Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 

 

 

2022 оны 01 сарын 11-ний өдөр   Дугаар 2022/ДШМ/07      Өвөрхангай                      

Сун Фэн Чинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                            Прокурор Т.Батсүх /цахимаар/

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал /цахимаар/

                                        Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

 

        Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/267 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд прокурорын эсэргүүцлээр Сун Фэн Чинд холбогдох эрүүгийн 2127000000107 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсад төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодизийн инженер мэргэжилтэй, Эйч Кэ Би Интернэшнл Холдинг ХХК-ийн геодизийн инженер ажилтай, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг ажилчдын байранд оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Сун Фэн Чин /СНИ0000203343/.

      Сун Фэн Чин нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Эйч Кэ Би Интернэшнл Холдинг ХХК-ийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 75.56 клометрийн хатуу хучилттай асфальтан зам засварын ажил явагдаж байх үед зам дээр гадас цуглуулж байгаа хүмүүсийн гадсыг шанаганд нь хийх зорилгоор 21.50С загварын ковшийг хөдөлгөөнд оролцуулан байршуулан тавихдаа гадас түүж явсан хохирогч Т.Батын хөл нь дээр ковшийн шанагыг тавьсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Сун Фэн Чинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

        Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сун Фэн Чинд /Song Fengqing/-д холбогдох эрүүгийн 2127000000107 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан  шийдвэрлэжээ.

      Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх эсэргүүцэлдээ: Тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаяр эрүүгийн 2127000000107 дугаартай Сун Фэн Чин-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 267 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Хан Ли, О.Номин-Эрдэнэ гэх хүмүүсийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулсан ба тэд хятад хэл мэддэг мэдлэгтэй, орчуулагч хэлмэрч хийх зөвшөөрөлтэй, үнэн зөв орчуулга хийсэн эсэхийг нотолсон талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Хятад хэл дээр авагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэх баримтыг орчуулаагүй, Иргэний хуулийн тусгай ангийн 498 дугаар зүйлийн 498.1-д бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан нөхцөл байдлыг шалгаагүй, яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж болох хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргийн яг алийг нь биелүүлээгүй болох нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол хэл мэддэггүй оролцогчид хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг авах ажиллагааг явуулдаг. Энэ хэрэгт гэрч болон яллагдагч Сун Фэн Чин нараас мэдүүлэг авахдаа тухайн компанид орчуулагчаар ажиллаж байсан Хан Ли болон О.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан Монгол хэлнээс хятад хэл рүү, Хятад хэлнээс Монгол хэл рүү хэлмэрчлүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.28-д зааснаар түүний эх хэлнээс Монгол хэл рүү, Монгол хэлнээс түүний эх хэл рүү хэлмэрчилж байгаа хүнийг хэлмэрч гэж тайлбарласан байна. Хэлмэрчлэхэд тухайн хэлийг мэддэг болохыг нотолсон баримт болон зөвшөөрөл шаарддаггүй бөгөөд яллагдагч нь мөрдөгчийн тавьсан асуултад хариулж мэдүүлэг өгснийг мэдүүлгийн тэмдэглэлээр хэрэгт авагдсан байна. Харин бичгийн орчуулгыг мэргэжлийн үнэмлэхтэй, зөвшөөрөлтэй хүнээр хийлгэх бөгөөд энэ хэрэгт яллах дүгнэлтийг орчуулгын эрх бүхий байгууллагаар орчуулуулан яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулж шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн хэлмэрчийн тусламжтайгаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж яллах дүгнэлт гардуулсан баримтад гарын үсэг зурж шүүхэд шилжүүлсэн. Эдгээр бүхий л ажиллагаанд хэлмэрчээр О.Номин-Эрдэнэ оролцсон ба буруу хэлмэрчилсэн, үнэн зөв хэлмэрчилсэн эсэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал илрээгүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэх 1 хуудас баримтыг шүүх хуралдаанаар орчуулуулан шинжлэн судалж нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хуулийн этгээдэд ял оногдуулахаар заагаагүй /Эрүүгийн хуулийн 9.1-т/ байдаг учраас энэ хэрэгт Сун Фэн Чиний ажиллаж байгаа хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй юм. Яллагдагч нь ямар хуульд заасан ямар үүргийг биелүүлээгүй болохыг улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлгийн үед тодруулан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах, эсхүл улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн үед дүгнэлтдээ дурдаж яллах буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хянаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл дээрх 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан нөхцөл байдал хангагдаж байвал хэргийг шийдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсэн заалттай байна. Хэргийг прокурорт буцаана гэсэн диспозец байхгүй. Шүүх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байвал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах ёстой. Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэн шүүхээр хянан хэлэлцэж шийдэх боломжтой гэж үзсэн мөртлөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан шүүгдэгчийн хэргийг гэм буруугийн хурлаар /гэм буруугийн маргаангүй хэрэгт гэм буруутай эсэхийг тусгайлан хэлэлцэхгүйгээр хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулаагүй/ хэлэлцэж улмаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн байна.

      Иймд Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 567 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Хан Ли, О.Номин-Эрдэнэ гэх хүмүүсийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулсан ба тэд хятад хэл мэддэг мэдлэгтэй, орчуулагч хэлмэрч хийх зөвшөөрөлтэй, үнэн зөв орчуулга хийсэн эсэхийг нотолсон талаар хэрэгт баримт авагдаагүй гэх шалтгаанаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд орчуулагч хийлгэхийн тулд тусгай зөвшөөрлийг шаарддаггүй. Зөвхөн тухайн хэлийг Монгол хэл рүү, Монгол хэлнээс тухайн төрлөх хэл рүү хэлмэрчлэх боломжтой хүнээр орчуулагч хийлгэхээр зохицуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол хэл мэддэггүй оролцогчид хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг авах ажиллагааг явуулдаг. Энэ хэрэгт гэрч болон яллагдагч Сүн Фэн Чин нараас мэдүүлэг авахдаа тухайн компанид орчуулагчаар ажиллаж байсан Хан Ли болон О.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан Монгол хэлнээс хятад хэл рүү, Хятад хэлнээс Монгол хэл рүү хэлмэрчлүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.28-д зааснаар түүний эх хэлнээс Монгол хэл рүү, Монгол хэлнээс түүний эх хэл рүү хэлмэрчилж байгаа хүнийг хэлмэрч гэж тайлбарласан. Хэлмэрчлэхэд тухайн хэлийг мэддэг болохыг нотолсон баримт болон зөвшөөрөл шаарддаггүй бөгөөд яллагдагч нь мөрдөгчийн тавьсан асуултад хариулж мэдүүлэг өгснийг мэдүүлгийн тэмдэглэлээр хэрэгт авагдсан. Харин бичгийн орчуулгыг мэргэжлийн үнэмлэхтэй, зөвшөөрөлтэй хүнээр хийлгэх бөгөөд энэ хэрэгт яллах дүгнэлтийг орчуулгын эрх бүхий байгууллагаар орчуулуулан яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулж шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн хэлмэрчийн тусламжтайгаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, яллах дүгнэлт гардуулсан баримтад гарын үсэг зурж шүүхэд шилжүүлсэн. Эдгээр бүхий л ажиллагаанд хэлмэрчээр О.Номин-Эрдэнэ оролцсон ба буруу хэлмэрчилсэн, үнэн зөв хэлмэрчилсэн эсэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал илрээгүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэх баримтыг шүүх хуралдаанаар орчуулуулан шинжлэн судалж нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. Тухайн зааварчилгаа нь нэг өгүүлбэртэй түүнээс доош хүмүүсийн нэрсийг жагсаасан баримт байсан. Түүнийг хэлмэрчээр орчуулуулж танилцуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагаа явагдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хуулийн этгээдэд ял оногдуулахаар заагаагүй байдаг учраас энэ хэрэгт Сун Фэн Чиний ажиллаж байгаа хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй. Яллагдагч нь ямар хуульд заасан ямар үүргийг биелүүлээгүй болохыг улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлгийн үед тодруулан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах, эсхүл улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн үед дүгнэлтдээ дурдаж яллах буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг тусгайлан зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг бүрэн арилгасан. Шүүгдэгч нь өмгөөлөгчийн хамт хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж прокурор хүсэлтийг хангаж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүх тухайн хэргийг шууд хянан хэлэлцэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд нэг компанид ажилладаг Хан Ли, О.Номин-Эрдэнэ нарын орчуулсан баримт нь хэргийн бодит байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй учир хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтээ гаргасан, хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохиролд 5000000 төгрөгийг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Сун Фэн Чин нь сайн дураараа Монгол ажилчдад туслах гэж байгаад аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнд компани ямар нэгэн байдлаар хамаагүй, үүрэг даалгавар өгөөгүй, миний буруу гэж мэдүүлдэг. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа авсан гэж мэдүүлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа хэрэг дээр ийм асуудалтай байж болох ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд хэргийг буцаах нь ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

      Анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гадаад улсын иргэдээс гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Хан Ли, О.Номин-Эрдэнэ гэх хүмүүсийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулсан эдгээр хүмүүс нь хятад хэл мэддэг мэдлэгтэй, орчуулагч хэлмэрч хийх зөвшөөрөлтэй, үнэн зөв орчуулга хийсэн эсэхийг нотолсон талаар хэрэгт баримт авагдаагүй, шүүгдэгч Сун Фэн Чинд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүгдэгчийг ажиллуулж байгаа “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” ХХК-ийг буюу хуулийн этгээдийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж яллах дүгнэлтдээ дүгнэлт хийсэн нь өрөөсгөл, учир дутагдалтай, Иргэний хуулийн тусгай ангийн 498 дугаар зүйлийн 498.1-т “...хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчсөн, шүүгдэгч Сун Фэн Чин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж болох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийн алийг нь биелүүлээгүй болох нь тодорхойгүй тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

         Дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь хэргийг шийдвэрлэхэд буюу шүүхээс цагаатгах болон шийтгэх тогтоолыг гаргахад нөлөөлж болохуйц биш, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрлэх боломж бий учир дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/267 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

      Хэргийг анхан шатны шүүхэд очтол Сун Фэн Чинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/267 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Сун Фэн Чинд холбогдох эрүүгийн 2127000000107 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

       2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Сун Фэн Чинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ЭНХМАА

                                                  ШҮҮГЧИД                       Л.НЯМДОРЖ

                                                                                          Г.УЛАМБАЯР