Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00119

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1497 дугаар магадлалтай,

.........ын нэхэмжлэлтэй,

....., ....., ..... нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл:

Норд бенз маркийн 54-47 ӨМА /хуучнаар 92-72 УНО/ улсын дугаартай автомашин, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн өмчлөх эрх .........т үүссэн болохыг тогтоолгох, ....., ..... нарын хооронд 2015.10.08-ны өдөр байгуулагдсан төлбөр шилжүүлэх гэрээ, ....., ..... нарын хооронд 2016.09.13-ны өдөр байгуулагдсан чиргүүл худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, .....гээс автомашиныг, .....гээс чиргүүлийг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл:

.....гийн .........тай 2012.06.11-ний өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........., түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч ....., түүний өмгөөлөгч С.Одгариг, Ц.Алтанзаяа, хариуцагч .....гийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, гуравдагч этгээд ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч .........ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч болон чиргүүлийг 2011 оны 4 сард дөнгөж орж ирсэн шинэ байхад нь Грийт гоби ложистик ХХК-иас түрээсийн нөхцөлтэйгөөр авсан. 2011 оны 5 сараас машинаараа ажилд гарч эхэлсэн. 2012 оны 6 сар хүртэл 70 гаруй рэйсэнд явсан байдаг. Ингээд нэг жилийн хугацаанд Грийт гоби ложистик ХХК-ийн нэр дээр рэйсэнд явж байгаад 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл төлбөр 70.000.000 төгрөгт тооцож машиныг авахаар Грийт гоби ложистик ХХК-ийн захирал .....тай тохирсон. Машины үндсэн үнэ нь 100 гаруй сая төгрөгийн үнэтэй байсан ба нэг жилийн ажлын хөлсөө хасаад 70.000.000 төгрөг гэж тохирсон. ..... нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч, чиргүүлийг хамтад нь 70.000.000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг бичиж өгч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүнээс хойш зээл хөөцөлдсөн бөгөөд зээл бүтэх хүртэл 2012 оны 11 сар хүртэл улс хоорондын тээвэр хийдэг ЭСДЭ ХХК-ийн нэр дээр 112 удаагийн тээврийн хөлс 7.000.000 төгрөгийг машины үнээс хасуулж тооцуулан 63.000.000 төгрөг болгосон. Миний бие жолооны багш хийж байхдаа Т.Оюунтай танилцсан, түүний нөхөр .....тэй 2009 оноос танил болсон. Тухайн үед буюу Т.Оюун, ..... хоёр 2012 оны 11 сард Хас банканд 39.000.000 төгрөгийн зээл эргүүлэн төлөхөд хүнд нөхцөлд байсан. Тэгээд бид ярилцаад миний машиныг худалдан авч байгаа мэт дүр үзүүлж Т.Оюун нь Грийт гоби ложистик ХХК-ийн захирал .....тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ хийгээд Хаан банк ХХК-иас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Машины үлдсэн төлбөрөө төлөхийн тулд Т.Оюун, ..... нарын банкнаас авсан 100.000.000 төгрөгөөс нь 40.000.000 төгрөгийг тэднээс зээлж аваад 30.000.000 төгрөгийг .....д бэлнээр өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т.Оюун болон ..... нарын хооронд Норд бенз маркийн чирэгч болон чиргүүлийг 80.000.000 төгрөгөөр худалдах тухай гэрээ хийсэн нь дүр үзүүлсэн хэлцэл юм. Учир нь ..... болон Т.Оюун, ..... нар өмнө нь бие биенээ огт таньдаггүй, би дээрх машинаа авахын тулд тэднийг уулзуулсан юм. Машин 100.000.000 гаруй төгрөгийн үнэтэй боловч миний бие түрээсийн нөхцөлтэй ажиллаж байсан, ажлын хөлс зэргээ суутгуулаад .....гаас 63.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байтал ....., Т.Оюун нар хоорондоо 80.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь дүр үзүүлснийг нотолно. Түүнээс гадна Т.Оюун нь машины үнийг банкны зээлээр төлөхөөр гэрээндээ заасан мөртлөө банкны зээлээр машины үнийг төлөөгүй бөгөөд хэрэв тухайн машиныг авахаар 100.000.000 төгрөгийн зээл авсан бол гэрээнийхээ дагуу машины үнэ 80.000.000 төгрөгийг гэрээ хийсэн Грийт гоби ложистик ХХК-д төлөх ёстой байсан. Гэтэл гэрээнийхээ дагуу машиныг авсан юм бол ....., Т.Оюун нар төлбөрийг Грийт гоби ложистик ХХК-д төлөөгүй мөртлөө намайг өөрийнхөө жолооч байсан, өөрсдийн машин, банкны зээлээр худалдаж авсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. .....д машины үнэнд 63.000.000 төгрөг өгөхөөс 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, тэрээр үлдэгдэл 33.000.000 төгрөг төлүүлэхийн тулд ЭСДЭ ХХК-ийн замын тээвэр хийх ажил олж өгч, нэг удаагийн тээврийн хөлсийг 600.000 төгрөгөөр тооцож, 55 удаагийн тээвэр хийж төлөхөөр тохиролцсон. Гэвч ..... энэ ажлыг олж өгч чадаагүй тул намайг өөрөө ажлаа олоод үлдэгдэл 33.000.000 төгрөгийг өгөөрэй гэсэн юм. ..... нь 2014 оны 12 дугаар сард үлдэгдэл төлбөрийн талаар Цогтцэций сумын н.Алимаа гэх нотариатчаар бид 70.000.000 төгрөгөөр машин худалдахаар тохирсон. 30.000.000 төгрөгийг ......... надад өгсөн. 7.000.000 төгрөгийн тээврийн хөлсийг хасуулсан. Үлдэгдэл 33.000.000 төгрөгийг төлнө гэж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Уг баримт дээр ......... нь 2013 онд 5.000.000 төгрөг, 2014 онд 5.000.000 төгрөг, мөн 5.800.000 төгрөгийг тус тус төлбөрөөс суутгуулсан, үлдэгдэл төлбөр 17.150.000 төгрөг дээр өмгөөллийн зардал 2.000.000 төгрөгийг нэмж, нийт 19.150.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичсэн. Энэ баримтаа үндэслээд ..... нь үлдэгдэл төлбөр 19.150.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасныг миний бие бүхэлд нь зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон 207 тоот шүүгчийн захирамжийг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээс гаргасан. Шүүгчийн 207 тоот захирамжаар дээрх чирэгч, чиргүүлийг хуульд зааснаар өмчлөх эрх .........т үүссэн гэж үзэж байна. ..... нь анхнаасаа надтай 250 рэйс хийгээд машинаа ав гэж тохиролцсон байсан хирнээ хэн түрүүлж 16.000.000 төгрөг өгсөнд нь машиныг шилжүүлнэ гэсэнд гомдолтой байна. Учир нь .....гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 19.150.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрснөөр тэрээр машины нэрийг Мэнд ирмүүн тулга ХХК-д шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг төлснөөр миний нэр дээр гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ..... нь 16.150.000 төгрөгийг .....гээс аваад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийгээд түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байсан. ..... нь өөрийнхөө машиныг хулгайлсан гэсэн гомдлыг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан, уг гомдлыг иргэд хоорондын зээлийн маргаан гээд Өмнөговь аймгийн сум дундын прокурорын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоолд ......... нь Т.Оюунаас 40.000.000 төгрөгийг зээлсэн, буцааж 55.600.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон гэсэн байдаг. Үүний дараа ..... нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 16.150.000 төгрөгийн автомашиныг миний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хангасан боловч Нийслэлийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 399 дугаартай магадлалаар хүчингүй болгосон, Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэргийг дахин хэлэлцүүлэх явцад ..... нь нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсан. .....д машины үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцож байх үед ....., Т.Оюун нар огт байгаагүй, энэ талаар ч мэдэхгүй, тэдэнд мэдэгдэх шаардлага байгаагүй. .....д би чиний нэрээр зээлсэн 30.000.000 төгрөгийг хангалттай төлсөн, машиныхаа үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой учраас цаашид мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн үеэс тэд машиныг өөрийн болгох гэж цагдаагийн байгууллагад янз бүрээр хандах болсон. Т.Оюун, ..... нарын Хаан банк ХХК-иас зээлж авсан 100.000.000 төгрөгөөс нь 40.000.000 төгрөгийг тэднээс зээлж аваад 30.000.000 төгрөгийг .....д машины үнэнд өгч, үлдэх 10.000.000 төгрөгөөр Делика маркийн машин авсан. Гэтэл тэд намайг 40.000.000 төгрөг аваад 10.000.000 төгрөгийг завшсан гэдэг, мөртлөө Делика маркийн машиныг ..... өөрөө бариад түлш зөөж, уг түлшээ надад худалддаг байсан шүү. Мөн 2015 оны 8 сарын дундуур .....гийн эхнэр Т.Оюун нь намайг 89.000.000 төгрөг зээлж авчихаад 70.000.000 төгрөг өгөхгүй залилсан гэж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст хандсан. Энэ гомдолд нь машинтай холбоотой нэг ч үг байхгүй, гагцхүү мөнгө зээлж авчихаад буцааж өгөхгүй залилж байна гэснийг мөн хэрэгсэхгүй болгож хаасан. Үүний дараа ..... дахиад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст машин хулгайлсан өргөдөл өгсөн. Энэ хэрэгт ..... гэрчээр мэдүүлэг өгөхдөө машины үлдэгдэл 16.150.000 төгрөгийг хэн эхэлж өгсөн хүнд машиныг өгнө гэснээр 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ..... болон ..... нарын хооронд төлбөр төлөх гэрээ байгуулагдсан. Ингэхдээ ..... машины нэрийг шилжүүлж авахын тулд Говьсүмбэр аймагт байсан машины улсын дугаарыг хулгайлан авч гэрчилгээг өөрийн нэр дээр шинээр авч 54-47 ӨМА улсын дугаартай болгосон бөгөөд чиргүүлийг .....д 5.000.000 төгрөгөөр худалдаад нэрийг нь шилжүүлчихсэн байсан. Шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад ..... нь Нийслэлийн шүүхийн магадлалаар машиныг Говьсүмбэр аймгаас авч яваад .....гээр бариулан 31.000.000 төгрөгийн ашиг олсон байсан. Миний хувьд .....гийн жолоочоор ажиллаад түүнээс цалин хөлс авч байсан зүйл байхгүй, тэрээр өөрөө машины эзэн байсан юм бол надад бусдаас хулгайлсан түлшээ 1500 төгрөгөөр зарахгүй байсан, түлш авсан баримтад түүний нэр нэг ч байхгүй. .....гаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ хийхэд чирэгч, чиргүүл нь Грийт гоби ложистик ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд машины үлдэгдэл төлбөрийг 2016 оны 6 сард төлж дуусгана гэж түүнтэй тохирсон байсан. Шүүгчийн 207 тоот захирамжийн дагуу 19.150.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг нь Мэнд ирмүүн тулга ХХК-иас авах төлбөрт тооцож төлсөн. Үлдсэн мөнгийг төлөх гэтэл ..... нь машиныг .....д худалдсан байсан, өмчлөгчөөр тогтоогоод өгчихвөл төлбөрийг бүрэн төлмөөр байна. Иймд хариуцагч .....д холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 сарын 07-ны өдрийн 207 тоот шүүгчийн захирамж, Грийт гоби ложистик ХХК-ийн захирал .....гийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлийн дагуу Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх .........т үүссэн болохыг тогтоолгох, хариуцагч ....., ..... нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, ....., ..... нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир тэдгээрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг .....гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг .....гээс буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч .....гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Грийт гоби ложистик ХХК нь хоёр хүний эзэмшлийнх, нийт 8 авто машинтай компани байсан. Би өөрөө Хас банк болон Голомт банкнаас нийт 340.000.000 төгрөгийн зээл авч 4 машин авсан. 1 машин 118.000.000 төгрөгийн өртөгтэй байсан. Бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл авч машин худалдан авсан бөгөөд зээлээ төлж байж дараа нь ашиг орох болно. Тиймээс .........т 2011 онд оруулж ирсэн, шинэ машинаа өгнө гэсэн ойлголт байж болохгүй байх. Манай компанид 8 жолооч байсан тэдгээрийн нэг нь ......... байсан ба 2011 оноос 2012 оны 6 сар хүртэл манай компанид жолоочоор ажилласан. ......... нь 2012 оны 6 сард миний машиныг 70.000.000 төгрөгөөр авъя гэхэд нь зөвшөөрсөн бөгөөд банкнаас зээл авахад тодорхойлолт хэрэгтэй гэхээр нь бичиж өгсөн. Үүнээс хойш 2-3 сар сураггүй байснаа барьцаа хөрөнгөгүй, эндэхийн байнгын оршин суугч биш учраас банк надад зээл олгохгүй юм байна гэж ярьсан. Тэгснээ 2012 оны 11 сард би авч чадахгүй юм чинь манай найз авахаар боллоо, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т.Оюун гэж хүн тань дээр очно, та гэрээгээ яаралтай хийгээд өгөөрэй, Хаан банктай тохирсон байгаа гэж ......... хэлсэн. Т.Оюуныг би танихгүй, ......... надруу явуулсны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т.Оюунтай машин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг баталсан нотариатч н.Цогзолмаагийн тайлбар хэрэгт байгаа бөгөөд хүч хэрэглэсэн, дарамталсан зүйл байхгүй. Гэрээ хийгээд машины төлбөрийг зээл авсныхаа дараа төлнө гэж тохирсон. 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр ......... манай найз машиныг авахаа болилоо, би авахаар боллоо гэж надтай уулзсан. Чи ажиллаж байсан юм чинь 63.000.000 төгрөгт ав гэж хэлсэн. Рэйсэнд явсан 7.000.000 төгрөгийг хассан, 250 рэйс хийгээд машиныг өгнө гэсэн тохироо ч байхгүй. Ингээд 63.000.000 төгрөгөөс урьдчилгаа 30.000.000 төгрөг бэлнээр авч, үлдэгдэл 33.000.000 төгрөгийг 6 сарын дотор буюу 2013 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр амаар тохирсон. Үүнээс хойш 2014, 2015 онуудад ......... нь холбоо байхгүй алга болсон. Харин ч миний итгэлийг алдаж ........., ..... хоёр хуйвалдаж энэ хугацаанд маш их ашиг олсон байсан. Аргагүйн эрхэнд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, ......... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 207 тоот шүүгчийн захирамж гарсан. Хагас жилийн дотор төлөхөөр шүүгчийн захирамж гарсан боловч ......... төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. 2015 онд Т.Оюун миний худалдаж авсан машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хураах гээд байна гэсэн байдаг. ....., ......... нар үгсэн хуйвалдаж машины үнийг бууруулсан. Цагдаа дээр шалгагдаж байхад машин нь .....гийнх, мөнгө нь .....гийнх гэдгийг тогтоосон байдаг. Миний хувьд машинаа зарсан нь үнэн, машины үлдэгдэл төлбөрийг өгсөн хүнд машинаа өгнө, төлбөрөө авч байвал гомдол байхгүй гэдгээ хэлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа ..... мөнгө олж ирсэн бөгөөд тэр надтай гэрээ байгуулсан Т.Оюуны хууль ёсны нөхөр байсан мөнгөө авч энэ талаар бид баримт үйлдсэн. Миний зүгээс Т.Оюун болон ..... нарыг танихгүй байж тэдэнтэй үгсэн хуйвалдах боломжгүй юм. ....., ......... нар нь анхнаасаа намайг төөрөгдүүлж, санаатайгаар машины үнийг унагасан. Би машин зарчихаад одоо хариуцагч болчихоод байгаад гомдолтой байна. Хэн нэгэндээ тус болох гэж компанийн нэрээр тодорхойлолт бичиж өгснийг ашиглаад өмчлөгч болсон гээд байгааг зөвшөөрөхгүй. Машины үлдэгдэл мөнгийг ......... тухайн үедээ төлөөд дуусгасан бол гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэх байсан. ......... нь автомашиныг хэдэн төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан гэдгээ баримтаар нотлохгүй байна. Шүүгчийн 207 тоот захирамжаар өмчлөх эрх үүссэн гэнэ, энэ захирамжаар машины үнийг төлсөн талаар огт заагаагүй байдаг. Машины үнэ гэж .........аас 30.000.000 төгрөг, Т.Оюунаас 10.000.000 төгрөг, 5.850.000 төгрөгийг тээврийн зардал гэж орж ирснийг хэнээс гэдгийг санахгүй байна, .....гээс 16.150.000 төгрөг тус тус авсан. Энэ асуудалд би ямар ч хамааралгүй, машины эзэмшигч, өмчлөгч хэн болох талаар ........., ..... нар өөрсдөө хоорондоо шийдэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч .....гийн шүүхэд гаргасан гаргасан тайлбарт: ............ нь найзынхаа хамт 2010 оны 2, 3 дугаар сарын үед манай гэрт Т.Оюуны жолооны үнэмлэхийг авчирч өгснөөр түүнтэй танилцсан. Тэрээр танайд амьдарч байгаад ажилд орох гэсэн юм гэхэд нь бид зөвшөөрч, манайд амьдардаг байсан. Манайд байхдаа гэр орны ажилд тусалж гүйдэг, архи дарс ч хэрэглэдэггүй, энгийн л сайхан хүн шиг байсан. Ингээд Грийт гоби ложистик ХХК-д ажилд орсон гэсэн. 2012 онд Грийт гоби ложистик ХХК-ийн ажил болохгүй байна, машинуудаа зарж байна. Бүгдээрээ энэ машиныг авъя, ашигтай, сард 10.000.000 төгрөг олдог гэж орой болгон тооцоо хийж үзүүлж ярьдаг байсан. Би чи өөрөө авахгүй юм уу гэхэд найзад нь зээл авах барьцаа хөрөнгө ч алга, үүнийг авах бэл бэнчин байхгүй, та авчих, би жолоочоор нь ажиллая гэж хэлсэн. Өмнө манайх нэг хятад компаниас машин түрээсэлж байсан боловч түрээслэх эрхгүй компани түрээсэлсэн гэж машинаа буцааж авч, манайх Хас банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсэж байсан. Энэ үед л намайг залилах санаа төрсөн гэж бодож байна. Ингээд манайх 2012 оны 5 сараас Хаан банк ХХК-иас зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн. Хаан банк ХХК худалдах, худалдан авах гэрээ шаардсаны дагуу ......... нь .....гаас машин худалдаж авах нь үнэн гэсэн тодорхойлолт авч ирсэн. Гэтэл банк үүнийг авч хэлэлцээгүй, учир нь ......... өөрийн нэр дээр тодорхойлолт хийлгэсэн байсан. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Т.Оюун, Грийт гоби ложистик ХХК-ийн захирал ..... нар 80.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манайх бүх зүйлээ болон худалдан авч байгаа том оврын машинаа барьцаалан Хаан банк ХХК-иас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 39.000.000 төгрөгийг Хас банкны зээлд өгч, 40.000.000 төгрөгийг .........аар дамжуулж .....д, 10.000.000 төгрөгийг нь эрсдэлд тооцож өөрсдөдөө авч үлдсэн. 10.000.000 төгрөгийг нь эхний 3 сарын төлбөр болгон банканд үлдээсэн. ......... .....г таньдаг юм чинь би мөнгийг нь аваачаад өгье, бэлэн мөнгө өгвөл үнэ ханш нь буурах байх гэж 40.000.000 төгрөгийг авсан. Ингээд манайх машин худалдаж авсан гэж ойлгож, .........ыг жолоочоор ажиллуулж ажилд явуулж байсан. ......... ажил муу байна гээд машиныг маань Чойр луу аваад явсан. Банкны зээл төлөгдөхөд хэцүү байсан учраас бидний хооронд маргаан үүссэн. ......... нь Чойрт байхдаа 2015 оны 4 сараас 7 сар хүртэл Хангай гэж найзтайгаа хулгайн тээвэрт явсан байдаг. 2015 оны 7 сараас би машиныхаа араас хөөцөлдсөн. Чойрт байгаа газраас нь авах гэтэл 3.000.000 төгрөгийн барьцаанд байгаа гээд өгөөгүй. Ингээд би машинаа авахын тулд Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан. .........ыг цагдаагаас дуудаж байцаалт авахад машиныг өгнө, 40.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгөөр нь би Делика маркийн машин авсан гэж тайлбар хэлсэн байдаг. Мөн .........ын хэлж байгаа шиг түүнд 40.000.000 төгрөг зээлдүүлээгүй, машины эзэн .....г таньдаг, компанид нь ажилладаг учраас хэдэн төгрөг буулгах юм болов уу гэж бодож түүгээр мөнгөө дамжуулж өгсөн. Мөн дугаарыг нь хулгайлсан зүйл байхгүй, би өөрийнхөө машинаас дугаарыг нь авсан. Өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн, 207 тоот шүүгчийн захирамжтай гэж ....., ......... хэн нь ч надад хэлж байгаагүй. 16.150.000 төгрөгөөр машин үнэлэгдсэн, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна гэдгийг би сүүлд нь мэдэж энэ мөнгийг .....д өгч машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хаан банк ХХК-иас авсан зээлийн талаар хэрэг үүсэж, 6 сарын хугацаанд 51.150.000 төгрөг төлөх тухай шүүгчийн захирамж гарсан учраас би энэ мөнгийг төлөхгүй бол манай гэр бүлийн барьцаанд тавьсан бүх зүйл хураагдахад хүрсэн учир Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Ингэснээр машинаа битүүмжлэлээс чөлөөлж .....гээр машинаа бариулж эхэлсэн. .........ын хэлж байгаа шиг 30.000.000 төгрөг олсон зүйл байхгүй, арай хийн банкны зээлээ 30.000.000 төгрөг болгож байтал ......... надад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар машиныг битүүмжилсэн. .....тэй машинаар ажил хийж банкны төлбөр 50.000.000 төгрөгөөс төлөлцөөд өгвөл эхний ээлжинд чиргүүлийг 5.000.000 төгрөгт тооцон шилжүүлнэ гэж амаар тохирсон. 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг .....д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд уг хэлцлийн талууд нь хэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэрээний оролцогчид нь нэг талаас Мэнд ирмүүн тулга ХХК, нөгөө талаас ..... байна. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй. 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг .....д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-г баримталсан байна. Гэхдээ нэхэмжлэлийн агуулгаас харахаар Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлийг баримталсан гэж үзэхээр байна. 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах шаардлагын тухайд ийм улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй гэдгийг хэлмээр байна. Тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагын тухайд хэрэгт өмчлөх эрх үүссэн талаарх баримт байхгүй, автомашины үнэ нь тодорхойгүй байна. Өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох гэж байгаа бол машины үнийг төлсөн байх ёстой. Гэтэл машины төлбөрийг төлсөн талаар баримт огт байхгүй. ..... нь .........аас болж зээл авсан зориулалтын дагуу машинаа ашиглаж чадахгүй хохирч байна. ....., Т.Оюун нар өнөөдөр Хаан банк ХХК-ийн зээлийг төлөхийн төлөө амьдарч байна, тэдний дансанд орсон мөнгийг Хаан банк ХХК шууд татаж авдаг. Дээрх баримтуудаас үзэхээр ......... өмчлөгч биш бол түүнийг эзэмшигч гэж үзье гэхэд .........ыг эзэмшигч гэдгийг тогтоох ямар ч үндэслэл алга. Тиймээс түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч машиныг битүүмжилсэн байхад битүүмжлэлээс алдсан бурууг ..... хариуцах үүрэггүй. ......... машины өмчлөлийг шаардах эрхгүй. Харин түүнийг жолооч байсан гэдгийг талууд маргахгүй байгаа. Тиймээс Грийт гоби ложистик ХХК-тай гэрээ байгуулж машиныг худалдаж авсан нь тогтоогдохгүй байна. ......... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хохирлоо л шаардах эрхтэй байж болно. Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 207 дугаартай шүүгчийн захирамж нь .........ын хувьд ашигтай л зүйл болсон. Машиныг өөрөө худалдаж авч байгаа юм уу, зуучилж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Уг 207 тоот шүүгчийн захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа бол захирамжид заасан 19.150.000 төгрөгийг тэрээр төлсөн байх ёстой. Гэтэл энэ мөнгийг ..... төлсөн байна. Иймд нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч .....гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн ....., ..... нарын хооронд байгуулагдсан хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь тодорхой бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу ....., ..... нарын хооронд худалдах, худалдан гэрээ байгуулагдсан. ..... нь 5.000.000 төгрөгийг .....д бэлэн төлж Хаан банк ХХК-ийн зээлийг нь төлөхөөр тохирч 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, байгууллага хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор Нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ..... өөрийн биеэр очиж хуулийн дагуу нэрийг шилжүүлсэн.  ....., ..... нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл хийгдсэн байна. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу өмчлөх эрхээ шилжүүлэх тодорхой үйлдэл хийсэн нь бүртгэлийн байгууллагад очиж өмчлөх эрхээ шилжүүлсэн үйлдлээс харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д зааснаар бүртгүүлэх буюу, нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ. Иймд талуудын хоорондоо байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр, хууль ёсны хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Худалдагч ..... болон худалдан авагч ..... нарын аль аль нь гэрээнээсээ татгалзаагүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Иргэний хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-т хууль буюу гэрээнд өөрөө заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан. ....., ..... нарын хооронд чиргүүл худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаж, Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж ..... өмчлөгч болсон байх ба үүнээс харахад ..... нь хууль ёсоор шударга өмчлөгч юм. Мөн нэхэмжлэгч ......... болон хариуцагч ..... нарын хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй юм. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тодорхой заасан. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл ......... нь уг чиргүүлийн өмчлөгч биш атлаа хууль ёсны эзэмшигч .....гээс чиргүүлийг шаардаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Иймээс .........ын .....д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Оюуны шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч .........ын хэлцэл хийсэн гэж үзэж байгаа 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот албан бичгийг Грийт гоби ложистик ХХК гаргаж өгсөн байгаа тул иргэнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Т.Оюун нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Грийт гоби ложистик ХХК-ийн захирал .....тай 92-72 УНО улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг 80.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ юм. Уг гэрээний үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Оюун өөрийн нөхөр .....д хуулийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. .........ын нэхэмжлэлээс Т.Оюуны эрх ашиг маш их хөндөгдсөн. Грийт гоби ложистик ХХК болон Т.Оюун нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ ба уг гэрээг гэрчилсэн нотариатч н.Цогзолмаа энэ талаар тайлбар өгсөн байдаг. Иргэний хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны эзэмшигч нь Т.Оюун юм. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банк ХХК-иас зээл авсан. Зээлийг нэг удаа шууд 100.000.000 төгрөгөөр аваагүй. Эхлээд 70.000.000 төгрөгийн зээлийг машин худалдан авах зорилгоор авсан бөгөөд зээл авснаас хойш 2 хоногийн дараа 40.000.000 төгрөгийг .....д өгөөрэй гэж .........т шилжүүлсэн. Гэтэл ......... нь Т.Оюуны мөнгийг өөрийн мөнгө мэтээр .....д өгсөн байдаг. ..... болон Т.Оюуны хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь аль ч талын эрхийг хөндөхгүй байна. Нэхэмжлэгч ......... хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. Грийт гоби ложистик ХХК-тай гэрээ хийсэн бол яагаад хуулийн этгээд оролцохгүй байгаа вэ, Мэнд ирмүүн тулга ХХК-иас машиныг .....д шилжүүлсэн байдаг. Эндээс үзвэл нэхэмжлэгч ......... нь хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хаан банк ХХК болон Т.Оюун, ..... нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийн эрх хөндөгдсөн учраас 2018 оноос эхлэн энэ хэрэгт оролцож байна. ......... нь автомашины үнийг .....д өгсөн талаар ямар ч баримт хэрэгт байхгүй, мөн ямар гэрээний дагуу шилжүүлсэн бэ гэдэг нь бас тодорхойгүй, Хаан банк ХХК-иас авсан зээлийг төлсөн баримт бас байхгүй. Ийм байхад уг машиныг ......... өөрийн машин гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Т.Оюун, ..... нар нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 30.000.000 төгрөгийн, мөн өдөр хүнд даацын авто машин худалдан авах зорилгоор 70.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд барьцаа хөрөнгөөр 432 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын барилга болон гэр бүлийн хэрэгцээний газар, 50 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга, 123 м.кв талбай бүхий хувийн сууц, 756 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 5 ханатай болон 4 ханатай гэр, 92-72 УНО улсын дугаартай хүнд даацын машин болон 57-37 БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг барьцаалсан. Уг зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд зээл төлөх хугацаа 242 хоног хэтэрсэн учир 2016 онд Хаан банк ХХК шүүхэд хандсан. Ингээд 2016 оны 5 сарын 19-ний өдөр 51.150.000 төгрөг гаргуулж Хаан банканд олгох тухай шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжид дурдсан Т.Оюуны тайлбарт жолооч ......... машиныг худал хэлж авч явсан учир банкны зээлийг төлөх боломжгүй болсон гэсэн байдаг. Уг шүүгчийн захирамж, зээлийн болон барьцааны гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Грийт гоби ложистик ХХК болон Т.Оюун нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ зэргийн дагуу Т.Оюун болон ..... нар тухайн авто машины өмчлөгч гэдгийг хангалттай нотолж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 16 дугаар зүйлийн 16.3-т тус тус заасны дагуу уг машиныг анхнаасаа худалдан авч, банкны зээлийг төлж байгаа хүмүүс нь Т.Оюун болон ..... нар юм. .........ын хүсэлтээр асуусан гэрчээс уг машиныг ......... 80.000.000 төгрөгөөр худалдаж авах боломжтой юу гэж асуухад уг хүн чинь хүний машин түрээсээр барьдаг хүн. Яаж 80.000.000 төгрөгөөр машин авч чадах вэ гэж хэлсэн байдаг. Ер нь гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргахад гэрээ байгуулагдсан эсэхийг харах ёстой. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах этгээд нь ......... биш юм. Гэрээний оролцогч нарт ийм эрх байдаг. ..... болон Т.Оюун нар өөрсдийн амьдралынхаа туршид хуримтлуулсан бүх зүйлээ барьцаалж зээл авсан учир уг машиныг .........т өгөх ямар ч үндэслэл байхгүй юм. Хүнд мөнгө төлөөгүй байж хүний машиныг авна гэж маргаж болохгүй. Тиймээс .........ын нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч .....гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ............ нь 2012 онд миний бичиж өгсөн тодорхойлолтыг үндэслэж машины өмчлөгч гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг тодорхойлолтын дагуу .........т өмчлөх эрх үүсэхгүй юм. Улсын дээд шүүхийн тогтоолд энэ талаар дурдсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон. Т.Оюун болон Грийт гоби ложистик ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээг үндэслэж Хаан банк ХХК-иас зээл олгогдсон байх учир .........ын нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Т.Оюунаас .....д өгөх мөнгийг .........т шилжүүлж, тэрээр мөнгийг авч ирж .....д өгснөөр өмчлөх эрх түүнд үүсэхгүй юм. Машины үлдэгдэл төлбөр болох 16.150.000 төгрөгийг Т.Оюун болон түүний нөхөр ..... нар төлснөөр худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа Т.Оюун болон Грийт гоби ложистик ХХК-ийн хооронд хийгдсэн гэдгийг баталж байгаа юм. Тиймээс .........т хийж өгсөн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр .........ыг машиныг худалдаж авахаар тохирсон нь үнэн болно гэдэг тодорхойлолт болохоос машины өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл биш. Гэтэл уг тодорхойлолтыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д заасны дагуу өмчлөх эрх олж авах боломж, үндэслэл .........т бүрдээгүй, мөн хуулийн 248 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тохирох нөхцөл байдал бүрдээгүй юм. Иймд 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр .........тай хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .........ын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: ........ нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолтыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Би машиныг анхнаас нь худалдаж авсан гэж хэлээгүй, түрээсэлсэн гэдгээ хэлсэн. Би хөдөлмөрийнхөө үр шимээр уг машиныг авсан. Ганцхан уг тодорхойлолт биш, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөр тооцооны үлдэгдэл байгаа тухай төлбөрийн баримт, 30.000.000 төгрөг бэлнээр авсан баримт зэрэг болно. Ганцхан уг тодорхойлолтын дагуу шаардаагүй, мөн 207 тоот шүүхийн шийдвэрийн дагуу шаардсан. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөр тооцооны тухай баталгааг ..... өөрөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирж баримт үйлдсэн, уг баримтаа сумын нотариатч н.Алимаагаар гэрчлүүлсэн байдаг. Үүнд ......... нь 2013 онд 5.000.000 төгрөг, 2014 оны хавар 3.000.000 төгрөг, тээврийн зардалд 5.850.000 төгрөгийг төлж машины үнээс хасуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 17.150.000 төгрөгийн үлдэгдэл болон өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 19.150.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно гэж маш тодорхой бичиж гарын үсэг зурсан байдаг. Үүнийгээ хариуцагч ..... нь өнөөдөр юугаар үгүйсгээд төөрөгдсөн байсан гэж хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тэрээр 2015 оны 01 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ......... нь манайд жолоочоор ажиллаж байгаад барьж байгаа машинаа өөртөө авч төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргаж... гэж бичсэн байгаагаас харвал ..... нь .........ыг түрээсийн жолооч байсан гэдгээ илэрхийлсэн байна гэж харж байна. Хариуцагчийн зөвшөөрөл баталсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд .....гийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч ....., ....., ..... нарт холбогдох Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх .........т үүссэн болохыг тогтоолгох, ....., ..... нарын хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, ....., ..... нарын хооронд байгуулагдсан чиргүүл худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, .....гээс 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, .....гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг гаргуулах тухай нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч .........т холбогдох Грийт гоби ложистик ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч .....гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг буцаан гаргуулж .....д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ........., түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Д.Энхтунгалаг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шүүхээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр ......... болон ..... нарын хооронд Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай чирэгчийг 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 63.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулагдсан, ......... нь тээврийн хэрэгслийн үнэ 63.000.000 төгрөгийг .....д төлөх үүрэг хүлээсэн, үүнээс 45.850.000 төгрөг төлсөн, үлдэх 17.150.000 төгрөг, өмгөөллийн зардал 2.000.000 төгрөг, нийт 19.150.000 төгрөг төлөөгүй болохыг тогтоосон байна” гэж үндэслэхдээ нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Гэвч шүүхээс “нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн төлбөрөө төлөөгүй нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх, үүнээс үүдэн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлснийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд худалдан авагч төлбөрөө төлөөгүй нь түүнийг үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч ..... нь надад 63.000.000 төгрөгөөр маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг худалдахдаа үлдэгдэл 33.000.000 төгрөгийг Цагаан хадны тээвэрт 1 рейсийг нь 600.000 төгрөгөөр тооцож 55 рейс явах ажил олж өгч, түүний тээврийн хөлсийг авахаар тохиролцсон боловч тохиролцсон ёсоор ажил олж өгөөгүй, миний бие хариуцагч .....гийн эхнэр Оюунаас зээлсэн 40.000.000 төгрөгийг 80.000.000 төгрөг болгож төлсөн, хариуцагч ....., ..... нар хуйвалдан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний төлөөгүй үлдсэн 16.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн. Хариуцагч ..... нь хүчин төгөлдөр болоогүй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/07879 тоот шүүхийн шийдвэрийн дагуу хууль зөрчин маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг эзэмшсэн... зэрэг үйл явдлуудын улмаас миний бие ......... тээврийн хэрэгслийн үлдэгдэл 16.500.000 төгрөгийг төлж чадаагүй байсан. Ийм ч учраас миний бие маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох бус өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шийдвэрлэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасныг зөрчиж хариуцагч ..... гэрээнээс татгалзаагүй байхад татгалзсан гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөдөр шийдвэрийг хэн аль нь заавал биелүүлэхээр заасан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот хүчин төгөлдөр шийдвэрийг талуудын хэн аль нь заавал биелүүлэх байхад үлдэгдэл мөнгөө төлөөгүй удаасан шалтгаанаар өөр этгээдэд худалдах нь өөрөө Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасан шударга эзэмшигчийн эрхийг зөрчиж байгааг шүүх анхаараагүй. Мөн зүйлийн 90.2-т “Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч ....., ..... нарын эзэмшилд шилжсэн маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийг буцаан шаардах эрхтэй. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хариуцагч ....., ..... нарын хувьд ......... нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгч гэж тооцогдох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ......... хариуцагч ....., ....., ..... нарт холбогдуулан Норд бенз маркийн 54-47 ӨМА /хуучнаар 92-72 УНО/ улсын дугаартай автомашин, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох,

....., ..... нарын хооронд 2015.10.08-ны өдөр байгуулагдсан автомашин, чиргүүлийн төлбөр шилжүүлэх гэрээ болон ....., ..... нарын хооронд 2016.09.13-ны өдөр байгуулагдсан чиргүүл худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, автомашиныг .....гээс, чиргүүлийг .....гээс гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ..... нэхэмжлэгч .........т холбогдуулан 2012.06.11-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй зохигч маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын татгалзлын эрх зүйн үндэслэлд хамааралтай  хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгч ......... нь .....тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн тул автомашин, чиргүүлийн хувьд өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, уг автомашин болон чиргүүлийг худалдах-худалдан авах тухай ..... болон ....., ..... болон ..... нарын хооронд байгуулсан хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол хариуцагч ..... нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ......... мөнгөө төлөөгүй, ..... нь 30.000.000 төгрөгийг .........аар өгүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн явцад 16.500.000 төлсөн учир автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг .....д шилжүүлсэн гэж маргажээ.

Хариуцагч ..... маргаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний дагуу олж авсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

а/ Хэргийн үйл баримтын талаар товч дурдах шаардлагатай байна.

Хэргийн баримтаас үзвэл, 2012 оны 06 дугаар сард ........., .....гаас Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай автомашиныг 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 63.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, гэрээний төлбөрт 45.850.000 төгрөг төлөгдсөн, гэрээний зүйлийг ......... эзэмшиж байсан, үлдэх 17.150.000 төгрөг төлөөгүй үед ..... .........аас уг мөнгийг, өмгөөлөгчийн хөлс  2.000.000 төгрөг, нийт 19.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015.01.07-ны өдрийн 207 дугаар захирамжаар хариуцагч ......... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталсан үйл баримт тогтоогджээ.

Шүүгчийн захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ..... нь 16.150.000 төгрөгийг .........аас бус .....гээс авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, ..... нь автомашин, чиргүүлийн улсын бүртгэлийг .....д шилжүүлж өгсөн, үүнийг үндэслэн ..... нь .........т холбогдуулан түүний эзэмшлээс дээрх хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.10-ны өдрийн 102/ШШ2015/078879 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийн дагуу ..... автомашин, чиргүүлийг өөрийн эзэмшилд авсан хэдий ч уг шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016.04.28-ны өдрийн 001/ХТ2016/000445 тогтоолоор хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, хожим нь ..... нэхэмжлэлээ татан авсан байна. Уг автомашин, чиргүүл .....гийн эзэмшилд үлджээ.

Үүний дараа ......... автомашин, чиргүүлийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2016.08.16-ны өдөр шүүхэд гаргаснаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

б/ “...өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн талаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

........., ..... нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй байна.

Учир нь ........., ..... нарын хооронд 2012.06.11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь шүүгчийн 207 дугаар захирамжаар нэгэнт тогтоогджээ.

Харин шүүх автомашин, чиргүүлийн өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох .........ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “............ үнийг бүрэн төлөөгүй тул автомашин, чиргүүлийн өмчлөгч болохгүй, төлбөр бүрэн төлөөгүйгээс ..... гэрээнээс татгалзсан,..” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч, худалдсан эд зүйлийн эзэмшлийг шилжүүлэхээс гадна өмчлөх эрхийг шилжүүлэх үндсэн үүргийг хүлээх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь хөдлөх хөрөнгө буюу автомашин, чиргүүл учир хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн үүсэх талаархи Иргэний хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэн дүгнэлт хийх шаардлагатай юм.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн хөрөнгө шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байна. Түүнчлэн хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэх тохиолдлуудыг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1, 111.2.2, 111.2.3-т заажээ.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд ......... нь 2011 оны 5 дугаар сараас, .....тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу автомашин, чиргүүлийг эзэмшиж байсан ба үүний дараа буюу 2012.06.11-ний өдөр ....., ......... нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ үеэс .........т тухайн автомашин, чиргүүлийг эзэмшихээс гадна өмчлөх эрх үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2-т заасантай нийцнэ.

Учир нь өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар худалдах эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Иймээс түрээсийн гэрээний дагуу .........ын эзэмшилд байсан тухайн хөрөнгийн өмчлөх эрх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан үеэс худалдан авагчийн буюу .........т үүссэн гэж үзэх нь дээрхи хуулийн зохицуулалтад нийцэх тул шүүх хэрэглэвэл зохих эдгээр хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж дүгнэнэ.

Харин Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих бөгөөд энэхүү зохицуулалтын агуулга нь болзолтой буюу өмчлөх эрх үүсэх үеийг хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаас өөрөөр тухайлбал, “...үнийг төлснөөр үүсэх”-г тусгайлан тохирсон байхыг шаардсан байна.

Зохигчийн хооронд ийм нөхцөлтэй тусгайлсан тохиролцоо байхгүй учир “үнийг бүрэн төлөөгүйгээс худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй” талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасантай нийцээгүй байна.

в/ Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, байгууллага хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор Нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан байна.

Энэхүү бүртгэл нь худалдан авсан эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг нэг талаас шилжүүлэх үүргийг, нөгөө талаас шилжүүлж өгөхийг шаардах эрхийг үүсгэхээс бус өмчлөх эрх үүсэх явдлыг нотлохгүй юм. ..... автомашин, чиргүүлийн улсын бүртгэлийг .........т шилжүүлээгүй, ......... шилжүүлэхийг шаардаагүй байна. Тухайн автомашин, чиргүүлийн улсын бүртгэл нь дээрхи хугацаанд ..... болон өөр өөр аж ахуйн нэгжийн бүртгэлд шилжсэн байх ба энэ нь уг автомашинаар тээвэрлэлт хийхтэй холбоотой болохыг зохигч үгүйсгээгүй байна.

г/ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. ....., ......... нарын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шүүхэд гаргасан маргааныг хялбаршуулсан журмаар буюу хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн шүүгчийн 207 дугаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасан байна.

Ийм ч учраас 207 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, төлбөр төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу .........ын эзэмшил, өмчлөлд байсан автомашин, чиргүүлийг битүүмжилсэн, хураасан ажиллагаа явагдсан, төлбөрийг ..... төлсөн хэдий ч .........т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж үзнэ.

......... нь өөрийн үүргийг гүйцэтгэхийг .....д зөвшөөрсөн эсэх, ..... бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн эсэх асуудал байсан ч энэ маргаанд хамаарахгүй болно.

Хоёр шатны шүүх дээрх байдлыг анхаараагүй, нэхэмжлэгч ......... төлбөрөө бүрэн төлөөгүйгээс хариуцагч ..... түүнтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.                                                                

д/ ......... нь автомашин, чиргүүлийн үнэд 63.000.000 төгрөгийг төлөхөөс 46.850.000 төгрөгийг төлсөн, үлдэх 16.150.000 төгрөгийг төлүүлэх шүүхийн шийдвэр биелэгдэж дуусгавар болсон тул худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн, энэ нэхэмжлэлийг хангах нь хууль зөрчихгүй байна.

2. Нэхэмжлэгч .........ын ....., ..... нарын хооронд байгуулагдсан 2015.10.08-ны өдрийн төлбөр шилжүүлэх гэрээ, ....., ..... нарын хооронд 2015.09.13-ны өдөр байгуулагдсан чиргүүл худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, .....гээс 54-47 ӨМА /92-72 УНО/ улсын дугаартай автомашиныг, .....гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзалдаа хэргийн оролцогч дараах тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгч ......... “...банкнаас зээл авч, автомашин, чиргүүлийн үнийг төлөх гэсэн боловч чадаагүй, ....., Т.Оюун нар Хас банкинд 39.000.000 төгрөгийн өртэй, надад мөнгө хэрэгтэй байсан,... тохиролцож, зээл авах, барьцаа хөрөнгө бүрдүүлэхийн тулд ..... болон Т.Оюун нар 2012.11.08-ны өдөр дүр үзүүлэн худалдах-худалдан авах  гэрээ байгуулсан, ...Т.Оюун, ..... нар 100.000.000 төгрөгийн зээл авснаас би Т.Оюунаас 40.000.000 төгрөг зээлж, 30.000.000 төгрөгийг автомашин, чиргүүлийн төлбөрт .....д өгсөн, тээвэр хийж банкны зээлд 59.5 сая төгрөг төлсөн, ........ үлдэгдэл 16.150.000 төгрөгийг .....гээс авч, миний төлсөн мөнгийг оролцуулан машин, чиргүүлийг түүнд шилжүүлсэн нь үндэслэлгүй, эдгээр байдлыг мэдсэн атлаа ..... чиргүүлийг .....д худалдсан байна” гэжээ.

Хариуцагч ..... “...эдгээр хүмүүс хуйвалдсаныг хожим мэдсэн, .........ын өгсөн 30.000.000 төгрөг .....гийнх байсан, ...Т.Оюунтай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл мөнгийг .....гээс авч, бүртгэлийг шилжүүлсэн, ...хууль зөрчөөгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч ..... “...автомашин худалдан авах боломжгүй боллоо та нар авах уу гэсэн, эхнэр Т.Оюун 80.000.000 төгрөгөөр авахаар болж .....тай гэрээ байгуулж, зээл авч зээлээс 40 саяыг .........аар өгүүлсэн. Энэ хугацаанд ......... жолоочоор ажиллаж автомашинаар тээвэр хийсэн, .....д үлдэх мөнгийг өгч автомашин, чиргүүлийг авсан...” гэсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Оюун .....гийн тайлбарыг   дэмжсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банкны төлөөлөгч “...Т.Оюун, ..... нар банкнаас зээл авахдаа эдгээр болон бусад хөрөнгийг барьцаанд тавьсан, зээл төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа” гэх тайлбарыг гаргажээ.

Хариуцагч ..... “...чиргүүлийг .....гээс 5.000.000 төгрөгөөр худалдан авсан...” нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч ......... нь худалдан авсан хөрөнгийн үнийг банкнаас зээл авч төлөх хүсэлтэй байсан, түүний орлого тодорхой бус, шаардсан барьцааны хөрөнгөгүйгээс зээл олгогдоогүй, түүнчлэн ......... нь ....., түүний эхнэр Т.Оюун нартай танил тээвэр хийж байхдаа тэднийд амьдардаг байсан нь зохигчийн тайлбарт тусгагджээ.

Грийт гоби ложистик ХХК-ийг төлөөлж захирал ..... болон Т.Оюун нарын хооронд 2012.11.08-ны өдөр автомашин, чиргүүлийг 80.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон, Т.Оюун, ..... нар 2012.11.12-ны өдөр ХААН банк ХХК-ийн Өмнөговь салбараас 100.000.000 төгрөгийг зээлж, зээлийн үүргийг хангуулах барьцааны гэрээгээр  үйлчилгээний барилга, дэлгүүрийн барилга, хувийн сууц газар, 2 гэр болон автомашин болон чиргүүл, бусад хөрөнгийг барьцаалсан нь тогтоогджээ. Түүнчлэн уг мөнгөнөөс ....., Т.Оюун нарын Хас банкны зээл төлөгдсөн, 40.000.000 төгрөгийг ......... Т.Оюунаас авсан, үүнээс 30.000.000 төгрөгийг .....д шилжүүлсэн тухайд зохигч маргаагүй байна.

2012.11.08-ны өдрийн гэрээний үнэ төлөх зорилгоор Т.Оюун  40.000.000 төгрөгийг .........аар .....д өгүүлсэн нь тогтоогдоогүйгээс гадна дээр дурдсан үйл баримтын дараа ..... .........т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандсанаар 2015.01.07-ны өдрийн 207 дугаар захирамж гарсан байдлаас үзэхэд Грийт гоби ложистик ХХК болон Т.Оюун нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ бодитой байгуулагдсан, талууд эрх, үүргээ хэрэгжүүлэх тухайлбал, гэрээний зүйл болсон хөрөнгийг шилжүүлэх, үнэ төлөх хүсэл зориг байгаагүй гэх үндэслэлтэй. Иймд ....., ....., Т.Оюун нар нь 2012.11.08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг үндэслэн автомашин, чиргүүлийг .....гаас шаардан авсан гэх боломжгүй.

Нөгөө талаар Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан байна.

....., ......... нарын хооронд байгуулагдсан 2012.06.11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа, ....., ..... нарын хооронд   2015.10.08-ны өдөр байгуулагдсан төлбөр шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд ..... нь нэг эд хөрөнгийг 2 өөр этгээдэд худалдсан гэх хууль зүйн ойлголт үүсэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагчийн хэнд худалдагчаас худалдсан хөрөнгийг шаардах давуу эрх үүсэх асуудал яригдах юм.

......... нь автомашин, чиргүүлийг гэрээний дагуу .....гаас шилжүүлэн авахдаа төлбөрийн дийлэнхийг төлсөн, улмаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, энэ талаар  ..... ..... нар хэн аль нь мэдэж байсан ба ..... нь .........ын төлөөгүй үүрэг буюу 16.150.000 төгрөгийг төлж .....гаас автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан байх тул ....., ..... нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэх боломжгүй байна.

Автомашин, чиргүүлтэй холбоотой маргаан үүссэн байхад ..... автомашины бүртгэлийг шилжүүлэн авахдаа улсын дугаарыг 54-47 ӨМА болгон өөрчлүүлснээс гадна   чиргүүлийг 2016.09.13-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа мөн өдөртөө .....гийн нэр дээр бүртгүүлжээ.

Иймд ....., ..... нарын 2015.10.08-ны өдрийн төлбөр шилжүүлэх гэрээ болон ....., ..... нарын 2016.09.13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ аль аль нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байна.

Хэлцэл хүчин төгөлдөр бус учир хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд энэ нь ....., ..... нарын, мөн ....., ..... нарын хоорондох асуудлыг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт  байна. Талуудын хооронд байгуулагдсан эдгээр хэлцлийг сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож байгаагаас гадна хэлцлийн зүйл болох эд хөрөнгийг ......... өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ....., ..... нарын хууль бус эзэмшлээс  автомашин, чиргүүлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд .....гээс 54-47 ӨМА /хуучнаар 92-72 УНО/ улсын дугаартай автомашиныг, .....гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг тус тус гаргуулан  .........т олгоно.

3. ..... нь 2012.06.11-ний өдрийн “.........т ...автомашиныг  чиргүүлийн хамт  70.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирсон нь үнэн болно.” гэсэн Грийт гоби ложистик ХХК-ийн албан бичгийн бланк дээр бичигдэж, тус компанийн тамга  дарагдсан, гүйцэтгэх захирал ..... гэсэн гарын үсэг бүхий 16 тоот тодорхойлолтыг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг .........т холбогдуулан гаргасан байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тэрээр тайлбарлахдаа ”...дээрх тодорхойлолтыг үндэслэж өмчлөх эрх үүссэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй,... дүр үзүүлэн хийсэн” гэжээ.

......... сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...зөвхөн дээрх тодорхойлолтоор бус бусад баримтаар өмчлөх эрх үүссэн...” гэсэн байна.

Шүүх  ..... нь Грийт гоби ложистик ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх, уг хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхгүй болсон гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүйн зэрэгцээ нэгэнт шүүгчийн 207 дугаар захирамжаар ......... нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэх мөнгийг .....д төлөх үүрэгтэйг тогтоосон тул тухайн албан бичиг нь гэрээг үгүйсгэх үр дагаврыг үүсгэхгүй болно.

Мөн автомашины бүртгэл, 2011.04.01-ний өдрөөс 2015.10.11-ний өдөр хүртэл,  чиргүүлийн бүртгэл 2016.09.13-ний өдөр Грийт гоби ложистик ХХК, ЭСДЭ ХХК, ....., Мэнд Ирмүүн тулга ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд шилжин бүртгэгдсэн байх боловч тухайн эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн маргааныг Грийт гоби ложистик ХХК, ЭСДЭ ХХК, Мэнд Ирмүүн тулга ХХК гаргаагүй болно.

4. ХААН банк ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож автомашин, чиргүүл нь барьцаанд байгаагаас эрх ашиг хөндөгдсөн гэх агуулгатай тайлбар гаргасан байна.

ХААН банк ХХК-ийн Өмнөговь салбар Т.Оюун, ..... нарын хооронд 2012.11.15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргааны зүйл болж буй автомашин, чиргүүл, бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016.05.19-ний өдрийн 75 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Харин шүүгчийн захирамжаар автомашин, чиргүүлтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байгааг тэмдэглэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1497 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Норд бенз маркийн 54-47 ӨМА /хуучнаар 92-72 УНО/ улсын дугаартай автомашин, 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн өмчлөх эрх .........т үүссэн болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ....., ..... нарын хооронд 2015.10.08-ны өдөр байгуулагдсан төлбөр  шилжүүлэх гэрээ, ....., ..... нарын хооронд 2016.09.13-ны өдөр байгуулагдсан чиргүүл худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар .....гээс 54-47 ӨМА /хуучнаар 92-72 УНО/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, .....гээс 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийг тус тус гаргуулан .........т олгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “57 дугаар зүйлийн 57.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1” гэж, “.....д олгосугай” гэснийг “.....д олгож, хариуцагч .....гаас 119.350 төгрөг, хариуцагч .....гээс 166.825 төгрөг” хариуцагч .....гээс 47.475 төгрөг” тус тус гаргуулан нэхэмжлэгч .........т олгож, нэхэмжлэгч .........аас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч .........ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 238.700 төгрөг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ