Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01564

 

“ЖЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01393 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЖЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭСК” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Чимэдцэрэн,          

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Соёлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖЭС” ХХК нь S-11-400 ква загварын 2 ширхэг трансформаторыг нэг бүр нь 11 000 000 төгрөг нийтдээ 22 000 000 төгрөгөөр худалдаж, суурилуулах, ажил гүйцэтгэх, худалдан авагч нь дээр заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэсэн нөхцөл байдлыг буруу ойлгосон байна. Нэхэмжлэгчийн зүгээс S-11-400 кВа загварын 2 ширхэг трансформаторыг нэг бүр нь 11 000 000 төгрөгөөр хариуцагчид нийлүүлсэн ба харин суурилуулах, угсрах ажлыг “Макс эрчим” ХХК гүйцэтгэсэн. Бидний зүгээс нийлүүлсэн 2 ширхэг трансформаторын үнэ 22 000 000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт дурдсанчлан суурилуулах, угсрах ажлын хөлс нь трансформаторын үнээс хасагдахгүй бөгөөд энэхүү асуудал нь тусдаа юм. Маргаан бүхий 2 ширхэг трансформатор нь “Миний хайпермаркет II” барилгад хийсэн цахилгаан станцын хэсэг бөгөөд дээрх цахилгааны станцын 5 сард бүрэлдэхүүн хэсгийг “Макс эрчим” ХХК ОХУ-аас оруулж ирсэн байдаг. ОХУ-аас оруулж ирсэн станцын зарим зүйлс дутуу байсан бөгөөд манай компани өөрийн төмрийн үйлдвэртээ дээрх дутуу зүйлсийг үйлдвэрлэн нийлүүлж энэ нь 10 000 000 төгрөгийн үнэтэй болсон. Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн 10 000 000 төгрөгийн төлбөр төлсөн баримтын хувьд дээрх дутуу хэсгийг гүйцээж өгсөн ажлын хөлс байдаг. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгөөс татгалзаж хариуцагчаас 17 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бадрал 2016 оны 06 сард н.Буянтогтохтой Хан-Уул дүүрэг 16 хороонд баригдсан 400 ква чадалтай дэд өртөөнд зориулж Д.Буянтогтохоос БНХАУ-д үйлдвэрлэсэн 2ш шинэ трансформаторыг /400кв 10/ 0,4 хүчин чадалтай трансформатор нэг бүрийн үнэ тухайн үед зах зээлийн ханш ойролцоогоор 7 000 000 – 9 000 000 төгрөг байсан /2 х 9 000 000/ 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаагүй бөгөөд урьдчилгаа 10 000 000 төгрөгийг Д.Буянтогтохын хувийн дансанд нь 2016 оны 7 дугаар сарын 01-нд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр нь захиалагчаас орж ирэх санхүүжилт саатсан маргаантай болсон тул, учир байдлыг Д.Буянтогтоход хэлж өөрийн эзэмшлийн 100 айлд байрлах конторын зориулалттай хагас подвалыг үлдэгдэл төлбөрт авч надад өгөх зөрүү мөнгийг дараа тооцно гэсэн боловч хариу өгөөгүй. Д.Буянтогтох тохирсон ёсоор тоног төхөөрөмж суурилуулаагүй, туршилтын акт өгөөгүй би тус ажлуудыг "Макс эрчим" ХХК-иар 4 200 000 төгрөг, "Эрч чадал" ХХК-аар гүйцэтгүүлж, 800 000 төгрөг ба нийлээд 5 000 000 төгрөг болох ба үлдэгдэл 8 000 000 төгрөгөөс нь хасаж тооцон 3 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад 22 000 000 төгрөг гаргуулах шаардлага тавьж байгааг ойлгохгүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “ЭСК” ХХК-иас 17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЖЭС” ХХК-д олгож, 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “ЖЭС” ХХК татгалзсаныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭСК” ХХК-иас 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЖЭС” ХХК олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“ЭСК” ХХК нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн шинэ спортын ордны ард "Миний хайпермаркет 2" барилгын ажлыг хийж байхдаа “ЖЭС” ХХК-тай аман хэлцлээр БНХАУ-ын S-11-400 маркийн 2 ширхэг трансформаторыг худалдаж авсан. Урьдчилгаанд 10 000 000 төгрөг өгсөн. Өндөр, нам талын шина мост тус бүр ширхэг ширхэг тэдгээрийн гадна корпусыг, бага зэрэг өөрчлүүлэхээр өгснийг нэхэмжлэгч тал авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээрх бүрдлийг Макс эрчим хүч ХХК ОХУ-аас оруулж ирээгүй. Харин “ЭСК” ХХК ОХУ-аас оруулж ирсэн нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлгээр нотлогдож байна. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаартай дүгнэлтээр өндөр талын хэвтээ шитний оронд нэг иж бүрдэлтэй хайрцаг өгсөн. Эдгээрт 2 тал маргалдаагүй гэж дүгнэсэн .Энэ иж бүрдэл нь өндөр нам талын шина мост тус бүр нэг ширхгийг шинжээч өөрөө иж бүрэн нэгдэл дүгнэж 7 000 000 төгрөгөөр үнэлээд хохирлоос хасч тооцоогүй үүнийг хасуулах. ”ЭСК” ХХК 800/800/1900 хэмжээтэй КСО-383-03 маркийн 2 ширхэг хуваарилах самбарыг суурилуулах газарт нь багтаагүй тул хайрцгийг жижгэрүүлэхээр, өндөр, нам талын шина мост тус бүр ширхэг ширхэг тэдгээрийн гадна корпусыг бага зэрэг өөрчлүүлэхээр нийт 4 ширхэг төхөөрөмжийг “ЖЭС” ХХК-иас крантай машинаар аваад явсныг гэрч Зоригоо гэрчилж байгаагаас гадна “ЭСК” ХХК ОХУ-аас оруулж ирсэн нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлгээр нотлогдож байна. “ЖЭС” ХХК-иас 800/800/1900 хэмжээтэй КСО-383-03 маркийн 2 ширхэг хуваарилах самбарыг манайх гаргаж хийсэн гэх санхүүгийн анхан шатны үндсэн баримтаа гаргаж өгөөгүй. Дээрх төхөөрөмжүүдийг суурилуулах ажлыг "Макс эрчим" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 013/2017 дугаартай албан бичиг болон нэхэмжлэх, "Эрч чадал" ХХК-иар хэмжилт, туршилт хийсэн проткол кассын орлогын ордер зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслээд 15 500 000 төгрөгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.3-д зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01393 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЖЭС” ХХК нь хариуцагч “ЭСК” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 09-ний өдөр 182/ШЗ2019/00433 дугаар захирамжаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилж, нэхэмжлэгч Т.Батбилэгийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 13-14 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж, мөн хуулийн 9.2 дах хэсэгт “Энэ хуулийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан.

Гэвч анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн сэтгэцийн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хариуцагчид танилцуулаагүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хх-ийн 18-19 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                  ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                                                                  Г.ДАВААДОРЖ