Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1277

 

2019 оны 06 сарын 03 өдөр

      Дугаар 183/ШШ2019/01277     

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Бага тойруу, 00 тоотод оршин байрлах, Т ББСБ ХХК /рд:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Грийн хаус 0а байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б Б овогт С-н Б /рд:ЧЕ73072309/,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Грийн хаус 0а байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Байц Б овогт Н-н Б /рд:00000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Грийн хаус 0а байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Н-н Б /рд:000000/ нарт холбогдох,

 

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/02 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээний дагуу зээл, зээлийн хүүд нийт 291 345 025 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б /ШТЭҮД-0000/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т ББСБ ХХК-ийн зээлдэгч байсан талийгаач Г.Н нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35 000 ам.долларыг сарын 4%-ийн хүүтэйгээр авахаар тохиролцсон хэдий ч 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 26 600 000 ам.доллар, 14 500 000 төгрөгийг тус тус бэлнээр авсан юм. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Г.Н нь 30 000 000 төгрөгийг зээлж авсан, дээрх гэрээнд тусгасан 45 500 ам.долларыг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Г.Н-н хүү Н.Б нь 6 500 ам.доллар, 2014 оны 4 дүгээр  сарын 29-ны өдөр Г.Н өөрийн биеэр ирж 8 500 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 4000 ам.долларыг өөрийн найз н.Т-г явуулж авхуулсан, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 000 ам.долларыг Г.Н өөрийн биеэр ирж авсан, 2015 оны 3 дугаар сарын 01-ны өдөр тэрээр 2 000 ам.долларыг өөрийн хүү Н.Б-г явуулж зээлж авсан. Иймд бид 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр өмнө нь бэлнээр авсан ам.долларуудын тооцоог нэгтгэж, дээр нь хүүгийн тооцоо бодож, нийт 45 500 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр тохиролцсон. Уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох талаар, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж өөрчлөлтгүйгээр мөрдөгдөнө гэж тусгасан. Бид уг зээлийн эргэн төлөлтийн талаар зээлдэгчтэй удаа дараа уулзаж, мөн түүний алтны уурхайд хэд хэдэн удаа очиж уулзахад тэрээр санаа зоволтгүй, удаахгүй төлнө гэж хэлдэг байсан. Гэтэл зээлдэгч нь хүнд өвчтэй байсны улмаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Ажил явдал нь өнгөрсний дараахан эхнэр С.Б болон насанд хүрсэн хүүхэдтэй нь уулзаж зээлээ төлүүлэх талаар шаардлага тавихад төлнө, дараа хариу өгье гэж хэлдэг байсан боловч дахин очиход хаалгаа тайлж өгөхөө больж, уулзахаа больсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 291 561 851 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Г.Н нь Т ББСБ-тай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 00 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000 ам.доллар зээлсэн тухайд маргахгүй. Тухайн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байдаг ба зээлийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл зээлийн нэмэлт гэрээ байгуулж дахин 30 000 000 төгрөг, 45 500 ам.доллар зээлсэн гэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан барьцаа хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд энэ тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00000 дугаартай шийдвэр гарсан байдаг. Мөн Хан-Уул дүүргийн нотариатчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр талийгаач Г.Н-ын барьцаа хөрөнгийн оногдох хувь 16.67 хувийг гэр бүлийн гишүүд нь өвлөн авсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч хэнээс хэдэн төгрөгийг ямар үүргийн үндсэн дээр шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд тухайн асуудлаар мэтгэлцэн шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

           

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдуулан анх Г.Н-тай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт гэрээний үүрэг 291 345 025 төгрөгийг түүний зээлийн барьцаанд тавьсан өв хөрөнгийг хүлээн авсан өвлөгч нараас өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцуулж гаргуулах, уг зээлийн гэрээний үүргийг зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр-0, Зайсангийн гудамж, 00 байрны 00 тоот 143,15 м.кв талбайтай, Ү-0000000 улсын бүртгэлтэй дугаартай, 00000000 тоот гэрчилгээтэй орон сууц болон 6 тоот авто зогсоолоор хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/02 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээний дагуу зээл, зээлийн хүүд нийт 291 345 025 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчилж, тодруулсныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд Т ББСБ ХХК, Г.Н нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т ББСБ ХХК нь 35 000 ам.долларыг, 6 сарын хугацаатай, 4%-ийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцон, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Н нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр 0, Зайсангийн гудамж 00 дугаар байрны 0 тоот, Ү-000000 улсын бүртгэлтэй, 0000000 тоот гэрчилгээтэй орон сууц, 6 тоот авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцсон байна.

 

Улмаар талууд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр 30 000 000 төгрөг, 45 500 ам.долларыг Г.Н нь 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, энэхүү гэрээ нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, баталгаажуулсан 000 дугаартай зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох ба уг гэрээн дээр зааснаас бусад заалт, хавсралт нь болох барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж, өөрчлөлтгүйгээр мөрдөгдөх талаар гэрээндээ тусгажээ.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...талийгаач н.Н нь 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр  35000 ам долларыг 6 сарын хугацаатай зээлээр авч, дараа нь дахин нэмэлтээр ам.долларыг удаа дараа авсан. 2015 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээгээр н.Н нь 30 сая төгрөгийг бэлнээр нэмж авсан. Энэ гэрээнд өмнө удаа цувуулж авсан ам долларыг нэгтгэхэд 45 500 ам доллар болсон тул нэгтгэж нэг гэрээнд тусгасан. Бид 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн шаардаж байгаа” гэж тайлбарласан.  

 

Хариуцагч “...нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх талаар болон 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, учир нь уг гэрээний үүрэг биелэгдэж гэрээ дуусгавар болсон, харин 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 45 500 ам.долларыг Г.Н-д шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, дээрх зээлийн гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг нэгэнт дуусгавар болсон гэж тайлбарласан, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 45 500 ам.доллар шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, харин мөн өдрийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтыг хариуцагч тал няцааж чадаагүй тул шүүх үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 23 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 720 000 төгрөг нийт 58 320 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Н-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр-0, Зайсангийн гудамж, 00 байр, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 0 тоот автомашины зогсоолыг барьцаалсан байна.

 

Дээрх 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон боловч талууд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ... барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчлэх талаар талууд харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Гэвч нэгэнт уг гэрээний нэг тал Г.Н нас барсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2-т тус тус зааснаар үүргийг хуваарилах юм.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00000 дүгээр шүүхийн шийдвэрээр маргаж буй зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр-0, Зайсангийн гудамж, 00 байр, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 0 тоот автомашины зогсоолыг талийгаач Г.Н болон С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Уг шийдвэрийг үндэслэж Г.Н-н хууль ёсны өвлөгчид болох С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарт 340 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр-0, Зайсангийн гудамж, 00 байр, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 02 тоот өвлөх гэрчилгээгээр өвлүүлжээ.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ”, 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өвлөх эрхийн гэрчилгээнд 340 000 000 төгрөгөөр тогтоосонтой маргахгүй гэж тайлбарласан бөгөөд хуулийн дээрх заалтаас үзвэл Г.Н-н хууль ёсны өвлөгчид болох С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нар нь 340 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 1 хүний 68 000 000 төгрөгт ногдох хэмжээнд үүрэг хүлээхээр байна.  

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт 58 320 000 төгрөгийн үүргийг хуваан хариуцуулж, С.Б-с 19 440 000 төгрөг, Н.Б-с 19 440 000 төгрөг, Н.Б-с 19 440 000 төгрөг нийт 58 320 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233 025 025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн зохигчдод хуваан хариуцуулах бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 614 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 449 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

   1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч С.Б-с 19 440 000 төгрөг, Н.Б-с 19 440 000 төгрөг, Н.Б-с 19 440 000 төгрөг, нийт 58 320 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233 025 025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр-0, Зайсангийн гудамж, 00 байр, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 614 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 449 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ