Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01562

 

О.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01426 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/09843 дугаар захирамжаар иргэн О.О нь 69 266 667 төгрөгийг Шаттле ББСБ-д төлөхөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. О.О нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Шаттле” ББСБ-аас 2016/11 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 хороолол, 33 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууцаа барьцаалсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан О.О-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205006512 дугаарт бүртгэлтэй, дээрх 3 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь 83 806 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шинжээч томилохдоо шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “... санал болгосон үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тогтоож болдог ба ...” энэ талаар ажиллагаа явуулаагүй, шинжээч томилсон, зах зээлийн харьцуулах үнэлгээг ашигласан гэх боловч орон байрыг минь хэт доогуур үнээр үнэлж эрх ашгийг маань дордуулж байна. Иймд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09843 дугаар захирамжаар О.О-ээс 69 266 667 төгрөгийг гаргуулж “Шаттле” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.О-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байрны 68 тоот 40 мкв орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18290667/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18290667/140 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгчид 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 4/4941 дүгээр албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Шаттле” ББСБ нь хөндлөнгийн шинжээчээр томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК үнэлүүлэхэд уг орон сууцыг 83 800 000 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/7063 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуад гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 58 660 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/04090 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн О.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Мөнх-Оргил трейд” ХХК нь миний 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж миний эрхийг зөрчсөнөөс гадна шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан. Төлбөр төлөгч миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуагийн хамтаар шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцахад шинжээчид эрх үүргийг тайлбарлаагүй байсан бөгөөд энэ ажиллагааг нөхөж хийсэн, миний гурван өрөө орон сууцыг 56 000 000 төгрөг хүртэл үнэ бууруулан шударга бусаар ажил үүргээ гүйцэтгэсэн банк бус санхүүгийн байгууллагад үндэслэлгүй хөрөнгөжих боломж олгож байна. Би зээл аваагүй, энэ талаар удаа дараа шүүхэд хандсан боловч шинэ нөхцөл болж чадахгүй гэх үндэслэл зааж шийдвэр хэвээр үлдсэн, харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой, үнэлгээний байгууллагатай холбоотой гомдол гаргахаар миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хурлын өмнө хэргийн материалыг танилцуулсан боловч шүүх хуралдаанаас миний гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Л.Сарангуаг хөөж гаргасан. Шүүх шийдвэртээ “... итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй, тэрээр шүүх хуралдааны танхимаас гарсан болно" гэх нь миний эрхийг дордуулж, шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй, миний хүсэлтийг үндэслэлгүй шалтгаан зааж миний өмгөөлөгчийг хуралдааны танхимаас хөөж гаргасан, нотлох баримт гаргах эрхийг минь хааж боогдуулсан гэж үзэж байгаагаас гадна шинэ илэрсэн нөхцөл байдалтай холбоотой удаа дараагийн буюу 2 удаагийн шүүх бүрэлдэхүүнд Д.Энхцэцэг шүүгч оролцсон. Хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэхээс илүү амрах гэж байхад хэргээ шийдүүлсэнгүй гэх ойлгомжгүй шалтгааны улмаас миний Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг минь эдлүүлэхгүйгээр хэргийг хүссэнээрээ шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Би итгэмжлэл олгосон ч татгалзсан ч нотариатаар орж дахин итгэмжлэл олгоогүй нь шүүх хуралдаанд эдлэх эрхээрээ хохирох үндэслэл болсон гэдгийг би зөвшөөрөхгүй гомдолтой байна. Миний өмгөөлөгч Л.Сарангуад олгосон итгэмжлэл 2 жилийн хугацаатай, би түүнийг дахин заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэх хуулийн үндэслэл ч шүүгч заагаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх боломж олгон миний нотлох баримт гаргах, мэтгэлцэх, шүүх хуралдаанд төлөөлөгч өмгөөлөгч оролцуулах эрхээр хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                      

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/09843 дугаар захирамжаар “Шаттле” ББСБ-ын нэхэмжлэлтэй, О.О-т холбогдох хэрэгт хариуцагч О.О нь 69 266 667 төгрөгийг “Шаттле” ББСБ-д 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байр, 68 тоотод байрлах, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205006512 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/

Төлбөр төлөгч О.О нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1158 дугаар гүйцэтгэх хуудас гаргажээ. /хх-ийн 42 дугаар тал/

Нэхэмжлэгч О.О-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус хүргүүлж, О.О-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байр, 68 тоотод байрлах, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205006512 дугаартай орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр битүүмжлэн, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан байна. /хх-ийн 57-62 дугаар тал/

Төлбөр төлөгч О.О нь орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд 150 000 000 төгрөгийн санал өгсөн ч төлбөр авагч “Шаттле” ББСБ нь шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 65-66 дугаар тал/

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь “Мөнх-Оргил трейд” ХХК-нийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байр, 68 тоотод байрлах, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205006512 дугаартай орон сууцыг 83 800 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 67-80 дугаар тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/7063 дугаар мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч О.О-т хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 84-85 дугаар тал/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байр, 68 тоотод байрлах, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205006512 дугаартай орон сууцыг шинжээч 150 000 000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан ...” гэх боловч дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч О.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэж зааснаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Л.Сарангуад 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. /хх-ийн 5 дугаар тал/

Гэвч нэхэмжлэгч О.О нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуагаас татгалзаж, өмгөөлөгч авахаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иргэний хуулийн 67 дугаар зүйлд төлөөлөл өөрчлөгдөх, дуусгавар болох тухай зохицуулсан байх бөгөөд 67.2.2-т төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон тохиолдолд төлөөлөл дуусгавар болохоор заажээ. Нэхэмжлэгч О.О нь 2019 оны 6 сарын 5-ны өдөр Л.Сарангуад олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, бүрэн эрхийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна. /хх-ийн 94 дүгээр тал/

Хэдийгээр нэхэмжлэгч О.О нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ Л.Сарангуад төлөөлөх эрхийг үргэлжлүүлэн олгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн байх боловч дээрх хүсэлтээр Л.Сарангуаг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4-т итгэмжлэлийг хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх тухай хэлбэрийн шаардлагыг заасан байх бөгөөд Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан нотариатын үйлдлийн төрөлд итгэмжлэлийг гэрчлэхээр зохицуулсан байна. Иймээс нэхэмжлэгч О.О нь Л.Сарангуад итгэмжлэл олгох хүсэлтэй байвал итгэмжлэлийг дахин нотариатчаар гэрчлүүлэх шаардлагатай байжээ. 

Түүнчлэн, нэхэмжлэгч О.О нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                      Г.ДАВААДОРЖ