Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/01718

 

“ЭАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01614 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЭАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УХ” ХХК, Б.А нарт холбогдох,

Гуравдагч этгээд: Б.М,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, шударга өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгуулах, худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Бадамханд,

Хариуцагч Б.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гантулга,

Гуравдагч этгээд: Б.М,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УХ” ХХК болон иргэн Б.М нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. “ЭАЭЭ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “УХ” ХХК-тай 010014 тоот лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажилласан. Уг гэрээний зорилго нь “ЭАЭЭ” ХХК нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар Компьютер центр цогцолбор барилгын цахилгаан 4 ширхэг лифт, урсдаг шатыг бэлтгэн нийлүүлж, угсарч ашиглалтанд оруулах, түүний ажиллагааны засвар, үйлчилгээг хариуцан ажиллах, “УХ” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс болон бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний үүргийн явцад “УХ” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын 3, 4, 5 дахь хуваарийн дагуух эд хөрөнгүүдийг “ЭАЭЭ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон тул хоёр тал харилцан тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсний үндсэн дээр 010014 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Компьютер центр цогцолборын 12 давхарт байрлах оффисын зориулалттай 1212 тоотод 84 м.кв талбай бүхий ажлын байр, 1213 тоотод 80 м.кв талбай бүхий ажлын байруудыг “ЭАЭЭ” ХХК-ийн өмчлөлд 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор шилжүүлэн өгөхөөр тохирч нэмэлт гэрээг байгуулан улмаар 80 м.кв талбай бүхий Ү-2203036554 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 000590599 тоот гэрчилгээний эх хувийг “ЭАЭЭ” ХХК-ийн захирал Д.Мөнх-Одод өгсөн атлаа Д.Шинэсар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь нь байхгүй байхад иргэн Б.М-д бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн. Дээрх Ү-2203036554 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000590599 тоот гэрчилгээ нь эх хувиараа “ЭАЭЭ” ХХК-ийн захирал Д.Мөнх-Одод байгаа. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар бусдад эд хөрөнгө бэлэглэлээр шилжүүлсэн гэрээ. Б.М  нь тухайн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад өөрийн өмчлөлд байсан Ү-2203036554 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор өөрийн гэр бүлийн хүн болох Б.А-ын өмчлөлд шилжүүлэн дүр үзүүлсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дах хэсэгт заасанчлан хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээг хүчингүй болгож өгнө үү. Сүүлийн байдлаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, 010014 тоот гэрээний дагуу “ЭАЭЭ” ХХК-ийг 1213 тоот 80 м.кв талбай бүхий обьектийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, дээрх өмчлөлийн талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах, Б.А болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “УХ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсар би Б.М-ийн аав болох Н.Батцэрэн болон манай компанийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/18 дугаартай талбай захиалгын гэрээ нь хуурамч дүр үзүүлсэн гэрээ. Н.Батцэрэн нь миний эзэмшилд байсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Компьютер центр худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах 1017, 1019, 1021 тоотод байрлаж байгаа нийт 140 м.кв талбайг лифтний компани буюу “ЭАЭЭ” ХХК-д өгнө гээд булааж авсан. Тэгээд бусдад зараад мөнгийг нь лифтний компанид өгсөн гэж байгаад 01/18 дугаартай талбай захиалгын гэрээг дүр үзүүлэн хуурамчаар хийсэн. Би 12 давхрын 1212, 1213 тоот оффисын өрөөг Н.Батцэрэнд өгөх өр авлагын тооцоогүй учраас шилжүүлэн өгөөгүй 2017 оны 6 сарын 30-ны өдөр 12 давхрын 1213 дугаартай оффисын өрөөг өөрийн “УХ” ХХК-ийн нэр дээр Ү-2203036554 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч өөрийн компанийн өмч гэдгээ баталгаажуулан авсан. “ЭАЭЭ” ХХК-тай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 010014 дугаартай лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлэх гэрээний нэмэлт гэрээ болох 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн дагуу “ЭАЭЭ” ХХК-д 2013 тоотын 80 м.кв талбайг шилжүүлэхээр тохирч үл хөдлөх гэрчилгээг эх хувиар нь компанийн захирал Д.Мөнх-Одод өгсөн. “УХ” ХХК нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төвийн 13 давхар худалдаа, үйлчилгээний оффисын зориулалттай барилгыг барихаар Компьютер ландын түрээслэгч 40 гаруй иргэдтэй тохиролцож, тэдгээр иргэд хөрөнгө оруулалт хийхээр, ММТТХ холбоог Н.Батцэрэн байгуулж хөрөнгө оруулагч нарын мөнгийг холбоонд төвлөрүүлэн барилгад шаардлагатай хөрөнгийг оруулахаар захиалагч тал болж, Б.М  нь “Сартком” ХХК-ийн нэр дээр ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулсан хэмжээгээр нь захиалгын дагуу талбайг нь хувиарлаж, барилгыг дуусгаж ашиглалтанд оруулсаны дараа хөрөнгө оруулагч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн ажиллаж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ барилга нь нийт 200 гаруй албан байгууллага, иргэдийн хөрөнгөөр боссон. Үүнээс хөрөнгө оруулагч “ЭАЭЭ” ХХК нь уг барилгад ачааны болон оффисын 1-13 давхар хүртэл үйлчлэх цахилгаан лифт, үйлчилгээний талбайн 1-6-р давхар хүртэлх урсдаг шатыг угсарч ашиглалтад оруулахаар манай компанитай 010014 тоот гэрээг байгуулан ажиллаж гэрээний үүргээ бүрэн биелүүлж хүлээлгэн өгснөөр өдийг хүртэл ашиглагдаж тэнд ажиллаж байгаа компани, иргэдэд үйлчилгээг үзүүлсээр байгаа. Б.М  бид хоёрын хооронд байгуулсан 12 давхарт байрлах 1213 тоотын 80 м.кв талбай бүхий оффисын өрөөг бэлэглэсэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ бөгөөд уг гэрээг хүчингүйд тооцож “ЭАЭЭ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч байна. Мөн “ЭАЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамхандын 99124357 дугаарын гар утасруу нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би мессэж бичсэн нь үнэн болно. Яагаад гэвэл Б.М тэр өдрийн өглөө надруу яриад “чи 1213 тоотыг “ЭАЭЭ” ХХК-д өгөх гэлээ” гэж загнахаар нь би “Д.Мөнх-Одод очих нь зөвөө” гэж хэлээд итгэмжлэгдсэн төлөөлөгчрүү нь өөрийн гар утаснаасаа мессэж бичсэн. Ер нь Н.Батцэрэн, Б.М бидний хооронд хийж байсан дүр үзүүлсэн гэрээ хэд хэд бий. Эдгээр бидний хоорондох үл ойлголцох байдлаас болоод хөрөнгө оруулагч нар хохирох учиргүй тул “ЭАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот улсын бүртгэлийн Ү-2203036554 дугаартай оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.М-ээс худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан, хууль ёсны өмчлөгч. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Б.М-ийн өмч байсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа шиг Б.М нь өөрийн өмчөө нуун дарагдуулах ямар ч шаардлага байхгүй, ер нь хүн өөрийнхөө өмчийг нуун дарагдуулна гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна, ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагадаа дурдсан байгаа тэмдэгтийн хураамжийг хүчингүй болгох гэж бас юу яриад байгаа нь ойлгомжгүй байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ойлгомжгүй байна, харин ч Б.А нь өнөөдрийг хүртэл өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж чадахгүй олон сар хохирсоор ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”ЭАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх гэрээний хувьд анх 12 биш 13 давхарт өрөө өгөхөөр тохирсон байдаг, ямар нэгэн нэмэлт гэрээ гэх зүйлийг тухайн үед хийж байгаагүй буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 010014 дугаартай нэмэлт гэрээ гэж зүйлийг сүүлд хуурамчаар зохиож байгуулсан гэрээ байгаа учир нэмэлт гэрээг байгуулахдаа өмчлөгчөөс асуухгүйгээр байгуулсан, хүний өмчийг хууль бусаар авах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Тодруулбал миний эцэг болох иргэн Н.Батцэрэн нь “УХ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/18 дугаартай Талбай захиалгын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 1212, 1213 тоот нийт 160 м.кв талбайг нийт 255 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөгийг Ж.Отгонбаяраас дансруу шилжүүлсэн, түүнчлэн Н.Батцэрэн нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 001 дугаартай талбай захиалгын гэрээг “Квант сервис” ХХК-ийн захирал Ж.Отгонбаяртай байгуулж, энэхүү гэрээгээр 010014 дугаартай гэрээний лифтний үлдэгдэл 105 000 000 төгрөгийг Ж.Отгонбаяр нь нэхэмжлэгч байгууллага руу шилжүүлж, оронд нь ММТТХ холбооны өмчлөлийн талбайгаас 8 давхарт 186 м.кв талбайг авахаар харилцан тохиролцсон байдаг. Гэрээний дагуу Ж.Отгонбаяр нь нэхэмжлэгч байгууллагаруу 105 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн, гэхдээ би 8 давхарт талбай авахаа болилоо мөнгөө буцааж авья гэсний дагуу Ж.Отгонбаярт 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 45 000 000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сард 30 000 000 төгрөгийг, 20 000 000 төгрөг тооцож 7018 тоот оффисын өрөөг Ж.Отгонбаяр руу шилжүүлсэн, мөн үлдэгдэл 10 000 000 төгрөгт ашиглалтын зөрүү гээд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тооцоог дуусгасан. Иймд Б.М миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот 80 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч нь бөгөөд “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсар нь “ЭАЭЭ” ХХК-тай хуйвалдаж, “УХ” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд өөр олон хэрэг маргаанд дээрх байдлаар хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн асуудал байгаа, эхнээсээ шүүхээс буцсан хэргүүд байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот улсын бүртгэлийн Ү-2203036554 дугаартай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.М-ээс худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, өмчлөлдөө шилжүүлсэн, хууль ёсны өмчлөгч. Б.А нь өөрийн өмчлөлийн 1213 тоот оффисын өрөөг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш огт ашиглаагүй, ашиглаж чадаагүй учир нь “ЭАЭЭ” ХХК нь 1213 тоот өрөөнд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хаалганы цоож, цуургыг сольж миний өмчлөх эрхэд саад учруулж байна. Дээрх нөхцөл байдлын талаар Б.М нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй оффисын өрөөг ашиглаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст аль хэдийн хандсан байсан, мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанийг оффисын өрөөнөөс албадан гаргуулах шаардлага гаргасан, шийдвэрийг хүлээж байна. Иймд “ЭАЭЭ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Б.А-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот өрөөг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг 80 м.кв талбай бүхий өрөөг “УХ” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө дүр үзүүлсэн гэрээ байгуулан хариу төлбөргүйгээр шилжүүлсэн гэдгээ шүүхэд гаргасан хүсэлт, тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Мөн өөрийн эцэг Н.Батцэрэн нь “УХ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/18 тоот талбай захиалгын гэрээг байгуулж 1212, 1213 тоот өрөөг авахаар тохирсон төлбөрийг шилжүүлсэн гэх баримт байхгүй байна. Ж.Отгонбаяр лифтний мөнгө шилжүүлсэн гэх боловч угсарч, суурилуулж ашиглалтанд хүлээлгэн өгсөн “ЭАЭЭ” ХХК-д Н.Батцэрэн, “УХ” ХХК, иргэн Б.М нараас лифтний төлбөр гэж 150 сая төгрөг шилжүүлээгүй. Н.Батцэрэн нь “УХ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/18 тоот талбай захиалгын гэрээний үүргээ биелүүлээгүй учраас түүний өмчлөлд 12 давхрын 1213 тоотын 80 м.кв талбай бүхий өрөөг шилжүүлэлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “УХ” ХХК өөрийн өмчлөлдөө Ү-2203036554 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх нь эдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь цуцлагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс “УХ” ХХК болон иргэн Б.М  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хариуцагч “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсарын хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байна. Иргэн Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 010014 тоот нэмэлт гэрээг байгуулахдаа өмчлөгчийн зөвшөөрөлгүй байгуулсан байна гэжээ. Тухайн үед тухайлбал 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уг нэмэлт гэрээг байгуулахад иргэн Б.М уг талбайг шилжүүлэх гэрээ хийгдээгүй байснаас гадна “УХ” ХХК-ийн нэр дээр дуусаагүй барилгын бүртгэлтэй байсан байх бөгөөд маргаж буй обьект нь хөрөнгө оруулагч нарт салган бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хөрөнгө оруулагч нарт шилжих байсан. Уг обьект нэмэлт гэрээний дагуу “ЭАЭЭ” ХХК-ийн зүгээс шилжүүлэхийг удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 9 дүгээр сард “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсар нь 1212 тоот 84 м.кв талбайн хамт танай компанийн нэр дээр шилжүүлж өгнө хүлээж бай гэж хэлээд 1213 тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий оффисын өрөөний Ү-2203036554 улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000590599 дугаартай гэрчилгээг Эх хувиар нь “ЭАЭЭ” ХХК-ийн захирал Д.Мөнх-Одод өгсөн. Улмаар “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсараас шилжүүлэн авахаар шаардахад Д.Шинэсар нь иргэн Б.М-д дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн тухайгаа хэлж 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1 хувийг 2018 оны 2 дугаар сард өгснөөр “ЭАЭЭ” ХХК-ийн зүгээс уг гэрээ нь компанийн эрх ашгийг хөндсөн байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж гэрээг хүчингүй болгож өгнө үү. Б.А нь “ЭАЭЭ” ХХК-иас Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот оффисын өрөөг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Б.М нь иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд өөрийн өмчлөлд байсан маргааны гол эд хөрөнгө болох Ү-2203036554 улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн гэр бүлийн хүн Б.А-д хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор дүр үзүүлсэн гэрээ байгуулан шилжүүлсэн. Тиймээс зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр уг гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УХ” ХХК, Б.А нарт холбогдуулан гаргасан, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу гудамж 54 дүгээр байр, 12 давхрын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгуулах, Б.А болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Б.А-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу гудамж 54 дүгээр байр, 12 давхрын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 077 900 төгрөг, мөн гуравдагч этгээд Б.М-ээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.А-оос төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Маргаж буй объектыг "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсар нь Б.М-д бэлэглэхдээ түүний аав Н.Батцэрэнтэй 2016 оны 5 сарын 02-ны өдрийн 01/18 тоот талбай захиалгын гэрээний дагуу Б.М-д шилжүүлсэн бөгөөд улмаар Б.М нь өөрийн гэр бүлийн хүн Б.А-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна гэж дүгнэж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Лифтний мөнгийг “ЭАЭЭ” ХХК-д өгсөн гээд миний эзэмшилд байсан Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд байрлах "Компьютер центр" худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 140 м.кв талбайг булааж аваад 2016 оны 5 сарын 02-ны өдөр 01/18 тоот талбай захиалгын гэрээг дүр үзүүлэн хуурамчаар хийсэн юм гэсэн 2018 оны 8 сарын сарын 08-ны өдөр хариуцагч "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсарын тайлбар, гэрч Ж.Отгонбаяр Н.Батцэрэн лифтний мөнгө гэж хувиасаа нэг ч төгрөг төлөөгүй, хөрөнгө оруулагч нарын талбай захиалж, худалдаж авсан мөнгөнөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн надаар дамжуулан “ЭАЭЭ” ХХК-д цувуулан төлсөн. Тэр шилжүүлсэн мөнгөнүүд нь Д.Шинэсараас авсан талбайнуудыг зарж төлсөн гэсэн мэдүүлэг. Мөн хариуцагч Д.Шинэсар буюу бэлэглэгч өөрөө Б.М-тэй байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хуурамчаар үйлдсэн гэрээ тул уг гэрээг хүчингүй болгож “ЭАЭЭ” ХХК-д шилжүүлж өгөхийг хүссэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэргээс харахад Н.Батцэрэн болон "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсар нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсар болон Б.М нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг хариуцагч "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсар үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-д заасны дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсар нь бэлэглэгч этгээд, бэлэглэгч өөрөө шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа "Б.М бидний хоорондох бэлэглэлийн гэрээ хуурамч, дүр үзүүлсэн гэрээ, би өөрийн хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор шилжүүлсэн" гэж нотлохоос өөр ямар бичмэл баримтаар нотлох вэ. Тиймээс бэлэглэгчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нотлох баримт мөн болно. Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1дэхь хэсэгт заасны дагуу "...1213 тоот талбай бүхий эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгч Б.А-д үүссэн бөгөөд гуравдагч этгээд Б.М, хариуцагч Б.А нар нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар маргаж буй объектыг “ЭАЭЭ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. "УХ" ХХК-ийн захирал Д.Шинэсар нь “ЭАЭЭ” ХХК-тай байгуулсан лифт, урсдаг шатны угсралт, үйлчилгээний гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “ЭАЭЭ” ХХК-ийн өмчлөлд маргаж буй объектыг шилжүүлэхээр болж "УХ" ХХК-ийн Ү-2203036554 улсын бүртгэл бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгч улмаар өмчлөлд нь 2017 оны 5 дугаар сард шилжүүлэн өгөхөөр тохирсон гэрээний өөрчлөлт хийсэн. Уг гэрээг зөрчиж Д.Шинэсар нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, хянан хэлэлцэж байх явцад 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.М нь өөрийн гэр бүлийн хүн Б.А-д худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн байсан. Тухайн үед маргаж буй объект нь "УХ" ХХК-ийн өмчлөлд байсан болно. Б.А-д хэдэн төгрөгөөр худалдсан нь тодорхойгүй, хавтаст хэрэгт худалдан авсан тухай мөнгө төлсөн баримт авагдаагүй. Тиймээс "УХ" ХХК болон “ЭАЭЭ” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 01 дүгээр сард байгуулагдаж, гэрээний үнийн дүнд "УХ" ХХК өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө шилжүүлэх гэрээг түрүүлж байгуулсан байх бөгөөд харин эсрэгээрээ Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар маргаж буй объект ЭАЭЭ" ХХК-ийн өмчлөлд шилжих нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шинжлэн судалж зохих хууль тогтоомжийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК нь хариуцагч “УХ” ХХК, Б.А нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, шударга өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгуулах, худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч “УХ” ХХК зөвшөөрч, хариуцагч Б.А эс зөвшөөрөн, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК нь 2016 оны 1 сарын 16-ны өдөр хариуцагч “УХ” ХХК-тай лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамж 19, 21, 21Б газарт баригдаж буй оффис, үйлчилгээний Их тойруу 54 тоот барилга байгууламжид зураг төслийн дагуу лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх,

Хариуцагч “УХ” ХХК гэрээний төлбөрт нийт 825 000 000 төгрөг төлөхөөс 395 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх төлбөрт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ар и си” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 78,95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 37,53 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Компьютер центр төвийн 13 давхарт байрлах 110 м.кв талбайтай оффисын зориулалттай ажлын байрыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /1 дүгээр хх-ийн 8-15 дугаар тал/

Талууд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Компьютер центр төвийн 13 давхарт байрлах 110 м.кв талбайтай оффисын зориулалттай ажлын байрыг 12 давхарт байрлах оффисын зориулалттай 1212 тоот 84 м.кв, 1213 тоот 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр сольжээ. /1 дүгээр хх-ийн 17 дугаар тал/

Гэвч хариуцагч “УХ” ХХК нь нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/18 дугаар гэрээгээр Компьютер центр төвийн 12 давхарт байрлах оффисын зориулалттай 1212 тоот 84 м.кв, 1213 тоот 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 255 000 000 төгрөгөөр иргэн Н.Батцэрэнд худалдаж, Н.Батцэрэн нь 255 000 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар, талбай захиалгын гэрээ, дансны хуулгаар тогтоогдсон, тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна. /1 дүгээр хх-ийн 48-49, 56-58 дугаар тал/

Ийнхүү Компьютер центр төвийн 12 давхарт байрлах оффисын зориулалттай 1212 тоот 84 м.кв, 1213 тоот 80 м.кв талбайг худалдан авсан Н.Батцэрэн нь өөрийн өмчлөх эрхийг охин Б.М-д шилжүүлэхээр хүссэний дагуу хариуцагч “УХ” ХХК нь бэлэглэлийн гэрээгээр Б.М-д шилжүүлж, Б.М нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ 2017 оны 8 сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036554 дугаарт бүртгүүлж өмчлөгч болжээ. Улмаар Б.М 2018 оны 9 сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 1213 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.А-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 22, 249-250, 2 дугаар хх-ийн 29, 36, 116 дугаар тал/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1213 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.М өмчлөх эрхтэйг бүртгэсэн улсын бүртгэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч байгаа Б.А-ын өмч нь үнэн зөв юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 тоот барилгын 12 давхрын 1213 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.А болсон нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, шударга өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгах, худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ. 

Нөгөө талаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.А болох нь тогтоогдсон, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд эзэмшилдээ авсан худалдан авагчид давуу эрх олгохыг зохицуулсан Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар өөрийн өмчлөлийн зүйл болох 1213 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.А нь нэхэмжлэгч “ЭАЭЭ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01614 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 077 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                               Г.ДАВААДОРЖ