Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/01415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамжны 23 дугаар байрны 23 тоот хаягт оршин суух, Харчин овогт Баттогтохын Солонго /РД:УМ89070908/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-62, Үйлдвэрийн бүс /17070/ өөрийн байранд байрлах, МСМ групп ХХК /РД:2560526/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандинчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.                                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Солонго нь 2010 оны 6 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл МСМ групп ХХК-д буюу тухайн үеийн Монголиан стар мелшерс ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажлын нөхцөлийн улмаас биеийн байдал муудаж ажлаас гарч өөр байгууллагад ажиллаж байгаад дахин МСМ групп ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтэст худалдааны администратороор ажилласан. Нэхэмжлэгч Б.Солонго нь гадаадад эмнэлэгт үзүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын         19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч компаний удирдлагаар батлуулсан байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах гэж байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирал Марк Габелын №Б-18/379 тоот тушаалыг танилцуулж ажлаас гэнэт халсан. Нэхэмжлэгч нь хариуцагч МСМ групп ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компаний хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд биелүүлж байсан атал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж надад урьдчилан мэдэгдэлгүй үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халж миний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагч МСМ групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк габелын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №Б-18/379 тоот тушаалыг хүчингүй болгож, хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтэст худалдааны администорын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч МСМ групп ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Б.Солонготой анх 2016 олны 5 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Б.Солонго нь тус компанийн Автомотивын газрын Ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администраторын албан тушаалд ажиллаж байсан ба тус ажлын байрны үндсэн чиг үүрэгт тээврийн хэрэгслүүдийн мэдээллийн баазыг хариуцаж, мэдээллүүдийг тогтмол шинэчлэх, хэлтсийн админисраторын хувьд үнийн санал гаргах процесс баримт бичиг, гадаад дотоод захиалга болон шаардлагатай бусад ажлуудыг зохицуулах, үнийн санал, үйлчлүүлэгчтэй харилцах, мэдээлэл оруулж зэрэг борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтсан байдаг. Б.Солонгыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Марк габелийн Б-18/379 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын 1 дүгээр зүйлд тус компанийн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администратор ажилтай Б.Солонго нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, ажлаас удаа дараа хоцорсон мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байх тул Б.Солонгын гаргасан зөрчил, ажлаас чөлөөлж байгааг үндэслэлийг тодорхой зааж, холбогдох хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нийцүүлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Б.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний 1 дүгээр хавсралт дахь ажлын байрны тодорхойлолтын дагуу Б.Солонгын ажлын цаг 09:00-18:00 цагийн хооронд байхаар тодорхой зааж, харилцан тохиролцсон байдаг. Гэтэл Б.Солонгын 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын ажлын цагийн бүртгэлээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 1000 орчим минутын хоцролт бүртгэгдэж талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Марк Габелийн Б-18/284 тоот тушаалаар тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь уг тушаалтай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч Б.Солонго нь өөрийн шууд удирдлага болох МСМ групп ХХК-ийн автомотивын газрын ачааны автомашин борлуулалтын хэлтсийн менежер Б.Батхүүгийн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа сануулсан хэдий ч биелүүлээгүй буюу хэлтсийн менежер Б.Батхүү нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.Солонгод хүнд даацын автомашин, автобуснуудын үнийн жагсаалт гаргах, шинэчлэх ажлыг үүрэг болгосон ба удаа дараа гүйцэтгэх хугацааг сунгаж боломж олгосон боловч зохих ёсоор гүйцэтгээгүй. Тухайлбал 2018 оны 11 дүгээр сарын      19-ний өдрийн хэлтсийн хурлаар Б.Батхүү нь үнийн жагсаалт гаргах ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор эцэслэн гаргаж өгөхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон хэдий ч хийгдээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж энэ ажлыг гүйцэтгэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болгон дахин сунгасан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь энэ ажлыг сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй. Тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Солонго нь хариуцагч МСМ групп ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч МСМ групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар зохигчид маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Ажил олгогч МСМ групп ХХК нь ажилтан Б.Солонготой 2018 оны 04 дүгээр сарын    05-ны өдрийн 122 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-7/  Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

 

Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан. Нэхэмжлэгч Б.Солонго нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардан авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд хандсан, хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан МСМ групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-18/379 дугаартай Б.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод бодлого журмын 5 дугаар зүйлийн 5.49, 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 6.5.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.3.2.1-д  заасныг тус тус үндэслэн тус компанийн Автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администратор ажилтай Баттогтох овогтой Солонго нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, ажлаас удаа дараа хоцорсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлийг заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Солонго нь 2018 оны 6 сараас 8 сарын ажлын цагийн бүртгэлээр урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 1000 орчим минутын хоцролт бүртгэгдэж, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-18/284 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан /хх-60-61/ ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дээрх зөрчлийг дахин гаргасан болох нь цагийн бүртгэлийн болон цалингийн товчоо гэх баримтуудаар тогтоогдож байна. /хх-63, 187, 2-р хх-5-6/

Талууд хөдөлмөрийн гэрээнд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоосон байна. Хөдөлмөрийн гэрээний 7.3.2-т “ажилтан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно.” гэж заасан ба ноцтой зөрчилд тухайлан заасан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан /хг-7.3.2.1/, шууд удирдах дээд албан тушаалтын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй /хг-7.3.2.6/ гэх нэхэмжлэгч Б.Солонгыг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан үндэслэлүүд нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Солонгын ажлын байрын тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүрэг нь хариуцсан тээврийн хэрэгслүүдтэй холбоотой хяналтын мэдээллийн санг үүсгэн хадгалж, бүх мэдээллийг тухай бүр шинэчилж байх, үнийн санал, үйлчлүүлэгчидтэй харилцах мэдээллийн санд мэдээлэл оруулах чиг үүрэгтэй байх ба шууд харьяалагдах албан тушаал нь ачааны машин, автобусны борлуулалтын менежер байна. /хх-34-38/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ачааны автомашин борлуулалтын хэлтсийн менежерээс ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнх нь дагуу нэхэмжлэгч Б.Солонгод хүнд даацын автомашин, автобусуудын үнийн жагсаалт гаргах шинэчлэх үүргийг өгч, гүйцэтгэх хугацааг удаа дараа сунгасан боловч үр дүн гараагүй болох нь [email protected][email protected] ажлын -мэйлд хийсэн үзлэгээр тогтоогдож байна. /хх-98-185, 202-203 хх2-р 2-5/

Иймд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж заасан шууд удирдах дээд албан тушаалтын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж, улмаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Солонгын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ