Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1558

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, М.Золжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Заг констракшн” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хтай 5001017540 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23.64 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

“Заг констракшн” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх зорилгоор тус Компанийн захирал Н.Д, Б.Г нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хтай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 81,000,000 төгрөгөөр Ханд худалдсан.

Х нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. Банк нь 2018 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд зээлдэгчийг орон сууцаа буцааж худалдан авах нөхцөлөөр ханган бусдад худалдан борлуулаагүй ба 2018 оны 7 дугаар сараас худалдан авсан орон сууцаа худалдан борлуулахаар болж банканд хүлээлгэн өгөхийг хүсэхэд өөр санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байгаа, удахгүй төлнө, суллан өгөх боломжгүй гэдэг.

Уг байранд өнөөдрийг хүртэл хариуцагч Н.Д, Б.Г нар нь амьдарч, орон сууцыг чөлөөлж өгөлгүй өмчлөгчийн эрхэнд саад учруулан худалдан борлуулах боломжгүй болгон хохирол учруулсаар байна.

Иймд улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Д, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Сөрөг шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. “Заг констракшн” ХХК нь Ханд хүсэлт гаргаж үл хөдлөх хөрөнгөнүүдийг үнэлэн “Эксим Финанс” ББСБ-аас авсан зээлээ хаах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. “Заг констракшн” ХХК болон “Эксим Финанс” ББСБ-ын Ханд гаргасан хүсэлтийг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн болно. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээг тус тус байгуулсан ба гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулан, гэрээг хуульд заасан шаардлагыг хангуулан нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Амлалт үүрэг хүлээх гэрээгээр талууд зорилгоо тодорхойлж, худалдагч тал заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгөнүүдийг буцаан худалдан авах, уг хугацаанд худалдан авагч тал өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхаар үүрэг амлалт хүлээж, хүсэл зоригоо илэрхийлэн агуулгаа тодорхойлж байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын шүүхэд гаргасан болон тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг шаардлагад:

“Заг констракшн” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х" ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийн барилга болон газрыг барьцаалсан.

Мөн “Эксим Финанс” ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ-150707/3 дугаартай зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 7-р хороо,  11-р хороолол, 10-р байр, 248 тоот, 40м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-150812/5 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 62-р байр, 118 тоот 62.4 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ-160111/4 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол. Нарны зам гудамж, 62-р байр, 23 тоот 16 м.кв авто зогсоолыг барьцаанд тус тус тавьж нийт 67,000,000 төгрөгийн зээл авсан.

Н.Д, Б.Г нар зээлийн хүү болон зээлийг боломжоороо төлж ирсэн бөгөөд 2017 оны сүүлээр санхүүгийн хүнд байдалд орж, төлж чадахгүй болсон юм. Н.Д, Б.Г нарын зүгээс зээлийн гэрээний дагуу “Х” ХХК-ийн барьцаанд байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг аваад, худалдан борлуулж, зээлээ хаалгаад илүү гарсан зөрүү мөнгийг нь авъя гэсэн санал тавьсан боловч ”Х” ХХК-аас манай банк нь үйлдвэрийн объектыг зээлийн төлбөрт авдаггүй, харин орон сууц, автомашины зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөр зээлийг хаадаг гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр нь бид “Эксим Финанс” ББСБ-аас зээл авсан байгаа, барьцаанд нь 2 болон 3 өрөө орон сууц, 1 автомашины зогсоол тавьсан байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийг авч болно гэж хэлсэн.

Тэгж хэлснээс хойш “Х” ХХК нь “Эксим Финанс” ББСБ-тай холбогдон орон сууцууд болон авто машины зогсоолыг зээлийн гэрээний барьцаанаас нь гаргуулан, зээлийн гэрээг нь хаан тухайн орон сууц болон автомашины зогсоолуудыг Н.Д, Б.Г нараас худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа давхар амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулсан. Амлалтын үүрэг хүлээх гэрээ нь орон сууцыг Н.Д. Б.Г нар нь буцаан худалдан авах нөхцөлтэй, буцаан худалдан авахдаа хүү тооцох заалттай гэрээ байсан.

Мөн энэхүү амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулахад хэрэв Н.Д, Б.Г нар амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон автомашины зогсоолыг худалдан авч чадахгүй бол “Х” ХХК нь тухайн объектуудыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж амаар хэлж байсан.

Н.Д, Б.Г нар нь орон сууц болон авто зогсоолыг “Х” ХХК-ийн хэлснээр худалдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн үнийн ханшаар худалдаж авах ёстой байсан.

Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 10-р байр, 248 тоот, 40м.кв 3 өрөө орон сууц нь Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 115,505,832 төгрөг гэж үнэлсэн юм. Үүнээс харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 81,000,000 төгрөгөөр бус 115,505,832 төгрөгөөр хийх ёстой байсан гэсэн үг юм.

Бид зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан бөгөөд эрх зүйн ямар ч мэдлэггүй биднийг хуурч мэхлэн, гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлж аваад, орон сууцнаас минь хөөж гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Н.Д, Б.Г нар дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэлцэл юм. Учир нь, банк нь зээлийг хаахдаа шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр зээлдэгчээс гаргуулан авах, эсхүл барьцаа хөрөнгөөр хангуулах гэх мэтээр зээлийг хаах байтал үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн зээлийг хаасан нь үндэслэлгүй юм.

“Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үйлдвэрийн өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан байхад тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний барьцааг хангах боломжтой байсан. “Х” ХХК нь зээлийн гэрээг байгуулахдаа компанийн тухайн үйлдвэрийн барилга болон газар нь зээлийн гэрээний барьцаанд авах шаардлага хангасан болоод зээлийн гэрээний барьцаанд авсан байгаа. Гэтэл дараа нь манай байгууллага үйлдвэрийн барилга авдаггүй гэсэн нь зээлийн гэрээгээр тохиролцсон зүйлээс тэс өөр байна.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан бөгөөд “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, “Эксим Финанс” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээнүүд, мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хамт хийгдсэн амлалтын үүрэг хүлээх гэрээ зэргээс илт тодорхой байна.

Иймээс худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд Х болон Н.Д, Б.Г нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.Д, Б.Г нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн, хариуцагч Н.Д, Б.Г нар нь “Х” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж, хэн аль нь өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Х” ХХК болон Н.Д, Б.Г, Г.Лхагвасүрэн, Г.Пүрэвсүрэн, Г.Баасансүрэн нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний үндсэн дээр “Х” ХХК нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч болсон байна. /хх-ийн 7-9 хуу/

 

“Х” ХХК болон Н.Д, Б.Г, Г.Лхагвасүрэн, Г.Пүрэвсүрэн, Г.Баасансүрэн нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Х” ХХК нь өөрийн өмчлөлд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоотод байрлах 62,405 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байршилтай 23 тоотын 16 м.кв талбайтай автомашины зогсоол, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд бусдад аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар амлаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн, харин Н.Д, Б.Г, Г.Лхагвасүрэн, Г.Пүрэвсүрэн, Г.Баасансүрэн нар нь үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тогтоосон хугацаанд тохирсон үнээр буцаан худалдан авах, амлалтын хугацаанд буцаан худалдан аваагүй бол үл хөдлөх хөрөнгийг актаар хүлээлгэн өгч, түлхүүр, ашигласан хугацааны зардал төлсөн баримт болон бусад холбогдох баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 31-34 хуу/

 

Энэ гэрээний дагуу “Х” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-22-ны байдлаарх

-өөрийн банкнаас “Заг констракшн” ХХК болон Б.Г нарын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний  87,172,572 төгрөгийн үүргийг дуусгавар болгож,

-“Эксим финанс” ББСБ-аас Б.Г, Н.Д нарын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр авсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 40,270,000 төгрөг, Г.Лхагвасүрэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр авсан 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 10,542,000 төгрөг, Б.Саруул, Н.Мөнхтуяа нарын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр авсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 34,150,000 төгрөг буюу нийт 84,962,000 төгрөгийн үүргийг зээлдэгч нарын өмнөөс “Эксим финанс” ББСБ-д төлж барагдуулсан байна. /хх-ийн 35-44, 81-129 хуу/

 

Гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу “Х” ХХК нь “Эксим финанс” ББСБ-д дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч нарын өмнөөс 84,962,000 төгрөг төлж, төлсөн төлбөр болон өөртэй нь байгуулсан зээлийн гэрээний үүрэг нийлсэн дүнгээр 172,134,572 төгрөгийн төлбөртөө тооцож, тухайн ББСБ-ын барьцаанаас чөлөөлөгдсөн дээр дурдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авжээ.

 

Энэ дагуу худалдах, худалдан авах гэрээ болон амлалтын үүрэг хүлээх гэрээнүүд байгуулагдаж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээс бүрэн чөлөөлөгдөж, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөлийг шилжүүлсний дотор манай маргааны зүйл болсон 3 өрөө орон сууц багтсан байна.

 

Амлалтын үүрэг хүлээх гэрээгээр тохирсон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор худалдагч нар буцаан худалдан авах болзлоо биелүүлээгүй үндэслэлээр худалдан авагч “Х” ХХК нь хариуцагч нарын эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан ба хариуцагч нар тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа байдалдаа маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд анх үүссэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож, энэ гэрээний үүргийг мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан гэрээний үүргээр сольсноор мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүрэг дуусгавар болж, шинээр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх зээлийн гэрээний харилцааны талаар одоо дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шинээр харилцаа үүсгэх нь талуудын хүсэл зоригт үндэслэсэн болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон тул шүүх “худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилго анхнаасаа байгаагүй, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор байгуулсан учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэх хариуцагчийн тайлбараар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Шинээр байгуулсан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан хугацаа 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан, үүний үр дагаврыг талууд харилцан тохиролцсон тул хариуцагч нарын одоогийн эзэмшлийг шүүх хууль бус гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхтэй тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсгүүд, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул “Х” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох Н.Д, Б.Г нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Н.Д, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 562,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 492,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 562,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА