Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01519

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А, Г.М нарт холбогдох,

31 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Эрдэнэбаяр,

Хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Мэнджаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Б-ын эзэмшлийн “Мерседес бенз жи-500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай машиныг хариуцагч Б.А авч яваад эвдэлсэн юм. Автомашин 45 000 000 төгрөгийн үнэтэй бөгөөд эвдэрсэн машинаа 14 000 000 төгрөгөөр зарсан. Н.Б, Б.А хоёр найз нөхдийн холбоотой байсан. Харин Г.М Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирол учруулсан байдаг. Тухайн үед Н.Б, Г.М нар хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мэнджаргалын танил нотариатч н.Туяажаргалыг таньдаг гээд ижил дугаартай 2 мэдэгдэх хуудас гаргуулсан. Талууд эвлэрсэн учраас нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаар шүүхэд хандсан. Шүүхээс нотариатын мэдэгдэх хуудас тодорхой шалтгаан хангаагүй үндэслэлээр 2 удаа баталгаажуулахаас татгалзсан. Н.Б хохирол төлбөрийг холбогдох этгээдээс гаргуулахын тулд н.Мөнхсаруулыг хариуцагчаар татсан. Гэтэл Г.М төлбөрийн чадваргүй, архинаас хамааралтай болсон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Н.Б н.М-аас татгалзаж, Б.А-аас төлбөрөө нэхэмжилсэн. Цаашид Б.А нь Г.М-аас хохирол гаргуулах нь эрхийнх нь асуудал. Н.Б, Б.А нарын хооронд Иргэний хуулийн 339, 340, 342 дугаар зүйлийн 342.2, 343 дугаар зүйлийн 343.3-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл амаар байгуулагдаж, Н.Б машинаа Б.А-т шилжүүлсэн байсан. Н.Б нь Б.А-т машинаа үнэ төлбөргүй ашиглуулсан ч Б.А машиныг гуравдагч этгээд Г.М-д зөвшөөрөлгүй шилжүүлснээс машин эвдсэн. Иймд Б.А-аас учирсан хохирол 31 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 25-ны өдөр Г.М-д холбогдуулан машин зөвшөөрөлгүй унаж, осол гаргаж гэмтэл учруулсан гэх шаардлага гаргасан. Б.А-ыг тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад гэмтэл учруулсан үндэслэлээр хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө гэмтэл учруулсан тул 31 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг. Н.Б, Б.А нарын хооронд өмнө машин өгч, авах олон удаагийн тохиолдол байсан. Талуудын хооронд машиныг арга хэмжээнд унаад өгье гэсэн тохироо байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой. Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний гэм хор үүсээгүй тул нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал өмнө н.М-тай төлбөр барагдуулах хэлцэл, баталгаа үйлдэж, төлбөр хүлээн авагч тал үл маргах журмаар гэрээнд заасан үүрэг биелүүлнэ, төлбөр төлөгч төлбөр барагдуулаагүй бол Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон. Н.Б, Г.М нарын байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр байгаа. 2018 оны 8 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч мэдэгдэх хуудас үйлдсэн. Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх 2 удаа баталгаажуулахаас татгалзсан. Шүүх нотариатын мэдэгдэх хуудас хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д нотариатын мэдэгдэх хуудсанд тусгагдах ёстой агуулгыг заасан. 2018 оны 8 сарын 09-ний өдрийн нотариатчийн мэдэгдэх хуудсанд хуульд заасан шаардлага бүгд тусгагдсан. Иймд нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэл муутай байна. Хохирол төлбөр хэрхэн барагдуулахыг зохицуулсан хүчин төгөлдөр нотариатын мэдэгдэж хуудас байх тул мэдэгдэх хуудсанд зааснаар маргааныг шийдэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2-т заасны дагуу хариуцагч Б.А-аас 23 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.М-аас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 272 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч Б овогтой А 2018 оны 6 сарын 26-ны өдөр миний эзэмшпийн УНЕ 0003 улсын дугаартай Мерседес бенз /О-500/ маркын автомашиныг арга хэмжээнд унаад өгье гэж гуйж авсан. Б.А нь арга хэмжээнд оролцоод архи уусан байсан учраас өөрийн найз Г.М-ыг дуудаж жолоо бариулж харьсан. 2018 оны 6 сарын 27-ны шөнийн 2 цагт Г.М нь Б.А-ын зөвшөөрөлгүйгээр миний машиныг гадуур унаж яваад гэрлийн шон мөргөж эвдэлсэн. Тухайн үед өөрийн машинаа Б.А-т итгэж өгч явуулсан бөгөөд ямар нэгэн байдлаар цааш нь өөр хүнд дамжуулан унуулах эрх олгоогүй. Тухайн машиныг мөргүүлж эвдсэн бөгөөд ямар нэгэн байдлаар засаж өмнөх байдалд сэргээн засварлах боломжгүй болсон. Хариуцагч Б.А нь Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст ажилладаг бөгөөд осол болсон шөнө замын цагдаа дуудаж ослын зураг хийлгээгүй. Ингээд тухайн машиныг унаж явсан Мөнхсаруул гэх хүнтэй уулзуулан тухайн машины зах зээлийн үнэ болох 45 000 000 төгрөгийг үл маргах журмаар төлүүлэх цаашид цагдаагийн байгууллагаар явахгүй байхыг гуйж нотариатаар оруулсан. Энэ бүхнээс үзэхэд Б.А нь Замын цагдаагийн газар ажилладаг эхнэр н.Мэндсайхан нь эрх зүйч мэргэжилтэй учраас өөрсдийгөө уг асуудлаас хамааралгүйгээр салгаж төлбөрийн чадваргүй Г.М-тай гэрээ байгуулсан болоод хариуцлагаас мултарч байгааг ойлгосон. Миний бие Г.М гэх хүнийг танихгүй ямар нэгэн байдлаар өөрийн машинаа түүнд өгөөгүй учраас Г.М гэх хүнээс нэхэмжлэх шаардлагагүй. Өөрийн машинаа ашиглах боломжгүй болсон тул 14 000 000 төгрөгөөр сэлбэгэнд зараад үлдсэн 31 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ч анхан шатны шүүхээс 7 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Миний зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн эд зүйл үнэлэх объект байхгүй байхад үнэлсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 7 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дах хэсгийн 7 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон заалтад өөрчлөлт оруулж 31 000 000 төгрөгийг хариуцагч Б.А-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоолгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасангүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Н.Б-аас "Бенз жи-500" маркийн 0003 УНЕ улсын дугаартай автомашиныг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр арга хэмжээнд унах зорилгоор үнэ төлбөргүйгээр ашиглахаар шилжүүлэн авсан, ашиглах явцдаа автомашиныг зөвшөөрөлгүйгээр Г.М-д шилжүүлснээс эвдэж, эвдэрсэн машиныг ашиглах боломжгүй тул 14 000 000 төгрөгөөр худалдсан ...", "... Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж зохицуулсан тул нэхэмжлэгч бусдад шилжүүлсэн хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хэргийн үйл баримтад тусгагдсанаар Б.А нь нэхэмжлэгч Н.Б-аас автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр шилжүүлж авсан талаар маргадаггүй бөгөөд Б.А хэрэг болдог үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсны улмаас тухайн автомашиныг жолоодож явах боломжгүй байсан тул өөрийн найз жолооч Г.М-ыг дуудаж автомашиныг бариулаад гэртээ хүргүүлсэн. Г.М нь тухайн автомашиныг Б.А-т хэлэлгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн жолоодож яваад хурд хэтрүүлж, замын хашлага мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар тухайн автомашинд хохирол учирсан. Өөрөөр хэлбэл автомашинд учирсан хохирол нь жолооч Г.М нь тухайн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа зам тээврийн осол гаргасны улмаас үүссэн. Ийм байхад эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзсэн нь буруу. Учир нь энэ үйл баримтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн гэм хорын дагуу шийдвэрлэх ёстой. Шүүх хэргийн байдлыг зөв тогтоолгүй шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.А-ыг зөвшөөрөлгүйгээр Г.М-д шилжүүлсэн гэж бичсэн. Б.А нь өөрийн хүсэл зориг, ухамсарын дагуу автомашиныг Г.М-д зөвшөөрлөөр шилжүүлээгүй, Г.М нь Б.А-ыг гэрт нь хүргэж өгөөд автомашиныг үлдээгээд явах ёстой атал дур мэдэн жолоодож явснаас тухайн осол гарч эзэмшигчийн автомашинд хохирол учирсан байхад Б.А-ыг Г.М-д зөвшөөрлөөр шилжүүлсэн гэж үзсэн нь буруу. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн гэм хорыг хариуцвал зохих этгээд нь нэг талаар тухайн автомашины эзэмшигч бусдад учирсан хохирлыг гэм буруутай байсан эсэхээс үл хамааран хариуцдаг зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч Н.Б нь өөрийн зөвшөөрлөөр Б.А-т автомашины шилжүүлсэн байдаг, Б.А-аас зөвшөөрөлгүйгээр Г.М авч жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргасан. Хохирол хор уршиг, гэм буруугийн хооронд шууд шалтгаант холбоотойгоор хохирол учруулсан этгээд нь Г.М юм. Хуулийн энэ агуулгаас харахад тухайн эд хөрөнгөд учирсан хохиролд автомашинаа шилжүүлсэн эзэмшигч, шилжүүлсэн авсан этгээд, автомашиныг жолоодож явсан жолооч нар гурвуулаа хамааралтай. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасны дагуу гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна. Тиймээс дээрх 3 этгээд уг гэм хорыг хамтран хариуцах нь зүйтэй. Осол хэрэг болсны дараа 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Н.Б, жолооч Г.М нарын хооронд автомашинд учирсан хохирол болох 31 000 000 төгрөгийг төлж барагдуулах талаар төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн байдаг бөгөөд уг хэлцэл нь хүчин төгөлдөр. Уг хэлцлийг нотариатын мэдэгдэх хуудсаар баталгаажуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах талаар тохиролцсон. Ийм хүчин төгөлдөр талуудын тохиролцоо бүхий хэлцэлтэй байхад анхан шатны шүүх түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Талууд нэгэнт төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоогүй байхад уг гэрээний дагуу хохирлыг хэрхэн барагдуулах тохиролцсон түүгээрээ шийдвэрлэх ёстой байсан. Энэ байдлуудаас үзэхэд шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаартай шүүхийн шийдвэрийг хянан үзэж хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.А, Г.М нарт холбогдуулан 31 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Г.М-аас татгалзжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн “Мерседес бенз жи-500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.А-т үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн бөгөөд хариуцагч Б.А автомашиныг ашиглах явцдаа хариуцагч Г.М-д шилжүүлснээс шон мөргөж, автомашин эвдэрч дахин ашиглах боломжгүй болжээ. Нэхэмжлэгч нь эвдэрсэн автомашинаа 14 000 000 төгрөгөөр худалдаж, хариуцагч Г.М-тай төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ автомашинаа 45 000 000 төгрөгөөр үнэлж, үлдэх 31 000 000 төгрөгийг хариуцагч Г.М-аас гаргуулахаар хэлцэл, баталгааны бичиг үйлдсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 112-113 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Б.А нарыг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

Тодруулбал, хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Н.Б-ын автомашиныг хариу төлбөргүйгээр ашиглах явцдаа автомашиныг бусдад шилжүүлснээс эд хөрөнгөд хохирол учирсан байх тул хариуцагч Б.А-ын гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээч уг автомашиныг 37 600 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хариуцагчаас 23 600 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх-ийн 76-82 дугаар тал/

Хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, гэм хорын хохирол учруулсан этгээд болох Г.М-аас шаардах эрхтэй гэх боловч дээрх гомдол, тайлбар нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлийг гэм хор учруулснаас үүсэх хариуцлагаас ялган тайлбарласан нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 350 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                     

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                                                                    Г.ДАВААДОРЖ