Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01595

 

“ТХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ТХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б, Н.Б, Н.Би холбогдох,

Зээл, зээлийн хүүд 291 345 025 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэрэндэжид, С.Лхагваа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Батболд,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТХ ББСБ” ХХК-ийн зээлдэгч байсан талийгаач Г.Намбарнанзад нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35 000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэйгээр авахаар тохиролцсон хэдий ч 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 26 600 000 ам.доллар, 14 500 000 төгрөгийг тус тус бэлнээр авсан юм. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Г.Намбарнанзад нь 30 000 000 төгрөгийг зээлж авсан, дээрх гэрээнд тусгасан 45 500 ам.долларыг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Г.Намбарнанзадын хүү Н.Б нь 6 500 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Г.Намбарнанзад өөрийн биеэр ирж 8 500 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 4 000 ам.долларыг өөрийн найз н.Төрмөнхийг явуулж авхуулсан, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 000 ам.долларыг Г.Намбарнанзад өөрийн биеэр ирж авсан, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тэрээр 2 000 ам.долларыг өөрийн хүү Н.Билэгжаргалыг явуулж зээлж авсан. Иймд бид 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр өмнө нь бэлнээр авсан ам.долларуудын тооцоог нэгтгэж, дээр нь хүүгийн тооцоо бодож, нийт 45 500 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр тохиролцсон. Уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох талаар, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж өөрчлөлтгүйгээр мөрдөгдөнө гэж тусгасан. Бид уг зээлийн эргэн төлөлтийн талаар зээлдэгчтэй удаа дараа уулзаж, мөн түүний алтны уурхайд хэд хэдэн удаа очиж уулзахад тэрээр санаа зоволтгүй, удаахгүй төлнө гэж хэлдэг байсан. Гэтэл зээлдэгч нь хүнд өвчтэй байсны улмаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Ажил явдал нь өнгөрсний дараахан эхнэр С.Б болон насанд хүрсэн хүүхэдтэй нь уулзаж зээлээ төлүүлэх талаар шаардлага тавихад төлнө, дараа хариу өгье гэж хэлдэг байсан боловч дахин очиход хаалгаа тайлж өгөхөө больж, уулзахаа больсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 291 561 851 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Г.Намбарнанзад нь “ТХ ББСБ” ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 14/02 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35 000 ам.доллар зээлсэн тухайд маргахгүй. Тухайн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байдаг ба зээлийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл зээлийн нэмэлт гэрээ байгуулж дахин 30 000 000 төгрөг, 45 500 ам.доллар зээлсэн гэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан барьцаа хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд энэ тухай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00039 дугаартай шийдвэр гарсан байдаг. Мөн Хан-Уул дүүргийн нотариатчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр талийгаач Г.Намбарнанзадын барьцаа хөрөнгийн оногдох хувь 16.67 хувийг гэр бүлийн гишүүд нь өвлөн авсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч хэнээс хэдэн төгрөгийг ямар үүргийн үндсэн дээр шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд тухайн асуудлаар мэтгэлцэн шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч С.Б-ээс 19 440 000 төгрөг, Н.Би-аас 19 440 000 төгрөг, Н.Б-ээс 19 440 000 төгрөг, нийт 58 320 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ТХ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233 025 025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/3 байр, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012497 дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 614 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 449 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ..."Хэргийн баримтаас үзэхэд “ТХ ББСБ” ХХК, Г.Намбарнанзад нар 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “ТХ ББСБ” ХХК нь 35 000 ам долларыг, 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон", ... зохигчдын байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан үндсэлэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул, ... 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 45 500 ам.долларыг Г.Намбарнанзадад шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, дээрх зээлийн гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна гэж тус тус дүгнэсэн. Гэтэл зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 35 000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэйгээр авахаар тохиролцсон хэдий ч 2014 оны 01 сарын 07-ны өдөр 26 600 ам.доллар, мөн өдөр 14 500 000 төгрөгийг тус тус бэлнээр авсан. Улмаар зээлдэгч нь үргэлжлүүлэн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 6 500 ам.доллар, мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 8 500 ам.доллар, 2014 оны 7 сарын 29-ний өдөр 4 000 ам.доллар, 10 дугаар сарын 10-ны өдөр 16 000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр талууд байгуулсан. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийт 37 000 ам.долларыг авч, хуримтлагдсан хүү 8 500 ам.доллар бүгд 45 500 ам.долларыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Энэ талаар хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан. Зээлдэгч нь нэгэнт үүссэн дээрх үүргийг хожим нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байхад Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар шүүх хэрэгт байгаа, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байгаа нь шүүхийн шийдвэр нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Бидний зүгээс шүүхэд зээлдэгч Г.Намбарнанзад нь 2014 оны 01 сарын 07-ны өдөр 26 600 ам.доллар, мөн өдөр 14 500 000 төгрөгийг зээлж авснаа буцаан төлж, барагдуулсан талаар тайлбарласан. Зээлдэгч нь бодитоор хүлээн аваагүй мөнгөн хөрөнгийг хүлээн зөвшөөрч, өөрт илтэд хохиролтой хэлцэл хийхгүй. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг ... зохигчдын байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь тухайн гэрээг бодитой хэрэгжсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан гэдгийг нотолж байгаа. Иймд, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01277 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нараас 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар мэдэхгуй, тийм гэрээ байгуулагдаагүй, нас барсан хүний үг хэлэх боломжгүйг далимдуулан гэрээ байгуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурж, түүнийгээ үндэслэн зээл авсан мэтээр зээлийн гэрээний үүрэг шаардсан гэж үздэг. Анхан шатны шүүхээс 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтыг няцааж чадаагүй гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн зээлийн гэрээ бодитой хийгдэж үнэхээр зээл авсан бол зээлийг зээлдэгчийн харилцах, хадгаламжийн дансанд шилжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс зээлийг зээлдэгчид шилжүүлсэн талаар чадаагүй байхад зээл олгосон байна гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлдүүлэгчээс зээлдэгчид 30 000 000 төгрөгийг бэлнээр олгосон мэтээр зээлийн гэрээ байгуулсан шигээ баримт үйлдэн нас барагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан баримтыг үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Монгол Улсад тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх банк бус санхүүгийн байгууллага өөрөө хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаа явуулчхаад нас барсан хүний үг хэлэх боломжгүй байдлыг ашиглан ар гэрээс нь төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “ТХ ББСБ” ХХК-иас ч 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтгүй байдаг. Компаниас Нинад мөнгийг шилжүүлээд Нина компанийн баримт ашиглан зээлдэгчид төлбөрийг бэлнээр өгсөн мэтээр илт эргэлзээтэй баримтууд байхад түүнийг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасанд гомдолтой байна. 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн зээлийн гэрээг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 58 320 000 төгрөг үндэслэлгүй. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатныгиүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01277 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ТХ ББСБ” ХХК нь хариуцагч С.Б, Н.Б, Н.Би нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 291 345 025 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч талаас зээлийн эргэн төлөлтийг удаа дараа шаардаж, түүний алтны уурхайд удаа дараа очин уулзаж, мөн түүний гэр бүлийн гишүүн н.Батчимэгтэй уулзаж байсан. Тухайн үед уулзахад зээлийг төлнө гээд зээлийн хүүг тодорхой хэмжээнд төлж байсан” гэх тайлбарыг гаргасан байна. /хх-ийн 109 дүгээр тал/

Үүнээс үзвэл 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт талийгаач Г.Намбарнанзад болон түүний гэр бүл хэдэн төгрөгийн хүү төлсөн эсэх нь ач холбогдолтой байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ТХ ББСБ” ХХК нь 2019 оны 6 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч хариуцагч нараас зээлийн хүүг хэдэн сарын хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна. /хх-ийн 1, 104-р тал/

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01277 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 076 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 768 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                        Г.ДАВААДОРЖ