Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00269

 

Д.Анх-Одын нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дугаар сарын 11-ний өдрийн 1670 дугаар магадлалтай,

 

Д.Анх-Одын нэхэмжлэлтэй,

Тайгам-Алтай ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, 293.140.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Отгонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Анх-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012.6.23-ны өдөр Тайгам Алтай ХХК-тай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хотхоны 101-р байрны 1-р давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134,8 м.кв талбайтай байрыг 269,600,000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч нь уг байрыг 2013 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Д.Анх-Од төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд нийт 242,640,000 төгрөгийг Тайгам Алтай ХХК-д төлсөн. Үлдэгдэл 26,360,000 төгрөгийг гэрээний 2.5-д зааснаар байр хүлээн авч түлхүүр гардан авахдаа төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2013 оны 02 дугаар улиралд хүлээн авах байсан боловч хариуцагч тал барилгын зурагт өөрчлөлт орж байгаа, барилга нэмэгдэн баригдах болсон талаар мэдэгдсэн бөгөөд ийнхүү өөрчлөлт орж буйтай холбогдуулж талбай нэмэгдүүлэн авах санал тавьж хөнгөлөлт эдлүүлнэ /хөнгөлөлт нь талбай нэмж авах тохиолдолд анх гэрээ байгуулсан үнээр тооцох/ хэмээн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтөд байрыг хүлээлгэж өгөх хугацааг сунгаагүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл миний бие байраа хүлээн аваагүй, өмчлөгч болоогүй, ашиглаагүй байна. Би гэрээнд заасны дагуу байраа хүлээн авахдаа үлдэгдэл төлбөр болох 26,360,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Тайгам алтай ХХК-иас гэрээнээс татгалзах агуулга бүхий 02/309 тоот албан бичиг ирүүлсэн байна. 02/309 тоот албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хотхоны 101-р байрны 1-р давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134,8 м.кв талбайтай байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Тайгам-Алтай ХХК-д байрыг Д.Анх-Одод хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч байрыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй учраас гэрээний 3.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсний торгууль төлөх ёстой гэж үзээд 2013.6.30-аас 2016.6.2-ны хооронд 1068 хоногийн торгуульд 134,800,000 төгрөг гаргуулахаар, мөн нэхэмжлэгч байрыг хугацаандаа хүлээж авсан бол бусдад түрээслүүлэх боломжтой байсан нь Энхцацралын төрийн банктай байгуулсан гэрээгээр нотлогдох тул олох байсан орлогод 158,340,000 төгрөгийг, нийт 293,140,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Иймд талуудын хооронд байгуулагдсан Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ"-г баримтлан Д.Анх-Одыг Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хотхоны 101-р байрны 1-р давхрын үйлчилгээний зориулалттай, замын хажуугийн нүүрэн талын 134,8 м.кв талбайтай байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, байрыг Д.Анх-Одод хүлээлгэж өгөхийг Тайгам Алтай ХХК-д даалгаж, мөн 293,140,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Тайгам-Алтай ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Анх Од нь 2012 оны 06 сарын 23 ны өдөр Орон сууц үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхоны 101 дүгээр байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай замын хажуугийн нүүрэн талын 134.8 м кв талбайтай байрыг захиалсан ба улмаар үлдэгдэл төлбөрөө төлөх үед тухайн барилгыг худалдаа үйлчилгээний шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж Анх-Од үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Тус нэхэмжлэл гаргах үед манай компанийн зүгээс гэрээ цуцлах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш хүлээн зөвшөөрч байсан болно. Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлээ татан авсан. Хариуцагч компанийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа саналыг шүүхийн шатанд тайлбараар хүлээн зөвшөөрч улмаар зохигчдын хооронд маргаангүй болсон тул дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Энхцацралд шилжүүлсэн тул Д.Анх-Одод гэрээнээс татгалзсантай холбоотой урьдчилан төлсөн төлбөрийг буцаан олгох тул түүнийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 420/б байрны 1 тоотод орших, үйлчилгээний зориулалт бүхий 134.8 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Анх-Одыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч Тайгам Алтай ХХК-д даалгаж, хариуцагч Тайгам Алтай ХХК-иас 134,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Анх-Одод олгож, нэхэмжлэлээс 158,340,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,129,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Тайгам-Алтай ХХК-иас 2,179,950 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Д.Анх-Одод олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дугаар сарын 11-ний өдрийн 1670 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,179,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1670 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хурал дээр биечлэн ирж оролцохдоо дараагийн хурлын товыг мэдэж аваад, хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зураад явсан байдаг. Гэвч тэрээр 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаа тайлбарласан, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тиймээс анхан шатны шүүх ирцтэй холбогдуулан талуудын саналыг сонсож, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхээр шийдвэрлэсэн. Энэ талаарх хууль зүйн үндэслэлээ анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тодорхой зааж өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг санал, хүсэлт ирүүлээгүй байхад түүнийг оролцуулахаар шүүх хурлыг хойшлуулах үндэслэлгүй. Шүүх хуралд оролцох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргийн асуудал. Гуравдагч этгээд Б.Энхцацрал нь нэхэмжлэгч Д.Анх-Одын өмчлөлд байх ёстой үйлчилгээний зориулалт бүхий талбайг худалдан авсан гэх боловч байрны төлбөр болох 386,080,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэг удаагийн төлөлтөөр, зөвхөн бэлнээр төлсөн гэсэн бэлэн мөнгөний орлогын баримтыг (хх-ийн 243-р хуудас) хариуцагч Тайгам Алтай ХХК-иас ирүүлсэн байдаг. Үүнээс өөр төлбөрийг нь төлсөн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Бид энэ талаарх баримтыг гаргуулахаар удаа дараа шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс гуравдагч этгээд нь маргаан бүхий байрыг бодиттойгоор төлбөрийг нь төлж худалдан авсан эсэх нь ч эргэлзээтэй юм. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох магадлалын үндэслэл, тогтоох хэсгээ танилцуулахдаа өмнө нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан хэргийн нэхэмжлэлээ татан авсан, талуудын хооронд эвлэрэл явагдсан эсэх асуудлыг тодруулах шаардлагатай гэсэн боловч энэ талаар магадлалд огт тусгаагүй байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэлээ дээрх утгаар танилцуулан сонсгосон боловч энэ тухай магадлалдаа тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 167.3,-т заасныг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1670 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Д.Анх-Од нь Тайгам-алтай ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг даалгах, 293,140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, ...танилцуулсан үндэслэлээ магадлалд тусгаагүй, ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Анх-Од нь 2012.6.23-ны өдөр Тайгам Алтай ХХК-тай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хотхоны 101-р байрны 1-р давхрын үйлчилгээний зориулалттай, 134.8 м.кв талбай бүхий байрыг 269,600,000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч байрыг 2013 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

Д.Анх-Од гэрээний үүрэгт 242.640.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 26,360,000 төгрөгийг түлхүүр гардан авахдаа төлөхөөр гэрээний 2.5-д заасан байна.

 

Тайгам-Алтай ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, биет байдлын доголдолтой гэх үндэслэлээр Д.Анх-Од 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөр, хугацаа хэтрүүлсний торгууль нийт 377,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба 2017.3.22-ны өдөр нэхэмжлэлээ татан авчээ /хэргийн 78, 172 дугаар тал/.

 

Гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн саналыг хүлээн авсан гэж хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Энхцацралд худалдсан, тэрээр улсын бүртгэлд 2017.4.19-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна /хэргийн 33 дугаар тал/. Хариуцагч ийнхүү гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол Д.Анх-Одод гэрээгээр шилжүүлсэн мөнгийг нь буцааж өгөөгүй байв.

 

Б.Анх-Од 2017.5.24-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан, шүүгчийн захирамжаар Б.Энхцацралыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ /хэргийн 148-149 дүгээр тал/. Б.Анх-Одын нэхэмжлэлийн агуулга нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан утгатай байх тул гэрээнээс татгалзсан эсэх асуудлаар шүүх зохих хууль зүйн дүгнэлтийг хийх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцжээ.

 

Гуравдагч этгээд Б.Энхцацрал нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Энэ тохиолдолд зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх эрхээр хангаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар гуравдагч этгээд мэтгэлцээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар болон Иргэний хуулийг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчинө.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг оролцуулж, тэдний шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг хангасны үндсэн дээр хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дугаар сарын 11-ний өдрийн 1670 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 2,179,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН