Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2023/01100/И |
Дугаар | 101/ШШ2024/01856 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/01856
2024 04 08 | 101/ШШ2024/01856 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК /рд:*******/,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/ нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: овогт ийн /рд:/
Хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр, газрын эзэмшигчээр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх, барьцаанаас чөлөөлүүлж, чөлөөлсөнтэй холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Уранбилэг, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******ы төлөөлөгч М.Уранбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь “*******” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр №Z20/005 дугаартай “ дүүрэг, 20-р хороо, ын аманд баригдах вилла III хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээнд нэхэмжлэгч Э.******* болон гүйцэтгэгч /хариуцагч/-ийг төлөөлөн ******* ХХК-ийн Ц. нар гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан.
Тус гэрээгээр хариуцагч нь Улаанбаатар хотын дүүргийн 20 дугаар хороонд байрлах “ Вилла III” хотхонд L7А байршил бүхий, нийт 273.57 м.кв /Сингл хаус талбай: 178.64 м.кв, гараж: 40.87 м.кв, террас дээвэртэй: 31.59 м.кв, террас дээвэргүй: 15.14 м.кв/ талбай бүхий амины орон сууцыг гэрээнд заасан стандарт, загварын дагуу чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгчийн хувьд амины орон сууцны нийт үнэ болох 750,000,000 /долоон зуун тавин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Нэхэмжлэгч нь дараах байдлаар амины орон сууцны үнийг бүрэн төлсөн.
• 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 225,000,000 төгрөг
• 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг
• 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөг
• 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг
• 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг
• 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 75,000,000 төгрөгийг тус тус гэрээнд заасан хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлсэн. Төлбөр төлсөн гэдэг нь банкны орлогын баримтуудаар нотлогдоно.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн амины орон сууцны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-т “Гүйцэтгэгч тал нь 1,2-д дурдсан Хавсралт №8 загвар бүхий амины орон сууцыг чанар сайтай, эрхийн болон биет байдлын доголдолгүй барьж энэхүү гэрээнд заасан хугацаанд Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.” гэж хариуцагчийн үүргийг тодорхой зааж өгсөн. Талууд гэрээний үндсэн хугацааг урьдчилгаа төлбөр төлөх өдрөөс буюу 2020 оны 03 дугаар сарын 25-аас эхлэн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байхаар тохиролцож, орон сууцыг захиалагч талд 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээндээ заасан. Орон сууцны өмчлөлийг барилга хүлээн авах, хүлээлгэн өгөх актаар хүлээлцэж гэрээний зүйлийн төлбөр тооцоо гэрээний дагуу бүрэн хийгдсэн, чанарын асуудалгүй гэж талууд үзсэн тохиолдолд нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, орон сууцны өмчлөлийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй, шилжүүлэн өгөхтэй холбогдох тодорхой үйлдэл хийгээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас бүрдүүлэн авах, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд амины орон сууцны өмчлөлийг авах эрхтэй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн №Z20/005 дугаартай “ дүүрэг, 20-р хороо, ын аманд баригдах вилла III хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнийг хариуцагч талд төлсөн тул Улаанбаатар хотын дүүргийн 20 дугаар хороонд байрлах “ Вилла III” хотхонд L7А байршил бүхий, нийт 273.57 м.кв бүхий амины орон сууц болон тус орон сууцны газрын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.
1а. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргийн газар тохион байгуулалтын албанаас ирүүлсэн нотлох баримтуудаар маргаан бүхий газар нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Худалдаан хөгжлийн банкны барьцаанд байгаа, мөн L7А байршил бүхий хувийн орон сууц нь 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа нь тогтоогдсон.
Иймд L7А байршил бүхий хувийн орон сууц болон түүний газрыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.
дүүргийн 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот, 203 м.кв газар, дүүргийн 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/, 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байршилтай 273.6 м.кв, дугаартай хувийн орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах.
1б. “*******” ХХК-д хандан “Хадам вилла III” хотхонд L7А байршил бүхий нийт 273.57 м.кв бүхий амины орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.*******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгах, тухайн амины орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлүүлэх, холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч Н.*******д хандан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 хэсэг дугаар гудамж 1581/1 тоот 203 м.кв талбай бүхий газрын эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэх, эзэмшигчээр нэхэмжлэгч Э.*******ыг тогтоох, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1в. Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэх” гэж тодорхойлж байсан. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн №220/005 дугаартай “ дүүрэг, 20-р хороо, ын аманд баригдах вилла III хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнийг хариуцагч “*******” ХХК-д төлсөн тул Улаанбаатар хотын дүүргийн 20 дугаар хороонд байрлах “ Вилла III” хотхонд L7А байршил бүхий, нийт 273.57 м.кв бүхий амины орон сууц болон тус орон сууцны газрын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагаа хэвээр нь үлдээж байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрыг “*******” ХХК-ийн эзэмшлийнх биш иргэн Н.*******ын эзэмшлийн газар гэдгийг мэдсэн байдаг. Н.*******ын эзэмшлийн улсын бүртгэлийн дугаартай газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөөр “*******” ХХК-тай тохиролцсон бөгөөд Н.******* нь эзэмшлийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн тус газар нь зуслангийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байх тул газрын өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 хэсэг дугаар гудамж 1581/1 тоот 203м.кв газрын эзэмшлийг шилжүүлэх, эзэмшигчээр нэхэмжлэгч Э.*******ыг тогтоох, эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэж өөрчлөн тус шаардлагыг иргэн Н.*******д холбогдуулан гаргаж байна. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан иргэн Н.*******ыг хариуцагчаар оролцуулж өгнө үү.
Амины орон сууцны өмчлөгчөөр Э.*******ыг тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэхийг “*******” ХХК-д даалгах, газрын эзэмшигчээр Э.*******ыг тогтоох, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Н.*******д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
1г. Анх шүүхэд *******-д холбогдуулан амины орон сууцны болон газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Улмаар амины орон сууцны өмчлөгчөөр, газрын эзэмшигчээр тогтоох барьцаанаас даалгах гэж тодруулсан. Улмаар *******ыг хамтран хариуцагчаар татсан юм. Нэхэмжлэгч болон компани нарын хооронд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээний үнэ нь 750 сая төгрөг юм. Нэхэмжлэгч нь 750 саяыг төлж дуусгасан. Гэрээний 7.2.1-д орон сууцыг барьж хүлээлгэж өгнө гэсэн. Талууд 2020.6.1-нд хүлээлгэж өгөх байсан боловч 10 сард нь эзэмшилд нь хүлээлгэж өгсөн. Гэвч өмчлөлд өгөөгүй зөвхөн эзэмшилд байгаа тул өмчлөгчөөр тогтоолгоно. Газрын хувьд нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний 12.3-т газар эзэмших эрх шилжүүлэх талаар заасан байдаг. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнээд улсын бүртгэлтэй холбоотой гэж үзээд хангахгүй гэдэг. Гэвч бид барьцаанаас чөлөөлөх шаардлагаа дэмжээд явдаг. Хариуцагчтай холбогдохоор удахгүй чөлөөлнө гэдэг боловч зээлдүүлэгч нь төлбөр дутуу гэдэг. Өмчлөгчөөр тогтоолгоно, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгана, *******ын эзэмшилд байгаа газрын эзэмшигчээр тогтоолгоно, эзэмших эрх шилжүүлэхийг даалгах, барьцаанаас чөлөөлөхийг даалгана. Хариуцагч нь барьцаанд байгаа л гэдэг тайлбар хэлдэг. Барьцаанаас чөлөөлөгдвөл нэхэмжлэлийг зөвшөөрнө гэдэг. Барьцаанд байгаа зүйлийн өмчлөл шилжих боломжгүй гэдэг нь үндэслэлгүй гэв.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, хариуцагч “*******” ХХК, Н.******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. нарын төлөөлөгч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа Э.*******ы нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох дүүрэг, 20-р хороо, Вилла 3 хотхоны L7А тоот 273.57 м.кв бүхий орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийн байдлаар гаргаж өгөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг барьцаанд тавьсан ба Зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа бөгөөд зээл төлөгдөж дууссаны дараа Худалдаа хөгжлийн банкнаас барьцааг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Энэхүү барьцаа чөлөөлөгдөөгүй байгаа тул өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.
Орон сууцыг манай компани нь нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцанд амьдарч байгаа.
2а. вилла 3 төслийн замыг барих зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Барьцаанд нь уг орон сууцыг барьцаалсан тул нэхэмжлэлийг татгалзаж байгаа юм. Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байгаа юм. 750 саяыг төлсөн гэдэг дээр маргаангүй.
Газрын эзэмших эрх нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа юм. Барьцаанаас чөлөөлөгдвөл шилжүүлж өгнө, харин барьцаанд байгаа тул шилжүүлж өгөх боломжгүй гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх5-10/, төлбөр төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримтын хуулбар 6 ширхэг /хх13-18/,
3б. Хариуцагч “*******” ХХК-с үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх44/,
3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаж буй амины орон сууцны өмчлөх эрхийн болон барьцаалагдсан талаарх лавлагааг холбогдох баримтууд /хх55-61/, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас маргаж буй газрын эрх болон барьцаалагдсан талаарх лавлагааг холбогдох баримт /хх62-89/-г гаргуулсан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.*******ыг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч татаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өөрчилж, тодруулсан. Улмаар нэхэмжлэгчийг дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр, тус хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 203 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх, барьцаанаас чөлөөлүүлж, чөлөөлсөнтэй холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Н.*******д даалгах тухай шаардлагаа дэмжсэн.
3. Хариуцагч “*******” ХХК нь тухайн амины орон сууц нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан гэх үндэслэлийг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байхдаа нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагчийн хувьд тайлбар ирүүлээгүй. Гэвч түүний төлөөлөгч А. нь шүүх хуралдаанд газар эзэмших эрх нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан бөгөөд барьцаанаас чөлөөлөгдвөл шилжүүлж өгнө, харин чөлөөлөгдөөгүй тохиолдолд боломжгүй гэж маргасан.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.ийн төлөөлөгч А.т шүүх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тайлбар ирүүлээгүй.
6. Нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нар нь 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр амины орон сууц захиалгын 750,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулжээ. /хх5-10/ Гэрээний 2.1, 2.2, 2.3-т зааснаар гэрээний зүйл нь гараж, террасын хамт нийт 273.57 м.кв талбай бүхий амины орон сууц байна.
Гэрээний удиртгал хэсэг болон 1.1, 2.1-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэгч нь амины орон сууцны захиалагч, хариуцагч “*******” ХХК нь гүйцэтгэгч бөгөөд гүйцэтгэгч нь амины орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, захиалагч нь тохиролцсон хөлс төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн, эсхүл захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээдэг.
Улмаар энэхүү амины орон сууц нь байнгын ашиглалтад орж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар маргаагүй.
Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээнд амины орон сууцыг вилла-3 хотхонд L7A байршилд гэж тодорхойлсон боловч энэхүү байршил нь 1581/1 тоот хаяг мөн болох талаар хэргийн оролцогчид маргаагүй.
7. Хэрэгт байгаа Голомт банкны 5 ширхэг орлогын мэдүүлгээр , ******* нар төлбөр төлсөн байх боловч гүйлгээний утга дээр L7A гэсэн байх тул эдгээр нийт 650,000,000 төгрөг нь дээрх гэрээний төлбөр үзнэ. Харин Худалдаа хөгжлийн банкны орлогын мэдүүлгээр төлсөн 100,000,000 төгрөг нь нэрээр төлсөн байна. Голомт банкны орлогын мэдүүлгээр ийн төлсөн төлбөрүүд L7A гэсэн утгаар төлөгдсөн тул энэхүү 100,000,000 төгрөгийг гэрээний төлбөр гэж үзэхээр байна. Түүнчлэн хэргийн оролцогчид нэхэмжлэгчийг гэрээний дагуу нийт 750,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлжээ. /хх14-18, 13/
8. Нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул гэрээний 2.5, 7.2.1-д зааснаар амины орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй.
9. Маргаж буй 1581/1 тоот хаягт байрлах амины орон сууц нь гуравдагч этгээд Ц.ийн өмчлөлд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд Худалдаа хөгжлийн банканд барьцаалагдсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/3585 дугаар албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000702038 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх44, 55, 56/
Хариуцагч “*******” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь гуравдагч этгээд Ц. болох талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Үүнээс үзэхэд хариуцагч “*******” ХХК нь маргаж буй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж амины орон сууцны өмчлөх эрхийг өөрийн эрх бүхий албан тушаалтны өмчлөлд бүртгүүлсэн байна.
Мөн Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар маргаж буй орон сууцны хувьд гуравдагч этгээд болон хариуцагч “*******” ХХК-ийн эд хөрөнгө тусгаарлагдаагүй байгаа нь гуравдагч этгээд Ц.ийг маргаж буй гэрээний үүргийг хүлээх үндэслэл болно.
Хэдийгээр маргаж буй амины орон сууц нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байх боловч өмчлөх эрх шилжүүлэх боломжтой бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хэрэгжилтэд нөлөөлөхгүй. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар зохицуулсан байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
10. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөлд эд хөрөнгө өмчлөх эрх хамаарах бөгөөд энэхүү өмчлөх эрх бүртгэхтэй холбогдох баримт нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагддаг. Цаашлаад, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэх эсэх асуудлыг улсын бүртгэгч хянан шийдвэрлэдэг. Улмаар өмчлөх эрх бүртгэгдсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өмчлөх эрхийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог.
Иймд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгах боломжгүй.
11. Маргаж буй амины орон сууц нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийг лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/3585 дугаар албан тоот, 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх44, 55, 57-61/
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаалагч нь өөрийн шаардлагыг барьцааны зүйлийн үнээс тэргүүн ээлжид хангуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, барьцаанаас чөлөөлөх эсэх нь барьцаалагчийн эрхэд хамаарна. Мөн хэргийн оролцогчид барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иймд хариуцагч “*******” ХХК-д амины орон сууцыг барьцаанаас чөлөөлөх, чөлөөлсөнтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах үндэслэлгүй.
12. Нэхэмжлэлийн шаардлага болох газар эзэмших эрхийн хувьд дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 203 м.кв талбайтай газрыг хариуцагч Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “” ХХК-с шилжүүлэн авч, эзэмшиж байгаа болох нь дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/324 дүгээр албан тоотын хуулбар, дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/14 дүгээр захирамж, түүний хавсралтын хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /хх78, 62, 64-65, 67/
Нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 12.3-т амины орон сууц байгаа газар эзэмших эрхийг захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна.
12а. Уг газар нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа болох нь дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/324 дүгээр албан тоотоор тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй. /хх62/
Эдгээрээс үзэхэд хариуцагч “*******” ХХК нь өөрт байхгүй эрхийн талаар гэрээ байгуулсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн талаар хариуцагч Н.*******тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд уг хариуцагч нь маргаж буй гэрээний оролцогч биш юм.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийг маргаж буй газрын эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй.
Харин хариуцагч Н.******* нь хариуцагч “*******” ХХК-тай хамаарал бүхий этгээд бол нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар гуравдагч этгээдийн хувьд гаргасан тайлбарт дурдсанаар өөрийн хүсэл зоригийн дагуу боломжтой болсон үед эзэмших эрхээ шилжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
12б. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга, газар зохион байгуулалтын алба хянан шийдвэрлэж, холбогдох эрхийн гэрчилгээг олгодог.
Иймд нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу маргаж буй газрын эзэмшигчээр тогтоох боломжгүй байх тул дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу эзэмших эрх шилжүүлэх, холбогдох эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Н.*******д даалгах боломжгүй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ыг дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх -2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоот хаягт байрлах, 273.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс үлдэх уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг болон барьцаанаас чөлөөлүүлэх, барьцаанаас чөлөөлсөнтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгах, дээрх хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 203 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоох, эзэмших эрхийг шилжүүлэх болон эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Н.*******д даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-с 3,907,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД