Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01670

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТА” ХХК-д холбогдох,

Гуравдагч этгээд: Б.Э,

Өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, 293 140 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Отгонсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Баатарсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянгасайхан,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бадамханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “ТА” ХХК-тай орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134,8 м.кв талбайтай байрыг 269 600 000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч нь уг байрыг 2013 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Д.А төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 80 880 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 43 920 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 53 980 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 53 920 000 төгрөг, нийт 242 640 000 төгрөгийг “ТА” ХХК-д төлсөн. Үлдэгдэл 26 360 000 төгрөгийг гэрээний 2.5-д зааснаар байр хүлээн авч түлхүүр гардан авахдаа төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2013 оны 02 дугаар улиралд хүлээн авах байсан боловч хариуцагч тал барилгын зурагт өөрчлөлт орж байгаа, барилга нэмэгдэн баригдах болсон талаар мэдэгдсэн бөгөөд ийнхүү өөрчлөлт орж буйтай холбогдуулж талбай нэмэгдүүлэн авах санал тавьж хөнгөлөлт эдлүүлнэ хэмээн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтөд байрыг хүлээлгэж өгөх хугацааг сунгаагүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл миний бие байраа хүлээн аваагүй, өмчлөгч болоогүй, ашиглаагүй байна. Миний бие гэрээнд заасны дагуу байраа хүлээн авахдаа үлдэгдэл төлбөр болох 26 360 000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “ТА” ХХК-иас гэрээнээс татгалзах агуулга бүхий 02/309 тоот албан бичиг ирүүлсэн байна. 02/309 тоот албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч байрыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй учраас гэрээний 3.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсний торгууль төлөх ёстой гэж үзээд 2013 оны 6 дугаар сарын 30-аас 2016 оны 6 дугаар сарын 02-ны хооронд 1068 хоногийн торгуульд 134 800 000 төгрөг гаргуулахаар, мөн нэхэмжлэгч байрыг хугацаандаа хүлээж авсан бол бусдад түрээслүүлэх боломжтой байсан нь Энхцацралын төрийн банктай байгуулсан гэрээгээр нотлогдох олох байсан орлогод 158 340 000 төгрөгийг, нийт 293 140 000 төгрөгийг хариуцагч “ТА” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээг баримтлан Д.А-ыг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134,8 м.кв талбайтай байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, байрыг Д.А-д хүлээлгэж өгөхийг “ТА” ХХК-д даалгаж өгнө үү, мөн 293 140 000 төгрөгийг “ТА” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь 2012 оны 6 сарын 23-ны өдөр орон сууц үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхоны 101 дүгээр байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай замын хажуугийн нүүрэн талын 134,8 м.кв талбайтай байрыг захиалсан ба улмаар үлдэгдэл төлбөрөө төлөх үед тухайн барилгыг худалдаа үйлчилгээний шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж Д.А үзэж, улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2012 оны орон сууц үйлчилгээ захиалгаар барих гэрээнээс татгалзаж гэрээний дагуу урьдчилан төлсөн төлбөр болох 242 640 000 төгрөг хугацаа хэтэрсний торгуульд 134 500 000 төгрөг нийт 377 140 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Тус нэхэмжлэл гаргах үед манай компанийн зүгээс гэрээ цуцлах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш хүлээн зөвшөөрч байсан болно. Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлээ татан авсан. Хариуцагч компанийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа саналыг шүүхийн шатанд тайлбараар хүлээн зөвшөөрч улмаар зохигчдын хооронд маргаангүй болсон тул дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Э-д шилжүүлсэн тул Д.А-д гэрээнээс татгалзсантай холбоотой урьдчилан төлсөн төлбөрийг буцаан олгох тул түүнийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 420/б байрны 1 тоотод орших, үйлчилгээний зориулалт бүхий 134,8 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.А-ыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч “ТА” ХХК-д даалгаж, хариуцагч “ТА” ХХК-иас 134 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлээс 158 340 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 129 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ТА” ХХК-иас 2 179 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт захиалагчийн оролцоо хамааралгүйгээр барьж ашиглалтад оруулжээ гэсэн нь үндэслэлгүй бөгөөд захиалагч нь ажлын хөлсийг урьдчилан төлөх замаар уг барилгын санхүүжилтийг бүрдүүлэхэд оролцсоноос гадна дээр дурдсан хэмжээ бүхий үйлчилгээний зориулалттай талбай бий болсон нь нэхэмжлэгч буюу захиалагчийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Харин хариуцагч “ТА” ХХК-ийн зүгээс бэлэн болсон тодорхой зориулалт бүхий биет байдлыг бүрэн олсон эд хөрөнгөөс бусдаар сонголт хийлгэн худалдсан харилцаа биш. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Д.А-ыг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж үзэх үндэслэлтэй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.5-д зааснаар гэрээний үнийн дүнгийн үлдэх 10 хувийг захиалагч түлхүүр гардан авахдаа төлнө гэснийг анхан шатны шүүх хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 2-р улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь захиалагч үлдэх 10 хувийн төлбөр төлөхгүй байх үндэслэл бий болно гэж дүгнэсэн нь буруу. Гэрээний 3.2-т Захиалагч нь уг байрыг улсын комисс ажиллаж хүлээн авсны дараа байрандаа орно. Мөн З.б-д тухайн байрны төлбөр 100 хувь хийгдэх хүртэл байрны хууль ёсны өмчлөгч нь “ТА” ХХК байна. Гэтэл анхан шатны шүүхээс захиалагчийн өмчлөх эрх 2013 оны 6 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээгээр үүссэн гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Шүүх "хариуцагч үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 2-р улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “ТА” ХХК-ийн зүгээс Д.А-д удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлж өмчлөх эрхээ шилжүүлж авахыг шаардсаар байхад тодорхойгүй зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна гэх зэргээр гэрээнээс татгалзах саналыг удаа дараа гаргадаг, мөн түүнчлэн үндэслэлгүйгээр торгууль нэхдэг, уг асуудалд бид тухай бүрт нь албан бичгээр хариуг нь өгсөөр байсан. Хожим Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээнээс татгалзсан агуулга бүхий шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзах хэсэгт зөвшөөрч урьдчилан төлсөн төлбөрийг буцаан өгөхөө илэрхийлсэн. Ингээд нэхэмжлэлээ татан авсных нь дараагаас бид нэхэмжлэгчийн өөрийнх нь хүссэнээр гэрээнээс татгалзаж байгаа саналыг нь хүлээн авснаа мэдэгдээд хөрөнгөө Б.Э-д худалдан түүний өмчлөлд шилжүүлсэн. Энэ хугацаанд бид хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулалгүй хадгалж байсан. Алдангийн хувьд гэрээний З.З-т дурдсанаар торгууль тооцож захиалагчид олгоно гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа торгуулийг хоног тутамд тооцон шаардсан байхад шүүх гэрээний үүргийн хариуцлагад "алданги" шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн тухайд маргаан бүхий талбай одоо Б.Э-ын өмчлөлд шилжсэн, тус өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ аль аль нь хүчинтэй байх бөгөөд тус талбайд одоо Төрийн банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэдэгтэй зохигчид маргаагүй байхад гуравдагч этгээдийн мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “ТА” ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч “ТА” ХХК-д даалгах, 293 140 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “ТА” ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ТА” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 420/б байрны 1 тоотод орших, үйлчилгээний зориулалт бүхий 134,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 2 дугаар улиралд нэхэмжлэгч Д.А-д шилжүүлж, Д.А нь гэрээний үүрэгт нийт 269 600 000 төгрөг төлөхөөс 242 640 000 төгрөгийг хариуцагч “ТА” ХХК-д төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 4-9 дүгээр тал/

Гэвч талууд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсгэснээс нэхэмжлэгч Д.А нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээнээс татгалзаж, “ТА” ХХК-д урьдчилгаанд төлсөн 242 640 000 төгрөг, торгууль 134 500 000 төгрөг, нийт 377 140 000 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа татан авчээ. /1 дүгээр хх-ийн 10, 52, 78 дугаар тал/

Ийнхүү хариуцагч “ТА” ХХК нь иргэн Б.Э-тайтай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх хаягт байрлах, үйлчилгээний зориулалт бүхий 203,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-д худалдаж, Б.Э нь нийт 386 080 000 төгрөгийг хариуцагч “ТА” ХХК-д төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1 дүгээр хх-ийн 33, 223-225 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э-ын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзэж түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ. /1 дүгээр хх-ийн 148 дугаар тал/

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр 2019 оны 6 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцүүлэхгүйгээр түүний өмчлөлд байгаа маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.А-ыг тогтоож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 179 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                               

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО    

                                     ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                               Г.ДАВААДОРЖ