Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/01751

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МСМГ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дэлгэржаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Нандинчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С нь 2010 оны 6 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл “МСМГ” ХХК-д буюу тухайн үеийн “Монголиан стар мелшерс” ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажлын нөхцөлийн улмаас биеийн байдал муудаж ажлаас гарч өөр байгууллагад ажиллаж байгаад дахин “МСМГ” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтэст худалдааны администратороор ажилласан. Нэхэмжлэгч Б.С нь гадаадад эмнэлэгт үзүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч компанийн удирдлагаар батлуулсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах гэж байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирал Марк Габелын Б-18/379 тоот тушаалыг танилцуулж ажлаас гэнэт халсан. Нэхэмжлэгч нь хариуцагч “МСМГ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж байсан атал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, урьдчилан мэдэгдэлгүй үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халж миний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагч “МСМГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Габелын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-18/379 тоот тушаалыг хүчингүй болгож, хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтэст худалдааны администорын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Б.С-той анх 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Б.С нь тус компанийн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администраторын албан тушаалд ажиллаж байсан ба тус ажлын байрны үндсэн чиг үүрэгт тээврийн хэрэгслүүдийн мэдээллийн баазыг хариуцаж, мэдээллүүдийг тогтмол шинэчлэх, хэлтсийн админисраторын хувьд үнийн санал гаргах процесс баримт бичиг, гадаад дотоод захиалга болон шаардлагатай бусад ажлуудыг зохицуулах, үнийн санал, үйлчлүүлэгчтэй харилцах, мэдээлэл оруулах зэрэг борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтсан. Б.С-ыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Марк Габелийн Б-18/379 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын 1 дүгээр зүйлд тус компанийн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администратор ажилтай Б.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, ажлаас удаа дараа хоцорсон мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байх тул Б.С-ын гаргасан зөрчил, ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж, холбогдох хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нийцүүлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Б.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний 1 дүгээр хавсралт дахь ажлын байрны тодорхойлолтын дагуу Б.С-ын ажлын цаг 09:00-18:00 цагийн хооронд байхаар тодорхой зааж, харилцан тохиролцсон. Гэтэл Б.С-ын 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын ажлын цагийн бүртгэлээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 1000 орчим минутын хоцролт бүртгэгдэж талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Марк Габелийн Б-18/284 тоот тушаалаар тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь уг тушаалтай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж хүлээн авсан. Нэхэмжлэгч Б.С нь өөрийн шууд удирдлага болох “МСМГ” ХХК-ийн автомотивын газрын ачааны автомашин борлуулалтын хэлтсийн менежер Б.Батхүүгийн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа сануулсан хэдий ч биелүүлээгүй буюу хэлтсийн менежер Б.Батхүү нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.С-д хүнд даацын автомашин, автобуснуудын үнийн жагсаалт гаргах шинэчлэх ажлыг үүрэг болгосон ба удаа дараа гүйцэтгэх хугацааг сунгаж боломж олгосон боловч зохих ёсоор гүйцэтгээгүй. Тухайлбал 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэлтсийн хурлаар Б.Батхүү нь үнийн жагсаалт гаргах ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор эцэслэн гаргаж өгөхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон хэдий ч хийгдээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж энэ ажлыг гүйцэтгэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болгон дахин сунгасан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь энэ ажлыг сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй. Тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх "... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж заасан шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж, улмаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан нь үндэслэлтэй” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас дүгнээгүй гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч компанийн захирал Марк Габелийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б-18/284 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.С-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д заасныг үндэслэн үндсэн цалинг 10 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д сануулах, 131.1.2-д үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3-д ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчлан заасан байтал гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хариуцагч "МСМГ" ХХК-ийн зүгээс урд өмнө ямар нэгэн сануулах сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй атлаа шууд үндсэн цалинг 10 хувиар буруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод бодлогын журмын 6.5.1-т нэг дэх сануулах арга хэмжээ, 6.5.2-т хоёрдахь сануулах арга хэмжээ, 6.5.3-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах, 6.5.4-т ажлаас халах сахилгын шийтгэл тус тус оногдуулна гэж заасан атлаа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа нэг ёсондоо алгасах зарчмыг баримтлан шууд үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 1000 орчим минут хоцорсон гэх 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зөрчлийн тэмдэглэлийн хуудастай нэхэмжлэгч Б.С нь танилцаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хүний нөөцийн менежер, шууд удирдлага болох менежер н.Батхүү нарт [email protected] имайл хаягаар зохих тайлбар, татгалзал гаргасан байдаг боловч нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа түүний албаны имайл хаягт нэвтрэн орох эрхийг хааж тухайн зурвасыг устгасан. Хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод бодлогын журмын 6.11-д ажилтан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнийг сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаагаар ажилтны хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдэлж эхлэхээс нэг өдрийн өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод бодлого журмын 5 дугаар зүйлийн 5.49, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.3.2.1 дэх заалтуудыг үндэслэж хариуцагч компанийн захирал Марк Габелын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-18/379 тоот тушаалаар ажлаас халсан. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зохицуулсан. Гэтэл ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд болон хөдөлмөрийн дотоод бодлого журамд тодорхой нэрлэн заагаагүй, захирлын тушаал нь хууль зүйн үр дагавар үүсгэдэг шийдвэр болохын хувьд хуульд нийцсэн байх ёстой байтал хариуцагч "МСМГ" ХХК нь нэхэмжлэгч Б.С-ыг хөдөлмөрийн гэрээний аль заалтад тодорхойлогдсон ноцтой зөрчил гаргасан талаар тухайлан заагаагүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “МСМГ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “МСМГ” ХХК-д 2016 оны 5 сараас автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администраторын албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд талууд 2018 оны 4 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. /1 дүгээр хх-ийн 7-10 дугаар тал/

Хариуцагч “МСМГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-18/379 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод бодлого журмын 5 дугаар зүйлийн 5.49, 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 6.5.4 болон хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.3.2.1 дэх заалтуудыг үндэслэн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администратор Б.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаалаар тогтоогджээ. /1 дүгээр хх-ийн 7-11 дүгээр тал/

Хариуцагч татгалзлаа нэхэмжлэгч Б.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй хэмээн тайлбарласан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай тус тус нийцжээ.

Тодруулбал, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Б.С-ыг 2018 оны 6 сараас 8 сар хүртэлх хугацаанд нийт 1000 орчим минут ажлаас хоцорсон үндэслэлээр түүнд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалд нэхэмжлэгч Б.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй байна. /1 дүгээр хх-ийн 61-70 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.2.1-т “ажилтан компанийн дотоод журам, ажил үүргийн тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн болон сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална” гэж заажээ.

Компаний дотоод журамын 6.35-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заасан байх бөгөөд ажлын байрны тодорхойлолтод шууд харьяалагдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэхээр тусгасан байна.

Гэвч нэхэмжлэгч Б.С-ын шууд удирдах дээд албан тушаалтан буюу ачааны машин, автобусны борлуулалтын менежер Б.Батхүү нь 2018 оны 11 сарын 19-ний өдрийн хэлтсийн хурлаар нэхэмжлэгч Б.С-д бүтээгдэхүүний үнийн жагсаалтыг шинэчилэх ажлыг 2018 оны 11 сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр даалгасан ч нэхэмжлэгч Б.С уг ажлыг тогтоосон хугацаанд хийгээгүй тул хугацааг дахин сунгаж 2018 оны 12 сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхийг даалгасан боловч нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн дээрх үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь цахим шуудан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ. /1 дүгээр хх-ийн 98-185, 202-203 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.С нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдож байх тул түүнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  /1 дүгээр хх-ийн 34-38, 41-46, 60 дугаар тал/

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.2.6-д удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заасан байх тул хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэрлэн заагаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч мөн давж заалдах гомдолдоо хариуцагч байгууллага сахилгын шийтгэл ногдуулахдаа алгасах зарчмыг баримталсан, нэхэмжлэгчийн цахим шууданг устгасан гэх боловч энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь: Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг заавал шат дараалан ногдуулах үүрэг байхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн цахим шууданг устгасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                          

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                                    Г.ДАВААДОРЖ