Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/00752

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/00752

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, 58/94 тоотод оршин байрлах, Женерал Энерго Строй ХХК /РД:2765381/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Метробизнес центер 10 давхар 1003 тоотод оршин байрлах, Ачуут-Од ХХК /РД:5068649/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Буянтогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн төлөөлөгч М.Бадрал, хариуцагчийн өмгөөлөгч С.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Женерал энерго строй ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай мэргэжлийн ажил үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллага юи.

Бид ажил үйлчилгээнийхээ чиглэлийн дагуу Ачуут-Од ХХК-тай итгэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ачуут-од" ХХК-ийн барьсан Нисэхийн шинэ спорт ордны ард Миний хайпермаркет II барилгад 2 ширхэг трансформатор нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч Ачуут-од ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Бадрал манай компанитай ирж уулзан гэрээний нөхцөл, төлбөрийн талаар харилцан тохиролцсон.

Тохиролцооны дагуу Женерал энерго строй ХХК нь S-11-400 ква загварын 2 ширхэг трансформаторыг нэг бүр нь 11,000,000 төгрөг нийтдээ 22,000,000 төгрөгөөр худалдаж, суурилуулах ажил гүйцэтгэх, худалдан авагч нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон ба бидний хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлэн, 2016 оны 08 сард трансформаторыг шилжүүлэн өгч, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байтал хариуцагч тал өнөөдрийг хүртэл трансформаторын үнийг төлөлгүй биднийг хохироосоор байна.

Иргэний хуульд зааснаар Худалдах-худалдан авах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ нь заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс талуудын тохиролцооны дагуу үүргээ биелүүлсэн учир хариуцагчаас бараа материалынхаа үнийг төлөхийг шаардах эрхтэй.

Шинжээч манайхаас хариуцагчид шилжүүлэн өгсөн бараа материалыг нэг бүрчлэн үнэн зөв, тоо ширхэг, үнээр нь бодитой тодорхойлж гаргасан учир нэхэмжлэлийн үнийн дүн батлагдаж байгаа, С.Бадралын хуучин 1980-аад оны трансформаторыг ямар үнэтэй болохыг мөн тогтоосон боловч түүнийгээ надад зараад өг гэж өгсөн. Гэтэл тэр нь зарагдахгүй байгаа учир буцааж ав гэж хэлэхэд авахгүй байгаа, түүнийг нь буцааж өгнө.

Иймд бараа материалын үнэ 22.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Бадрал миний бие 2016 оны 6 сард Д.Буянтогтохтой Хан-Уул дүүрэг 16 хороонд баригдсэн 400ква чадалтай Дэд өртөөнд зориулж Д.Буянтогтохоос БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг шинэ 400кв 10/0,4 хүчин чадалтай трансформатор нэг бүрийн үнэ тухайн үед зах зээлийн ханш ойролцоогоор 7,0-9,0 сая төгрөг байсан, нийт /2 х 9,0 сая/ 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч гэрээ байгуулаагүй, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг н.Буянтогтохын хувийн дансанд нь 2016-07-01-ний өдөр шилжүүлсэн.

Үлдэгдэл төлбөр нь захиалагчаас орж ирэх санхүүжилт саатсан маргаантай болсон учир байдлыг Д.Буянтогтоход хэлж өөрийн эзэмшлийн 100 айлд байрлах конторын зориулалттай хагас подвалыг үлдэгдэл төлбөрт аваад надад өгөх зөрүү мөнгийг дараа тооцьё гэсэн боловч хариу өгөөгүй. Д.Буянтогтох тохирсон ёсоор тоног төхөөрөмж суурилуулаагүй, туршилтын акт өгөөгүй би тус ажлуудыг "Макс эрчим" ХХК-иар 4,200,000 төгрөг, "Эрч чадал" ХХК-аар гүйцээж гүйцэтгүүлэн 800,000 төгрөг ба нийлээд 5,000,000 төгрөг болох ба үлдэгдэл 8,000,000 төгрөгнөөс нь хасаж тооцон 3,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад 22,000,000 төгрөг гаргуулах шаардлага тавьж байгааг ойлгохгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр стандарт бус буюу ХТП 4054-д хийсэн хуваарилах самбар 2 ширхэг, 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Жишээлбэл хийсэн ажлууд гээд нэхэмжлэгч тал хайрцаг гэж яриад байна. Уг нь хуваарилах самбар хайрцгийн нэг талын хана нь байхгүй, хооронд нь холбодог учраас тэр хана нь хийгдээгүй ирээд, тэгээд нэхэмжлэгч талаар төмөр хаалт хийлгүүлсэн. Тэрний ажлын хөлс 2.6 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2 трансформатор 2 ширхэг нь 18,000,000 төгрөг гэж сая дурдсан. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа дээр шинжээч будилуулсан юм нь болохоор манайх босоо хэлбэрийн 2 шиномост өгсөн ОХУ-д үйлдвэрлэсэн гаалийн мэдүүлэг дээр байж байгаа. Марк нь ЩО70-3-35УЦ гэсэн энэ болохоор нам талын босоо шиномост гэсэн үг, нөгөөх нь КСО 386-14 гэж гаалийн мэдүүлэг дээр байж байгаа. Үүнийг нэхэмжлэгч талд иж бүрнээр нь өгсөн. Буцааж нэхэмжлэгч талаас авахдаа хэвтээ болгож, сольж авсан. Түүнд шинжээч үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийхдээ харьцуулсан судалгаа байхгүй, хаанаас ямар үндэслэлээр нэгийн 4 сая төгрөг, нөгөөг нь 3 сая төгрөгөөр үнэлж, нийт 7 сая төгрөгөөр үнэлсэн юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл босоо хэлбэртэйг өгөөд, хэвтээ хэлбэртэйг авсан нь үүнд үнийн зөрүү байх ёсгүй гэж үзээд байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК нь хариуцагч Ачуут-Од ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн 10,235,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ачуут од ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ачуут од ХХК нь Эс Си констракшн ХХК болж нэрээ өөрчлөн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаа, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул цаашид хариуцагчийг Эс Си констракшн ХХК гэсэн нэрээр шийдвэрт тодорхойлох үндэслэлтэй байна. /хх-ийн 120 дахь талд/

Хариуцагч Эс Си констракшн ХХК нь нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК-тай 2016 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах, Миний дэлгүүр ХХК-ийн захиалгаар баригдсан S-11-400 кВа хүчин чадалтай дэд өртөөнд зориулж 2 ширхэг S-11-400 кВа трансформатор худалдан авахаар харилцан тохиролцож уг трансформаторыг хариуцагч хүлээн авсан үйл баримт түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна./хх-ийн 36-37, 42-43, 60-72 дахь талд/

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч S-11-400 кВа трансформаторын нэг бүрийн үнийг 11,000,000 төгрөг гэж тодорхойлсон бол хариуцагч эс зөвшөөрч маргасны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон ба 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шинжээч дүгнэлт тайлангаа бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтийг нэхэмжлэгч бүхэлд нь зөвшөөрсөн бол хариуцагч шүүхийн тавьсан асуултанд хариулсныг зөвшөөрнө, нэмэлтээр тодруулсныг нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан хэдий ч татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна./хх-ийн 1-ийн 283-250, 2-ийн 1-19 дэх талуудад/

Шинжээчийн дүгнэлтээр Женерал энерго строй ХХК нь S-11-400/10/0,4кВа трансформатор 2ш х 9,000,000=18,000,000 төг, КСО маркийн иж бүрэн, ачаалал хуваарилах самбар 2ш х 2,500,000=5,000,000 төг, Өндөр талын шиномост 1 иж бүрдэл /иж бүрдэлд 2 иж бүрэн хуурай залгуур, холбоос шино 3ш/ 1ш х 3,000,000=3,000,000 төг, ВНА-П(Л)-10/630-20з(пз) УХЛ2 ачаалал таслагч 4ш х 1,000,000=4,000,000 төг, КСО-386 хуваарилах самбарны хайрцагны 2 талд нь 1,8*0,8*0,15м хэмжээтэй хайрцагны төмөр хаалт 4 ширхэг /2 нь залгуур салгуур гартай/, ЩО70 хуваарилах щитний хайрцагны баруун зүүн талын 2,0*0,6*0,05м хэмжээтэй үндсэн төмөр хаалт 2 ширхэг, ШО70 хуваарилах щитний хайрцагны дотор талын боолтоор бэхлэгдсэн 1,80*0,6м хэмжээтэй төмөр хаалт 4 ширхэг, нам талын хэвтээ шиномостын 1,6х0,2х0,05м хэмжээтэй төмөр торон хаалт 2 ширхэг, өндөр талын хэвтээ шиномостын 2,3х0,8х0,2 + 0,8х0,4х2ш хэмжээтэй төмөр торон хаалт зэрэг 2,623,002.00 төгрөгний ажил болон материалыг нийлүүлсэн буюу нийт дүн 32,623,002.00 төгрөг байна., Эс Си констракшн ХХК нь ТМ400/10 трансформатор нь 5,364,755.92 төг, КСО-368-14 гэсэн хайрцаг нь 1,276,175.50 төг буюу нийт 6,640,931.42 төгрөгийн материал өгсөн байна гэжээ.

Талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөл зохих хөлснөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргахгүй байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд ТМ400/10 трансформатор 5,364,755.92 төгрөг, КСО-368-14 гэсэн хайрцаг нь 1,276,175.50 төгрөг буюу нийт 6,640,931.42 төгрөг-ийн материал өгсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч нэхэмжлэгч тал заруулахаар өгсөн боловч зарагдахгүй байгаа учир буцааж ав гэхэд авахгүй байгааг буцааж өгнө гэж, хариуцагч тал түүнийгээ буцааж авна гэж тус тус харилцан тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч энэ талаар хуульд заасан журмын дагуу сөрөг нэхэмжлэл гаргаагүй учир шүүх үүнийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК нь хариуцагч Эс Си констракшн ХХК-д S-11-400/10/0,4кВа трансформатор 2 ширхэг, КСО маркийн иж бүрэн, ачаалал хуваарилах самбар 2 ширхэг, Өндөр талын шиномост 1 иж бүрдэл, ВНА-П(Л)-10/630-20з(пз) УХЛ2 ачаалал таслагч 4 ширхэг, КСО-386 хуваарилах самбарны хайрцагны 2 талд нь 1,8*0,8*0,15м хэмжээтэй хайрцагны төмөр хаалт 4 ширхэг, ЩО70 хуваарилах щитний хайрцагны баруун зүүн талын 2,0*0,6*0,05м хэмжээтэй үндсэн төмөр хаалт 2 ширхэг, ШО70 хуваарилах щитний хайрцагны дотор талын боолтоор бэхлэгдсэн 1,80*0,6м хэмжээтэй төмөр хаалт 4 ширхэг, нам талын хэвтээ шиномостын 1,6х0,2х0,05м хэмжээтэй төмөр торон хаалт 2 ширхэг, өндөр талын хэвтээ шиномостын 2,3х0,8х0,2 + 0,8х0,4х2ш хэмжээтэй төмөр торон хаалт зэрэг нийт 32,623,002.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг бэлтгэн нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасаад үлдэх 22,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардан тодорхойлж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймээс, хариуцагч Эс Си констракшн ХХК-иас 22,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 267,950 төгрөгийг урьдчилан төлснийг улсын орлого болгож, хариуцагчаас 267,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эс Си констракшн ХХК-иас 22,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Эс Си констракшн ХХК-иас 267,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ