Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1614

 

 

 

 

 

 

   2019 оны 07 сарын 29 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01614

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Э А Э Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “У Х ” ХХК,

Хариуцагч: Б.А нарт холбогдох,        

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.М

Шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгах, Б.А  болон Б.М  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 “Э А Э Э ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Б.А ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр төвийн оффисийн 1213 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагч Г.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантулга, гуравдагч этгээд Б.М , түүний өмгөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “У Х ” ХХК болон иргэн Батцэрэнгийн Мөнхшүр /Рег:ЦЗ87080262/ нарын хооронд 2017 оны 8-р сарын 25-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь: “Э А Э Э ” ХХК нь 2016 оны 1-р сарын 18-ны өдөр “У Х ” ХХК-тай 010014 тоот “Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан ажилласан. Уг гэрээний зорилго нь “Э А Э Э ” компани нь Сүхбаатар дүүрэг 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар Компьютер центр цогцолбор барилгын цахилгаан 4 ширхэг лифт, урсдаг шатыг бэлтгэн нийлүүлж, угсарч ашиглалтанд оруулах, түүний ажиллагааны засвар, үйлчилгээг хариуцан ажиллах, “У Х ” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс болон бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний үүргийн явцад “У Х ” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын 3, 4, 5 дахь хуваарийн дагуух эд хөрөнгүүдийг “Э А Э Э ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон тул хоёр тал харилцан тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэний үндсэн дээр 010014 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Компьютер центр цогцолборын 12-р давхарт байрлах оффисын зориулалттай 1212 тоотод 84м2 талбай бүхий ажлын байр, 1213 тоотод 80м2 талбай бүхий ажлын байруудыг “Эс Ай Эс Эс” ХХК-ийн өмчлөлд 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор шилжүүлэн өгөхөөр тохирч нэмэлт гэрээг байгуулан улмаар 80м2 талбай бүхий Ү-2203036554 улсын бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 000590599 тоот гэрчилгээний “ЭХ” хувийг “Э А Э Э ” ХХК-ийн захирал Д.Мөнх-Од өгсөн атлаа Д.Шинэсар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор 2017 оны 8-р сарын 25-ны өдөр Өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь нь байхгүй байхад иргэн Б.М д бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн байна.

            Дээрх Ү-2203036554 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000590599 тоот гэрчилгээ нь эх хувиараа “Э А Э Э ” ХХК-ийн захирал Д.Мөнх-Одод хадгалагдаж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар “хууль бусаар” бусдад эд хөрөнгө бэлэглэлээр шилжүүлсэн гэрээ байх тул уг гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэх болсон.

            1. У Х  ХХК болон иргэн Б.М  нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага хэвээр, 2. 010014 тоот гэрээний дагуу Э А Э Э  ХХК-ийг 1213 тоот 80 м.кв талбай бүхий обьектийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, 3. Дээрх өмчлөлийн талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах гэж нэмэгдүүлсэн байсан боловч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М  нь тухайн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад өөрийн өмчлөлд байсан Ү-2203036554 Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор өөрийн гэр бүлийн хүн болох Б.А ын өмчлөлд шилжүүлэн дүр үзүүлсэн “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулан шилжүүлсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1; 56.1.2 дахь хэсэгт заасанчлан хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн.

           Сүүлийн байдлаар

           1. 2017 оны 8-р сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах,

           2. 010014 тоот гэрээний дагуу Э А Э Э  ХХК-ийг 1213 тоот 80 м.кв талбай бүхий обьектийн шударга өмчлөгчөөр тогтоолгох,

           3. Дээрх өмчлөлийн талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах,

           4. Б.А  болон Б.М  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар 2018 оны 03 сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан Э А Э Э  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Өөрийн компанийн өмчлөлд байсан СБД-ийн 9 дүгээр хороо, 7-р хороолол Их тойруу гудамж 54-р байрны 12-р давхарын 1213 тоот хаягт байрладаг 80 м.кв талбайтай оффисын зориулалттай Ү-2203036554 Улсын бүртгэлд бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000590599 дугаартай гэрчилгээг эх хувиар нь Э А Э Э  ХХК-ийн захирал Д.Мөнх-Одод “Танай компанийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгнө” гээд тохирсон нь үнэн болно. Мөн өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн нь үнэн болно. Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж /хх-ийн 32 дахь талд/,

Хариуцагч У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар 2018 оны 04 сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт-тайлбартаа: Манай компани нь Э А Э Э  ХХК-тай 2016 оны 1-р сарын 18-ны өдөр 010014 тоот Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулан ажилласан бөгөөд уг гэрээний 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу Э А Э Э  ХХК-ийн өмчлөлд СБДүүрэг 9 дүгээр хороо, 7-р хороолол Их тойруу гудамж 54-р байрны 12-р давхарын 1213 тоот хаягт байрладаг 80 м.кв талбай бүхий оффисын талбайг шилжүүлэхээр тохирсон болно. Манай зүгээс гэрээний үүргээ зөрчиж У Х  ХХК-ийн өмчлөлд буй Ү-2203036554 улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ 2017 оны 8-р сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Батцэрэнгийн Мөнхшүрд өөрийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор шилжүүлсэн. Иргэн Б.М  болон манай байгууллагын хооронд байгуулагдсан 2017 оны 8-р сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор Б.М ийн хууль ёсны эрх зөрчигдөхгүй болно. Учир нь: Эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүйгээр шилжигддэг учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.5-д зааснаар талууд нь хэлцлээр шилжүүлсэн эд зүйлээ харилцан буцаан өгөх тул Б.М  нь манай компанид шилжүүлэн өгөх зүйлгүй. Тиймээс дээрхи бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор бусдын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байх үр дагавар үүсэхгүй болно. Харин бидний хоорондох бэлэглэлийн гэрээний улмаас Э А Э Э  ХХК-ийн өмчлөх эрх нь шууд зөрчигдөж байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж /хх-ийн 34 дэх талд/,

Хариуцагч У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар 2018 оны 08 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Э А Э Э  ХХК, иргэн Б.М ийн сөрөг нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар би Б.М ийн аав болох Н.Батцэрэн болон манай компанийн хооронд байгуулагдсан 2016 оны 05-р сарын 02-ны өдрийн 01\18 дугаартай “Талбай захиалгын гэрээ” нь хуурамч дүр үзүүлсэн гэрээ байгаа юмаа. Н.Батцэрэн нь миний эзэмшилд байсан Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах Компьютер центр худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт байрлах 1017, 1019, 1021 тоотод байрлаж байгаа нийт 140 м.кв талбайг лифтний компани буюу Э А Э Э  ХХК-д өгнө гээд булааж авсан. Тэгээд бусдад зараад мөнгийг нь лифтний компанид өгсөн гэж байгаад 01\18 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-г дүр үзүүлэн хуурамчаар хийсэн юм. Би 12-р давхарын 1212, 1213 тоот оффисын өрөөг Н.Батцэрэнд өгөх өр авлагын тооцоогүй учраас шилжүүлэн өгөөгүй 2017 оны 06 сарын 30-ны өдөр 12-р давхарын 1213 дугаартай оффисын өрөөг өөрийн У Х  компаний нэр дээр Ү-2203036554 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч өөрийн компаний өмч гэдгээ баталгаажуулан авсан болно. Тэгээд Э А Э Э  ХХК-тай байгуулсан 2016 оны 1-р сарын 18-ны өдрийн 010014 дугаартай “Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлэх гэрээний нэмэлт гэрээ болох 2017 оны 04-р сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн дагуу Э А Э Э  ХХК-д 2013 тоотын 80 м.кв талбайг шилжүүлэхээр тохирч үл хөдлөх гэрчилгээг эх хувиар нь компанийн захирал Д.Мөнх-Одод өгсөн билээ. Манай компанийн буюу У Х  ХХК нь Сүхбаатар дүүрэг 9-р хороо, 7-р хороолол Их тойруу 54-р барилга болох Компьютер худалдааны төвийн 13 давхар худалдаа, үйлчилгээний оффисын зориулалттай барилгыг барихаар Компьютер ландын түрээслэгч 40 гаруй иргэдтэй тохиролцож, тэдгээр иргэд хөрөнгө оруулалт хийхээр, ММТТХХолбоог Н.Батцэрэн байгуулж хөрөнгө оруулагч нарын мөнгийг холбоонд төвлөрүүлэн барилгад шаардлагатай хөрөнгийг оруулахаар захиалагч тал болж, Б.М  нь Сартком ХХК-ийн нэр дээр ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулсан хэмжээгээр нь захиалгын дагуу талбайг нь хувиарлаж, барилгыг дуусгаж ашиглалтанд оруулсаны дараа хөрөнгө оруулагч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээцгээн ажиллаж 2017 оны 01-р сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн болно. Энэ барилга нь нийт 200 гаруй албан байгууллага, иргэдийн хөрөнгөөр боссон. Үүнээс хөрөнгө оруулагч Э А Э Э  ХХК нь уг барилгад ачааны болон оффисын 1-13-р давхар хүртэл үйлчлэх цахилгаан лифт, үйлчилгээний талбайн 1-6-р давхар хүртэлх урсдаг шатыг угсарч ашиглалтад оруулахаар манай компанитай 010014 тоот гэрээг байгуулан ажиллаж гэрээний үүргээ бүрэн биелүүлж хүлээлгэн өгснөөр өдийг хүртэл ашиглагдаж тэнд ажиллаж байгаа компани, иргэдэд үйлчилгээг үзүүлсээр байгаа болно. Тиймээс иргэн Б.М  бид хоёрын хооронд байгуулсан 12-р давхарт байрлах 1213 тоотын 80 м.кв талбай бүхий оффисын өрөөг бэлэглэсэн 2017 оны 08-р сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ бөгөөд уг гэрээг хүчингүйд тооцож Э А Э Э  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч байна. Мөн Э А Э Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамхандын 99124357 дугаарын гар утасруу нь 2018 оны 05-р сарын 01-ний өдөр би мессэж бичсэн нь үнэн болно. Яагаад гэвэл Б.М  тэр өдрийн өглөө надруу яриад Чи 1213 тоотыг Э А Э Э  ХХК-д өгөх гэлээ гэж загнахаар нь би Д.Мөнх-Одод очих нь зөвөө гэж хэлээд итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү нь өөрийн гар утаснаасаа мессэж бичсэн. Ер нь Н.Батцэрэн, Б.М  бидний хооронд хийж байсан дүр үзүүлсэн гэрээ хэд хэд бий. Эдгээр бидний хоорондох үл ойлголцох байдлаас болоод хөрөнгө оруулагч нар хохирох учиргүй тул Э А Э Э  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ./хх-ийн 115-116 дахь талд/                                                            .

           Хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А  нь Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Их тойруу, “Компьютер центр” цогцолбор барилгын 12 давхарын 1213 тоот улсын бүртгэлийн Ү-2203036554 дугаартай оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.М ээс “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу авсан, хууль ёсны өмчлөгч юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Б.М ийн өмч байсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаад байгаа шиг Б.М  нь өөрийн өмчөө нуун дарагдуулах ямар ч шаардлага байхгүй, ер нь хүн өөрийнхөө өмчийг нуун дарагдуулна гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна, ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагадаа дурьдсан байгаа тэмдэгтийн хураамжийг хүчингүй болгох гэж бас юу яриад байгаа нь ойлгомжгүй байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ойлгомжгүй байна, харин ч Б.А  нь өнөөдрийг хүртэл өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж чадахгүй олон сар хохирсоор ирсэн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, үндэслэлгүй байна гэв.

            Хариуцагч Б.А  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А  нь Сүхбаатар дүүрэг, 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхарын 1213 тоот улсын бүртгэлийн Ү-2203036554 дугаартай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.М ээс Худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, өмчлөлдөө шилжүүлсэн, хууль ёсны өмчлөгч юм. Б.А  нь өөрийн өмчлөлийн 1213 тоот оффисын өрөөг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш огт ашиглаагүй, ашиглаж чадаагүй учир нь Э А Э Э  ХХК нь 1213 тоот өрөөнд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хаалганы цоож, цуургыг сольж миний өмчлөх эрхэд саад учруулж байна. Дээрх нөхцөл байдлын талаар Б.М  нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй оффисын өрөөг ашиглаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст аль хэдийн хандсан байсан, мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанийг оффисын өрөөнөөс албадан гаргуулах шаардлага гаргасан, шийдвэрийг хүлээж байна. Иймд Э А Э Э  ХХК-ийн хууль бус эзэмшлээс Б.А ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхарын 1213 тоот өрөөг албадан чөлөөлж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг 80 м.кв талбай бүхий өрөөг У Х  ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө дүр үзүүлсэн гэрээ байгуулан хариу төлбөргүйгээр шилжүүлсэн гэдгээ шүүхэд гаргасан хүсэлт, тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Мөн өөрийн эцэг Н.Батцэрэн нь У Х  ХХК-тай 2016 оны 5-р сарын 02-ны өдөр 01\18 тоот “Талбай захиалгын гэрээ”-г байгуулж 1212, 1213 тоот өрөөг авахаар тохирсон төлбөрийг шилжүүлсэн гэх баримт байхгүй байна. Ж.Отгонбаяр лифтний мөнгө шилжүүлсэн гэх боловч угсарч, суурилуулж ашиглалтанд хүлээлгэн өгсөн Э А Э Э  ХХК-д Н.Батцэрэн, У Х  ХХК, иргэн Б.М  нараас лифтний төлбөр гэж 150 сая төгрөг шилжүүлээгүй байна. Н.Батцэрэн нь У Х  ХХК-тай 2016 оны 5-р сарын 02-ны өдөр 01\18 тоот Талбай захиалгын гэрээний үүргээ биелүүлээгүй учраас түүний өмчлөлд 12-р давхарын 1213 тоотын 80 м.кв талбай бүхий өрөөг шилжүүлэлгүйгээр 2017 оны 6-р сарын 30-ны өдөр У Х  ХХК өөрийн өмчлөлдөө Ү-2203036554 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх нь эдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь цуцлагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс У Х  ХХК болон иргэн Б.М  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8-р сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хариуцагч У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсарын хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байна. Иргэн Б.М  нь 2018 оны 5-р сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 1-р сарын 18-ны өдрийн 010014 тоот нэмэлт гэрээг байгуулахдаа өмчлөгчийн зөвшөөрөлгүй байгуулсан байна гэжээ. Тухайн үед тухайлбал 2017 оны 4-р сарын 25-ны өдөр уг нэмэлт гэрээг байгуулахад иргэн Б.М  уг талбайг шилжүүлэх гэрээ хийгдээгүй байснаас гадна У Х  ХХК-ийн нэр дээр дуусаагүй барилгын бүртгэлтэй байсан байх бөгөөд маргаж буй обьект нь хөрөнгө оруулагч нарт салган бүртгэгдэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хөрөнгө оруулагч нарт шилжих байсан. Уг обьект нэмэлт гэрээний дагуу Э А Э Э  ХХК-ийн зүгээс шилжүүлэхийг удаа дараа шаардсаны эцэст 2017 оны 9-р сард У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар нь “1212 тоот 84 м.кв талбайн хамт танай компаний нэр дээр шилжүүлж өгнө хүлээж бай” гэж хэлээд 1213 тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий оффисын өрөөний Ү-2203036554 улсын дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000590599 дугаартай гэрчилгээг Эх хувиар нь Э А Э Э  ХХК-ийн захирал Д.Мөнх-Одод өгсөн байна. Улмаар У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсараас шилжүүлэн авахаар шаардахад Д.Шинэсар нь иргэн Б.М д дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн тухайгаа хэлж 2017 оны 8-р сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1%-ийг 2018 оны 2-р сард өгснөөр Э А Э Э  ХХК-ийн зүгээс уг гэрээ нь компаний эрх ашгийг хөндсөн “байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл” байх тул хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тиймээс дээрхи нөхцөл байдлуудыг судлан үзэж гэрээг хүчингүй болгож өгнө үү.

           Б.А  нь Э А Э Э  ХХК-аас Сүхбаатар дүүрэг 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхарын 1213 тоот оффисын өрөөг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Учир нь: Б.М  нь Иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд өөрийн өмчлөлд байсан маргааны гол эд хөрөнгө болох Ү-2203036554 улсын бүртгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн гэр бүлийн хүн Б.А од хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор дүр үзүүлсэн гэрээ байгуулан шилжүүлсэн байна. Тиймээс зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр уг гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Б.М , түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э А Э Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь: “Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хувьд анх 12 биш 13 давхарт өрөө өгөхөөр тохирсон байдаг, ямар нэгэн нэмэлт гэрээ гэх зүйлийг тухайн үед хийж байгаагүй буюу 2016 оны 01-р сарын 18-ны өдөр 010014 дугаартай нэмэлт гэрээ гэж зүйлийг сүүлд хуурамчаар зохиож байгуулсан гэрээ байгаа учир нэмэлт гэрээг байгуулахдаа өмчлөгчөөс асуухгүйгээр байгуулсан, хүний өмчийг хууль бусаар авах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Тодруулбал миний эцэг болох иргэн Н.Батцэрэн нь “У Х ” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01/18 дугаартай “Талбай захиалгын гэрээ” байгуулж, энэхүү гэрээгээр 1212, 1213 тоот нийт 160 мкв талбайг нийт 255.000.000 /хоёр зуун тавин таван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг Ж.Отгонбаяраас данс руу шилжүүлсэн /Ж.Отгонбаяр энэхүү гэрээний 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалтын дагуу төлбөр тооцоонд хяналт тавьж ажиллах үүрэгтэй тул мөнгийг өөрийн данс руу авч шилжүүлсэн/, түүнчлэн Н.Батцэрэн нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 001 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-г “Квант Сервис” ХХК-ийн захирал Ж.Отгонбаяртай байгуулж, энэхүү гэрээгээр 010014 дугаартай гэрээний лифтний үлдэгдэл 105.000.000 /нэг зуун таван сая/ төгрөгийг Ж.Отгонбаяр нь нэхэмжлэгч байгууллага руу шилжүүлж, оронд нь ММТТХХолбооны өмчлөлийн талбайгаас 8 давхарт 186 мкв талбайг авахаар харилцан тохиролцсон байдаг. Ингээд гэрээний дагуу Ж.Отгонбаяр нь нэхэмжлэгч байгууллага руу 105.000.000 /нэг зуун таван сая/ төгрөгийг бүрэн шилжүүлсэн, гэхдээ би 8 давхарт талбай авахаа болилоо мөнгөө буцааж авья гэсний дагуу Ж.Отгонбаярт 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 30.000.000 /гучин сая/ төгрөгийг, 20.000.000 /хорин сая/ төгрөг тооцож 7018 тоот оффисын өрөөг Ж.Отгонбаяр руу шилжүүлсэн, мөн үлдэгдэл 10.000.000 /арван сая/ төгрөгт ашиглалтын зөрүү гээд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тооцоог дуусгасан байдаг. Иймд Б.М  миний бие Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот 80 мкв талбайн хууль ёсны өмчлөгч нь бөгөөд “У Х ” ХХК-ийн захирал Д.Шинэсар нь “Э А Э Э ” ХХК-тай хуйвалдаж байна, “У Х ” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд өөр олон хэрэг маргаанд дээрх байдлаар хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн асуудал байгаа, эхнээсээ шүүхээс буцсан хэргүүд байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ У Х  ХХК-ийн захирал н.Шинэсар гэдэг хүн нэлээн хэдэн объектыг хоёр, гурван хүмүүст давхар, давхар зараад ийм асуудал үүсгэсэн. Энэ давхар зарсан асуудлыг би яаж тайлбарлаж байна вэ гэхээр эдний гол нотлох баримт болоод байгаа Э А Э Э  ХХК болон У Х  нарын хооронд хийсэн 010014 тоот гэрээ байгаа. Энэний төлбөр тооцоонд 110 метр талбай бүхий оффисын зориулалтын талбайг хүлээлгэн өгнө гээд бичсэн байдаг. Манай яриад байгаа маргааны объект 80 м.кв юм. Тэгэхэд эд нар 110 м.кв гээд өөр талбай ярьдаг. Тэгэхээр метр квадрат нь зөрдөг. Хоёрдугаарт, энэ яриад байгаа гол нөхцөл болох Э А Э Э , У Х  хоёрын хооронд хийсэн гэрээ нь хамгийн арын хуудсын схем дээрээ 13 давхарт өгнө гээд баталсан байдаг. Гэтэл 12 давхарт авна гэж тохирсон гээд дайраад байдаг. Яагаад гэвэл Д.Шинэсар нь олдохоо байсан, нэг өрөөг олон хүнд хоёр, гурваар нь зарсан. Бид нар 13 давхарт өрөө авахаар тохирсон байна, манайх руу халдаж болохгүй гэж тайлбарлахаар, ийм нэмэлт гэрээ хуурамчаар хийчихсэн. Энэ нэмэлт гэрээгээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээгээ Э А Э Э , У Х  хоёр компани хоорондоо хийсэн байдаг. Хоёрдугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд энэ гэрээ байгаа. Энэ гэрээн дээр хэд хэдэн зүйл байгаа. Анхны 13 давхараа анх авахаар тохирсон энийгээ л бариад байгаа юм. Энэ гэрээн дээр болохоор 3 тал баталсан байдаг. Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо, Э А Э Э  ХХК, У Х  ХХК гээд энэ 3 компани хийж баталсан гэрээ байхад нэмэлт өөрчлөлт оруулахаар бол энэ 3 компани л нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Энэ гэрээ нэгдүгээр хавтаст хэргийн 48-52 дугаар хуудсанд байгаа. Үүн дээр 2 талт гэрээ гэдэг нь харагдана. Нэмэлт гэрээндээ 12 давхарын гээд өөрчлөлт оруулаад ирдэг. Тэгэнгүүт нэмэлт гэрээн дээрээ Э А Э Э  ХХК, У Х  ХХК хоёр л гэрээ байгуулсан. Яагаад гэвэл хуурамчаар нөхөж хийсэн. Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо нь зөвшөөрөхгүй учраас, энэ хуйвалдаанд нь оролцоогүй учраас энэ дээр байхгүй. 2017.04.25-ны өдрийн гэрээг жинхэнэ гэрээ байлаа гэж үзье, тэгвэл 2017.04.25-наас өмнө 2013.05.02-ны өдөр гуравдагч этгээд Мөнхшүрийн аав Батцэрэнтэй 01/18 дугаартай талбай захиалгын гэрээ байгуулсан байдаг. Энэ талбай захиалгын гэрээгээр У Х  ХХК нь маргаад байгаа 1212 тоот болон 1213 тоотыг Батцэрэн гэж хүнд 255 сая төгрөгөөр зарсан байдаг. Энэ гэрээ нь хэрэгт байгаа. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсанд манай орги гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байгаа. Тэгэхээр огнооны хувьд эднийх 2017.04.25-ны өдөр гэрээ хийсэн байна. Манайх эднийхийг гэрээ хийхээс нэг жилийн өмнө Н.Батцэрэн гэж хүн худалдаад авсан байна. Жилийн дараа эд нар нэмэлт гэрээ хийсэн. Харин жилийн өмнө Н.Батцэрэн гэж хүн 255 сая төгрөө төлөөд худалдаад авчихсан. 255 сая төгрөг төлсөн гэдгээ нотолсон баримт нь байгаа. Хоёрдугаар хавтасны 58 дугаар хуудсанд 2016.05.13-ны өдөр лифтний үнэ гэж 150 сая төгрөгийг Ж.Отгонбаярын данс руу шилжүүлсэн байдаг. Ж.Отгонбаярын дансны хуулга нь хэрэгт авагдсан байгаа. 2016.05.20-ны өдөр Ж.Отгонбаяр руу 45 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. 56 дугаар хуудсанд байгаа. 2017 оны 03 дугаар сард нь 30 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. 20 сая төгрөгт нь 7018 гэдэг тоот оффисын өрөөг Ж.Отгонбаярт өгсөн байдаг. Ж.Отгонбаярт өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаан дээр Ж.Отгонбаярт шилжсэн нь харагдаж байгаа. Ингээд үлдсэн 10 сая төгрөг дээр ашиглалтын зөрүү гээд 2017.05.22-ны өдөр тооцоог дуусгасан байдаг. Тооцоо дууссан баримт нь эх хувиараа хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан байдаг. Ингээд 255 сая төгрөгийг Н.Батцэрэн гэж хүн жилийн өмнө гэрээ байгуулаад 2016 ондоо төлбөрөө төлөөд дуусгасан байдаг. Н.Батцэрэн нь охин Б.М дээ шилжүүлсэн. Б.М  нь Худалдах, худалдан авах гэрээгээр Б.А од шилжүүлсэн. 120,400,000 төгрөгөөр Б.А од худалдан борлуулсан. Яг ийм маршрутаар дамжсан байдаг. Энэ хүмүүсийн яриад байгаа анхны гэрээ бол ямар ч 12 давхарын 1212, 1213 тоот байгаагүй 13 давхарын объект байсан. Мөн 80 м.кв ч биш, 110 м.кв байсан. Сүүлд нь сандралдаад нэмэлт гэрээ гээд аваад ирсэн. Тэрнээс нь өмнө бид нар гэрээ хийгээд мөнгөө тушаасан байсан. Тэгэхээр бид нар шударга өмчлөгч. Хууль ёсны өмчлөгч нь хууль ёсны дагуу Б.А  руу шилжүүлсэн. Тэрнээс биш хэн нэгний өмчийг дуртай нь би энийг авах ёстой гээд, нөгөө У Х  ХХК нь хуйвалдаад наадах чинь шилжүүлэх ёстой, би ингээд тэгээд хэлсэн юмаа гэж болохгүй. Мөнгө нь шилжээд бүх үйл явдал хуулийн дагуу явагдаад дууссан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

             Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э А Э Э  ХХК нь анх хариуцагч У Х  ХХК-д холбогдуулан У Х  ХХК болон иргэн Б.М  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Б.М  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Э А Э Э  ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхрын 1213 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байтал,

           Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Б.А ыг татуулан, тэдгээрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 1. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах,

           2. 010014 тоот гэрээний дагуу Э А Э Э  ХХК-ийг 1213 тоот 80 м.кв талбай бүхий обьектийн шударга өмчлөгчөөр тогтоолгох,

           3. Дээрх өмчлөлийн талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах,

           4. Б.А  болон Б.М  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М  бие даасан шаардлагаас татгалзсан, хариуцагч Б.А  нь нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-д холбогдуулан өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, Их тойруу, Компьютер центр цогцолбор барилгын 12 давхарын 1213 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд зохигч талууд эдгээр нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг шаардлагуудаа шүүх хуралдаанд дэмжиж мэтгэлцсэн.

            Шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч У Х  ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг боловч хариуцагч Б.А , гуравдагч этгээд Б.М  нар эс зөвшөөрч марган сөрөг нэхэмжлэл гаргасан.

            Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

           Хэрэгт авагдсан баримтаар, Төсөл хэрэгжүүлэгчийг төлөөлж У Х  ХХК, захиалагч, хөрөнгө оруулагчийг төлөөлж ММТТХХ-ны тэргүүлэгч гишүүн Ж.Отгонбаяр, нөгөө талаас Э А Э Э  ХХК /гүйцэтгэгч/ нар нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх 010014 тоот гэрээг байгуулан, энэхүү гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 1-р гудамж 19, 21, 21Б газарт баригдаж буй оффис, үйлчилгээний Их тойруу 54 тоот барилга байгууламжид зураг төслийн дагуу лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоог барагдуулах, бараа солилцооны журмаар талбай шилжүүлэхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тохиролцжээ. /хх-9-15 дахь талд/

           Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд Төлбөр тооцоо болон бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг, 4.1-т  Гэрээний дүн 825.000.000 төгрөг, төлөх нөхцөл: Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаар 165.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн хугацаанд, Бүтээгдэхүүн үйлдвэрлэж дуусахад буюу бараа бүтээгдэхүүн ачигдахын өмнө 230 000 000 төгрөгийг, Монгол улсын гаалийн хяналтын талбайд буусан нөхцөлд ХУД-ийн 4-р хороо, Ар И Си ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 78.95 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Ажлын талбай дээр тоноглол буусан үед ХУД-ийн 4-р хороо, Ар И Си ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 37.53 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц, Оффист, урсдаг шатыг зохих байгууллагад хүлээлгэн өгч, ашиглаж эхлэх зөвшөөрөл өгөх, паспорт авах үед 110 мкв талбай бүхий оффисын зориулалт бүхий тайлбайг хүлээлгэн өгөхөөр тохирсон байна.

            Улмаар хариуцагч У Х  ХХК нь нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-тай 2017 оны 04 сарын 25-ны өдөр “2016 оны 01 сарын 18-ны өдрийн 010014 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээ”-ндээ:...В. Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн Компьютер центр төвийн 13 давхарт байрлах 185.000.000 төгрөгний үнэ бүхий 110 м.кв талбайтай оффисын зориулалттай 2 ажлын байрыг шилжүүлэх боломжгүй болсон тул гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцов. 2. 2017 оны 01-р сарын 09-ний өдөр захиалагч У Х  ХХК нийлүүлэгч Э А Э Э  ХХК-ийн хоорондын тооцоог үндэслэн үлдэгдэл 260 000 000 төгрөгийн тооцоонд Компьютер центр төвийн 12 давхарт байрлах оффисын зориулалттай 1212 тоот 84 м.кв, 1213 тоот 80 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэхээр тохиролцов. Энэхүү нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний адил хүчин төгөлдөр байна /хх-17 дахь талд/ гэсэн ба Тооцооны үлдэгдлийн баталгааг 2017 оны 01 сарын 09-ны өдөр хийсэн /хх-18 дахь талд/, У Х  ХХК-аас Э А Э Э  ХХК-д “Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тооцооны бүх тооцоо дуустал 1212, 9009, 1213 тоот өрөөнүүдийг ашиглах бүрэн зөвшөөрч байна. Ашиглалтын бүх зардлыг У Х  ХХК хариуцна” гэсэн бичиг /хх-20 дахь талд/, Оффисын талбай хүлээлцэх актаар 2017 оны 10 сарын 20-ны өдөр Э А Э Э  ХХК-д 12 давхарын 1213 тоотыг хүлээлгэн өгсөн талаар /хх-21 дэх талд/ баримтуудыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргасан байна.

            Мөн хэрэгт хариуцагч У Х  ХХК нь иргэн Н.Батцэрэнтэй 2016 оны 05 сарын 02-ны өдөр Талбай захиалгын 01/18 дугаартай гэрээг байгуулсан ба гэрээний 3.1-т “Худалдан авагч тал 12 давхарт 1213, 1213 тоот 160 мкв талбайг нийт 255 000 000 төгрөгийн үнэтэйгээр талуудын хооронд хийгдсэн бөгөөд гэрээ байгуулахад төлбөрийг 100% барагдуулсан болно. Лифт урсдаг шатны ажил гүйцэтгэсэн Э А Э Э  ХХК-д төлбөрийг шилжүүлсэн болно” гэж заасан гэрээ авагджээ./хх-48-49 дахь талд/

Энэхүү гэрээнд зааснаар гуравдагч этгээд Б.М ийн эцэг Н.Батцэрэн нь маргаан бүхий 12 давхарын 1212, 1213 тоот 160 мкв талбайн үнэд нийт 255 000 000 төгрөгийг бүрэн төлсөн талаар хэргийн 56-58, 229 дүгээр талд авагдсан Хаан банкны дансны хуулга, гэрч Н.Батцэрэнгийн мэдүүлэг, Н.Батцэрэнгийн Huawei P-10 маркийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл /хх-249-250/ зэргээр маргааны зүйл болсон 1213 тоот талбайн өмчлөх эрхийг хуульд заасны дагуу олж авах болзол шаардлагыг Н.Батцэрэн хангасан байх бөгөөд хариуцагч У Х  ХХК нь өөрийн өмчлөлийн 000590599 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар нь 2017 оны 08 сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Б.М тэй байгуулан, түүний өмчлөлд шилжүүлсэн болох нь бэлэглэлийн гэрээ /хх-22 дахь талд/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000591494 дүгээртэй гэрчилгээ /2-р хх-29 дэх талд/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2018.12.21-ний өдрийн 2/4584 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /2-р хх-ийн 36 дахь талд/ зэргээр нотлогдож байна.

Хариуцагч У Х  ХХК нь гуравдагч этгээд Б.М тэй байгуулсан 2017 оны 08 сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж тайлбарлан маргасан боловч энэхүү үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагч У Х  ХХК нь иргэн Н.Батцэрэнтэй байгуулсан 2016 оны 05 сарын 02-ны өдрийн Талбай захиалгын 01/18 дугаартай гэрээгээр маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон тул эдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээдэг бөгөөд хэргийн баримтаар гуравдагч этгээд Б.М ийн эцэг болох Н.Батцэрэн нь гэрээний 3.1-т “...1212, 1213 тоот 160 мкв талбайг нийт 255 000 000 төгрөгийн үнэтэйгээр талуудын хооронд гэрээ хийгдсэн бөгөөд гэрээ байгуулахад төлбөрийг 100% барагдуулсан болно. Лифт урсдаг шатны ажил гүйцэтгэсэн Э А Э Э  ХХК-д төлбөрийг шилжүүлсэн болно” гэж заасан нь худалдан авах талбайн үнийг У Х  ХХК-д бүрэн төлсөн гэж үзэх бөгөөд улмаар гуравдагч этгээд Б.М тэй бэлэглэлийн гэрээг байгуулж, тухайн өдрөө үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгснөөр Б.М  Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь болсон байна.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар захиалсан этгээд болох Н.Батцэрэн, хариуцагч У Х  ХХК нарын хооронд 2016 оны 05 сарын 02-ны өдөр талбай захиалгын 01/18 дугаартай гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээний нэг тал болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

У Х  ХХК-ийн захирал Д.Шинэсар нь Б.М ийн аав болох Н.Батцэрэн болон манай компанийн хооронд байгуулагдсан 2016 оны 05-р сарын 02-ны өдрийн 01\18 дугаартай “Талбай захиалгын гэрээ” нь хуурамч дүр үзүүлсэн гэрээ гэж шүүхэд тайлбар гаргасан боловч түүний тайлбар бусад баримтаар нотлогдоогүй.

Иргэн Н.Батцэрэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч У Х  ХХК-иас гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авах эрхээ гуравдагч этгээд /охин/ Б.М д шилжүүлснээр маргаан бүхий ...1213 тоот талбайн хууль ёсны өмчлөгч Б.М  болж, өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. Улмаар хууль ёсны өмчлөгч Б.М  нь энэ хэргийн хариуцагч Б.А той 2018 оны 09 сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу ...1213 тоот талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгч Б.А од үүсэж, өмнөх өмчлөгч Б.М ийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Гэтэл хариуцагч У Х  ХХК нь нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-тай 2017 оны 04 сарын 25-ны өдөр ...010014 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээг хийж, маргаан бүхий ...1213 тоот 80 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон талаархи гэрээ хэрэгт авагдсан байгаа боловч Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заажээ.

Хариуцагч У Х  ХХК нь маргаан бүхий ...1213 тоотын 80 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдах авах гэрээг иргэн Н.Батцэрэнтэй 2016 оны 05 сарын 02-ны өдөр, нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-тай ...шилжүүлэх гэрээг 2017 оны 04 сарын 25-ны өдөр тус тус байгуулсан байна.

Эдгээр гэрээнд заагдсан ...1213 тоот 80 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч иргэн Н.Батцэрэн буюу /түүний охин/ гуравдагч этгээд Б.М ийн өмчлөлд 2017 оны 08 сарын 25-ны өдөр шилжүүлсэн талаар Улсын бүртгэлийн Ү-2203036554 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон баримт хэрэгт авагдсан, энэ үйл баримт зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон.

Иймээс худалдан авахаар түрүүлж гэрээ байгуулсан иргэн Н.Батцэрэн буюу /түүний охин/ гуравдагч этгээд Б.М , хариуцагч Б.А  нар нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.А ын сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч У Х  ХХК нь нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-тай  2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх 010014 тоот гэрээг, мөн  2017 оны 04 сарын 25-ны өдөр ...010014 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээг тус тус байгуулан, гэрээнд заасан ажил гүйцэтгүүлсэн ба тухайн ажлыг гүйцэтгүүлсний хөлсөнд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр тохирсон байдал нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх бөгөөд хариуцагч У Х  ХХК-ийн хууль зөрчиж хийсэн үйлдлийг нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар хангах боломжгүй боловч нэхэмжлэгч Э А Э Э  ХХК нь анх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Лифт, урсдаг шат нийлүүлэх, угсарч суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх 010014 тоот гэрээ болон 2017 оны 04 сарын 25-ны өдрийн ...010014 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг нь хариуцагч У Х  ХХК-наас жич нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт эрхийг хүлээн зөвшөөрөх хамгаалалтын аргыг хуульчилсан боловч энэ нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөх зорилготой ч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар энэхүү маргааны үйл баримт дахь эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Б.М  оролцож, нэхэмжлэгчид холбогдуулан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч тухайн нэхэмжлэлээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан учир тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 181/ШЗ2019/01845 дугаартай захирамжаар бие даасан шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг энэхүү шүүхийн шийдвэрт тусгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У Х  ХХК, Б.А  нарт холбогдуулан гаргасан, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгуулах, Б.А  болон Б.М  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-ийн хууль бус эзэмшлээс Б.А ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14182/, Их тойруу гудамж 54-р байр, 12 давхарын 1213 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /407.950+669.950/ нийт 1.077.900 төгрөг, мөн гуравдагч этгээд Б.М ийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.А ын төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, нэхэмжлэгч Э А Э Э  ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.А од олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ТҮМЭНЦЭЦЭГ