Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1520

 

 

 

 

 

 

    2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/01520

                  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б.А

Хариуцагч: Г.М нарт холбогдох,

 

31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдорж, хариуцагч Б.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мэнджаргал, түүний өмгөөлөгч З.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим миний эзэмшлийн “Mercedes benz Ge-500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай  машиныг зөвшөөрөлгүйгээр унаж яваад гэрлийн шон мөргөж эвдэлсэн. Уг машиныг дахин ашиглах боломжгүй болсон тул Г.М нь тухайн машины үнэ болох 45,000,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. “Mercedes benz Ge-500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай  машиныг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хувь хүнд 14,000,000 төгрөгөөр сэлбэгэнд зарж борлуулсан. Хариуцагч Г.Маас 31,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдорж хариуцагч Б.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Бын эзэмшлийн “Mercedes benz Ge-500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай машиныг хариуцагч Б.А авч яваад гэмтэл учруулсан юм. Автомашин 45,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд эвдэрсэн машинаа 14,000,000 төгрөгөөр зарсан. Н.Б, Б.А хоёр найз нөхдийн холбоотой байсан. Харин Г.М Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирол учруулсан байдаг. Тухайн үед Н.Б, Г.М нар хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мэнджаргалын танил нотариатч н.Туяажаргалыг таньдаг гээд ижил дугаартай 2 мэдэгдэх хуудас гаргуулсан. Талууд эвлэрсэн учраас нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаар шүүхэд хандсан. Шүүхээс нотариатын мэдэгдэх хуудас тодорхой шалтгаан хангаагүй үндэслэлээр 2 удаа баталгаажуулахаас татгалзсан. Н.Бхохирол төлбөрийг холбогдох этгээдээс гаргуулахын тулд н.М-г хариуцагчаар татсан. Гэтэл Г.М төлбөрийн чадваргүй, архинаас хамааралтай болсон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Н.Бн.Мөнхсаруулаас татгалзаж, Б.Ааас төлбөрөө нэхэмжилсэн. Цаашид Б.А нь Г.Маас хохирол гаргуулах нь эрхийнх нь асуудал. Н.Б, Б.А нарын хооронд Иргэний хуулийн 339, 340, 342 дугаар зүйлийн 342.2, 343 дугаар зүйлийн 343.3-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл амаар байгуулагдаж, Н.Бмашинаа Б.Ат шилжүүлсэн байсан. Н.Бнь Б.Ат машинаа үнэ төлбөргүй ашиглуулсан ч Б.А машиныг гуравдагч этгээд Г.Мд зөвшөөрөлгүй шилжүүлснээс машин эвдсэн. Иймд Б.Ааас учирсан хохирол 31,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мэнджаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 25-ны өдөр Г.Мд холбогдуулан машин зөвшөөрөлгүй унаж, осол гаргаж гэмтэл учруулсан гэх шаардлага гаргасан. Б.Аыг тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад гэмтэл учруулсан үндэслэлээр хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө гэмтэл учруулсан тул 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг. Н.Б, Б.А нарын хооронд өмнө машин өгч, авах олон удаагийн тохиолдол байсан. Талуудын хооронд машиныг арга хэмжээнд унаад өгье гэсэн тохироо байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой. Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний гэм хор үүсээгүй тул нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал өмнө н.Мөнхсаруултай төлбөр барагдуулах хэлцэл, баталгаа үйлдэж, төлбөр хүлээн авч тал үл маргах журмаар гэрээнд заасан үүрэг биелүүлнэ, төлбөр төлөгч төлбөр барагдуулаагүй бол Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон. Н.Б, Г.М нарын байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр байгаа. 2018 оны 08 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч мэдэгдэх хуудас үйлдсэн. Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх 2 удаа баталгаажуулахаас татгалзсан. Шүүх нотариатын мэдэгдэх хуудас хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д нотариатын мэдэгдэх хуудсанд тусгагдах ёстой агуулгыг заасан. 2018 оны 08 сарын 09-ний өдрийн нотариатчийн мэдэгдэх хуудсанд хуульд заасан шаардлага бүгд тусгагдсан. Иймд нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэл муутай байна. Хохирол төлбөр хэрхэн барагдуулахыг зохицуулсан хүчин төгөлдөр нотариатын мэдэгдэж хуудас байх тул мэдэгдэх хуудсанд зааснаар маргааныг шийдэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Н.Бнь хариуцагч Г.Мд холбогдуулан гэм хорын хохиролд 31,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Аыг татан оролцуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Маас татгалзаж, хариуцагч Б.Ааас 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Н.Бнь өөрийн эзэмшлийн “Benz G500 500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Ат 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.А автомашиныг ашиглах явцдаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Г.Мд шилжүүлснээс шон мөргөж эвдсэн байна. Эвдэрсэн машиныг дахин ашиглах боломжгүй болсон тул тэд 14,000,000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч автомашинаа 45,000,000 төгрөгөөр үнэлж, үлдэх 31,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ааас шаардсан байна. /хх-ийн 49 дүгээр тал/

 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Г.М Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гэм хор учирсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасныг баримтлан осол гаргасан этгээд хохирлыг хариуцна. Мөн нэхэмжлэгч өмнө нь Г.Мтай төлбөр барагдуулах хэлцэл, баталгаа үйлдэж, үл маргах журмаар гэрээнд заасан үүрэг биелүүлэхээр тохиролцсон. Төлбөр төлөгч төлбөр барагдуулаагүй бол Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон. Н.Б, Г.М нарын байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр байгаа...” гэж маргасан.

 

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Н.Б-с “Benz G500 500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай автомашиныг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр арга хэмжээнд унах зорилгоор үнэ төлбөргүйгээр ашиглахаар шилжүүлэн авсан, ашиглах явцдаа автомашиныг зөвшөөрөлгүйгээр Г.Мд шилжүүлснээс эвдэж, эвдэрсэн машиныг ашиглах боломжгүй тул 14,000,000 төгрөгөөр худалдсан талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1.-д “нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч бусдад шилжүүлсэн хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч “Benz G500 500” маркийн 0003 УНЕ улсын дугаартай автомашины үнэлгээг 45,000,000 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч энэ талаар хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлогдохгүй байна. Харин уг аавтомашины үнэлгээний талаар шүүхээс томилсон шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/15/19 дугаар дүгнэлтэд “...2003 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад импортлогдсон “Benz G500 500” маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ цэнийг 2019 оны 03 дугаар сарын байдлаар 37,600,000 төгрөг” тооцсон дүнг гаргасан. /хх-ийн 76 дугаар тал/

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4.-т заасан зохицуулалт нь тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргасан этгээдийн бусдад учруулсан гэм хорыг арилгах нөхцөлийг зохицуулсан болохоос тухайн автомашинд учирсан гэм хорд хамааралгүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн осолд буруугүй тал өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан үндэслэлээр автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3., 499.4.-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс, эсхүл дан ганц өмчлөгч, эзэмшигчээс шаардахтай холбоотой зохицуулалт тул хариуцагчийг үүргээс чөлөөлөх хуулийн үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Б, Г.М нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн ч хэлцлийн дагуу бичигдсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Нотариатын мэдэгдэх хуудсыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2018/12127, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2018/13490 дугаар захирамжаар нотариатын мэдэгдэх хуудас хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр Нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулахаас татгалзсан байна. /хх-ийн 5, 122, 123 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Г.М нарын хооронд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн байх хэдий ч Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна.

 

Иймд “Benz G500 500” маркийн автомашины үнэ 37,600,000 төгрөгөөс худалдан борлуулсан 14,000,000 төгрөгийг хасч тооцон, хариуцагч Б.Ааас 23,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Маас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Бнь хариуцагч Г.Маас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2-т заасны дагуу хариуцагч Б.Ааас 23,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Бнь хариуцагч Г.Маас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 272,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР