Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00369

 

 Д.Баатархүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлалтай,

Д.Баатархүүгийн нэхэмжлэлтэй,

Д.Отгонцэцэг, Ж.Буянбаатар нарт холбогдох

Гэрээний үүрэгт 157,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Отгонцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 42 айлын орон сууцны барилгыг 2012 оны 7 сараас эхлэн барьж 2013 онд айлууд нь орж 2015 онд ашиглалтад оруулсан. Ж.Буянбаатар бид хоёр найз нөхдийн харилцаатай бөгөөд миний захиалан бариулсан орон сууцны барилгын 1 давхрын 98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ажлын байрыг 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд Д.Отгонцэцэгт 2013.07.06-ны өдөр Сүхбаатар дүүрэг VIII хороо орон сууцны барилгын 1 давхрын 01 тоот 80 м.кв талбайтай орон сууцыг 200,000,000 төгрөгөөр худалдаж Орон сууц захиалгын гэрээ байгуулж Д.Отгонцэцэг урьдчилгаа 30,000,000 төгрөг төлж 2013 оны 11 сараас эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ бол анхны гэрээ. 2012.09.03-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2014.11.15-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээг сүүлд нөхөж хийсэн гэрээнүүд байгаа юм. Энэ байранд Д.Отгонцэцэг эмнэлгийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Орон сууцны төлбөрт Хаан банкны дансаар цувуулж 59,370,000 төгрөг авсан. 5,800,000, 13,000,000 төгрөгийн баримтаар надад дансаар мөнгө шилжүүлээд буцаагаад Ж.Буянбаатар тэр дороо гаргуулж авсан тул төлбөрт тооцохгүй. Бид анх байрыг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч гэрээг 200,000,000 төгрөгөөр хийсэн. Учир нь энэ хүмүүс ипотекийн зээлэнд хамрагдах байдлаар бага үнийн дүн бичиж өгөөч гэсний үндсэн дээр 200,000,000 төгрөгөөр худалдах гэрээ хийгдсэн. Энэ нь хавтас хэргийн 36 дугаар талд байгаа бид гурвын гурвуулаа сууж байгаад тохиролцож бичсэн баримт гэсэн бичгээс тодорхой харагдана. Энэ тохиролцоогоор 2016 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар надад нийт 50,000,000 төгрөг өгсөн. Бидний итгэлцлээр би байрны ордерийг гаргаж өгсний дараа 120,000,000 төгрөгийг 2016 оны 9 сард төлж, үлдэх 80,000,000 төгрөгт хариуцагч Д.Отгонцэцэг, охин Б.Ану нарын эзэмшилд байгаа 26 м.кв 2 өрөө байрны эзэмшил дээр Д.Баатархүү намайг 2016.09.20-ны өдрийн дотор хамтран өмчлөгчөөр оруулан төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа Д.Баатархүү миний нэрийг хасуулахаар тохирч энэхүү баримтыг үйлдсэн юм. Бодит үнэн ийм л байгаа. Тэр 200,000,000 төгрөгийн гэрээ нь зээлэнд хамрагдахын тулд хийгдсэн, 120,000,000 төгрөгийн гэрээ нь ордер авахад татвар бага төлнө хамгийн багаар хийгээд өг гэдгээр зурсан гэрээ. Энэ гэрээг үндэслэн татвараа төлж ордероо авсан. Өөрсдөө бичээд өгчих, чи бичиг хийгээд өгчих гэж шалсаар хийлгэсэн гэрээнүүд. Ж.Буянбаатар бид хоёр нэг гудамжинд тоглож өссөн хүмүүс. Тэдэн төгрөгийн гэрээ хийгээд өгчих, одоо ийм гэрээ хийе зураад өг гэж өөртөө тааруулж баахан гэрээ хийлгэчхээд тэрийгээ миний эсрэг баримт болгоод ашиглаад байгаад би үнэхээр гайхаж харамсаж байна. Энэ хүмүүст хэрэгтэй гэхээр нь гэрээнд зурж явсан нь одоо энэ хүмүүсийн аманд унах шалтаг болоод байна. Түүнээс биш илүү мөнгө авах гээд ингээд байгаа юм биш. Анх 250,000,000 төгрөгөөр тохиролцож худалдсан боловч нэгэнт 200,000,000 төгрөгийн гэрээнд Д.Отгонцэцэг бид хоёр гарын үсэг зурсан тул энэ гэрээгээр мөнгөө нэхэмжилнэ. Би илүү нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Гэрээнд зааснаар би алданги нэхэхгүйгээр үндсэн төлбөрөө өгчих зохицъё гэж зөндөө хэлсэн. Одоо тэгэхгүй, гэрээнд заасан 0,3 хувийн алдангийг тооцно. Иймд хариуцагч Д.Отгонцэцэгээс байрны үндсэн төлбөрт 98,330,000 төгрөг гэрээнд зааснаар алданги 49,165,000 төгрөг, нийт 147,495,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Буянбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: 2013.07.06-ны өдөр анх энэ байрыг худалдаж авах гэрээ хийгдсэн. Үүнээс өмнө Д.Отгонцэцэг Д.Баатархүүг таньдаг ч үгүй байсан. Бид хамт байж байгаад 200,000,000 төгрөгийн гэрээ хийж Д.Отгонцэцэг урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлсөн. Байрыг 2013 оны 9 сард хүлээж аваад 2 сар засвар хийгээд 11 сард нь орсон. Мэргэжлийн хяналт хүлээж аваагүй тул байрны ордер гараагүй. Улсын комисс 2015 оны 2 сард хүлээж авснаар байрны ордер гарсан байдаг. Энэ байрыг балгас байхад нь орж зассан. Засвар хийсэн мөнгөө тооцоод Д.Отгонцэцэгээс би дараа аваад өгье гэж энэ гэрээг хийсэн. Дараа нь Д.Отгонцэцэгтэй уулзаад 120,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Энэ 120,000,000 төгрөгөөс 116,670,000 төгрөг төлөгдсөн. Одоо 3,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2015 оны 10 сард 3,500,000 төгрөг, 2016.02.05-ны өдөр 5,000,000 төгрөг Д.Отгонцэцэг бэлнээр өгсөн. 13,500,000 төгрөгийг өөрийнх нь дансруу шилжүүлсэн. Гэтэл энэ бүгдийг аваагүй гэж гүрийгээд байна. 2014 оноос Д.Отгонцэцэг байрны төлбөрт сард 1,000,000 төгрөг дансаар шилжүүлж байсан. Д.Баатархүүгийн худалдсан байрыг мэргэжлийн хэмжилт хийдэг компаниар хэмжилт хийлгэхэд 98 м.кв биш 88.18 м.кв гэж гарч ирсэн. Хэрэв тохиролцохгүй бол бид м.кв-ийн зөрүүг нэхэмжилнэ. Бид хоёрын дунд өр төлбөрийн асуудал байхгүй тул 120,000,000 төгрөгийн гэрээний төлбөрөө Д.Отгонцэцэгтэй ярих хэрэгтэй. Надад яриад байх зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Д.Отгонцэцэгийн тайлбарт: 2012 онд Д.Баатархүүг би огт таньдаггүй байсан. Анх Д.Баатархүүтэй 2013 оны 7 сард уулзахад байрны 1 давхрын тоосгыг өрж байсан. Байрыг худалдаж авч үйл ажиллагаа явуулъя гэж тохироод урьдчилгаа 30,000,000 төгрөг төлж анхны гэрээг хийсэн. Би Гялс төв дээр хувийн эмнэлэг ажиллуулдаг байсан. Тэндээсээ 2013 оны 11 сард нүүж худалдаж авсан энэ байрандаа орсон. Нүүж ороод бүх засварыг өөрсдөө хийсэн. 200,000,000 төгрөгийн гэрээ хийж засвар шаврын асуудлыг тохиролцохгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн. 2014 оны 120,000,000 төгрөгийн гэрээг хийхдээ энэ байдлыг тохиролцоод гэрээ хийсэн. 120,000,000 төрөгнөөс чиний тооцоог хийнэ шүү гэж хэлсэн. Байрны үнийг дансаар шилжүүлдэг байсан. 8,500,000 төгрөгийг баримтаар авснаа одоо аваагүй гэж байна. Зуруулж өгөөгүй нь миний алдаа болсон байна. 2015 оны 10 сард Д.Баатархүү, Ж.Буянбаатар хоёр манай ажлын өрөөнд орж ирээд одоо мөнгөө өгөхгүй бол зөндөө удлаа гэж ярьсан. Тэр үед улсын комисс хүлээж аваагүй байсан. Хэдийгээр улсын комисс хүлээж аваагүй ч гэсэн байр бариулж байгаа хүнд мөнгө төгрөг хэрэгтэй гээд хамгийн анх 3,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Үүний дараагаас эхлээд мөнгийг дансаар шилжүүлж эхэлсэн. 2019 оны 2 сард Д.Баатархүү нэг хүнтэй орж ирээд Ж.Буянбаатарыг асуугаад өр төлбөртэй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулаад, өгөхгүй бол шүүхдэнэ гэсэн. Боломжоороо төлөөд явж байхад алданги тооцно гэж хүний дургүй хүргэсэн юм яриад байх юм. Би байрных нь доор бүтэн 5 жил эмнэлэг ажиллуулаад байж байхад орж ирж хэлээгүй мөртлөө энэ зэрэгтэй хүргэж байгаад сэтгэл дундуур байна. Би 98 м.кв байрны ашиглалтын зардлыг төлж ирсэн. 2016 оны 8 сард охин бид хоёрын байранд нэрийг чинь оруулна гэж ярьсан талаар би мэдэхгүй юм байна. Өнгөрсөн жилээс мөнгө болохгүй болоод өгсөн мөнгөө аваад байрыг чинь буцааж өгье гэдгээ хэлсэн. Тэр үед боломжоороо дуусгачих гэсэн. Одоо 120,000,000 төгрөгөөс төлбөрөө тооцуулж үлдэгдэл мөнгийг нь төлнө гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Отгонцэцэгээс 137,745,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баатархүүд олгож, үлдэх 9,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонцэцэгээс 846,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Баатархүүд олгож, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Буянбаатараас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Баатархүү нь хариуцагч Ж.Буянбаатараас татгалзсаныг баталж, хариуцагч Ж.Буянбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Отгонцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1717 дугаар магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд, миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа 200,000,000 төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх энэ гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үндэслэх хэсэгтээ бичиж ийнхүү дүгнэсэн нь алдаатай болсон. Учир нь би шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2012 онд Д.Баатархүү надтай байрны гэрээ хийсэн гэжээ, би энэ хүнийг огт таньдаггүй байсан. Би Гялс төв дээр хувийн эмнэлэг ажиллуулдаг байсан ба 2013 оны 6 сард Буянбаатар надтай уулзаж, Дашчойлон хийдийн зүүн талд манай таньдаг хүн байр барьж байгаа юм, би тэр барилгад хайрга, шороо нийлүүлж, зам талбайг нь янзалж өгсөн юм. Тэгтэл хөлсийг бэлнээр нь өгөх боломжгүй байна, энэ байрнаас аваач, дараа нь зөрүүг нь тооцое, одоогоор надад үнэхээр мөнгө алга гэсэн юм, чи үзэх үү гэж санал тавьсны дагуу очиж үзэхэд барилгын зөвхөн 4 хананы тоосго л өрөөтэй, хаалга үүдний нэг нь ч хийгдээгүй байсан. 2013 оны 07 сарын 06-нд байрыг худалдаж авч, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахаар болж, урьдчилгаа 30,000,000 төгрөг бэлнээр төлж Д.Баатархүү өөрийн гараар анхны гэрээг бидэнд бичиж өгсөн. Гэтэл 9 сард ирэхэд бидний гэрээ хийсэн байр засал нэмж хийгдээгүй шал нь тэр чигээрээ цемент цутгасан хэвээрээ, хана нь мөн адил хэвээрээ, хаалга байхгүй байсан. Тэгээд Д.Баатархүүтэй уулзахад бид хүн хүч хүрэхгүй байна, та нар өөрсдөө заслаа хийгээд дуусгаад орчих тэгэх үү, тооцоог нь дараа нь хийнэ, санаа зоволтгүй гэж хэлсний дагуу бид 2013 оны 09 сарын 05-наас 11 сарын 20 хүртэлх хугацаанд заслын бригад хөлслөн бүх заслын ажил тухайлбал, хана таазны замаска, шавар өнгөлгөө, эмульс, шалыг тэгшилж цемент цутган, паркетан шал хийх, гадна болон дотор 2 хаалга, 2 өрөөнд паар, 4 өрөөнд крант тавих, холболт, мөн агааржуулалтын хоолой г.м /- ыг хийсэн ба бүх барилгын материалыг бид өөрсдийн мөнгөөр худалдан авч хийлгэсэн билээ. Уг нь 2014 оны 120,000,000 төгрөгийн гэрээ нь энэ байдлыг буюу засал хийхэд гарсан зардал мөнгөө тохиролцоод хийсэн гэрээ. Байранд хийсэн заслын мөнгө 70 гаруй сая төгрөг болсон учраас 120,000,000 төгрөгөөс чинь чиний тооцоог хийнэ гэж хэлж байсан. 2015 оны 10 сард Д.Баатархүү, Ж.Буянбаатар хоёр манай ажлын өрөөнд орж ирээд Д.Баатархүүд мөнгө хэрэгтэй байна 3,500,000 төгрөгийг бэлнээр өгчих дараа нь байрны төлбөрөөс чинь суутгана гээд өгүүлсэн, мөн 2016 оны 2 сард Герман руу хүүхэд рүүгээ явахад мөнгө яаралтай хэрэгтэй гээд 5,000,000 төгрөгийг Д.Баатархүү бэлнээр авсан. Ингээд нийт 8,500,000 төгрөг авсныг тухайн үед нь гарын үсэг зуруулах гэхэд дараа болое гээд зурж өгөөгүй. Тиймээс би түүнээс хойш 2019.02.01 хүртэлх хугацаанд, сар бүр тохиролцсоны дагуу дансаар шилжүүлдэг болсон. Уг нь 2018 оны зун Д.Баатархүүтэй уулзан өгсөн мөнгөө аваад байрыг чинь буцааж өгье гэдгээ хэлэхэд за яахав, яахав, боломжоороо дуусгачих гэж өөрөө хэлсэн. Ер нь сүүлчийн гэрээ болох 120,000,000 төгрөгөөс тооцуулж үлдэгдэл мөнгийг төлнө гэж хэлсэн болохоос 200,000,000 төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрсөн тухай нэг ч үг хэлээгүй байхад анхан болон давж заалдах шүүх 200,000,000 төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна Ж.Буянбаатар бид хоёрын шүүхэд гаргаж өгсөн Д.Баатархүүгийн өөрийн гараар бичсэн 2013 оны 07 сарын 06-ны анхны гэрээ гэх баримт хэргийн материалаас алга болсон байсныг шүүхийн шийдвэрийг гардаж авахдаа мэдсэн. Энэхүү алга болсон гэрээнд 1 м.кв талбайг 2 сая төгрөгөөр тооцон, 2013 оны 10 сард барилгыг бүрэн ашиглалтад оруулна, ордер авсан цагт үлдсэн мөнгөө боломжоороо дуусгана, мөн 30 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан... гэсэн агуулга байсан. Д.Баатархүү нь дээрх баримтыг бичиж өгөхдөө өөрөө гэрээ гэж дээр нь бичсэн байсан. Энэ баримтыг Д.Баатархүү авч устгасан гэж үзэж байна. Хэргийн нотлох баримт алга болсон асуудлыг анхааралдаа авч хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар болоод байна. Ж.Буянбаатар Д.Баатархүүд түүний гуйлтаар өөрийн сайн танил болох Гэрэлт шинэчлэл ХХК-ийн захирал Эрдэнэчуулганаас 20 тн багтаамжтай машинаар 40 гаруй удаа хайрга авч өгч, дээр нь барилгын зүүн хойд талын замыг янзалж, хогийг нь цэвэрлэж машинаар зөөж асган, түүний барилгын ажилд тусалж байсан тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байсан боловч энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх огт авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлыг мэдэх гэрчүүдийн мэдүүлгийг авч байж хэргийг шийдвэрлүүлмээр байна. Шүүх бичгийн нотлох баримтаас гадна хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгийг мөн адил нотлох баримтаар үнэлэх ёстой гэж үзэж байна. Нэг машин нь 1,500,000 төгрөгийн үнэтэй гэж давж заалдах гомдолдоо бичсэн боловч давж заалдах шатны шүүх 200,000 төгрөг гэж андуурч бичсэн байна. Энэ талаарх баримтыг мөн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрсдийн амаар тайлбар өгсөн. Анхан шатны шүүхэд хайрга шороо нийлүүлсэн 45 сая төгрөг, зам талбай зассаны 30 сая төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгөх гэсэн боловч дээрх компаниуд мөнгөө төлж байж баримт ав гээд гаргаж өгөөгүй. Мөн би шүүхэд хүсэлт гаргаж дээрх компаниас баримт гаргуулж авч болдог гэдгийг мэдээгүй байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Улсын комисс хүлээж аваагүй эрхийн болон биет байдлын доголдолтой байранд ороод түүнд 70 гаруй сая төгрөгийн засал, үйлчилгээ хийснийг мөн адил шүүх хүлээж аваагүй, нотлох баримтаар үнэлээгүй. Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүхээс "Орон сууцанд барилгын заслын ажил хийсэн гэх, доголдолтой байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянбаатар бид хоёр давж заалдах гомдол гаргахдаа хэргийг анхан шатны шүүхээс нь өмгөөлөгчтэйгөөр оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх заавал харгалзаж үзэх ёстой гэж үзэж байна. Мөн иргэн Д.Баатархүүгийн барилга барьсан газар нь Д.Баатархүүгийн газар биш Чингис хаан дээд сургуулийн газар байж таараад одоо Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаж байгаа болно. Уг байрны талбайн хэмжээг 98 м.кв гэж бидэнд өгсөн нь 88.18 м.кв болж өөрчлөгдсөнийг мэргэжлийн байгууллага болох Скай дизайн ХХК-аар хэмжилт хийлгэсэн тухай тайлбарыг өгсөөр атал шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүйд мөн гомдолтой байна. Мөн миний бие талбайн зөрүүтэйгээс болоод 10 орчим м.кв-ийн үнийг бүтэн 6 жил шахам хугацаанд илүү төлж Д.Баатархүүгийн хуурмаг үйлдлээс болж хохирч байгааг шүүх харгалзаж үзээгүй гэж гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдол үндэслэлгүй гэсэн нь мөн учир дутагдалтай нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Д.Баатархүүг байрны талбайн хэмжээг буруу тооцож залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Д.Баатархүү нь анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ж.Буянбаатар нь Баянгол дүүрэгт оршин суудаг тул түүний оршин суугаа хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.Баатархүү нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад Баянгол дүүрэгт оршин суудаг хариуцагч Ж.Буянбаатараас татгалзсан атал тус дүүргийн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч Д.Отгонцэцэг миний бие нь Чингэлтэй дүүрэгт оршин суудаг. Хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх байсан. Шүүхийн энэхүү үйлдлийг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэ байдлыг мөн давж заалдах шатны шүүх зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах төдийгөөр, Ж.Буянбаатарын хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагч нар дахин маргаагүй тул хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг буюу хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн буруу шийдвэр болсон. Мөн миний бие хариуцагч Ж.Буянбаатараас нэхэмжлэгч татгалзсан үед харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах ёстой байсныг мэдээгүй учраас энэ талаар маргах боломж байгаагүй болно. Би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянбаатар нар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд болсон үйл явдлыг үнэнээр хэлж ярьсан. Ж.Буянбаатар бид хоёрын мэдүүлэг тайлбарыг нотлох баримтаар үнэлж шийдвэрээ гаргана гэж бодоод шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон маань бидний алдаа болсон байна. Мөн байрны төлбөрөөс Д.Баатархүүд төлсөн 15 сая төгрөгийн баримтыг банкнаас авах гэсэн боловч банк одоогоор архив ухах боломж байхгүй байна гэсэн учир авч өгч амжаагүй байсан, миний хэлснийг шүүх үнэлэх байх гэж бодсон. Нотлох баримт дутуу байгаа гаргаж өгөх боломжгүй нөхцөлд шүүхэд хүсэлт гарган хурлыг хойшлуулж, нотлох баримтаа гаргаж өгсний дараа шүүх хурлыг хийлгэх боломжтой гэдгийг бид мэдээгүй учраас нэхэмжлэгчид ашигтай байдал бий болгосон байна. Иймд миний болон Ж.Буянбаатар бид хоёр хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас шүүхэд үйл явдлын талаар дутуу дулимаг тайлбар өгч, нотлох баримтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй нь өөрсдийн эсрэг шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1717 магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Баатархүү нь хариуцагч Д.Отгонцэцэг, Ж.Буянбаатар нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 147,495,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Буянбаатараас татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Отгонцэцэгээс 137,745,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баатархүүд олгож, үлдэх 9,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Буянбаатараас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Баатархүү нь хариуцагч Ж.Буянбаатараас татгалзсаныг баталж, хариуцагч Ж.Буянбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Баатархүү нь 2012.09.03-ны өдөр хариуцагч Д.Отгонцэцэгтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, XI хороолол, 25 дугаар байрны 1 давхрын 1 тоот, 98 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Отгонцэцэгт шилжүүлэх, Д.Отгонцэцэг нь 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /I-хх- 6-7,53 /

Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, Д.Отгонцэцэг нь нийт 108,170,000 төгрөгийг Д.Баатархүүд төлсөн, хариуцагчийг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 91,830,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 3.4-т талууд алдангийн талаар тохиролцсон байх тул хариуцагч Д.Отгонцэцэгийг алдангид 45,915,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэснийг 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Д.Отгонцэцэг нь гэрээний үнийн дүнг 120,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлаж үнийг 120,000,000 төгрөгөөр тусгасан 2014.11.15-ны өдрийн гэрээг гаргаж өгсөн, хэрэгт авагдсан 2016.08.31-ний өдрийн баримтад үнийг 250,000,000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг 2012.09.03-ны өдрийн гэрээг үндэслэн гэрээний үнийн дүнг 200,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /I-хх-36,56-57/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Баатархүү нь хариуцагч Ж.Буянбаатараас татгалзсан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд бичлэгийн техникийн шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2 дахь гэснийг ...3 дахь гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Отгонцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,675.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН