Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0888/з |
Дугаар | 221/MA2017/0400 |
Огноо | 2017-06-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/MA2017/0400
2017 оны 06 сарын 07 өдөр Дугаар 221/МА2017/0400 Улаанбаатар хот
С.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Ж.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрчим хүчний сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.*******гийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Эрчим хүчний сайдад холбогдуулан гаргасан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын Увс дулааны станц ХХК-д холбогдох хэсгийг, гуравдагч этгээд Увс дулааны станц ХХК-иас Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Увс дулааны станц ХХК-иас гаргасан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн Хавсралт /1-10 дугаар хуудас/ гидравлик тооцооллын Увс дулааны станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл-ийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичиг болон түүний /11-14 дүгээр хуудас/ хавсралт болох Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Увс дулааны станц ХХК-иас гаргасан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн /11-14 дүгээр хуудас/ хавсралт болох Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Монгол Улсын Эрчим хүчний сайд шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн хавсралт /1-10/ гидравлик тооцооллын Увс дулааны станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл хүчингүй болохыг мэдэгдэж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.******* давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч С.******* би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 176 дугаар шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1218/Ш32017/3107 дугаарын захирамжийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтад заасны дагуу давж заалдах журмаар дараах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 176 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ. Давж заалдах гомдлоо нэг бүрчлэн тайлбарлая. Үүнд: Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 221/МА2016/0510 дугаар магадлалын үндэслэх хэсэгтээ “Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дугаар сарын 22-ний өдрийн А/3353 дугаар албан бичгээр гидровлик тооцоолол хийж миний өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгч С.******* надаас зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхэд халдан өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэнд гомдолтой байна” гэж давж заалдсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэн дахин миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Магадлалыг хариуцагч Эрчим хүчний яамнаас эс хүлээн зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хангахгүй орхиж Магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна гэдэг нь давж заалдах болон улсын дээд шүүхийн шийдвэрээр хангалттай нотлогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтад “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилжээ. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 176 дугаар шийдвэрийг гаргахдаа хуулийн дээрхи зүйл заалтыг харгалзан үзэлгүйгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлж шийдвэр гаргасангүй. Тодруулж хэлбэл шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Нэхэмжлэгч С.*******гээс Уг актын барилга байгууламж хэсэгт нэхэмжлэгчийн өмчилж байгаа станц, конторын болон түүний барилга байгууламжаас тусдаа гадна шугам сүлжээ, дулааны төв шугам зэрэг нь бүртгэгдсэнээс үзэхэд маргаан бүхий актаар Увс дулааны станцын дулааны хэрэглээ, түүнээс үүсэх үр дагаврыг шийдсэн нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хөндөөгүй байх тул дээрхи үндэслэлээр Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн А/3353 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэж анхан шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 176 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан миний С.******* миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх “... С.*******гийн өмчилж авсан станцын, конторын болон пүүний барилгад нэхэмжлэгчийн маргаж буй шугам сүлжээ хамаарахгүй ... Увс дулааны станцын дулааны хэрэглээ, түүнээс үүсэх үр дагаврын асуудлыг шийдсэн нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндөөгүй ... хариуцагч ... бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... эрх нь хөндөгдөж болзошгүй Увс дулааны станцад урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа маргаан бүхий актын хувьд хийгдээгүй ... тул Увс дулааны станцад холбогдох хэсэг ... дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг ... дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлага, бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, маргаан бүхий актын зарим хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хэдий ч шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад хүлээн авахаас татгалзаж буй захиргааны актыг буруу томъёолон бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулав.
Хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 008108056 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ[1]-нээс үзвэл нэхэмжлэгч С.******* нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах Дулааны станцын 50х30 хэмжээ бүхий барилга, 20х10 хэмжээ бүхий конторын барилга, 6х12 хэмжээ бүхий пүүний барилга нийт 261,782,095 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн өмчлөгч байна.
Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2003 оны 14 дүгээр тогтоол[2]-оор аймгийн хэмжээнд хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх байгууллага, объектын жагсаалтыг баталж, Төрийн өмчийн хорооны 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Увс аймгийн 2003 онд хувьчлах аж ахуйн нэгж, үйл хөдлөх хөрөнгийн тухай” 183 дугаар тогтоол[3]-оор “Увс аймгийн “Увс аймгийн Улаангом сумын Дулааны станц” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар шийдвэрлэж, улмаар Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Орон нутгийн өмчийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө хувьчлах тухай” 30 дугаар тогтоол[4]-оор Улаангом сумын Дулааны станцыг Увс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдэд хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар, Дулааны станцыг худалдах доод үнийг тогтоож тус тус шийдвэрлэсэн, улмаар Увс аймгийн Орон нутгийн өмчийн ажилтан Д.Батнасан “Хар тарвагатай” ХХК-ийн захирал Д.Сурмаажав нар /”Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав/ 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаангом сумын дулааны станцыг худалдах, худалдан авах гэрээ[5]-г байгуулсан байх ба тус гэрээний дагуу 2003 оны 07 дугаар сарын 28-ний өдөр ““Увс аймгийн Улаангом сумын Дулааны станц” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг Д.Сурмаажавт хүлээлгэн өгч “... Үндсэн хөрөнгө: барилга байгууламж ... тоног төхөөрөмж ... машин техник ... тавилга эд хогшил ... эргэлтийн хөрөнгө ... нийт өр төлбөр ...” гэх эд хөрөнгө хүлээлцэх тухай акт[6] -ыг үйлджээ.
Түүнчлэн, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Өмчлөгчийн эрх шилжүүлэх тухай” 97 дугаар тогтоол[7]-оор Увс аймгийн Улаангом сумын Дулааны станцын өмчлөгчийн эрхийг “Хар тарвагатай” ХХК-ийн буюу “Увс дулааны станц” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэхдээ орон нутгийн өмчид харьяалагдаж одоо ашиглаж байгаа болон шинээр ашиглалтад орох шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, төлбөр тооцооны журам боловсруулж, мөрдөж ажиллахыг аймгийн Засаг даргад давхар даалгаж шийдвэрлэсэн, мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Түрээсийн гэрээ батлах тухай” 44 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит шугам сүлжээг түрээслэх гэрээг баталсны дагуу Увс аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга Э.Баатарсангаас “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавд хандан “...2009-2010 оны дулааны түрээсийн гэрээг яаралтай байгуулж дулаан түгээх шугам ашигласны төлбөрөө ... дансанд ... шилжүүлэн үү ...” гэх мэдэгдэл[8] хүргүүлж байсан, “Увс дулааны станц” ХХК нь халаалтын шугам ашигласны түрээсийн төлбөрийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн албанд төлж байсныг нотлох төлбөрийн нэхэмжлэхүүд[9] зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Увс аймгийн Улаангом сумын дулааны станцын шугам, сүлжээ нь Увс аймгийн Орон нутгийн өмчид харьяалагдаж үлдсэн, гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК нь тус дулааны станцын шугам, сүлжээг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан байх тул Увс аймгийн Улаангом сумын дулааны станцын шугам, сүлжээг нэхэмжлэгч С.******* болон гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-д хувьчлуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх үйл баримтуудаас үзвэл гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав нь “Увс аймгийн Улаангом сумын Дулааны станц” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлан авсан, харин нэхэмжлэгч С.******* нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах Дулааны станцын 50х30 хэмжээ бүхий барилга, 20х10 хэмжээ бүхий конторын барилга, 6х12 хэмжээ бүхий пүүний барилгыг өмчлөн авсан болох нь тус тус тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч С.******* болон гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-д Увс аймгийн Улаангом сумын дулааны цахилгаан станцын шугам, сүлжээг хувьчлуулсан, өмчлүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1999 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Эрчим хүчний салбарын хувьчлалын тухай” 05 дугаар зөвлөмжийн Хоёрдугаар хэсэгт “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон хэрэглэгчдийн эрх ашгийг хангах үүднээс дараах зарчмыг баримтлах нь зүйтэй”, 2.1-д “Эрчим хүчний дамжуулах үндсэн сүлжээг төрийн өмчид үлдээх, 2.2-д “Эрчим хүчний үйлдвэрүүдийн тодорхой хэсэг, хуваарилах сүлжээг хувьчлалд ээлж дараатай хамруулах”, 2.3-д “...аль нэгэн эрчим хүч үйлдвэрлэгч тухайн салбарт дангаар ноёрхох боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл Увс аймгийн Улаангом сумын дулааны шугам, сүлжээг “Увс дулааны станц” ХХК-д тухайн үед хувьчлах боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх “Увс дулааны станц” ХХК нь хувьчлагдсанаас хойш онуудад дангаар ажиллаж байх үедээ Увс аймгийн Улаангом сумын хэрэглэгчдийг найдвартай дулаанаар бүрэн хангаж чадахгүй, үйл ажиллагааны доголдолд орж, өвлийн ачааллын үед аваар, осол гарч байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн байна.
Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ”, 25.1.2-д “хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Эрчим хүчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй”, 29.1.3-д “гэрээнд заасан үйлчилгээний түвшинг хангах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй”, 30.1.1-д “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах” гэж заасны дагуу “Увс дулааны станц” ХХК хувьчлагдсанаас хойшхи онуудад дангаар үйл ажиллагаа явуулж байх үедээ Улаангом сумын дулааны шугам сүлжээ хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангаж чадахгүй, үйл ажиллагаа нь доголдож, өвлийн ид ачааллын үед аваар осол гарч тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэх үүргээ хангалттай биелүүлэн ажиллаагүй, удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан тухайн нөхцөл байдалд Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “эрчим хүч, түүний ... шугам сүлжээ барих талаархи төрийн бодлогыг боловсруулах”, 6.1.12-д “эрчим хүч, түүний ... шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Монгол Улсын Эрчим хүчний сайд нь 2014 оны а/3353 дугаар албан бичгээр “Увс дулааны станц” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны явцад гарч байсан алдаа дутагдлыг арилгах, ард иргэдийн аюулгүй, найдвартай, тав тухтай байдлыг хангах зорилгоор дулаан хангамжийн 2 дахь эх үүсвэрийг барьж байгуулах, шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг зохион байгуулсны улмаас нэхэмжлэгч С.******* болон гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны ... 221/МА2016/0510 дугаар магадлалын үндэслэх хэсэгт “... өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгч С.******* надаас зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхэд халдан өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэнд гомдолтой байна...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна” гэж дүгнэн миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн, ... нэхэмжлэгч С.******* миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна гэдэг нь давж заалдах шатны шүүхийн болон Улсын дээд шүүхийн шийдвэрээр хангалттай нотлогдсон ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... бол дахин нотлохгүй гэж хуульчилсныг анхан шатны шүүх харгалзан үзээгүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27 өдрийн 221/МА2016/0510 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн буюу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг зөв гэж дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0510 дугаар магадлалын дүгнэлтийн холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй, тус дүгнэлтийг “дахин нотлох шаардлагагүй” гэх агуулгаар тайлбарлаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “... шүүх маргааны гол зүйл болсон шугам сүлжээ нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэж, маргааны үндэслэлд зөв дүгнэлт өгөх боломжгүй ...” гэж дүгнэн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн 221/МА2016/0510 дугаар магадлал[10] болон тус магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 345 дугаар тогтоол[11] зэрэг шүүхийн шийдвэрүүдээр маргаан бүхий дулааны шугам, сүлжээг нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна.
Анхан шатны шүүх “ ... хариуцагч ... бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... эрх нь хөндөгдөж болзошгүй Увс дулааны станцад урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа маргаан бүхий актын хувьд хийгдээгүй ... түүнчлэн захиргааны байгууллагын зүгээс энэ ажиллагааг хийхэд гуравдагч этгээдийг оролцуулахад татгалзах зүйлгүйгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн ...” зэргийг харгалзан Увс дулааны станцад холбогдох дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүх “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар маргаан бүхий “А/3353 албан бичгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагуудыг тус тус “хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” атлаа “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтаар “... А/3353 албан бичиг болон түүний /11-14 дүгээр хуудас/ хавсралт ...”-ыг хүлээн авахаас татгалзаж, маргаан бүхий актыг шийдвэрлэсэн байдлаас зөрүүтэй бичсэн байх тул зөвтгөж өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “...А/3353 албан бичгийн /11-14 дүгээр хуудас/ хавсралт ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ