Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0787

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Б

Хариуцагч: *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

Гуравдагч этгээд: Ж.Ц

Маргааны төрөл: 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээн дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.Бг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлтэй эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.Б, гэрч С.О, Б.Н, Б.Б, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч *******нд холбогдуулан “*******ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээн дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасаж, Д.Бг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолоор Оросын холбооны Улсын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжин ирсэн эзэмшигчдэд орон сууц үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсэн бөгөөд ******* дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 46 тоот 3 өрөө байранд иргэн Сын эд үнэ төлбөргүй хувьчлахаар болсон байна.

Улмаар энэхүү шийдвэрийг үндэслэн *******ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 04 дүгээр тогтоолоор иргэн С.эд ******* дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 46 тоот 3 өрөө байрыг эзэмших эрхийн 0118652 дугаар гэрчилгээг олгосон.

Тус гэрчилгээнд Ж.Ц, Б.Н, Б.Н нарыг дундаа хамтран өмчлөх гэр бүлийн гишүүнээр бүртгэжээ.

3. Иргэн Д.Б нь Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар ОНӨААТҮГ-т хандан өргөдөл гаргасан бөгөөд тус газраас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/667 дугаар албан бичгээр хариуг хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5159 дүгээр захирамжаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

4. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргаж, тус газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А-1/1272 дугаар албан бичгээр “...Тухайн тогтоолоор хамтран эзэмшигчдийг зааж өгөөгүй тул та асуудлаа *******нд тавьж шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариу авч  тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6590 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Миний бие С.тэй 1974 онд гэр бүл болж, 1984 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах хугацаандаа 1976 онд хүү Б.Н, 1977 онд хүү Б.Н, 1984 онд охин Б.Н, хүү Б.Н нарыг төрүүлж, 4 хүүхдийн эцэг, эх болцгоосон.

Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд Оросын Холбооны Улсын өмчлөлөөс Монгол улсын өмчлөлд шилжсэн ирсэнтэй холбогдуулан бидний амьдарч ирсэн байрыг ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны эзэмшигчдэд нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар “Орон сууц хувьчлах тухай" тогтоолын 1 дэх заалтаар үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу *******ны 2020 оны 07-р сарын 23-ны өдрийн 04 дугаар тогтоолоор нөхөр С.эд ******* дүүргийн 5 дугаар хороо 15-р хороолол 1-р байрны 46 тоот дахь 39.32 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, тус товчооноос орон сууц өмчлөх эрхийг гэрчилгээ олгосон боловч дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд намайг оролцуулахгүйгээр хамтран амьдрагч Ж.Ц гэгчийн нэрийг оролцуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар болж байгаа гэр бүлийн гишүүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Ийнхүү гэр бүлийн гишүүн Д.Б нь дээрх асуудлаар анх 5 сард мэдэж, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах ОНӨААТҮГ-т хандсан бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2023 оны 05- р сарын 12-ны өдрийн 01/667 дугаар хариу албан бичгээр “...хамтран өмчлөгчөөр нэмэгдэх, хасуулах" асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг авсан болно.

Ингээд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс "*******ны дээд шатны байгууллага Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаагүй байна" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул уг асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандахад 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А-1/1272 тоот албан бичгээр энэ асуудлаа *******нд тавьж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн билээ.

Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгч эрхтэй гэр бүлийн гишүүдэд гэр бүлийн гишүүн Д.Бгийн нэрийг оруулалгүй, Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа нь үйлдлийг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна. Үүнд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д "Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн", 126.2.1-т “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө”, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө байна"; мөн

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй", 2 дахь хэсэгт "Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бул тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй" гэж тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж байгаа тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй гэж үзэж байна.

Учир нь энэхүү орон сууц өмчлөх эрхийн бичиг (ордер)-ийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгогддог ба дундаа хамтран өмчлөгч нарын асуудалд төрийн захиргааны байгууллага *******ноос Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах "заасан эрхээ бүрэн хэрэгжүүлж, гэр бүлийн гишүүдийн бичиг баримтыг нягталж шалгахгүйгээр гэр бүлийн гишүүн бус Ж.Цгийн нэрийг оруулж гэрчилгээ олгосон нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн өмч хувьчлах товчооноос нөхөр С.эд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр олгосон дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ нь дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний нэрсээс Ц.Цгийн нэрийг хасаж, гэр бүлийн гишүүн Д.Бг бүртгэж, гэрчилгээ олгохыг *******нд даалгаж өгнө үү.”гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмчлөх эрхийн гэрчилгээнээс Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний нэрсээс Ж.Цгийн нэрийг хасаж, Б.Бг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний нэрсээр бүртгээд гэрчилгээ олгохыг орон сууц хувьчлах товчоонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэлээр шаардлага гаргасан. Учир нь тэд хууль ёсны гэрлэлтийн баталгаатай. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заасны дагуу эд хөрөнгөнд гэр бүлийн гишүүн Б.Бгийн нэр байх ёстой.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн бичиг баримтыг шалгах зөрчлийг ийм арилгах үүрэгтэй. Засаг даргын тодорхойлолтод ам бүл 5 гэсэн байхад гэрчилгээнд 4 хүний нэр бичсэн байна. Мөн Ж.Цгийн нэрийг бичихдээ гэр бүлийн гишүүн мөн эсэхийг тодруулах ёстой байсан. Тодруулахгүйгээр бүртгэсэн нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйлдэл гэж үзэж байна. Энэ байдлыг залруулахаар захиргааны байгууллагад хандахад татгалзсан хариу өгсөн бөгөөд шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн учраас бид шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

7. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 1-ний өдрийн 210 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгосон 600 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Сын эд ******* дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоот 3 өрөө 39.32м2 орон сууцыг 2020 онд хувьчлан 0118652 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Орон сууц хувьчлан авах өргөдөлд Ж.Ц, Б.Н*******, Б.Н нар хамтран өмчлөгчөөр бичигдсэн ба анхан шатны засаг захиргааны байгууллага болох хорооны засаг дарга 5 ам бүлтэй болохыг нь тодорхойлсон байна.

Манай байгууллага нь 0118652 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнээс Ж.Цгийн нэрийг хасаж, Д.Бг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүн мөн болохыг тогтоох боломжгүй тул шүүхийн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Орон сууц хувьчлах товчооны 2020 оны 04 дүгээр тогтоолыг хавсралтын хамт хүргүүллээ.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* дүүргийн 5 дугаар хорооны 16 дугаар хорооллын 1 дүгээр байрны 46 тоот, 3 өрөө 39.32м2 орон сууцыг Сын нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгосон 600 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор өмчилж 0118652 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн мэдлийн орон сууцыг хувьчлах орон сууцжуулах тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажиллагааг эхлүүлсэн. Гаалийн байр нь ОХУ-ын өмчид бүртгэлтэй гэдэг утгаар 30 жил хувьчлал нь хойшилсон. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдаж тухайн байрыг хувьчлах зөвшөөрөл гарсан.

Сууцуудад нэгдсэн журмаар хуулийн танилцуулга хийх, газар дээр нь очиж зөвлөгөө өгөх ажлууд удаа дараа хийгдсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Гаалийн ерөнхий газарт очиж хувьчлалын талаар танилцуулж хувьчилж авах айлуудыг бүрдүүлэх материалын шаардлагыг тавьж ажилласан. Үүний хүрээнд 1 дүгээр байрны 46 тоот материалаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед иргэн С. 1 хүний бүртгэлийг дутуу бүртгүүлсэн. 30 жил хүлээгдсэн орон сууц гэдэг утгаар нь Улаанбаатар чуулганд гэрчилгээг гардуулж өгч байсан. 1 гишүүний бүртгэлээ нөхөж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Засаг захиргааны нэгж болох хорооны тодорхойлолтод 5 хүн амьдардаг гэж, Орон сууц өмчлөх товчоонд гаргасан өргөдөлдөө нэр зааж өөрийн гараар бичсэн байдлыг харгалзан ажил үүргийн хүрээнд иргэний материалыг шалгаж авсан. 1 гишүүний нэрийг нөхөж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Иргэн С. нь орон сууц өмчлөх эрхийнхээ гэрчилгээг гээгдүүлсэн дахин нөхөж олгож өгнө үү гэдэг өргөдлийг манай байгууллагад өгчихсөн байгаа. Өргөдөл өгснөөс хойш маргаан үүссэн учраас бид гэрчилгээг нөхөж өгөөгүй байна. Орон сууц хувьчлах товчоо нь хуулийн дагуу орон сууц өмчлөх гэрчилгээ олгосон. Тухайн сууцанд амьдарч байгаа иргэдийг нэмэх, хасах эрх нь хуулийн хүрээнд шийдэгдэх учраас манай байгууллага нэмж хасах боломжгүй.” гэжээ.

9. Гуравдагч этгээд Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Ж.Ц нь 2001 оноос хойш өнөөг хүртэл С.тэй гэр бүл болж хамтран амьдарсан. С.тэй танилцахаас өмнө тэрээр Д.Б гэж хүнтэй гэр бүл болж 4 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн байсан. Өмнөх гэрлэлт нь одоог хүртэл хүчинтэй байгаа. С. нь гэрлэлтээ цуцлуулах гэхээр дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд гэрлэлт цуцлуулдаггүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байранд бид гэр бүлийн харилцаатай болоод хамтран амьдарч байсан учраас 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар "Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор үнэ төлбөргүй хувьчлах үед тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. С.тэй харилцан зөвшилцөж цаашдаа хамтдаа амьдрах бодолтой өмчлөх эрхийг авсан. Бид хамтран амьдраад одоо 23 жил болж байна.

Энэхүү орон сууц хувьчлахтай холбоотой асуудал нь Д.Б гэх хүнтэй хамтран амьдарч байхад бий болсон хөрөнгө биш учраас Д.Б нь уг орон сууцын өмчлөх эрхээс миний нэрийг хасаж, мөн өмчлөх эрхэд нэрээ оруулах эрхтэй хүн биш юм.

Мөн С. нь П.Бгаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байсан цаг хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан учир миний бие С.тэй 23 жил хамтран амьдарсан хугацааг тогтоолгохоор ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Үүнээс гадна тухайн Орон сууцны гэрчилгээ нь дээр Монгол Улсын насанд хүрсэн иргэн болох С., Б.Н, Б.Н*******, Ж.Ц миний бие гэсэн 4 хүний нэр байгаа. Д.Б гэдэг хүн хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө биш учир миний нэрийг хасуулах үндэслэл хэнд ч байхгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож егнө үү.”гэжээ.

10. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2000 оны 11 дүгээр сард нөхөртэйгөө танилцаж 2001 оны 08 дугаар сард хамтдаа амьдарч эхэлсэн. Түүнээс өмнөх хугацаанд миний нөхөр орон гэргүй, гудамжинд амьдардаг байсан. Өмнөх гэр бүл нь архи уудаг нэрээр хөөчихсөн байсан. Монголын зурхай судлалын төвийн тэргүүнээр ажиллаж байсан. Гудамжинд явж байхад нь танилцаж түүнээс хойш 23 жил хамт амьдарсан. 2020 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор Гаалийн 1 дүгээр байрыг хувьчлах ажил эхэлсэн. Энэ үед 2 хүүхдийнхээ нэрийг миний нэртэй хамт оруулж бүртгүүлсэн. Манай нөхөр архинд дуртай байсан. Д.Б гэрээсээ хөөж явуулчхаад 20 жилийн дараа ийм асуудал үүсгэж байна. Бид тусдаа амьдарч байгаагүй, 10 гаруй жил байр хөлслөн амьдарч байсан. Хаана хөлсөлж байсан тодорхойлолтуудыг авч өгсөн.

С. бид 2 байрны бүртгэлийг хамтдаа хийлгэсэн. Байрыг хувьчлах сургаар бидэнд энэ байрыг хүүхдүүд нь өгөөгүй. 2015 оны 4 дүгээр сард том хүүхэд нь ирээд бид байртай болчихсон та 2 амьдар гэж гэж хэлсэн. Ингээд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус байранд нүүж орсон.

Маш муу байр байсан учраас тэтгэврийн зээл авч 2 хоног засвар хийсэн. Энэ байдлыг 2 найз минь гэрчилнэ. 2015 оны 05 дугаар сарын 01-нийн өдрөөс 2021 оны 11 дүгээр сар хүртэл би тэнд амьдарч байсан учраас Гаалийн 1 дүгээр байрны оршин суугчид намайг сайн мэднэ. Миний нөхөр 5 жилийн ял авч шоронд орсон учир би хүүхдүүдтэйгээ амьдрах болсон. Энэ хугацаанд С.ийн хүүхдүүд хаалгыг нь эвдэж, байранд засвар хийсэн байсан. Дотор нь байсан тавилга хаана байгааг нь мэдэхгүй. Бидний 23 жилийн хамтын амьдралд бий болсон эд хөрөнгөө би нэхэмжилнэ. Хүүхдүүд нь намайг янз бүрээр яриад явдагт би гомдолтой байгаа. Би өөрийнхөө нэрийг байрны гэрчилгээнд байх ёстой хүн гэж боддог. Нас барахад нь ч, шоронд байхад нь ч хүүхдүүд нь нэг ч удаа ирж байгаагүй. Харин ч тэтгэврийн картыг нь авахаар хүн явуулж байсан. Өнөөдөр яагаад байрыг нь авах гээд байгааг ойлгохгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэгдээд авсан ч би дотор нь байсан эд хөрөнгөө нэхэмжилнэ.” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаан Захиргааны хэргийн шүүх дээр явагдаж захиргааны маргааны талаар ярих учраас улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг ярих ёстой. Улсын бүртгэлд бүртгэл хийх, хийхгүйтэй холбоотой зөрчил байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед хуулийн дагуу өмч хувьчлалын асуудал явагдсаныг хариуцагч талаас ярилаа.

Үүнтэй холбоотой 4 хүний нэр оруулна гэдэг материалаа өгсний дагуу өмч хувьчлах ажиллагаанууд хийгдсэн. Ингээд 4 хүний нэрээр гэрчилгээ гарсан. Тухайн байранд 5 хүн амьдрахад бүгд гэрчилгээнд нэр нь байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Байрны өмчлөгчөөр хэн байх вэ? гэдгийг иргэд өөрсдөө материалаа бүрдүүлж өгнө. Үүнийг үндэслэн бүртгэл хийгдсэн.

Хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний нэрсээс Ж.Цгийн нэрийг хасах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв гэр бүлийн гишүүн мөн эсэхтэй маргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн агуулга шаардлага 2 хоорондоо зөрөөтэй байна. Д.Б гэр бүлийн гишүүн байсан учраас өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нь бичигдэх ёстой. Ж.Ц гэдэг хүн гэр бүлийн гишүүнээр ороод дундын эд хөрөнгийг эзэмшээд өмчлөөд байгаа учраас энэ хүнийг хасаад өгөөч гэсэн агуулгыг хэлж байна. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сард анх удаагаа С. гэдэг хүн гэр бүлээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. 1999 оноос эхлэн Д.Бгаас тусдаа амьдарч байгаа. Ж.Цтэй 23 жил хамт амьдарсан. 2000 онд Ж.Ц гэдэг хүнтэй танилцсан, 2021 оноос хойш хамтран амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулъя гээд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах гэтэл эд хөрөнгийн маргаангүй учраас захиргааны байгууллагын журмаар шийдвэрлүүл гэсэн.

Гэтэл 2022 оны 12 дугаар сард Д.Б нь эд хөрөнгийн маргаан бий. Гэрлэлтээ цуцлахгүй гэж маргасан. Нүдний хагалгаанд орсон гээд ирээгүй. Ажиллагааг удаашруулсан. 2023 оны 04 сард дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд С. нь өвчний улмаас нас барсан. Д.Б нь би С.ийн эхнэр, миний эд хөрөнгө гэж маргаж байгаа нь хүний хувьд ч, хуулийн хувьд ч байж болохгүй зүйл. Ийм маргаан байгаа бол хэн нь хамтран амьдарч байсныг иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэсний дараа улсын бүртгэл бүртгэхгүй байгаа бол өнөөдрийн маргаан хэлэлцэгдэх ёстой юм. Өнөөдөр өмчлөлийн асуудал шийдвэрлүүлэх гээд байна уу? гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааны асуудал шийдвэрлүүлэх гээд байна уу? гэдэг нь тодорхойгүй байна. С. нас барсан тул өвийн асуудал яригдана. 2 хүүхдийн нэр бичээстэй байгаа. 2 хүүхэд нь насанд хүрсэн, тусдаа гарчихсан, эрх зүйн бүрэн чадвартай. Ж.Ц ч мөн адил.

Хэн нь гэр бүлийн гишүүн бэ? хэн нь сүүлд хамтран амьдарч байсан бэ? гэдэг нь тодорхой асуудал. Д.Бгийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбарт “би 1999 он хүртэл С.тэй хамтран амьдарсан гэж дурдсан байдаг. Ж.Цтэй хамтран амьдраагүй байсан бол улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь орохгүй байсан. Энэ нь хамтран амьдарч байсан гэдгийг нотолно. Улсын бүртгэлийн байгууллагын Ж.Ц гэдэг хүний нэрийг тухайн байрны өмчлөгчөөс хасахгүй байгаа үйлдэл нь зөв гэж үзэж байгаа болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

12. Гэрч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би С.ийн төрсөн дүү. ... Манай дүү нар байрныхаа ордерыг авах гэтэл Ж.Цгийн нэр байсан. Нэрийг нь хасуулах гээд шүүхэд өгсөн гэж хэлсэн. Ж.Ц нь тэр байранд 20 жил амьдарсан зэрэг олон тайлбар бичсэн байна гэсэн.

… 1992 онд Гаалийн ерөнхий газрын н.Б******* өгч байсан. Энэ байранд миний аав амьдарч байсан. Тэгтэл С.******* ах байшингаа 250 төгрөгөөр зараад 1 өрөөнд нь амьдарч байгаад шоронд ороод нас барсан. С. ах байшингаа зараад гудамжинд амьдарч байсан. н.******* гэдэг хүн аавыг асарч чадахгүй болохоор нь С. ахыг байранд оруулчихсан чинь удалгүй эхнэрээсээ саллаа гээд яваад өгсөн. С. ах тэр байранд 2, 3 жил амьдарсан.

Ж.Цтэй Корона гарахаас өмнө 2 жил амьдарсан. Корона гараад Ж.Ц орхиод явчихсан. Хүүтэйгээ амьдарч байгаад хүүгээ хутгалсан. …Манай дүүг Германаас ирэхэд бидэнд танилцуулж байсан. Гэрлэлтийн баталгаа байдаг эсэхийг мэдэхгүй. Хамт амьдрах хангалттай хугацаа байсан. Хэн алинд нь суух бодол байгаагүй байх. …Энэ байр С.ийн өмч. Одоо үр хүүхэд нь амьдарч байгаа. Ж.Цгийн нэрийг хасуулъя гэсэн нь юу нь буруу байгаа юм бэ? Тэдний хүүхдүүд буруугүй шүү дээ. … Ах л бүртгүүлсэн. Хувьчлагдахгүй их удсан. Байрны ордерт хүн нэмж бичүүлээгүй, юу гэж тэр хүнийг нэмэх билээ гэж хэлж байсан. … Манай ах шийдвэр гаргаж чаддаггүй хүн. …Намайг Ганданд амьдарч байхад нь очиход Ж.Ц орхиод явчихсан гээд уйлаад сууж байсан. Аав гаалийн байгууллагад Монгол экспорт нэгдлийн даргаар ажиллаж байсан. …Хүүхдүүдийг тайван амьдруулна уу? Та эмэгтэй хүн байж сайн бод. Салсан нөхрийнх нь эхнэр ямар нэг хамааралтай гээд байшингаас нь булаацалдаад байх нь эвгүй биз дээ. Ж.Цгийн нэрийг хасаж хүүхдүүдэд нь байрыг эзэмшүүлэх нь зүйтэй гэж бодож байна.”гэжээ.

13. Гэрч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Бгийн төрсөн охин. Ж.Цтэй хамааралгүй. … Миний өөрийн төрсөн эцэг болох ийн төрсөн эцэг М*******ын С гэдэг хүний байр юм. Миний өвөө энэ байранд 1992 онд орсон. 1996 онд өвөө минь бүтэн харвалт өгч асаргаанд орсон. Асаргаа сувилгаа хийх шаардлагатай болсон учраас төрсөн хүү Сын , миний төрсөн эх Дагвадоржийн Б, миний бие ийн Н, миний ах ийн Н*******, ийн Н******* нар энэ байранд очиж байсан. Өвөө 1997 онд нас барсан. 1996 оноос хойш 27 жил бид хамт амьдарч байна. 2000 онд манай аав Ж.Цг дагаад гэрээсээ явсан. Ингээд ээж бид 4 амьдарч байсан. Удалгүй ах тусдаа гарч ээж, ах, бид 3 амьдрах болсон. 2005 онд хүү Н.*******, 2014 онд охин, 2022 онд хүү төрсөн.

… Аав 2018 онд Гандангийн ойролцоо хашаа байшин түрээсэлж амьдардаг байсан. Энэ үед аавтай уулзахад ус түлээ зөөгөөд явж байсан. Хөлийнх нь судас бүдүүрч хагараад ус түлээ зөөхөд хэцүү байгаа талаар хэлсэн. Би гэр бүлийн хамт тусдаа байр хөлслөн амьдардаг байсан. Энэ үед би охиноо харуулахаар ээжийгээ гэртээ байлгаж байсан. Аавын бие муу байсан учраас 2018 онд ахтай хамт байранд амьдруулсан. Өмчлөлийн тухай асуудал яригдвал гэр бүлийн гишүүдийг оруулна. Ж.Цгийн нэрийг оруулахгүй гэж аман байдлаар ярьж тохиролцсон. 2019 онд Ж.Ц аавтай амьдраагүй. Дургүй нь хүрвэл архичин эцгээ ав гээд л гараад явчихдаг, дур нь хүрвэл өөрөө ирээд суучихдаг тийм л хүн. Ах аав хоёрын дунд нэг асуудал үүсэхэд Ж.Ц байгаагүй. Аавтай 1 жил орчим хамт амьдарсан.

…Дунд охиноо төрүүлсний дараа бүртгэлийн талаар хорооноос лавлахад Ж.Цгийн нэр байсан. Ааваас лавлахад орон нутгийн харьяалалтай учраас эмнэлэгт үзүүлэх гэхээр хотын иргэншилтэй байхыг шаарддаг тул бүртгүүлчихсэн юм. Тэтгэврийн асуудал шийдэгдчихвэл  хаягийн хасалт хийлгэнэ гэж хэлж байсан. Бүртгэлтэй болохоос энэ байранд хамт амьдарч байгаагүй. Тухай бүр хасалтыг хийлгэдэг байсан боловч дахиад л бүртгүүлчихдэг байсан.

…Аав ах хоёрын хооронд 1 асуудал үүссэн. Аав ахыг хутгалж ах эмнэлэгт хүргэгдсэн. Аав ял сонсоод шууд ачигдсан. Энэ хугацаанд ах манайд амьдарч байсан. Ахын байнга үүрч явдаг шар цүнхэнд байрны гэрчилгээ байсан. Гэрчилгээг үзэхэд Ж.Цгийн нэр байсан. Ингэж л мэдсэн.

…1999 онд аав Ж.Цг дагаад гэрээсээ явсан. Офицеруудын ордны урд байр түрээслэн амьдарч байсан. Хамт амьдраагүй гэж бид маргаагүй. Хамт амьдрахдаа энэ байранд амьдарч байгаагүй. Тухайн үед би 12 настай байсан. Өнөөдрийг хүртэлх 26 жилийн байрны төлбөрийг миний ээж төлсөн. Энэ байрыг хувьчлагдах нөхцөл байдлыг ээж бүрдүүлсэн. Аав болон Ж.Цгээс нэг ч удаа хүүхдийн мөнгө нэхэж байгаагүй. Ямар нэгэн байдал байдлаар санхүүгийн дэмжлэг огт авч байгаагүй. Миний ээж 47 жил Монгол Улсад тасралтгүй ажиллаж, татвараа төлж, энэ байрны мөнгийг төлж хүүхдүүдээ өсгөсөн, 26 жилийн амьдрал өрнөсөн байр шүү.

С. гэдэг хүнтэй амьдарсан учраас байрны гэрчилгээнд нэрээ оруулах эрхтэй гэж хэлдэг. Гэр бүл үймүүлж, хүүхдүүдийг нь өнчин үлдээчхээд 1 жил хамт амьдарсны төлөө эд хөрөнгийг нь эзэмших эрхтэй гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

…Хувьчлалд олон айл бүртгүүлсэн. Гэхдээ бичиг баримтыг сайн шалгаж нягтлах ёстой байсан. Ж.Ц С. хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаас нь төрсөн хүүхэд ч байхгүй.

14. Гэрч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Бг танихгүй. Сургийг нь сонсож байсан. Ж.Цгийн багын найз. Манай найз Ж.Ц байшинд амьдардаг байсан. С.тэй 2000 онд танилцаж 2001 оноос хамт тэр байшиндаа амьдардаг болсон. Олон газар байр түрээсэлж амьдарсан. 2015 оны үед С.ийн дүү нар 46 дугаар байр аав М.Сын байр юм. Ахын бие муу байгаа учраас түлээ мод үүрүүлэхгүйгээр тэр байранд нь амьдруулмаар байна гэж ярьж байсан. Ингээд тэд байрандаа орсон. С. зурхай зурдаг байсан учраас би байнга очдог байсан. Хүүхэд нь хэрэгт холбогдуулан шоронд оруулсан. Гэр нь түгжээтэй байх гэж бодсон чинь хүүхдүүд нь амьдарч байсан юм байна. Ж.Ц хүүхдийнх рүүгээ явсан. Өмчлөлд хэн хэн бүртгүүлсэн тэр талаар мэдэхгүй. С. нас барахаасаа өмнө Ж.Цг гэр оронтой болгоно гэж хэлдэг байсан. Намайг гэрчээр асууж байгаад баярлаж байна. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлт цуцлуулах маргаанд намайг гэрчээр оролцуулаагүй. С. энэ хугацаанд нас барсан. Миний найз хүний эд хөрөнгөд шунаагүй. Д.Бг ингэж бодоогүй байх гэж бодож байгаа. С., Ж.Ц 2 хамт амьдарч байсан нь үнэн. …2015 онд нүүж ирсэн. Тэр байранд их засвар хийж байсан. Цахилгаан, байрны гээд бүх өрийг дарж барагдуулсан.” гэжээ.

15. Гэрч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ж.Цгийн багын найз, С.Бг танихгүй.  Ж.Цтэй сургуульд орох үеэс л найзалдаг байсан. Ж.Ц 5 дугаар ангидаа Дорнод аймаг руу шилжиж явсан ч гэсэн холбоотой байдаг байсан. 2000 онд хичээлд сууж байхдаа С.тэй танилцсан гээд надтай уулзуулсан. С.ийн аавд нь улсаас байр өгсөн. Түүнийгээ хүү С.дээ өвлүүлсэн гэж ярьдаг байсан. С. нь эхнэрээсээ салсан. Олон газруудаар амьдарч байсныг нь би мэднэ. Орос Улсын мэдэлд байсан байр хувьчлагдаж байна. Тэр юу болсон бэ? гэж найзаасаа би асууж байсан. Тэгэхэд С. хүүхдийнхээ нэрийг миний нэртэй хамт бичүүлсэн гэж хэлсэн. Яг хэзээ тэр байранд орсон талаар мэдэхгүй. 2,3 удаа очиж байсан.

…Салах өргөдлөө өгч шийдвэрлүүлэх үед нь Д.Б очиж байгаагүй. С.ийг амьд байхад нь эд хөрөнгийн маргаан үүсгэж байгаагүй байж өнгөрсөн хойно нь ийм маргаан үүсгэж байгаад гайхаж л байна.”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Оросын холбооны Улсын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсэн Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1242 дугаар “...Орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон орон сууцны 6 байрны 395 айлын орон сууц эзэмшигчдэд нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж....” ажиллах талаар чиглэл өгсөн байна.

Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын 210 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А-1/1242 тоот, Орон сууц хувьчлах товчооны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн 288 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоор шийдвэрлэжээ.

  1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.“Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.”, 161 дүгээр зүйлийн 1.”Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно: 1/сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч; 2/энэ зүйлийн 1-д заасан иргэн нас барсан, уг сууц /өрөө/-аас гарсан, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж шүүх тооцсон, бүрэн чадамжийг нь шүүх хязгаарласан, цэргийн жинхэнэ албанд татагдсан, гадаадад зорчих, цагаачлахаар явсан, хорих ял эдэлж байгаа бол гэр бүлийн нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн;” гэж заажээ.

            Гэр бүлийн гишүүнд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа хүүхдийг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн ******* дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 46 тоот байрны ашиглалтын зардлын жагсаалт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл тус байрыг Гаалийн ерөнхий газар М.Сод эзэмшүүлсэн ба хуулийн дээр дурдсан заалтад зааснаар эрхийн бичиг эзэмшигч иргэн нас барснаар гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн болох С. орон сууц хувьчлан авах өргөдөл гаргасан болох нь тогтоогдож байна.

            Дээрхээс дүгнэвэл иргэн С.эд орон сууц хувьчлан авах эрх Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 2/-т заасан үндэслэл журмын дагуу буюу орон сууц эзэмшигч М.С нас барснаар үүссэн гэж үзэхээр байна.Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 2.“Сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргана.”, 3.“Өргөдөлд сууц /өрөө/ эзэмшигчийн овог, нэр, ажлын ба гэрийн хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, иргэний бүртгэлийн дугаар, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ний дугаар, олгосон байгууллага, он, сар, өдөр, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он сар, өдрөө бичнэ.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн С. нь Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөлдөө орон сууцыг хамтран эзэмших эрхтэй этгээдийн нэрсэнд С., Ж.Ц, Б.Н*******, Б.Н нарыг бүртгэж, түүний хавсралтад ******* дүүргийн 5 дугаар хорооны оршин суудаг үнэн болох гэх тодорхойлолт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайланг ирүүлж, гарын үсгээ зурсан нь хуульд заасан шаардлага хангасан байна.

  1. Түүнчлэн *******ноос Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2/”эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах;” 6/”өмчлөх эрхийн гэрчилгээ олгох;” , 17 дугаар зүйлийн 1.”Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана.” 18 дугаар зүйлийн 1.“Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно.”, 2.“Өмчлөх эрхийн гэрчилгээнд дараахь зүйлийг заавал тусгана:”, 1/“өмчлөгч /дундаа хамтран өмчлөх эрх бүхий этгээд/-ийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар”, 2/“орон сууцны байршил, хаяг; 3/“орон сууц хувьчлах тухай шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, сууцны үнэлгээ /төгрөгөөр/;”, 4/“үнэтэй хувьчилсан сууцны үнэлгээний хэмжээ;”, 5/”үнэтэй хувьчлах сууцны үнийг ямар хэлбэрээр төлсөн тухай.” гэж заасныг үндэслэн иргэн С.ээс ирүүлсэн өргөдлийн дагуу хариуцагч орон сууц өмчлөх эрхийн 0118652 дугаар гэрчилгээг олгосон байна.

Дээрхээс үзэхэд *******с иргэн С.ийн гаргасан өргөдлийн дагуу орон сууц хувьчлах гэрчилгээг олгосон нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, иргэн С. хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан орон сууцыг өмчлөх өргөдөлд хамтран эзэмших эрхтэй гишүүдийг дурдсаны дагуу гэчилгээнд иргэдийн нэрийг бичсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

Иймд *******ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээн дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн *******нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Гэр бүлийн тухай 3 дугаар зүйлийн 3.1.2.”“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;”, 3.1.4.”“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;” гэж зааснаар гэр бүлийн гишүүнд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа хүүхдийг ойлгох юм.

Гаалийн ерөнхий газраас М.Сод эзэмшүүлсэн байранд С. гэр бүлийн хамт аавыгаа асрахаар амьдарч эхэлсэн болон иргэн С. гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандсан байсан зэрэг үйл баримтаас үзвэл дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь тухайн байрыг өмчлөх эрхтэй болохоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоолгох эрхтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 161 дүгээр зүйлийн 2, 3, 18 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан Д.Бгаас *******нд холбогдуулан гаргасан “*******ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ нь дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Цгийн нэрийг хасаж, Д.Бг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН