| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 182/2022/05098/И |
| Дугаар | 181/ШШ2024/01738 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/01738
| 2024 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2024/01738 |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* оршин суух, Б овогт Ц.Г/РД: ................./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******, хаягт оршин суух, Ч овогт Б.Ж/РД: ...................../-д холбогдох
Олох байсан орлого болон хохиролд нийт 18,019,900 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г миний бие Б.Ж-тай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай, нэг сарын 500,000 төгрөгөөр, мөн барьцаа болгож 550,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцон миний өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн гудамж, 106 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг түрээслүүлсэн. Гэвч Б.Жнь барьцаа мөнгөө огт өгөөгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад гэрээгээ аман байдлаар сунгасаар ирсэн. Гэрээг сунгахдаа дараах байдлаар үнийн өөрчлөлт оруулж, харилцан тохиролцож гэрээгээ сунгасан.
Түрээсийн төлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 500,000 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 550,000 төгрөгөөр, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 650,000 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 750,000 төгрөгөөр тохирсон. Энэ хугацаанд хариуцагч Б.Жнь сар бүрийн түрээсийн төлбөрөөс 50,000-150,000 төгрөг тогтмол дутуу өгч байсан бөгөөд Дутуу өгсөн мөнгөө бөөнд нь нэг өгнө гэж хэлсээр ирсэн. Иймд сар бүрийн дутуу өгсөн түрээсийн төлбөр 1,050,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Анх гэрээ байгуулахад Түрээслэгч урсгал зардлыг 100 хувь төлнө гэж тохирсон боловч Б.Жнь 2022 оны 3 дугаар сараас хойш Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр огт төлөөгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 210,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сараас хойш тооцогдсон орон сууцны төлбөр 60,800 төгрөг, мөн хугацааны цахилгааны төлбөр 50,000 төгрөгийг төлөөгүй тул мөн түүнээр гаргуулахаар шаардаж байна.
Б.Жнь орон сууцыг ашиглах хугацаандаа зүй зохисгүй ашиглаж хана туурга, тааз, шал, цоо шинэ 2 ширхэг матмал сандал /нэг бүрийн үнэ 150,000 төгрөг/, цахилгаан хэрэгсэл /унтраалга, разетка, нэмэх хасах гэрэл/ сантехник, дүүш зэргийг бүгдийг эвдэж ашиглах боломжгүй болгосон байсан. Орон сууцны конторт дуудлага өгч үзүүлэхэд засах юм огт алга, бүгдийг шинээр солиул гэсэн. Иймд түүний эвдэж, хэмхэлсэн эд зүйлсийг засах засварын зардал 4,115,500 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Б.Жнь миний орон сууцанд учирсан хохирлыг арилгаагүйн улмаас би уг орон сууцаа хүнд түрээслүүлэх боломжгүй байна. Хэрэв Б.Жминий орон сууцанд хохирол учруулаагүй байсан бол би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан. Иймд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг /750,000х7 сар/-ийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн Б.Жбайрны хаалгыг эвдэлсэн тул хаалганы үнэ 900,000 төгрөг, нийт 11,636,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо үүн дээрээ нэмээд сард 750,000 төгрөгөөр тооцож 10 сарын түрээсийн орлого 7,500,000 төгрөг, нийт 18,019,900 нэхэмжилж байна.
Түрээсийн гэрээний үүргээ биелүүлэгүйгээс учирсан хохирол 5,269,900(таван сая хоёр зуун жаран есөн мянга есөн зуу) төгрөг гаргуулах.
Ц.Г нь Б.Жд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11-р сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээ байгуулж БЗД-ийн .....-р хороо, ДЭ-ийн гудамж, ....-р байр, ..... тоот хаягт байрлах 1 өрөө шинэ байраа түрээслүүлсэн юм.
Б.Ж1 жил 6 сарын хугацаанд уг байрны душь, угаалтуур, гал тогооны угаалтуур, ванн, паркетан шал, ханын обой, тааз, унтраалга, разетка, гадна хаалга/бүргэд/ болон ванны өрөөний хаалга зэрэг эд зүйлийг ашиглах боломжгүй эвдэлж/хэмхэлсэн/ гэмтээсэн, мөн СӨХ-ийн төлбөр огт төлөөгүй, цахилгаан 9, 10-р сарын төлбөр/2022 оны/ төлөөгүй зэрэг нийтдээ 5,269,900 төгрөгийн бодит хохирол учруулаад байрыг хүлээлгэн өгөөгүй хаалгыг нь онгорхой орхиод өөрт нь мэдэгдэлгүй явсан юм.
Мөн 2022 оны 9, 10 дугаар сарын байрны төлбөрт 60,800 төгрөг, цахилгааны төлбөр 2022 оны 9, 10 дугаар байрных 50,000/тавин мянга/ төгрөгийг тус тус төлөлгүй явсныг Ц.Г өөрөө төлсөн тул нэхэмжилнэ.
Бүгд 5,269,900 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх нэхэмжилсэн 12,750,000 төгрөг нийтдээ 18,019,900/арван найман сая арван есөн мянга есөн зуу/ төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч Б.Жшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Гтай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 1-р сарын 13-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 2-р хороо, Дарь эхийн гудамж 106-р байрны 7 тоот орон сууцыг 500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч Ц.Г нь өөрийн санаачилгаар сар бүр 50.000-250.000 төгрөгийг байрны үндсэн төлбөр дээр нэмж тооцож надаас авдаг байсан. Би тухайн үед энэ байдлыг хүлээн зөвшөөрч түрээсийн төлбөрөө сар бүр төлдөг байсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөр 9.190.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар, 600.000 төгрөгийг бэлнээр нийт 9.790.000 төгрөгийг шилжүүлж нийт түрээсийн төлбөрөөс 40.000 төгрөгийг илүү төлсөн. Сар бүрийн сөх болон цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан болно. Анх түрээсэлж байхад энэхүү орон сууц нь шинэ байгаагүй бөгөөд ашиглалтын зардлыг огт хариуцахгүй, нэхэмжлэгч талаас орон сууцны ашиглалтын зардалд 4,115,000 төгрөг, сар бүрийн түрээсийн дутуу төлөлт 1,050,000 төгрөг гээд нийт 18,019,900 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.Гантулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Жд холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч би Ц.Гтай 2021 оны 05 сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаад түрээсийн төлбөр сарын 500,000 төгрөг байхаар аман байдлаар тохиролцсон.
Гэтэл нэхэмжлэгч нь манай дүү байранд орох гэж байна байраа суллаж өгөөрэй гэж 2022 оны 10 сарын 30-нд хэлсэн. Тэгж хэлэхээр нь би байр хайгаад өөр байранд нүүж орсон. Тэгээд гэрээний хугацаа арай дуусаагүй байсан болохоор өөрийн хувцасны шкаф, гал тогооны тавилга, сандал, цүнхтэй хувцас зэргээ орхиод гарахад хаалганы голыг нь сольсон байсан.
Би байрандаа тодорхой хугацаанд амьдарсан учраас хүн чанар гаргаж обой солих, эмульс хийж өгье гэж хэлэхэд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би түрээсийн хугацаанд цаг тухайд түрээсийн төлбөр болон байр орон сууцны төлбөрийг төлж байсан. Харин ч Ц.Г нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөс 650,000 төгрөг болтол дураараа нэмэхэд нь хүртэл би хүлээн зөвшөөрч хэл ам хийлгүйгээр өгдөг байсан.
Гэтэл одоо түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад надад мэдэгдэж гаргачихаад үндэслэлгүйгээр 12,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Ц.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Байр түрээслэх гэрээ, Ү-2204109590 дугаар Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Жгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХК дахь Ц.Гантулгын 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Фото зургууд/хх 23-36/, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХК дахь Ц.Гантулгын 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Энэрэнгүй СӨХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № 171 Нэхэмжлэх, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 173 Нэхэмжлэх, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 174 Нэхэмжлэх, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн № 156 Нэхэмжлэх, 2021, 2022, 2023, 2024 онуудын зах зээл дээрх 1 өрөө байрнуудын түрээсийн үзүүлэлтүүд, 2022, 2023, 2024 оны Шуурхай зар сонин, хариуцагчийн баримтаар гаргасан Хаан банк ХК дахь Б.Батдаваагийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Г хариуцагч Б.Жд холбогдуулан олох байсан орлого 12,750,000/арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, учирсан хохиролд 5,269,900/таван сая хоёр зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөгийг, нийт 18,019,900/арван найман сая арван есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Жнь жил гаран амьдарсан учраас элэгдэл гарахгүй, үндэслэлгүйгээр 12,750,000/арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Байр түрээслүүлэх гэрээ байгуулсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Байр түрээслүүлэх гэрээ-р тогтоогдож байна.
Зохигчид Баянзүрх дүүрэг, 2-р хороо, дарь эх /13351/ дарь эхийн гудамж, 106 байр, 7 тоот орон сууцыг түрээслүүлэх, түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Байр түрээслүүлэх гэрээ-д зааснаар зохигчид 7 тоот орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 3/гурав/ сарын хугацаатай, нэг сарын хөлсийг 500,000/таван зуун мянга/ төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь тус гэрээгээр тогтоогдож байна.
Байр түрээслүүлэх гэрээ-р нэхэмжлэгч нь 7 тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь ... сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, дарь эх /13351/ дарь эхийн гудамж, 106 байр, 7 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно., мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан.
Зохигчид Гэрээг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 3/гурав/ сарын хугацаатай байгуулсан байх боловч орон сууцны хөлсийг өөрчилж 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сунгасан болох нь хариуцагч 7 тоот орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл эзэмшиж, ашигласан үйлдлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар Гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 7 тоот орон сууцны эд хөрөнгийг ашиглах боломжгүй эвдэлж гэмтээсэн хохирол гэх нийт 4,565,500/858,000+1,984,000+686,500+87,000+950,000=4,565,500/ /дөрвөн сая таван зуун жаран таван мянга таван зуу/ төгрөгийг, 7 тоот орон сууцны 2022 оны 9, 10 дугаар сарын байрны төлбөрт 60,800/жаран мянга найман зуу/ төгрөгийг, 2022 оны 9, 10 дугаар сарын цахилгааны төлбөрт 50,000/тавин мянга/ төгрөгийг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 593,600/таван зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөгийг, нийт 5,269,900/таван сая хоёр зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээнд 7 тоот орон сууцны шал, крант, хана, тааз, цонх, хаалга, угаалтуур шинэ, эвдрэлгүй гэжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2-т Хөлслүүлэгч дараахь эрхтэй:, 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;, 288.2.3-т хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;, 289 дүгээр зүйлийн 289.1-т Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 289.1.4-т хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгахгүй байх; гэж заасан.
7 тоот орон сууцны ханын цаас/обой/ зарим хэсэгтээ урагдсан, цоорсон, паркетан шалны зарим хэсгийн өнгөн гадарга халцарч модон давхарга гарч ирсэн, таазны эмульсэн/цийдмэг/ будаг харлаж бохирдсон, ханын цахилгааны залгуурууд харлаж хайлсан, таазанд байрлуулсан байсан нэмэх, хасах хэлбэртэй гэрлүүд алга болсон болох нь фото зургуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь ханын цаас/обой/ зарим хэсэгтээ урагдсан, цоорсон, таазны эмульсэн/цийдмэг/ будаг зарим хэсэгтээ харлаж бохирдсон талаар маргахгүй байх ба нэхэмжлэгчид ханын цаасыг сольж өгөх, таазыг эмульсээр будах санал тавьсан гэх тайлбар гаргаж байна.
Дээрх гэмтлүүдийг ашиглалтын явцад үүссэн элэгдэл гэж үзэх үндэслэлгүй байх ба учир нь уг гэмтлүүд тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон байна.
Хариуцагч нь 7 тоот орон сууцны ханын цаас/обой/, паркетан шал, таазны эмульсэн/цийдмэг/ будаг, ханын цахилгааны залгуурууд, таазанд байрлуулсан байсан нэмэх, хасах хэлбэртэй гэрлүүдийг гэмтээсэн байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
Дээрх гэмтлүүдийн улмаас нэхэмжлэгчид нийт 2,757,226/784,000+1,200,000+35,000+25,000+25,000+525,000+51,000+25,226+25,500+35,000+6,500+18,000+2,000=2,757,226/ /хоёр сая долоон зуун тавин долоон мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 173 Нэхэмжлэх, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 174 Нэхэмжлэх, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн № 156 Нэхэмжлэхээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч угаалгын өрөөний шүршүүр болон усан онгоц/ванн/, угаалтуур, гал тогооны угаалтуур, угаалгын өрөөний хаалга, хаалга/гадна/-ыг ашиглах боломжгүй эвдэлж гэмтээсэн гэх тайлбар гаргаж гаргаж байна.
7 тоот орон сууцны угаалгын өрөөний усан онгоц/ванн/-ны цоргоны хэсэг дэх өнгөн гадарга халцарсан, хаалга/гадна/ дээр жижиг хэмжээтэй хонхор үүссэн болох нь фото зургаар тогтоогдож байх боловч эдгээр нь эд хөрөнгүүдийг ашиглалтын явцад үүссэн элэгдэлд хамаарч байх ба уг эд хөрөнгүүдийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон гэмтэлт хамаарахгүй байна.
7 тоот орон сууцны угаалгын өрөөний шүршүүр болон угаалтуур, гал тогооны угаалтуур, угаалгын өрөөний хаалгад гэмтэл учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас угаалгын өрөөний шүршүүр болон усан онгоц/ванн/, угаалтуур, гал тогооны угаалтуур, угаалгын өрөөний хаалга, хаалга/гадна/-ыг эвдэж, учруулсан гэх хохиролд нийт 1,808,274/99,000+88,000+88,000+583,800+950,000=1,808,274/ /нэг сая найман зуун найман мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2, 288.2.2, 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 2,757,226/хоёр сая долоон зуун тавин долоон мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 1,808,274/4,565,500-2,757,226=1,808,274/ /нэг сая найман зуун найман мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 7 тоот орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 593,600/таван зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зохигчийн байгуулсан Гэрээнд зардлыг түрээслэгч тал төлөх тухай заажээ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-т Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 289.1.7-д гэрээнд заасан бусад үүрэг гэж заасан.
Хариуцагч нь 7 тоот орон сууцны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 381,600/21200х18сар=381,600/ /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг төлөөгүй болох нь Энэрэнгүй СӨХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № 171 Нэхэмжлэхээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 7 тоот орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хөлсөлсөн байх тул уг хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцах үүрэгтэй байх ба уг хугацаанаас өмнөх болон хойших хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 212,000/593,600-381,600=212,000/ /хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг хариуцах үүрэггүй байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.7 дахь заалтад зааснаар хариуцагчаас 381,600/гурван зуун наян нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 212,000/хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 7 тоот орон сууцны 2022 оны 9, 10 дугаар сарын байрны төлбөрт 60,800/жаран мянга найман зуу/ төгрөг, 2022 оны 9, 10 дугаар сарын цахилгааны төлбөрт 50,000/тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар уг зардлыг эрх бүхий байгууллага нэхэмжлэх эрхтэй уг төлбөр гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.7 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 110,800/60,800+50,000=110,800/ /нэг зуун арван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 7 тоот орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш хөлслүүлэн олох байсан орлогод 12,750,000/арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө. гэж заасан.
Гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 7 тоот орон сууцыг буцааж өгсөн байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмч болох нь 7 тоот орон сууцыг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй ба хариуцагч нь уг эрхэд саад учруулаагүй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 7 тоот орон сууцыг хөлслөхөд саад учруулаагүй байх тул хариуцагчаас олох байсан орлогод 12,750,000/арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Жгаас нийт 3,138,826/гурван сая нэг зуун гучин найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгон, үлдсэн 14,881,074/арван дөрвөн сая найман зуун наян нэгэн мянга далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 350,695 төгрөгөөс илүү төлсөн 102,645.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 65,171 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Жгаас нийт 3,138,826/гурван сая нэг зуун гучин найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгон, үлдсэн 14,881,074/арван дөрвөн сая найман зуун наян нэгэн мянга далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 350,695 төгрөгөөс илүү төлсөн 102,645.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 65,171 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ