Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 185

 

Б.А-ын нэхэмжлэлтэй,

МУЕА-т холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Ч.Тунгалаг

Шүүгчид:                            Г.Банзрагч                           

                                            Б.Мөнхтуяа

                                           Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                  Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “МУЕА-ын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/249 тоот “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0812 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0074 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид, нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Урангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, Б.Цэнгүнжав, өмгөөлөгч Б.Оюунбилэг нар,

Хариуцагч МУЕА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн 128/ШШ2017/0812 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж МУЕА-ын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/249 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.А-ыг Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,339,780 (гурван сая гурван зуун гучин есөн мянга долоон зуун ная) төгрөгийг Б.А-ад олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг МУЕА-т даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0074 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч МУЕА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0074 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

4. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт "... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг орон тоо хасагдсан тохиолдолд хэрэгжих төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан зохицуулалт гэж ойлгоно” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж үзэж байна.

5. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд” гэж 3 тохиолдлыг тоочсон байхад зөвхөн “орон тоо нь хасагдсан” гэдгээр тайлбарласан байна.

6. Мөн магадлалд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл "...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны аль баталгаагаар хэрхэн хангагдах эрхээ зөрчигдсөн...”-ийг тодруулах гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчих нөхцөл байдлыг бий болгож байна.

7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0074 дүгээр магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлалгүйгээр дүгнэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаар шийдвэрлэв.

9. МУЕА-ын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59, А/60, 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88, 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалуудаар Үндэсний аудитын газрын харъяа Аймаг, нийслэлийн аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилж, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт болон ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг тус тус шинэчилж батлан, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж авахаар шийдвэрлэжээ.

10. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан шинжээчийн албан тушаалын чиг үүрэг нь Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй болно.  

11. МУЕА- нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.3-т “...аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг...батална”, 14 дүгээр зүйлийн 14.3-т ”...төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон тогтолцоог боловсруулж мөрдөнө” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нарийвчлан тодорхой болгожээ. 

12. Хэрэгт авагдсан Аудитын газрын аудитор /шинжээч/-ийн болон Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудиторын ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл аль алинд нь “мэргэшсэн нягтлан бодогч” байх шаардлага тусгагджээ. 

13. Мөн өмнөх ажлын байрны тодорхойлолтод “нягтлан бодогч, бусад мэргэжилтэй байх”, “төрийн албанд ажилласан туршлагатай байх” гэснийг  хариуцагч нь ажлын байрны чиг үүрэг, шаардлагад нийцүүлэн “санхүү, нягтлан бодогч,...”, “төрийн албанд 5-с доошгүй жил ажилласан байх“ гэж өөрчилсөн нь дээр дурдсан хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.  

14. Б.А- нь “хэрэглээний статистикч” мэргэжилтэй, тухайн байгууллагад 2 жил ажилласан байгаа нь Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байранд тавигдах “Ерөнхий шалгуур”-ын “мэргэшсэн”, “төрийн албанд 5-с доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангахгүй байгааг МУЕА-ын дэргэдэх Сонгон шалгаруулах комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлд дүгнэжээ.

15. Иймд, “...ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй...” гэх үндэслэлээр Б.А-ыг ажлаас чөлөөлсөн МУЕА-ын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/249 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан ...ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг ...шалгаруулж авна” гэж заасантай нийцсэн байна.

16. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай дээрх нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “...анх ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж шинжээчээр томилсон атлаа албан тушаалаас чөлөөлөхдөө ...шаардлагыг хангаагүй гэж чөлөөлсөн нь буруу...” гэх үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.  

17. Эдгээрээс гадна Б.А-ыг анхнаасаа Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн албанд томилогдоогүй гэх үйл баримт нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлийн нэг гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй. 

18. Анхан шатны шүүх “... төрийн албаны шалгалтыг зохион байгуулж шалгаруулан томилох үүрэг нь нэхэмжлэгчийн биш захиргааны байгууллагын үүрэг, ...нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй...” гэх “төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, төрийн жинхэнэ албан тушаалд авах” журмыг зохицуулсан Төрийн албаны тухай 16, 17 дугаар зүйлүүдэд  нийцээгүй дүгнэлт хийжээ.

19. Энэ хуульд заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон албан тушаалтны шийдвэр нь зөвхөн хүчингүйд тооцогдох үр дагаврыг бий болгохыг Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т тодорхой заасан.

20. Үүнээс үзвэл, хуульд заасан журмыг зөрчиж томилогдсон иргэн тухайн албан тушаалд үргэлжлэн ажиллах боломжгүй тул шүүх захиргааны байгууллагыг буруутгаж, нэхэмжлэгч нь “...шаардлага хангасан...” гэж үзэж, түүнийг ажилд эгүүлэн тогтоохоор хууль зөрчсөн шийдвэр гаргах эрхгүй.

21. Дээрх байдлаар маргааны үйл баримт тодорхой, нотлох баримт хангалттай, эдгээр нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт бүрдүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцээгүй байна.

22. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0812 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0074 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан МУЕА-ын тухай 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/249 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ТУНГАЛАГ

    ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ