Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/01717

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О, Ж.Б нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 147 495 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гантөмөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Буянбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 42 айлын орон сууцны барилгыг 2012 оны 7 дугаар сараас эхлэн барьж 2013 онд айлууд нь орж 2015 онд ашиглалтад оруулсан. Ж.Б бид хоёр найз нөхдийн харилцаатай бөгөөд миний захиалан бариулсан орон сууцны барилгын 1 давхрын 98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ажлын байрыг 250 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд Д.О-т 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо орон сууцны барилгын 1 давхрын 01 тоот 80 м.кв тайлбайтай орон сууцыг 200 000 000 төгрөгөөр худалдаж, орон сууц захиалгын гэрээ байгуулж Д.О урьдчилгаа 30 000 000 төгрөг төлж 2013 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба энэ бол анхны гэрээ. 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээг сүүлд нөхөж хийсэн гэрээнүүд байгаа юм. Энэ байранд Д.О эмнэлгийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Орон сууцны төлбөрт Хаан банкны дансаар цувуулж 59 370 000 төгрөг авсан. 5 800 000 төгрөг, 13 000 000 төгрөгийн баримтаар надад дансаар мөнгө шилжүүлээд буцаагаад Ж.Б тэр дороо гаргуулж авсан тул төлбөрт тооцохгүй. Бид анх байрыг 250 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч гэрээг 200 000 000 төгрөгөөр хийсэн. Учир нь энэ хүмүүс ипотекийн зээлд хамрагдах байдлаар бага үнийн дүн бичиж өгөөч гэсний үндсэн дээр 200 000 000 төгрөгөөр худалдах гэрээ хийгдсэн. Энэ нь хавтас хэргийн 36 дугаар талд байгаа бид гурвын гурвуулаа сууж байгаад тохиролцож бичсэн баримт гэсэн бичгээс тодорхой харагдана. Энэ тохиролцоогоор 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар надад нийт 50 000 000 төгрөг өгсөн. Бидний итгэлцлээр би байрны ордерыг гаргаж өгсний дараа 120 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сард төлж, үлдэх 80 000 000 төгрөгт хариуцагч Д.О, охин Б.Ану нарын эзэмшилд байгаа 26 м.кв 2 өрөө байрны эзэмшил дээр Д.Б намайг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хамтран өмчлөгчөөр оруулан төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа Д.Б миний нэрийг хасуулахаар тохирч энэхүү баримтыг үйлдсэн юм. Бодит үнэн ийм л байгаа. Тэр 200 000 000 төгрөгийн гэрээ нь зээлд хамрагдахын тулд хийгдсэн, 120 000 000 төгрөгийн гэрээ нь ордер авахад татвар бага төлнө хамгийн багаар хийгээд өг гэдгээр зурсан гэрээ. Энэ гэрээг үндэслэн татвараа төлж ордероо авсан. Өөрсдөө бичээд өгчих, чи бичиг хийгээд өгчих гэж шалсаар хийлгэсэн гэрээнүүд. Ж.Б бид хоёр нэг гудамжид тоглож өссөн хүмүүс. Тэдэн төгрөгийн гэрээ хийгээд өгчих, одоо ийм гэрээ хийе зураад өг гэж өөртөө тааруулж баахан гэрээ хийлгэчхээд тэрийгээ миний эсрэг баримт болгоод ашиглаад байгаад би үнэхээр гайхаж харамсаж байна. Энэ хүмүүст хэрэгтэй гэхээр нь гэрээнд зурж явсан нь одоо энэ хүмүүсийн аманд унах шалтаг болоод байна. Түүнээс биш илүү мөнгө авах гэхэд ингээд байгаа юм биш. Анх 250 000 000 төгрөгөөр тохиролцож худалдсан боловч нэгэнт 200 000 000 төгрөгийн гэрээнд Д.О бид хоёр гарын үсэг зурсан тул энэ гэрээгээр мөнгөө нэхэмжилнэ. Би илүү нэг ч төгрөг нэхэмжлээгүй шүү. Гэрээнд зааснаар би алданги нэхэхгүйгээр үндсэн төлбөрөө өгчих зохицъё гэж зөндөө хэлсэн. Одоо тэгэхгүй, гэрээнд заасан 0,3 хувийн алдангийг тооцно. Иймд хариуцагч Д.О-ээс байрны үндсэн төлбөрт 98 330 000 төгрөг гэрээнд зааснаар алданги 49 165 000 төгрөг нийт 147 495 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Д.Б г би огт таньдаггүй байсан. Анх Д.Б тэй 2013 оны 7 дугаар сард уулзахад байрны 1 давхрын тоосгыг өрж байсан. Байрыг худалдаж авч үйл ажиллагаа явуулъя гэж тохироод урьдчилгаа 30 000 000 төгрөг төлж анхны гэрээг хийсэн. Би Гялс төв дээр хувийн эмнэлэг ажиллуулдаг байсан. Тэндээсээ 2013 оны 11 дүгээр сард нүүж худалдаж авсан энэ байрандаа орсон. Нүүж ороод бүх засварыг өөрсдөө хийсэн. 200 000 000 төгрөгийн гэрээ хийж засвар шаврын асуудлыг тохиролцохгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн. 2014 оны 120 000 000 төгрөгийн гэрээг хийхдээ энэ байдлыг тохиролцоод гэрээ хийсэн. 120 000 000 төгрөгөөс чиний тооцоог хийнэ шүү гэж хэлсэн. Байрны үнийг дансаар шилжүүлдэг байсан. 8 500 000 төгрөгийг баримтаар авснаа одоо аваагүй гэж байна. Зуруулж өгөөгүй нь миний алдаа болсон байна. 2015 оны 10 дугаар сард Д.Б, Ж.Б хоёр манай ажлын өрөөнд орж ирээд одоо мөнгөө өгөхгүй бол зөндөө удлаа гэж ярьсан. Тэр үед улсын комисс хүлээж аваагүй байсан. Хэдийгээр улсын комисс хүлээж аваагүй ч гэсэн байр бариулж байгаа хүнд мөнгө төгрөг хэрэгтэй гэхэд хамгийн анх 3 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Үүний дараагаас эхлээд мөнгийг дансаар шилжүүлж эхэлсэн. 2019 оны 02 дугаар сард Д.Б нэг хүнтэй орж ирээд Ж.Буянбаатарыг асуугаад өр төлбөртэй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулаад, өгөхгүй бол шүүхдэнэ гэсэн. Боломжоороо төлөөд явж байхад алданги тооцно гэж хүний дургүй хүргэсэн юм яриад байх юм. Би байрных нь доор бүтэн 5 жил эмнэлэг ажиллуулаад байж байхад орж ирж хэлээгүй мөртлөө энэ зэрэгтэй хүргэж байгаад сэтгэл дундуур байна. Би 98 м.кв байрны ашиглалтын зардлыг төлж ирсэн. 2016 оны 8 дугаар сард охин бид хоёрын байранд нэрийг чинь оруулна гэж ярьсан талаар би мэдэхгүй юм байна. Өнгөрсөн жилээс мөнгө болохгүй болоод өгсөн мөнгөө аваад байрыг чинь буцааж өгье гэдгээ хэлсэн. Тэр үед боломжоороо дуусгачих гэсэн. Одоо 120 000 000 төгрөгөөс төлбөрөө тооцуулж үлдэгдэл мөнгийг нь төлнө гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр анх энэ байрыг худалдаж авах гэрээ хийгдсэн. Үүнээс өмнө Д.О Д.Б-г таньдаг ч үгүй байсан. Бид хамт байж байгаад 200 000 000 төгрөгийн гэрээ хийж Д.О урьдчилгаа 30 000 000 төгрөгийг төлсөн. Байрыг 2013 оны 9 дүгээр сард хүлээж аваад 2 сар засвар хийгээд 11 сард нь орсон. Мэргэжлийн хяналт хүлээж аваагүй тул байрны ордер гараагүй. Улсын комисс 2015 оны 02 дугаар сард хүлээж авснаар байрны ордер гарсан байдаг. Энэ байрыг балгас байхад нь орж зассан. Засвар хийсэн мөнгөө тооцоод Д.О-ээс би дараа аваад өгье гэж энэ гэрээг хийсэн. Дараа нь Д.О-тэй уулзаад 120 000 000 төгрөгийн гэрээ хийсэн. Энэ 120 000 000 төгрөгөөс 116 670 000 төгрөг төлөгдсөн. Одоо 3 000 000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2015 оны 10 дугаар сард 3 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг Д.О бэлнээр өгсөн. 13 500 000 төгрөгийг өөрийнх нь дансруу шилжүүлсэн. Гэтэл энэ бүгдийг аваагүй гэж гүрийгээд байна. 2014 оноос Д.О байрны төлбөрт сард 1 000 000 төгрөг дансаар шилжүүлж байсан. Д.Б-ийн худалдсан байрыг мэргэжлийн хэмжилт хийдэг компаниар хэмжилт хийлгэхэд 98 м.кв биш 88,18 м.кв гэж гарч ирсэн. Хэрэв тохиролцохгүй бол бид м.кв-ийн зөрүүг нэхэмжилнэ. Бид хоёрын дунд өр төлбөрийн асуудал байхгүй тул 120 000 000 төгрөгийн гэрээний төлбөрөө Д.О-тэй ярих хэрэгтэй. Надад яриад байх зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.О-ээс 137 745 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, үлдэх 9 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 846 675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б-аас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Д.О миний бие шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 200 000 000 төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх энэ гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үндэслэх хэсэгт бичиж ийнхүү дүгнэсэн нь алдаатай болсон. Би шүүх хуралдаанд тайлбарлахдаа "Би 2012 онд Д.Б-г огт таньдаггүй байсан. Анх Д.Б-тэй 2013 онд оны 7 дугаар сард уулзахад байрны 1 давхрын тоосгыг өрж байсан. Байрыг худалдаж авч үйл ажиллагаа явуулъя гэж тохироод урьдчилгаа 30 000 000 төгрөг төлж анхны гэрээг хийсэн. Уг гэрээнд 2013 оны 7 дугаар сарын сүүлчээр ашиглалтад орно гэсэн байгаа боловч гэрээнд заасан хугацаандаа ороогүй. 2013 оны 9 дүгээр сар гэхэд хоосон хөндий, дөрвөн хана хэвээрээ, ямар ч заслын ажил эхлээгүй, хаалга ч байхгүй байр байсан. Би Д.Б-гээс "хэзээ манай байрыг засаж дуусах юм бэ" гэхэд "засал хийх хүн хүч дутагдалтай, амжихгүй, чи бүх заслаа хийгээд орчихоо, дараа нь төлбөрөөс чинь тооцъё " гэж тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд нийтдээ 70 сая гаруй төгрөгийн бүрэн, засал чимэглэлийн ажлыг хийсэн. Би Гялс төв дээр хувийн эмнэлэг ажиллуулж байгаад 2013 оны 12 дугаар сард нүүж, худалдаж авахаар гэрээ хийсэн энэ байрандаа нүүж орсон. 2013 оны 7 дугаар сарын 06-нд анх 200 000 000 төгрөгийн гэрээ хийсэн, 2014 онд дээрх хайрга шороо, замын ажлын хөлс, барилгын заслын ажил зэргийн үнэ хөлсийг тохиролцсоноороо хасаж, 120 000 000 төгрөгийн гэрээг хийсэн. 2015 оны 10 дугаар сард Д.Б, Ж.Б хоёр манай ажлын өрөөнд орж ирж надтай уулзаад “одоо мөнгө өгөх боломж байна уу" гэх үед энэ байрыг улсын комисс хүлээж аваагүй. Хэдийгээр улсын комисс хүлээж аваагүй ч гэсэн байр бариулж байгаа хүнд мөнгө төгрөг хэрэгтэй гэсний учир 3 500 000 төгрөг, мөн 2016 оны 2 дугаар сард герман руу хүүхэдрүүгээ явна, мөнгө яаралтай хэрэгтэй гэхэд 5 000 000 төгрөг бэлнээр Д.Б-д өгсөн. Нийт 8 500 000 төгрөгийг бэлнээр авснаа одоо аваагүй гэж байна. Тухайн үед мөнгөө өгөхдөө гарын үсэг зуруулаагүй нь миний алдаа болжээ. Бусад байрны мөнгийг дансаар шилжүүлсэн. 2016 оны намар Д.Б “үлдсэн төлбөрөө боломжоороо дуусгачих" гэж хэлж тохирчхоод, нэг өдөр гэнэт орж ирээд үлдсэн мөнгөө дуусга гэхээр нь бид “өгсөн мөнгөө аваад байрыг чинь буцааж өгье гэдгээ хэлэхэд” чимээ сураггүй алга болсон. Би 2014 оны гэрээнд зааснаар 120 000 000 төгрөгөөс байрны төлбөрөө тооцох ёстой, тиймээс миний төлбөр одоо дууссан гэж бодож байна гэснээс 200 000 000 төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрсөн тухай нэг ч үг хэлээгүй байхад шүүх 200 000 000 төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б бид хоёр хоорондоо ярьж тохиролцоод, Д.Б-д түүний гуйлтаар өөрийн сайн танил болох “Гэрэлт шинэчлэл" ХХК-ийн захирал Эрдэнэчуулганаас 40 сая төгрөгийн үнэнд хайрга авч өгч, дээр нь барилгын зүүн хойд талын замыг янзалж, хогийг нь цэвэрлэж машинаар зөөж асган, түүний барилгын ажилд тусалж байсан тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байсан боловч энэ талаар шүүх огт авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Шүүх бичгийн нотлох баримтаас гадна хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгийг мөн адил нотлох баримтаар үнэлэх ёстой гэж үзэж байна. Нэг машин хайрга 1 200 000 төгрөг. Энэ талаарх баримтыг мөн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрсдийн амаар тайлбар өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар улсын комисс хүлээж аваагүй эрхийн болон биет байдлын доголдолтой байранд ороод түүнд 70 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг мөн адил шүүх хүлээж аваагүй, нотлох баримтаар үнэлээгүй. Уг байрны талбайн хэмжээг 98 м.кв гэж бидэнд өгсөн нь 88,18 м.кв болж өөрчлөгдсөнийг мэргэжлийн байгууллага болох "Скай дизайн" ХХК-иар хэмжилт хийлгэсэн тухай тайлбарыг өгсөөр атал шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүйд мөн гомдолтой байна. Мөн миний бие талбайн зөрүүтэйгээс болоод 10 орчим м.кв-ийн үнийг бүтэн 6 жил шахам хугацаанд илүү төлж Д.Б-ийн хуурмаг үйлдлээс болж хохирч байгааг шүүх харгалзаж үзээгүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн иргэн Д.Б-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын дагуу хийсэн нэмэлт тайлбар болох 3 хуудас нотлох баримт мөн Сүхбаатар дүүргийн 8-р хороо 25-01 тоот байрны ашиглалтын зардлын тооцооны нэгтгэл 1 хуудас, нийт 4 хуудас баримт хавтаст хэргээс алга болсон. Хэрэв дээрх тайлбар хэрэгт байгаад, шүүгч тухайн тайлбарыг үнэлсэн бол бид Д.Б-гээс авлагатай гарах байсан. Иймд тухайн алга болсон тайлбар баримтуудыг анхан шатны шүүхээс гаргуулж эсвэл тухайн баримтуудыг бид дахин гаргаж өгч хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү хэргээс алга болсон нотлох баримтыг Д.Б авч үгүй хийсэн байх магадлалтай. Шүүх Баатархүүгийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнд бичгээр тайлбар авалгүйгээр, бичгийн тайлбаргүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Д.Б нь анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ж.Б нь Баянгол дүүрэгт оршин суудаг тул түүний оршин суугаа хаягийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхрүү шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад Баянгол дүүрэгт оршин суудаг хариуцагч Ж.Б-аас татгалзсан атал тус дүүргийн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч Д.О миний бие нь Чингэлтэй дүүрэгт оршин суудаг болно. Хэргийг харьяалын дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх байсан. Шүүхийн энэхүү үйлдлийг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Д.О миний бие шүүх хуралдаанд болсон үйл явдлыг үнэнээр хэлж ярьсан Ж.Б бид хоёрын мэдүүлэг тайлбарыг нотлох баримтаар үнэлж шийдвэрээ гаргана гэж бодоод шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон маань бидний алдаа болсон байна. Мөн 15 сая төгрөгийг Баатархүүд өгсөн баримт байсаар байтал өгөлгүй, миний хэлснийг шүүх үнэлэх байх гэж бодсон нь мөн бидний хууль эрхзүйн мэдлэггүй, мөн өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцоогүйгээс болсон байна. Иймд миний бие болон Ж.Б бид хоёр хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас шүүхэд үйл явдлын талаар дутуу дулимаг тайлбар өгч, өөрсдийн эсрэг шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.О, Ж.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 147 495 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б-аас татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Д.О-тэй орон сууц захиалгын гэрээ, байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 25 дугаар байрны 1 давхрын 1 тоот, 98 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Д.О-т шилжүүлэх, хариуцагч Д.О нь 200 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож, хариуцагч Д.О нь урьдчилгаа 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 6-7, 53 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Хариуцагч Д.О нь 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 11 сараас 2019 оны 1 сар хүртэлх хугацаанд 78 170 000 төгрөг буюу нийт 108 170 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д төлсөн болох нь Хаан банкны дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 91 830 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээний 3.4-т зааснаар хариуцагч Д.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул алданги 45 915 000 төгрөг, нийт 137 745 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Д.О нь татгалзалдаа гэрээний үнийн дүнг 120 000 000 төгрөгөөр тохиролцоно гэх тайлбар гаргаж, уг тайлбартаа 2014 оны 11 сарын 15-ны өдөр талуудын байгуулсан гэрээг гаргаж өгсөн ба уг гэрээнд дээрх орон сууцны үнийг 120 000 000 төгрөгөөр тусгажээ. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн баримтад орон сууцыг 250 000 000 төгрөг байхаар тохиролцжээ. Гэвч нэхэмжлэгч нь талуудын дээрх тохиролцоо болон 2012 оны 9 сарын 3-ны өдрийн гэрээг үндэслэн гэрээний үнийн дүнг 200 000 000 төгрөгөөр тооцож хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй болно. /1 дүгээр хх-ийн 36, 56-57 дугаар тал/

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо орон сууц нь биет байдлын доголдолтой байсан тул 70 гаруй сая төгрөгийн засвар хийж, доголдлыг арилгасан тул гэрээний үнийн дүнгээс хасч тооцуулна, орон сууцны талбайн хэмжээ дутуу, шүүх хэргийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн, хууль эрх зүйн мэдлэггүйгээс нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэх боловч уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь орон сууцанд засвар хийсэн гэх, доголдолтой байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Гэрээний зүйл бүхий орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж зааснаар хариуцагч нь тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ талбайн зөрүүг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Нэхэжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч 4 хуудас нотлох баримт өгсөн нь алга болсон гэх боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбоотойгоор нэмж тайлбар гаргаагүй, нотлох баримт өгсөн болон нотлох баримт алга болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.О, Ж.Б нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ж.Б-ын хүсэлтээр хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нар дахин энэ талаар маргаагүй тул хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Б-аас татгалзсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Б-аас татгалзсаныг баталж, хариуцагч Ж.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                        ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                              Г.ДАВААДОРЖ