Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/01426

 

2019 оны 06 сарын 19 өдөр                 Дугаар 183/ШШ2019/01426                                 Улаанбаатар хот

 

 

 

                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, О.О  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .... өөрийн байранд байрлах, Н /РД... /-т холбогдох,

 

М ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.

 

                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 

 

           Нэхэмжлэгч О.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/09843 дугаар захирамжаар иргэн О.О  нь 69.266.667 төгрөгийг Ш  ББСБ-д төлөхөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. О.О  нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ш  ББСБ-аас 2016/11 тоот зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ...........тоот 3 өрөө орон сууцаа барьцаалсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан О.О ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-........ дугаарт бүртгэлтэй, дээрх 3 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч Хөрөнгийн үнэлгээний М ХХК нь 83.806.000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шинжээч томилохдоо шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “... санал болгосон үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тогтоож болдог ба ...” энэ талаар ажиллагаа явуулаагүй, шинжээч томилсон, зах зээлийн харьцуулах үнэлгээг ашигласан гэх боловч орон байрыг минь хэт доогуур үнээр үнэлж эрх ашгийг маань дордуулж байна. Иймд М ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09843 дугаар захирамжаар О.О-оос 69.266.667 төгрөгийг гаргуулж Ш  ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.О т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, ............ тоот 40 мкв орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18290667/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ......... дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгчид 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/4941 дүгээр албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 150.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ш  ББСБ нь хөндлөнгийн шинжээчээр томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний М ХХК үнэлүүлэхэд уг орон сууцыг 83.800.000 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4/7063 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С д гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 58.660.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/04090 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх О.О ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2019.03.25-ны өдрийн нэхэмжлэлдээ “...шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, мөн санал болгосон үнийг төлбөр  төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тогтоож болдог талаар ажиллагаа явуулаагүй шинжээч томилсон, орон байрыг хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэлээр М ХХК-ийн 2019.03.07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.22-ны өдрийн 09843 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ш  ББСБ нэхэмжлэлийн шаардлагаас 5,853,333 төгрөгийг татгалзаж, үлдэх 69,266,667 төгрөгийг хариуцагч О.О  төлөхийг зөвшөөрч, 2017.10.30-ны өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол  дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, ............. тоот 3 өрөө улсын бүртгэлийн Ү-........ дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

 

 Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч О.О т холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн 2018.05.29-ний өдрийн 18290667 дугаар тогтоол гарсан, 2019.02.11-ний өдрийн 18290667/01 дугаар  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцыг битүүмжилж, 2019.02.26-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол гарсан, улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч О.О  нь тухайн орон сууцыг 150,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн, харин төлбөр авагч Ш  ББСБ дээрх үнийг зөвшөөрөөгүй хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохыг хүссэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заажээ.

 

Төлбөр авагч Ш  ББСБ барьцааны зүйл болох орон сууцыг шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтэй буйгаа 2019.02.27-ны өдөр бичгээр ирүүлсэн байх бөгөөд 2019.03.04-ний өдрийн 80 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор М ХХК-ийг томилсон, тухайн үл хөдлөх хөрөнгийг 83,800,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.03.04-ний өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон шинжээч Б.Эрдэнэбаатарын гарын үсэг бүхий баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримтгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.22-ны өдрийн 09843 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн тус шүүхийн 2019.04.03-ны өдрийн 04090 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.О  2019.03.22-ны өдрийн итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд хандах эрхийг Л.С д олгосон байх бөгөөд 2019.06.05-ны өдөр уг итгэмжлэлээс татгалзаж, шүүх хуралдаанд өөрөө оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангахыг хүссэн тул шүүх 2019.06.05-ны өдрийн 06883 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч О.О ийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

 

Нэхэмжлэгч О.О  шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч тал хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч О.О  2019.06.14-ний өдрийн хүсэлтдээ “...Л.С д цаашид үргэлжлүүлэн шүүхэд төлөөлүүлэхээр хүсэлт гаргаж байна” гэсэн боловч  дээрх 2019.03.22-ны өдрийн итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцох эрх олгогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь шинээр итгэмжлэл олгоогүй байх тул Л.С г нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй, тэрээр шүүх хуралдааны танхимаас гарсан болно.     

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                   

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох М ХХК-ийн 2019.03.07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн О.О ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.03.26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.03-ны өдрийн 04090 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ