Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0024

 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0297/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Ц-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан С.Ц-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сард төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч шүүхэд 2023 оны 03 дугаар сард буюу бараг 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хооронд тухайн албан тушаалын сул орон тооны нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 удаа зарлаж байсан.

            Төрийн албаны зөвлөлийн зүгээс иргэн Ц.Ц-д тухайн шийдвэрийг хууль бус гэсэн байдлаар өгдөг атлаа, тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах захиалгыг хүргүүлэхэд цахим системийг нээж нээлттэй сонгон шалгаруулалт явуулах эрх олгосон.

            Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл нэг асуудал дээр хоёр өөр байр суурьтай байсан гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл цахим систем нээж нээлттэй сонгон шалгаруулалт зарлаагүй тохиолдолд маргаан бүхий албан тушаал дээр төрийн жинхэнэ албан хаагч томилогдох боломжгүй байсан.

            Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “...Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн в/337 дугаар албан бичгээр Цахилгааны хэлтсийн даргын сул орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт хүргүүлсэн байна.

            Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 10 хоног зарыг байршуулан 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд цахим бүртгэлийн системээр 1 төрийн жинхэнэ албан хаагч материал ирүүлсэн.

            Захиргааны хэргийн анхан шатны шүүх н хэргийг бүх талаас нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий, бодитой үнэн зөв үнэлэх ёстой гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч С.Ц-аас “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, С.Ц-ыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга С.Ц-ыг төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсонтой холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.3. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч нь шилжүүлэн ажиллуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, зөвшилцсөн зүйл огт байхгүй байгаагаас гадна шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон гэх үйл  баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага бий болоогүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон зүйл байхгүй талаар тайлбартаа дурджээ.

2.4. Нөгөөтээгүүр, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар албан бичгээр “...С.Ц-ыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 335 дугаар тушаалаар өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсон гэх үндэслэл баримтуудаар нотлогдохгүй байна, Түүнээс гадна Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн даргын албан тушаалд Д.Б-ийг төрийн албаны сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж байна, ... Иймд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 335, 336 дугаар тушаалыг хүчингүйд тооцож С.Ц-ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, хариу ирүүлэхийг ...” Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.

2.5. Гэвч хариуцагчаас гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, алдаагаа залруулаагүй, нэхэмжлэгч С.Ц-ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй буюу Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлж ажиллаагүй болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН