Б.Ө-аар дамжуулж Б.Д-д, 10 000 000 төгрөгийг нь эрсдэлд тооцож өөрсдөдөө авч үлдсэн. 10 000 000 төгрөгийг нь эхний 3 сарын төлбөр болгон банканд үлдээсэн. Б.Ө  Б.Д-г таньдаг юм чинь би мөнгийг нь аваачаад өгье, бэлэн мөнгө өгвөл үнэ ханш нь буурах байх гэж 40 000 000 төгрөгийг авсан. Ингээд манайх машин худалдаж авсан гэж ойлгож, Б.Ө-ыг жолоочоор ажиллуулж ажилд явуулж байсан. Би найз нөхдөө гуйж байж хааяа ажилд явуулдаг байсан, ер нь банкны зээлийг төлөхөд хүндрэлтэй байсан. Банкны зээлийг төлөхөд машины ашгаас аваагүй, манай эхнэр боорцогны цех ажиллуулсны ашиг болон малаа зарж байж л банкны зээл төлж байсан. Б.Ө-ын ярьж байгаа шиг их мөнгө олсон зүйл байхгүй байсан. Ингээд Б.Ө ажил муу байна гээд машиныг маань Чойр луу аваад явсан байсан. Банкны зээл төлөгдөхөд хэцүү байсан учраас бидний хооронд маргаан үүссэн. Б.Ө нь Чойрт байхдаа 2015 оны 4 сараас 7 сар хүртэл Хангай гэж найзтайгаа хулгайн тээвэрт явсан байдаг. 2015 оны 7 сараас би машиныхаа араас хөөцөлдсөн. Чойрт байгаа газраас нь авах гэтэл 3 000 000 төгрөгийн барьцаанд байгаа гээд өгөөгүй. Ингээд би машинаа авахын тулд Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан. Б.Ө-ыг цагдаагаас дуудаж байцаалт авахад машиныг өгнө, 40 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгөөр нь би Делика маркийн машин авсан гэж тайлбар хэлсэн байдаг. Мөн Б.Ө-ын хэлж байгаа шиг түүнд 40 000 000 төгрөг зээлдүүлээгүй, машины эзэн Б.Д-г таньдаг, компанид нь ажилладаг учраас хэдэн төгрөг буулгах юм болов уу гэж бодож түүгээр мөнгөө дамжуулж өгсөн. Мөн дугаарыг нь хулгайлсан зүйл байхгүй, би өөрийнхөө машинаас дугаарыг нь авсан. Өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн, 207 тоот шүүгчийн захирамжтай гэж Б.Д , Б.Ө хэн нь ч надад хэлж байгаагүй. 16 150 000 төгрөгөөр машин үнэлэгдсэн, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна гэдгийг би сүүлд нь мэдэж энэ мөнгийг Б.Д-д өгч машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “Хаан банк” ХХК-иас авсан зээлийн талаар хэрэг үүсэж, 6 сарын хугацаанд 51 150 000 төгрөг төлөх тухай шүүгчийн захирамж гарсан учраас би энэ мөнгийг төлөхгүй бол манай гэр бүлийн барьцаанд тавьсан бүх зүйл хураагдахад хүрсэн учир Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Ингэснээр машинаа битүүмжлэлээс чөлөөлж Ө.Д-гээр машинаа бариулж эхэлсэн. Б.Ө-ын хэлж байгаа шиг 30 000 000 төгрөг олсон зүйл байхгүй, арай хийн банкны зээлээ 30 000 000 төгрөг болгож байтал Б.Ө надад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар машиныг битүүмжилсэн. Ө.Д-тэй машинаар ажил хийж банкны төлбөр 50 000 000 төгрөгөөс төлөлцөөд өгвөл эхний ээлжинд чиргүүлийг 5 000 000 төгрөгт тооцон шилжүүлнэ гэж амаар тохирсон. 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Ж.О-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд уг хэлцлийн талууд нь хэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэрээний оролцогчид нь нэг талаас “Мэнд ирмүүн тулга” ХХК, нөгөө талаас Ж.О байна. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй болно. 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг Ө.Д-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-г баримталсан байна. Гэхдээ нэхэмжлэлийн агуулгаас харахаар Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлийг баримталсан гэж үзэхээр байна. 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах шаардлагын тухайд ийм улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй гэдгийг хэлмээр байна. Тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагын тухайд хэрэгт өмчлөх эрх үүссэн талаарх баримт байхгүй, автомашины үнэ нь тодорхойгүй байна. Өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох гэж байгаа бол машины үнийг төлсөн байх ёстой. Гэтэл машины төлбөрийг төлсөн талаар баримт огт байхгүй. Харин хэрэгт авагдсан баримтаар Ж.О, Т.О нар дээрх автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж “Хаан банк” ХХК-иас зээл авсан. Зээл авахдаа өөрийн бүх зүйлийг барьцаанд тавьсан. Ийм их эрсдэл хүлээж авсан зээлийн мөнгөө Б.Ө-т зээлдүүлнэ гэдэг утгагүй. Уг машин журмын хашаанд 4 жил болж байна. Өнөөдөр журмын хашааны төлбөр 2019 оны 4 сарын байдлаар 6 300 000 төгрөг болсон. Ж.О нь Б.Ө-аас болж зээл авсан зориулалтын дагуу машинаа ашиглаж чадахгүй хохирч байна. Ж.О, Т.О нар өнөөдөр “Хаан банк” ХХК-ийн зээлийг төлөхийн төлөө амьдарч байна, тэдний дансанд орсон мөнгийг “Хаан банк” ХХК шууд татаж авдаг. Дээрх баримтуудаас үзэхээр Б.Ө өмчлөгч биш бол түүнийг эзэмшигч гэж үзье гэхэд Б.Ө-ыг эзэмшигч гэдгийг тогтоох ямар ч үндэслэл алга. Иргэний хуульд заасан эзэмшлийн 7 төрлөөс Б.Ө-т хамаарах нэг ч үндэслэл алга. Тиймээс түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч машиныг битүүмжилсэн байхад битүүмжлэлээс алдсан бурууг Ж.О хариуцах үүрэггүй. Б.Ө машины өмчлөлийг шаардах эрхгүй. Харин түүнийг жолооч байсан гэдгийг талууд маргахгүй байгаа. Тиймээс “Грийт гоби ложистик” ХХК-тай гэрээ байгуулж машиныг худалдаж авсан нь тогтоогдохгүй байна. Б.Ө Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-д заасны дагуу хохирлоо л шаардах эрхтэй байж болно. Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 207 дугаартай шүүгчийн захирамж нь Б.Ө-ын хувьд ашигтай л зүйл болсон. Машиныг өөрөө худалдаж авч байгаа юм уу, зуучилж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Уг 207 тоот шүүгчийн захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа бол захирамжид заасан 19 150 000 төгрөгийг тэрээр төлсөн байх ёстой. Гэтэл энэ мөнгийг Ж.О төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Б.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Ж.О, Ө.Д нарын хооронд байгуулагдсан хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь тодорхой бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Ж.О, Ө.Д нарын хооронд худалдах, худалдан гэрээ байгуулагдсан байна. Ө.Д нь 5 000 000 төгрөгийг Ж.О д бэлэн төлж “Хаан банк” ХХК-ийн зээлийг нь төлөхөөр тохирч 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, Авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлийн 1711.1-д заасны дагуу Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, байгууллага хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор Нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ж.О  өөрийн биеэр очиж хуулийн дагуу нэрийг шилжүүлсэн нь 1-р хавтаст хэргийн 74-р тал, 111-р талуудад байгаа тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтаар нотлогдож байна. Ж.О, Ө.Д нарын хооронд Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1-д заасан иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл хийгдсэн байна. Мөн Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу өмчлөх эрхээ шилжүүлэх тодорхой үйлдэл хийсэн нь бүртгэлийн байгууллагад очиж өмчлөх эрхээ шилжүүлсэн үйлдлээс харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.3-д зааснаар бүртгүүлэх буюу, нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ. Иймд талуудын хоорондоо байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр, хууль ёсны хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Худалдагч Ж.О болон худалдан авагч Ө.Д нарын аль аль нь гэрээнээсээ татгалзаагүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.1-т хууль буюу гэрээнд өөрөө заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан. Ж.О, Ө.Д нарын хооронд чиргүүл худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаж, Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж Ө.Д өмчлөгч болсон байх ба үүнээс харахад Ө.Д нь хууль ёсоор шударга өмчлөгч юм. Мөн нэхэмжлэгч Б.Ө болон хариуцагч Ө.Д нарын хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй юм. Мөн Б.Ө нь чиргүүлийг Ө.Д-гээс буцаан гаргуулах шаардлага гаргажээ. Иргэний хуулийн 93-р зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тодорхой заасан. Мөн Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл Б.Ө нь уг чиргүүлийн өмчлөгч биш атлаа хууль ёсны эзэмшигч Ө.Д-гээс чиргүүлийг шаардаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Иймээс Б.Ө-ын Ө.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ө-ын хэлцэл хийсэн гэж үзэж байгаа 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот албан бичгийг “Грийт гоби ложистик” ХХК гаргаж өгсөн байгаа тул иргэнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Т.О нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Грийт гоби ложистик” ХХК-ийн захирал Б.Д-тай 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ юм. Уг гэрээний үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.О өөрийн нөхөр Ж.О-д хуулийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Б.Ө-ын нэхэмжлэлээс Т.О-ны эрх ашиг маш их хөндөгдсөн. “Грийт гоби ложистик” ХХК болон Т.О нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ ба уг гэрээг гэрчилсэн нотариатч н.Цогзолмаа энэ талаар тайлбар өгсөн байдаг. Иргэний хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны эзэмшигч нь Т.О юм. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хаан банк” ХХК-иас зээл авсан. Зээлийг нэг удаа шууд 100 000 000 төгрөгөөр аваагүй. Эхлээд 70 000 000 төгрөгийн зээлийг машин худалдан авах зорилгоор авсан бөгөөд зээл авснаас хойш 2 хоногийн дараа 40 000 000 төгрөгийг Б.Д-д өгөөрэй гэж Б.Ө-т шилжүүлсэн. Гэтэл Б.Ө  нь Т.О-ны мөнгийг өөрийн мөнгө мэтээр Б.Д-д өгсөн байдаг. Б.Д болон Т.О-ны хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь аль ч талын эрхийг хөндөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Ө хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. “Грийт гоби ложистик” ХХК-тай гэрээ хийсэн бол яагаад хуулийн этгээд оролцохгүй байгаа вэ, “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас машиныг Ж.О-д шилжүүлсэн байдаг. Эндээс үзвэл нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан банк” ХХК ХХК болон Т.О, Ж.О нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийн эрх хөндөгдсөн учраас 2018 оноос эхлэн энэ хэрэгт оролцож байна. Б.Ө  нь автомашины үнийг Б.Д-д өгсөн талаар ямар ч баримт хэрэгт байхгүй, мөн ямар гэрээний дагуу шилжүүлсэн бэ гэдэг нь бас тодорхойгүй, “Хаан банк” ХХК-иас авсан зээлийг төлсөн баримт бас байхгүй. Ийм байхад уг машиныг Б.Ө өөрийн машин гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Т.О, Ж.О нар нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 30 000 000 төгрөгийн, мөн өдөр хүнд даацын авто машин худалдан авах зорилгоор 70 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд барьцаа хөрөнгөөр 432 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын барилга болон гэр бүлийн хэрэгцээний газар, 50 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга, 123 м.кв талбай бүхий хувийн сууц, 756 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 5 ханатай болон 4 ханатай гэр, 92-72 УНО улсын дугаартай хүнд даацын машин болон 57-37 БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг барьцаалсан. Уг зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд зээл төлөх хугацаа 242 хоног хэтэрсэн учир 2016 онд “Хаан банк” ХХК шүүхэд хандсан. Ингээд 2016 оны 5 сарын 19-ний өдөр 51 150 000 төгрөг гаргуулж Хаан банканд олгох тухай шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжид дурдсан Т.О-ны тайлбарт жолооч Б.Ө машиныг худал хэлж авч явсан учир банкны зээлийг төлөх боломжгүй болсон гэсэн байдаг. Уг шүүгчийн захирамж, зээлийн болон барьцааны гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Грийт гоби ложистик” ХХК болон Т.О нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ зэргийн дагуу Т.О болон Ж.О нар тухайн авто машины өмчлөгч гэдгийг хангалттай нотолж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 16 дугаар зүйлийн 16.3-т тус тус заасны дагуу уг машиныг анхнаасаа худалдан авч, банкны зээлийг төлж байгаа хүмүүс нь Т.О болон Ж.О нар юм. Б.Ө-ын хүсэлтээр асуусан гэрчээс уг машиныг Б.Ө 80 000 000 төгрөгөөр худалдаж авах боломжтой юу гэж асуухад уг хүн чинь хүний машин түрээсээр барьдаг хүн. Яаж 80 000 000 төгрөгөөр машин авч чадах вэ гэж хэлсэн байдаг. Ер нь гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргахад гэрээ байгуулагдсан эсэхийг харах ёстой. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах этгээд нь Б.Ө биш юм. Гэрээний оролцогч нарт ийм эрх байдаг. Ж.О болон Т.О нар өөрсдийн амьдралынхаа туршид хуримтлуулсан бүх зүйлээ барьцаалж зээл авсан учир уг машиныг Б.Ө-т өгөх ямар ч үндэслэл байхгүй юм. Хүнд мөнгө төлөөгүй байж хүний машиныг авна гэж маргаж болохгүй. Тиймээс Б.Ө-ын нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ө нь 2012 онд миний бичиж өгсөн тодорхойлолтыг үндэслэж машины өмчлөгч гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг тодорхойлолтын дагуу Б.Ө-т өмчлөх эрх үүсэхгүй юм. Улсын дээд шүүхийн тогтоолд энэ талаар дурдсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон. Т.О болон “Грийт гоби ложистик” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээг үндэслэж “Хаан банк” ХХК-иас зээл олгогдсон байх учир Б.Ө-ын нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Т.О аас Б.Д-д өгөх мөнгийг Б.Ө-т шилжүүлж, тэрээр мөнгийг авч ирж Б.Д-д өгснөөр өмчлөх эрх түүнд үүсэхгүй юм. Мөн Б.Д шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ уг машиныг Б.Ө-т худалдаагүй гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Мөн машины үлдэгдэл төлбөр болох 16 150 000 төгрөгийг Т.О болон түүний нөхөр Ж.О нар төлснөөр худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа Т.О болон “Грийт гоби ложистик” ХХК-ийн хооронд хийгдсэн гэдгийг баталж байгаа юм. Тиймээс Б.Ө-т хийж өгсөн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Ө-ыг машиныг худалдаж авахаар тохирсон нь үнэн болно гэдэг тодорхойлолт болохоос машины өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл биш. Гэтэл уг тодорхойлолтыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д заасны дагуу өмчлөх эрх олж авах боломж, үндэслэл Б.Ө-т бүрдээгүй, мөн хуулийн 248 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тохирох нөхцөл байдал бүрдээгүй юм. Иймд 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Ө-тай хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Д нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолтыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Би машиныг анхнаас нь худалдаж авсан гэж хэлээгүй, түрээсэлсэн гэдгээ хэлсэн. Намайг хөрөнгө мөнгөгүй гэж доромжилж болохгүй. Намайг эд хөрөнгөтэй, хөрөнгөгүй гэдгийг эдгээр хүмүүс мэдэхгүй. Би хөдөлмөрийнхөө үр шимээр уг машиныг авсан. Ганцхан уг тодорхойлолт биш, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөр тооцооны үлдэгдэл байгаа тухай төлбөрийн баримт, 30 000 000 төгрөг бэлнээр авсан баримт зэрэг болно. Ганцхан уг тодорхойлолтын дагуу шаардаагүй, мөн 207 тоот шүүхийн шийдвэрийн дагуу шаардсан. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөр тооцооны тухай баталгааг Б.Д  өөрөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирж баримт үйлдсэн, уг баримтаа сумын нотариатч н.Алимаагаар гэрчлүүлсэн байдаг. Үүнд Б.Ө нь 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 оны хавар 3 000 000 төгрөг, тээврийн зардалд 5 850 000 төгрөгийг төлж машины үнээс хасуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 17 150 000 төгрөгийн үлдэгдэл болон өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 19 150 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно гэж маш тодорхой бичиж гарын үсэг зурсан байдаг. Үүнийгээ хариуцагч Б.Д нь өнөөдөр юугаар үгүйсгээд төөрөгдсөн байсан гэж хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тэрээр 2015 оны 01 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Ө нь манайд жолоочоор ажиллаж байгаад барьж байгаа машинаа өөртөө авч төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргаж... гэж бичсэн байгаагаас харвал Б.Д нь Б.Ө-ыг түрээсийн жолооч байсан гэдгээ илэрхийлсэн байна гэж харж байна. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд 250 рэйс хийх тохиролцоо байгаагүй гэж худал тайлбар хийж болохгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зөвшөөрөл баталсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Д, Ж.О, Ө.Д нарт холбогдох Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх Б.Ө-т үүссэн болохыг тогтоолгох, Б.Д, Ж.О нарын хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, Ж.О, Ө.Д нарын хооронд байгуулагдсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ж.О-гээс 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Ө.Д-гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө-т холбогдох “Грийт гоби ложистик” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг буцаан гаргуулж Б.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Ө болон Б.Д нарын хооронд Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай чирэгчийг 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 63 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулагдсан, Б.Ө нь тээврийн хэрэгслийн үнэ 63 000 000 төгрөгийг Б.Д-д төлөх үүрэг хүлээсэн, үүнээс 45 850 000 төгрөг төлсөн, үлдэх 17 150 000 төгрөг, өмгөөллийн зардал 2 000 000 төгрөг, нийт 19 150 000 төгрөг төлөөгүй болохыг тогтоосон байна" гэж үндэслэхдээ нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Гэвч анхан шатны шүүхээс "нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн төлбөрөө төлөөгүй нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх, үүнээс үүдэн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлснийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд худалдан авагч төлбөрөө төлөөгүй нь түүнийг үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Б.Д нь надад 63 000 000 төгрөгөөр маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг худалдахдаа үлдэгдэл 33 000 000 төгрөгийг Цагаан хадны тээвэрт 1 рейсийг нь 600 000 төгрөгөөр тооцож 55 рейс явах ажил олж өгч, түүний тээврийн хөлсийг авахаар тохиролцсон боловч тохиролцсон ёсоор ажил олж өгөөгүй, миний бие хариуцагч Ж.О-гийн эхнэр О-наас зээлсэн 40 000 000 төгрөгийг 80 000 000 төгрөг болгож төлсөн, хариуцагч Б.Д, Ж.О нар хуйвалдан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний төлөөгүй үлдсэн 16 500 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн. Хариуцагч Ж.О нь хүчин төгөлдөр болоогүй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/07879 тоот шүүхийн шийдвэрийн дагуу хууль зөрчин маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг эзэмшсэн, зэрэг үйл явдлуудын улмаас миний бие Б.Ө тээврийн хэрэгслийн үлдэгдэл 16 500 000 төгрөгийг төлж чадаагүй байсан. Ийм учраас миний бие маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох бус өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шийдвэрлэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасныг зөрчиж хариуцагч Б.Д гэрээнээс татгалзаагүй, татгалзах тухай илэрхийлээгүй байхад татгалзсан гэж үзнэ гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн аль нь заавал биелүүлэхээр заасан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот хүчин төгөлдөр шийдвэрийг талуудын хэн аль нь заавал биелүүлэх байхад үлдэгдэл мөнгөө төлөөгүй удаасан шалтгаанаар өөр этгээдэд худалдах нь өөрөө Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасан шударга эзэмшигчийн эрхийг зөрчиж байгааг шүүх анхаараагүй. Мөн зүйлийн 90.2-т "Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй" гэж зааснаар хариуцагч Ж.О, Ж.Д нарын эзэмшилд шилжсэн маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг буцаан шаардах эрхтэй. Шүүх хүчээр маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль зөрчин булаан авсан этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлээгүй нь хуулийг дээдлээгүй. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т "Гуравдагч этгээдийн хувьд эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно" гэж зааснаар хариуцагч Ж.О, Ө.Д нарын хувьд миний бие Б.Ө нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгч гэж тооцогдох юм. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уулийн 168 дугаар зүйлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б.Д, Ж.О, Ө.Д нарт холбогдуулан Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх Б.Ө-т үүссэн болохыг тогтоолгох, Б.Д, Ж.О нарын хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, Ж.О, Ө.Д нарын хооронд байгуулагдсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ж.О-гээс 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Ө.Д-гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Д 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Ө-тай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч Б.Ө нь “Грийт гоби ложистик” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар тодорхойлолт, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамж зэргээр Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /1 дүгээр хх-ийн 10, 163-164, 166 дугаар тал/

Гэвч хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Б.Д нь “Грийт гоби ложистик” ХХК-ийг төлөөлж 92-72 УНО улсын дугаартай, норд бенз маркын автомашиныг 40 000 000 төгрөгөөр, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг 40 000 000 төгрөгөөр хариуцагч Ж.О-гийн эхнэр Т.О-д худалдахаар тохиролцжээ. /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр тал/

Хариуцагч Ж.О болон түүний эхнэр Т.О нар нь дээрх автомашиныг чиргүүлийн хамт худалдан авах зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хаан банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан нийт 100 000 000 төгрөгийг зээлдэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 92-72УНО улсын дугаартай автомашин, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /2 дугаар хх-ийн 46-47, 3 дугаар хх-ийн 145-184, 212-224 дүгээр тал/

Хариуцагч Ж.О нь автомашины үнэд 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ө-аар дамжуулан хариуцагч Б.Д-д өгсөн боловч нэхэмжлэгч Б.Ө нь Б.Д-д 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын тайлбар болон Б.Ө-ын дансны хуулгаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 206 дугаар тал/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамж гарсан боловч уг захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.Ө нь автомашины үнийг хариуцагч Б.Д-д төлөөгүй, харин хариуцагч Ж.О нь автомашины үлдэх төлбөр болох 16 150 000 төгрөгийг Б.Д-д шилжүүлсэн нь мөнгө хүлээлцсэн баримт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон баримтаар тогтоогджээ. /1 дүгээр хх-ийн 167, 2 дугаар хх-ийн 98, 180 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б.Д-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээний зүйлийг өмчлөх эрх үүссэн гэх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч Б.Ө нь автомашин өмчлөх эрх үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ө нь давж заалдах гомдолдоо Т.О-аас 40 000 000 төгрөгийг зээлдэн авч, 80 000 000 төгрөг болгож буцаан төлсөн гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.Ө нь Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, хариуцагч Б.Д, Ж.О нарын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, Ж.О, Ө.Д нарын байгуулсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ж.О-гээс 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Ө.Д-гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг гаргуулахаар шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                  ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                    Г.ДАВААДОРЖ