Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0811

 

 

   2023         11           06                                     128/ШШ2023/0811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: О******* овогт С*******гийн Ц*******,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.М*******,

Хариуцагч: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У*******,

Гуравдагч этгээд: Д.Б******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар

1.1. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалаар С.Ц*******ыг төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсонтой холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.

1.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 198 тоот албан бичгээр “... 335 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн С.Ц*******ыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалаас чөлөөлсөн нь буруу байна ... Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335, 336 дугаар тушаалыг хүчингүйд тооцож С.Ц*******ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, хариу ирүүлэхийг үүгээр мэдэгдье” гэсэн.

1.3. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2461 тоот албан бичгээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т*******эд хандан “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг гомдлыг шийдвэрлүүлэхээр танд шилжүүлж байна” гэсэн.

1.4. Эрчим хүчний яамны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн в/416 тоот албан бичгээр “... 335 дугаар тушаалаар таныг тус яамны цахилгааны хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд ... гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна” гэсэн хариуг хүргүүлжээ.

1.5. С.Ц*******аас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.6. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл

2.1. С.Ц******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“С.Ц******* миний бие Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын даргын тушаалаар 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цахилгааны албаны даргаар томилогдон 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн Төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Түүнээс хойш тасралтгүй төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж бүтцийн өөрчлөлтийн дагуу Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 19 дүгээр тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, орлогч даргаар ажилласан ба Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар тушаалаар *******ын албан тушаалд томилогдсон. Уг албан тушаалд томилогдох үед төрийн албаны зөвлөлд удирдах албан тушаалтны шалгалтыг өгч тэнцсэн.

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө байгалийн онц аюултай үзэгдэл, хүчтэй салхины нөлөөллөөр Увс аймгийн нутагт Б ТӨХК-ийн эзэмшлийн 220 кв, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд унаж, цахилгаан хангамж доголдсон аваар гарсан бөгөөд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.М, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Н нараас өгсөн үүрэг даалгаврын дагуу гарсан аваар саатлыг газар дээр нь очиж богино хугацаанд шуурхай ажиллаж, сэргээн босгох ажлыг удирдан зохион байгуулж 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом хот руу газрын мэргэжилтэн Г.Т, Л.М нарын хамт томилолтоор явж ажиллан 2018.11.29-ний өдрийн 03 цаг 58 минутад хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан.

Үүссэн аваарын үед унасан тулгууруудыг босгох, утас татах ажлыг гүйцэтгэх явцад ажил гүйцэтгэж байсан кран автомашин хөдлөхдөө босгосон тулгуурт бэхлэхээр бэлтгэсэн утсыг чирч хөдөлсөн бөгөөд үүнийг зогсоох явцад чирэгдсэн утас кран автомашинаас харван миний зүүн хөлийг цохиж би гэмтсэн. Хэдийгээр зүүн хөлөө гэмтээсэн ч хэрэглэгчдийг богино хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг саатуулахгүй байхад анхаарч ажиллан ажлаа дуусгаж 2018.12.02-ны өдөр Улаанбаатар хотод ирж, 2018.12.03-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд эмч хагалгаа хийлгэх шаардлагатай гэсний дагуу Грандмед эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон. Улсын эмнэлэгт хэвтэх ор, хагалгааны цаг олдохгүй хэцүү байсан.

Гэтэл Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2018.12.04-ний өдрийн 33 дугаар тушаалаар С.Ц******* намайг тухайн үед хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын *******ын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд энэхүү тушаалыг надад танилцуулсан бөгөөд тушаалд дурдсан "төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсон" гэх зүйл огт болоогүй, албан ажлын зайлшгүй шаардлага ч үүсээгүй, мөн энэ талаар надтай огт хэлэлцэж тохиролцоогүй бөгөөд шууд л ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Миний бие энэхүү хууль бус үйл явдлыг эсэргүүцэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэн хамгаалуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд тус тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.

Төрийн албаны зөвлөл миний гаргасан гомдлыг шалгаад. С.Ц*******ыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалаас чөлөөлөх нь хууль зөрчсөн болохыг тогтоож, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335, 336 дугаар тушаалыг хүчингүй болгож С.Ц*******ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж хариу ирүүлэхийг мэдэгдсэн 2019.02.22-ны өдрийн 198 дугаар албан бичгийг яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн энэхүү шийдвэрийн дагуу эрхэлж байсан ажилдаа эргэн томилогдохоор Эрчим хүчний яаманд удаа дараа хандсан боловч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй хууль зөрчиж байна.

Түүнчлэн хууль бусаар ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон байтал миний эрхэлж байсан ажил албан тушаалд 2021.01.25-ны өдөр сонгон шалгаруулалт зарлаж хууль бус шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулж миний бие төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байсан.

Гэсэн хэдий ч хууль бусаар ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгож С.Ц******* намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохгүй байгаа бөгөөд энэхүү албан тушаал дээр дахин сонгон шалгаруулалт зарлаж, миний эрхийг зөрчсөөр байна. Сонгон шалгаруулалттай холбогдуулан миний Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол байгаа.

Миний бие ажил, амьдралын гараагаа энэхүү байгууллагаас эхэлсэн бөгөөд Монгол Улсын эрчим хүчний салбарт тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. Хууль бус шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч шударга ёсонд итгэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд маань эргүүлэн томилно гэдэгт найдсаар өдийг хүрлээ.

Нөгөө талаас залуу нас, ажил амьдралаа зориулсан газрынхаа эсрэг шүүхийн байгууллагаар явна гэхэд сэтгэл өвдөж өдийг хүртэл хүлээж тэвчлээ. Мөн төрийн албаны зөвлөлд гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хянаж, хангуулах талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан хэдий ч амжилтад хүрсэнгүй.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2019.02.22-ны өдрийн 198 дугаартай албан мэдэгдлийн дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018.12.04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохгүй байгаа Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар хууль бус болохыг тогтоож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгч С.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие тухайн үедээ шалгаруулалтад орж 5 хүний тэнцсэний нэг хүн юм. Төгсөөд эрчим хүчний удирдах салбарт тухайн үед дулааны 2, цахилгааны 2 инженер ирж ажилласан хүн би өөрөө юм. Төр захиргааны салбарын инженерийг бэлдэнэ гэдэг бол үе шаттай байдаг. Хуучны үеэс би отгон шавь нь болж үлдэж байгаа хүн юм. Гаргасан шийдвэр хууль бус шийдвэр тул хуулийн дагуу шийдвэрлэж цааш цаашдаа энэ асуудлыг анхаарна уу гэж хүсэж байна. Эрчим хүчний салбар бол тасралтгүй 24 цаг ажиллаж байгаа онцгой салбар юм.  Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн 335, 336 дугаар тушаалыг хүчингүй болгож өмнө нь эрхэлж байсан ажилд томилох тухай шийдвэр гарсаар байхад уг шийдвэрийг биелүүлэхгүй буюу аливаа үйлдэл огт хийхгүй байгаа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох мөн нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах, 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгохоор амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шинж чанартай зүйлийг захиргааны акт гэж тодорхойлсон байна. Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, татгалзсан үйлдэл эс үйлдэхүй ойлгоно гэж заасан. Нэхэмжлэгчийг ажилд нь томилохгүй байгаа эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад хамаарч байгаа. Нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн үйл баримт нь Төрийн албаны зөвлөлийн 198 тоот албан бичгээр тогтоогдсон. Үүнийг тодруулах юм бол Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын шаардлага үүссэн нөхцөлд түүнтэй тохиролцож шилжүүлнэ ажиллуулж болно гэж заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэх талаар тохиролцоогүйгээс гадна өөр ажилд шилжүүлэх ажлын шаардлага байсан эсэх баримт тогтоогдоогүй байдаг. Тухайн ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль бус шийдвэр гэж тогтоогдоно. Хууль бус шийдвэр болон түүнийг хүчингүйд тооцож өмнө нь эрхэлж байсан албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол өнөөдөр хүртэл зөрчигдсөөр  ирж байна. Эрчим хүчний яаманд олон жил ажилласан хүний тухайд шударга шийдвэр гаргана гэж нэхэмжлэгчийн зүгээс удаан хугацаанд хүлээсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийг зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тооцож 336 дугаар тушаалыг хууль бусад тооцож нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг Эрчим хүчний хүчний яамны төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн тухайд 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон байдаг. Гэтэл хууль бус 335 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр халагдаж албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Хариуцагчаас сул орон тоо гарсан үзэж байгааг үндэслэлгүй яагаад гэвэл энэ албан тушаалд нэхэмжлэгч томилогдох ёстой байтал сул орон тоо гарсан гэж үзээд 3 удаа шалгаруулалт явуулсан. Нэхэмжлэгч өөрөө оролцох боломжтой байсан гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

 

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал          

            3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 335 дугаар тушаалаар тус яамны Цахилгааны хэлтсийн Даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд тус өдрөөс эхлэн иргэн С.Ц******* нь төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан. Үүнээс хойш тус ажлын байранд шинэ батлагдсан Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/203 дугаар тушаалаар Эрчим хүчний яамны албан тушаалын орон тооны хязгаар, орон тооны жагсаалт баталсан.

Яамны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалын сул орон тоог зарлуулах тухай Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн в/569 дүгээр албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөл өөрийн вэб хуудсанд 3 хоногийн хугацаатай сонгон шалгаруулах зар тавьж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд [email protected] хаягаар цахимаар хүлээн авсан.

*******ын албан тушаалын сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн иргэн нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагуудыг бүрэн хангасан боловч туршлагын "төрийн албанд 12 жил ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх", төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн байх гэснийг хангаагүй байгаа байсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/214 дүгээр тушаалаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Г-г томилогдон ажилласан байна.

Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор *******ын болон бусад албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах шалгалтын комисс томилогдсон.

 Тусгай шалгалт 2021 оны 01 дүгээр сарын 25-27-ны өдөр [email protected] зарлуулсан явагдаж тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Г бүртгүүлж тусгай шаардлага бүрэн хангаж шалгалтад оролцсон.

Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Шагдарсүрэнгийн Ганзоригийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. /Ковид-19 нөхцөл байдлаас шалтгаалж тусгай шалгалт түр хугацаагаар зогссон байсан  тул нөхөн шалгалт явагдсан.

*******а Ш.Г нь өөрийн хүсэлтээр тус яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргаар шилжин ажиллах хүсэлт гаргасан тул Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Ш.Ганзоригийг Бодлого төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулж төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан.

Төрийн албаны тухай хуулийн 27.2-т “... Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн в/337 дугаар албан бичгээр *******ын сул орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт хүргүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 10 зарыг байршуулан 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд цахим бүртгэлийн системээр 1 төрийн жинхэнэ албан хаагч материал баталгаажсан.

Төрийн албаны Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн 03 дугаар тогтоолоор томилогдсон уг шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс одоо мөрдөгдөж буй Төрийн албаны тусгай шалгалт өгөх журмын 3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан бөгөөд бүртгэлтэй холбоотой маргаан тухайн үед ирээгүй тул 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд тусгай шалгалтын цахим системээр Төрийн албаны тухай хууль, сонгон шалгаруулах журмын дагуу зохион байгуулсан.

Өөрөөр хэлбэл Иргэн С.Ц*******ын зүгээс Төрийн албаны нөөцөд байгаа учир дээрх албан тушаалын сонгон шалгаруулалт 3 удаа болоход оролцох бүрэн эрхтэй байсан боловч оролцоогүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Улмаар 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байсан.  Мөн тухайн албан тушаалд одоогийн байдлаар хэвийн гүйцэтгэж явж байгаа нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол яригдаж байгаа буюу тусгай шалгалт өгөх болзол хангаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Б******* нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр 2022 онд төгсөж, 2015 онд магистрын зэргээ хамгаалсан.

Улмаар 2002 оноос "У" ТӨХК-д тасралтгүй 16 жил мэргэжлээрээ ажилласан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ." гэж заасны дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/213 дугаар тушаалаар тус яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдон ажилласан.

Миний бие Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгч тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсноор хуулийн дагуу Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргээс чөлөөлөгдөж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн Реле хамгаалалт, автоматикийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон.

Улмаар Эрчим хүчний яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн Реле хамгаалалт автоматикийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарласны дагуу тусгай шалгалт өгч, тэнцэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар тухайн албан тушаалд томилогдсон бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Мөн *******ын сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийн зэрэгцээ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэж, улмаар Төрийн албаны зөвлөл, Эрчим хүчний яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс *******ын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласны дагуу холбогдох хууль, журмын дагуу бүртгүүлэн, тусгай шалгалт өгч хууль эрх зүйн мэдлэг-25 оноо, дүн шинжилгээ хийх чадвар 10 оноо, асуудал шийдвэрлэх чадвар - 6 оноо, Монгол хэлний ярианы болон бичгийн ур чадвар 19 оноо, удирдан зохион байгуулах, манлайлал, багаар ажиллах чадварын үнэлгээ 27 оноо, үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ - 30 оноо, нийт 117 оноогоор тэнцэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар *******ын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Миний бие эрчим хүчний салбарт мэргэжлээрээ тасралтгүй 21 жил ажиллаж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу Эрчим хүчний яамны *******ын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг Төрийн албаны Зөвлөлөөс 3 удаа зарласан. Энэхүү сул орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтад миний бие оролцож, тэнцэн томилогдсон бөгөөд миний хууль ёсны эрх ашиг ноцтой хөндөгдөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ц*******аас “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргад даалгах, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 335 дугаар тушаа үндэслэлгүй гарсан болохыг Төрийн албаны зөвлөлөөс тогтоо, албан тушаалд томилохыг мэдэгдсэн байхад өнөөдрийг хүртэл томилох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус” гэх агуар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

3. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******а С.Ц*******ыг төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсонтой холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэжээ.

4. Маргаан бүхий дээрх актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл, хуулийн энэхүү зохицуулалт хэрэгжих үндсэн нөхцөл нь нэгдүгээрт, албан ажлын зайлшгүй шаардлага гарсан байх, хоёрдугаарт төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх явдал байна.

5. Нэхэмжлэгч С.Ц*******аас “өөр албан тушаалд шилжин ажиллахаар хүсэлт гаргаагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед гэнэт дээрх шийдвэрийг гаргасан” гэж тайлбарласан.

6. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн С.Ц******* нь төрийн өөр байгууллагад шилжүүлэхтэй холбоотой хүсэлт гаргасан, мөн  түүнтэй тохиролцсон, түүнчлэн ажлын зайлшгүй хэрэгцээ, шаардлага гарсан талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбар гаргаагүй.

7. Энэ тохиолдолд хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь маргаан бүхий 335 дугаартай тушаалыг хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад, үндэслэлгүйгээр гаргасан нь Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

8. Нэхэмжлэгч С.Ц*******аас дээрх 335 дугаар тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шалгаад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 198 тоот албан бичгээр “... 335 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн С.Ц*******ыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалаас чөлөөлсөн нь буруу байна ... Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335, 336 дугаар тушаалыг хүчингүйд тооцож С.Ц*******ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, хариу ирүүлэхийг үүгээр мэдэгдье” гэж хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдсэн байх боловч хариуцагч нь уг шийдвэрийг биелүүлээгүй болох нь тус албан тушаалыг сул орон тоо гэж үзэж удаа дараа сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлснээр тус тус тогтоогдож байна.

9. Тодруулбал, Эрчим хүчний яамны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн в/569, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн в/45, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн в/337 албан бичгүүдээр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилж байсан нь хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “... Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

10. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Төрийн албанд ... хууль дээдлэх зарчим”-ын агу нь иргэний төрийн жинхэнэ тушаалд томилох, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үйл ажиллагаа нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр, хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжсэнээр илэрхийлэгдэх ба С.Ц*******ыг тухайд хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад төрийн албанаас чөлөөлсний зэрэгцээ, хуулиар эрх олгогдсон этгээдээс уг шийдвэр үндэслэлгүй гарсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд томилохыг мэдэгдсэн байхад хариуцагч нь хууль болон эрх бүхий этгээдийн шийдвэрийг биелүүлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

11. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь С.Ц*******ыг тухайн албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй гаргасаар байгаа, үүний улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т дэх заалтаар олгогдсон “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” баталгаа алдагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

12. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалаар “... тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалд Дийн Б*******ийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэх”-ээр томилжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж заасан.

14. Нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй 336 дугаар тушаал нь маргаан бүхий 335 дугаар тушаалаар С.Ц*******ыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын албан тушаалаас чөлөөлсний дараа Д.Б*******оор тухайн албан тушаалыг орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч С.Ц*******ад чиглэгдээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасныг тус тус баримтлан С.Ц*******аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц*******ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын *******ын ажилд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ