Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2023/0062

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: К.Б,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

              Гуравдагч этгээд:  С.Х нарын хоорондын  төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Б,түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.А, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээд  С.Х, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч К.Б нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан, “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн  захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

            Нэхэмжлэгч К.Б нь анх  тус шүүхэд  “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын  албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан шийдвэр болон  сонгон шалгаруулалтаас гарсан шийдвэрийг  хүчингүй болгож, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын  албан тушаалд К.Быг шилжүүлэн томилохыг даалгах”  шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн  захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоол,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “С.Хыг албан тушаалд томилох тухай”  Б/15 дугаар захирамжийг  тус тус хүчингүй болгож, К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба шүүх хуралдаанд “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн  захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

            2. Нэхэмжлэгч К.Баас Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд шилжүүлэн томилох  талаар 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр  хүсэлт гаргасан байх ба аймгийн Засаг даргаас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/425 дугаар албан бичгээр “аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай” захиалгыг  салбар зөвлөлд хүргүүлж, улмаар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/492 дугаар албан бичгээр “шилжүүлэн томилохоос татгалзаж,  уг сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлахаар шийдвэрлэсэн” гэсэн хариу нэхэмжлэгч К.Бд  өгсөн байна.

            3. Нэхэмжлэгч К.Бы гаргасан хүсэлтэд аймгийн Засаг даргаас хариу өгөөгүй, мөн аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай захиалга хүргүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/1392 дугаар албан бичгээр  хариу өгснөөр шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  нэхэмжлэл гаргасан байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Би 2001 онд Монгол Улсын Багшийн их сургуулийг газарзүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. 2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн нутгийн удирдлагын менежерийн дипломын боловсрол  эзэмшсэн. Бизнесийн удирдлагаар магистр цолтой. 2002-2016 онд Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд газарзүйн багшаар ажилласан. 2016 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2021 онд Соёл, урлагийн газрын даргаар Төрийн албаны тухай хуулийн дагуу шилжин томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тоо буюу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсныг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу олон нийтэд мэдээлж, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин  ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг  хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа  төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5 хоногийн хугацаанд зөвлөлийн цахим хуудсанд мэдээлсэн.

Миний бие Төрийн албаны тухай хууль болон “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу уг төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны албан тушаалын тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа тул Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тоонд шилжин ажиллах хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. Улмаар уг журмын 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын  адил ангилалд  шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр  шууд томилно” гэсний дагуу аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгээр  Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05/7985 дугаар албан бичгээр тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй гэж хариу ирүүлсэн.

Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасны дагуу аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 2-01/252 дугаар зөвшөөрөл хүссэн албан бичгийг хүргүүлсэн ба Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1а/2117 дугаар албан бичгээр тухайн албан тушаалын сул орон тооны болзол, шаардлагыг хангаж байгаа намайг томилуулан ажиллуулахыг зөвшөөрсөн. Тухайн үед манай аймгийн Засаг дарга томилогдоогүй байсан. Харин аймгийн Засаг даргын орлогч аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Улмаар Баян-Өлгий аймгийн шинээр томилогдсон Засаг дарга А.К Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилж өгөх тухай хүсэлт гаргасан боловч надад одоо хүртэл хариу өгөөгүй.

Засаг дарга А.К Төрийн албаны тухай хууль болон “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасныг зөрчин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг  дахин Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн байна. Салбар зөвлөл Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчиж 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт  зохион байгуулахаар зарласан. Улмаар би 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлд Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилохыг үүрэг болгож өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч надад хариу ирүүлээгүй болно.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэсэн заалтыг зөрчиж, миний эрхэд халдсан тул Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн  41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тоо 2022 оны 02 дугаар сарын үед гарсан. Дээрх хуулийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Уг албан бичгийг хүлээн авсны дараа тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд шилжүүлэн ажиллуулах тухай зар тавьсан. К.Б тухайн зарын дагуу холбогдох материалаа хүргүүлсэн. Салбар зөвлөлөөс К.Бы материалыг хянаж үзээд эрх бүхий албан тушаалтанд материалыг хүргүүлсэн. Эрх бүхий албан тушаалтан тухайн материалыг хүлээж аваад холбогдох шаардлагыг хангаж байгаа гэж үзсэний үндсэн дээр Боловсрол, шинжлэх ухааны сайдтай зөвшилцөхөөр албан бичиг явуулсан. Мөн Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар явуулсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр К.Быг ажиллуулахыг зөвшөөрсөн хариу ирсэн. Авлигатай тэмцэх газраас 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн. Тухайн үед аймгийн Засаг даргаар А.К дарга томилогдож ирээд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 425 тоот албан бичгээр салбар зөвлөлд захиалга хүргүүлсэн. Энэ үеэс эхэлж маргаантай асуудал үүссэн. А.Камелият Засаг даргад тухайн албан тушаалд К.Быг томилохоос татгалзах үндэслэл байх ёстой.  Х.А Засаг даргын орлогч хэдий ч тухайн үед хуульд заасны дагуу Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан. Засаг даргын татгалзсан татгалзал тодорхой байх ёстой. К.Бд албан бичгээр хариу өгсөн. Гэхдээ тодорхой үндэслэлээ дурдаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гуравдагч этгээд болон хариуцагч талаас тайлбар гаргахдаа Соёлын сайдтай зөвшилцөөгүй байсан учраас татгалзсан гэдэг тайлбар гаргаж байна. Гэхдээ Засаг даргын татгалзал дотор энэ талаар тодорхой заалт байхгүй. Соёлын сайдтай зөвшилцөх, зөвшөөрөл авах асуудлыг томилох эрх бүхий албан тушаалтан хийхээс биш тухайн албан тушаалд томилогдох хүсэлтээ гаргасан хүний хийх ажил биш. Тийм учраас энэ үндэслэлээр нэхэмжлэгч К.Быг буруутгах үндэслэл байхгүй. Эхэндээ К.Бы материалыг аваад томилох шатанд ирэхэд татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Үүнээс болж К.Бы хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн хүрээнд хариуцагч тал тайлбарлаж байна. Үүнд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл биш 27 дугаар зүйлийн зохицуулалт давхар явагдаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журамд нэгэнт ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд шалгалт зохион байгуулахгүйгээр томилно гэж тодорхой зааж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл,  Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журамд татгалзах эрх олгосон хуулийн зохицуулалт байхгүй. “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3-д “Энэ журмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж зохицуулж өгсөн. Хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь буруу учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэв.

5.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын  хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоог олон нийтэд нээлттэй буюу 5 хоногийн хугацаанд зөвлөлийн цахим хуудсаар мэдээлсэн. Дээрх зарын хүрээнд К.Б нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжин ажиллахаар холбогдох материалаа ирүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллага, байгууллагын нэгж хооронд шилжүүлэх, шилжүүлэн авч ажиллуулах” шийдвэрийг төрийн байгууллагын хооронд тэдгээрийн удирдлага, төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр томилох эрх бүхий албан тушаалтан гаргахаар хуульчилсан. Иймд миний бие дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд К.Быг  Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилохоос татгалзан шийдвэрлэсэн болно.

Иймд “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3 дахь хэсэгт “Энэ журмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг салбар зөвлөлд харьяаллын хүргүүлнэ” гэж заасныг үндэслэн тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлахаар шийдвэрлэсэн ба сонгон шалгаруулалтад нийт 7 хүн бүртгүүлснээс С.Х хамгийн өндөр оноогоор тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлэн, Засаг даргын 2023 оны Б/15 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилсон болно.Иймд  К.Бы гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  хариу тайлбар,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2-01/222 дугаар албан бичгээр тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд ирүүлсэн байна.

            Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн албан ёсны www.bayan-olgii.gov.mn цахим хуудсаар дамжуулан төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 5 албан тушаалын зарыг “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын дунд журамд заасан 5 хоногийн хугацаанд зарлаж, холбогдох материалыг  [email protected] цахим шуудангаар ирүүлэхээр мэдээлсэн.

Зарын дагуу К.Баас 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжин ажиллах хүсэлт ирүүлснийг салбар зөвлөлийн албаны мэйлээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний  [email protected] хаягт илгээсэн байна.Үүний дараа  хүний нөөцийн мэргэжилтэн нь удирдлагууддаа танилцуулсан байгаа.

Дараа нь аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/425 дугаар албан бичгээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг дахин ирүүлснээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, 2023 оны 6 дугаар сарын 06-19-ний өдрүүдэд 10 хоногийн хугацаанд нээлттэй зарлаж, цахимаар бүртгэл хийсэн ба 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулсан.

Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 5 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж, 3 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн ба сонгон шалгаруулалтад 2 хүн өрсөлдөж, шалгалтын нийт дүнгээр өндөр үнэлгээ авсан иргэнийг хууль, журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилуулахаар нэр дэвшүүлсэн болно.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх  сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлсэн, мөн сонгон шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу зохион байгуулсан ба нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

7.Гуравдагч этгээд С.Х  хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Төрийн албаны тухай хуулийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж тус тус заасан. Удирдлага хоорондоо харилцан тохиролцсон асуудал байгаагүй, Соёлын сайдтай харилцан тохиролцоогүй.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.11-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр аймгийн Засаг дарга томилно” гэж заасан.

К.Б дарга 2016-2021 он хүртэл 5 жил аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Энэ үед боловсролын салбарын ажлаас ямар нэгэн ахиц дэвшил гараагүй. Манай аймгийн боловсролын салбар сүүлийн 20-оод жилд улсад дандаа 21 дүгээр байранд орж байсан. Ийм учраас Засаг даргын татгалзсан үндэслэл  нь К.Б дарга урьд нь энэ салбарыг удирдаж ажиллаж байхад ямар нэгэн ахиц дэвшил ажиглагдаагүй гэж үзсэн. Боловсролын салбар хамгийн сүүлийн байранд орсноор нийгэмд энэ салбарыг удирдах хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хамгийн чадварлаг хүнийг сонгож аваасай гэсэн хүлээлт бий болсон. Боловсролын салбарын удирдах  албан тушаалтны орон тоог нээлттэй зарлаж өгөхийг олон нийт аймгийн удирдлагуудаас шаардаж байсан. Тиймээс Засаг дарга энэ үүднээс дүгнэлт хийж нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноогоор шалгарсан хүнийг томилъё гээд татгалзсан гэж үзэж байгаа.

Иймд аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд К.Быг томилохыг зөвшөөрөөгүй, томилохоос татгалзаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж өгөх захиалгыг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд өгч, Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан нь хууль, журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Миний бие аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр орж, хамгийн өндөр оноогоор тэнцсэн юм. Ингээд аймгийн Засаг дарга Авлигатай тэмцэх газарт миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулан, Боловсрол, шинжлэх ухааны сайдтай зөвшилцсөний үндсэн дээр намайг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилсон юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 26.2-т “Энэ хуулийн 22.1 -д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно”гэж заасан. Миний бие Төрийн албаны тухай хуульд заасан дээрх ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж, чадахуйн зарчмыг хамгийн сайн хангасан тул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар сонгогдон томилогдсон гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг дарга нэгэнт өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд ажлын туршлага, мэдлэг чадвар, мэргэжил, мэргэшлийн хувьд чадахуйн зарчмыг хамгийн сайн хангасан хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон авсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18-д зааснаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг Боловсрол , шинжлэх ухааны сайд томилохоор хуульчилж өгсөн. Энэхүү өөрчлөлттэй холбоотой аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн томилсон байгаа” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тоо гарсан нь нотлогдсон. Тухайн орон тоо төрийн албаны удирдах албан тушаалд багтаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж заасан. К.Б энэ үндэслэлээр би томилогдох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл энэхүү сул орон тоог нөхөхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлтэй холбон тайлбарлахаас өөр арга байхгүй. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас гэж заасан нь өөрөө ажил олгогчийн томилох эрхэд хамаарч байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга тухайн шатлан дэвших зарчмыг баримтлахын тулд өөртөө хамаарал бүхий албан тушаалтнуудыг шатлан дэвших журмаар томилохоос биш өөр албан тушаалтны харьяанд байгаа албан тушаалтныг шатлан дэвшүүлэн томилох боломж байхгүй.  Соёлын сайдын мэдэлд байгаа албан тушаалтныг аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шатлан дэвших зарчмаар томилох эрх зүйн боломж байхгүй. Энэ нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан журмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл К.Быг томилох шаардлага гарсан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар Засаг дарга Соёлын яамны сайдтай тохиролцож энэ асуудал шийдэгдэхээс биш зөвхөн К.Бы хүсэлт илэрхийлснээр Засаг дарга шууд томилох боломжгүй. К.Б өөрөө шилжүүлэн ажиллуулах тухай хүсэлтээ гаргасан, ерөнхий болон тусгай шалгалт өгсөн, болзол шаардлагыг хангаж байгаа хэдий ч Соёлын яамны сайдын харьяанд байгаа албан тушаалтан учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1-д зааснаар ажил олгогч шууд томилох боломжгүй. Шатлан дэвших асуудал өөрөө байгууллага дотроо яригдах асуудал. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт өөрөө байгууллага доторх сул орон тоог нөхөх  асуудлыг ярьж байна. Х.Бекжаны нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг 44 дүгээр зүйлийн 44.1. дэх заалтад уялдуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй.

Боловсролын салбарт Төрийн албаны тухай хуулийг баримтлахаас гадна энэ салбарын нарийвчилсан хууль байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр томилох, чөлөөлөх”гэсэн нарийвчилсан зохицуулалт байсан. Ийм учраас хуулийн 30.1.11 дэх заалтын болзол, шаардлагыг хангах үүднээс аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаас өөр арга байхгүй.

Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлан явуулсан төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан. Энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Тухайн шалгалтаас тэнцэж өндөр оноо авсан  хүнийг нэр дэвшүүлэх нь зүй ёсны хэрэг. Ийм учраас  Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Засаг дарга тухайн үед мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэж сонгон шалгаруулалтын дүн, салбар зөвлөлийн тогтоолыг тус тус  үндэслэл болгож хуулийн дагуу захирамжаа гаргаж томилсон учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй.Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч К.Бы  “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн  захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэлийн зарим хэсэг нь  үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймгийн  Засаг даргын /Засаг даргын бүрэн эрхийг Засаг даргын орлогч Х.Арман  хэрэгжүүлж байсан/ 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын  албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс  эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр  уг албан тушаалын сул орон тоо гарсан байна.

Аймгийн Засаг даргаас 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2-01/222 дугаар албан бичгээр дээрх сул орон тоонд холбогдох хууль, журмын дагуу  сонгон шалгаруулалт зарлах тухай  захиалга хүргүүлснээр мөн өдөр Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд шилжин ажиллах төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг  холбогдох материалаа 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг хүртэл ирүүлэхийг цахимаар  мэдээлжээ.

Үүний дагуу аймгийн Соёл, урлагийн газрын даргаар  ажиллаж байгаа нэхэмжлэгч К.Баас хүсэлт гаргаж, холбогдох материалуудын хамт цахим шуудангаар  илгээснийг хүлээн аваад  салбар зөвлөлөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын  хүний нөөцийн  асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд “томилох эрх бүхий этгээдээс зарлагдсан сул орон тоонд хүсэлт гаргасан  аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Быг шилжүүлэн ажиллуулах, эсвэл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу  тусгай шалгалт явуулах эсэх тухай саналаа  ирүүлэх“ гэсэн агуулгатай  цахим шууданг К.Бы хүсэлт, холбогдох  баримт бичгүүдийн хамт явуулжээ.

Улмаар аймгийн Засаг  даргаас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилохоор нэр дэвшүүлж буй К.Бы хувийн ашиг сонирхлын  урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт, мөн  аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилох зөвшөөрөл авахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад тус тус 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  албан бичиг явуулсан байна.

Авлигатай тэмцэх газраас 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05/7985 дугаар албан бичгээр “К.Быг тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй” гэсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1а/2117 дугаар албан бичгээр “К.Быг тухайн албан тушаалд томилон ажиллуулахыг зөвшөөрч байна” гэсэн хариу  тус тус ирүүлсэн.

Эдгээр  албан бичгүүд ирсний дараа нэхэмжлэгч К.Баас Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар захирамжаар Баян-Өлгий  аймгийн Засаг  даргаар томилогдсон А.К аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилох  өргөдөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байх  бөгөөд аймгийн Засаг  даргаас 2023 оны  5 дугаар сарын 31-ний өдрийн  1-01/425 дугаар албан бичгээр  уг орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд захиалга  хүргүүлж, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/492 дугаар албан бичгээр “шилжүүлэн томилохоос татгалзсан” хариу К.Бд өгсөн байна.

Улмаар 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулагдан, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор С.Хыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байх ба дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 34, 38, 49-51, 52, 53, 54, 55-60, 61, 75-81, 96-125,126-127, 169,170,175,178,180,181  дэх тал/ тус тус тогтоогдсон болно.

3.Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж тус тус зохицуулсан.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн  44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж, 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын  2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр  хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг  өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2-т “Төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална” гэж тус тус  заасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд томилох эрх бүхий  этгээд болох аймгийн Засаг даргаас  аймгийн Боловсрол,  шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд албан ажлын зайлшгүй шаардлага буюу  хуульд заасан тодорхой нөхцөл байдлуудын улмаас аймгийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байгаа К.Быг шилжүүлэн ажиллуулахаар өөртэй нь тохиролцсон,  улмаар түүнийг  төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахаар аймгийн Соёл, урлагийн газрын даргыг томилох эрх бүхий этгээд болох  Соёлын сайдад хүсэлт гаргасан,  сайдаас  тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг  шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлага, албан тушаалын  талаар дурдаж  зөвшөөрөл өгсөн буюу  харилцан тохиролцсон  үйл баримтууд болоогүй нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, “Төрийн жинхэнэ албан хаагчийг  өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2-т заасан албан ажлын зайлшгүй шаардлага, үндэслэл бий болсны улмаас төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар  тухайн үед аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан Засаг даргын орлогчоос аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын сул орон тооны захиалга өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин аймгийн Боловсрол, шинжлэх ухааны  газрын даргын  сул орон тоо гарснаар аймгийн  Засаг даргаас  2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2-01/222 дугаар албан бичгээр дээрх сул орон тоонд холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт зарлах талаар  Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлд захиалга хүргүүлснийг томилох эрх бүхий  этгээдээс Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн сул орон тоог нөхөхөөр  захиалга хүргүүлсэн  байна гэж дүгнэлээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхлээд уг орон тоог шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр   зохицуулсан.

Мөн энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон  шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” –ын 4.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно”, 4.3-т “Энэ журмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заасан.

Аймгийн  Засаг даргаас  ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн  Боловсрол, шинжлэх ухааны  газрын даргын албан тушаалын сул  орон тоонд шилжин ажиллах төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг холбогдох материалаа ирүүлэхийг цахимаар  мэдээлснээр нэг  төрийн жинхэнэ албан хаагч буюу нэхэмжлэгч К.Баас  холбогдох материалын хамт хүсэлтээ гаргасан үйл баримт тогтоогдож байгаа.

Түүнчлэн нэхэмжлэгч К.Б нь  аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын  даргын албан тушаалын тусгай шаардлагыг буюу боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан,  мөн уг сул орон тоо болон нэхэмжлэгчийн ажиллаж байгаа орон тоо нь төрөл, ангиллын хувьд адил  албан тушаал болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 85-95,96-125,147-156 дах тал/  тогтоогдож байгаагаас гадна  хариуцагч аймгийн  Засаг дарга болон  Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлөөс  энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

6. Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шаардлагыг хангасан гэж үзээд  уг  сул орон тоонд нэхэмжлэгч К.Быг шилжүүлэн ажиллуулах, эсвэл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу  тусгай шалгалт явуулах эсэх тухай саналаа  ирүүлэхээр  томилох эрх бүхий этгээдэд К.Бы хүсэлтийг холбогдох материалуудын хамт 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр явуулснаар томилох эрх бүхий этгээд болох  аймгийн Засаг даргаас  2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Боловсролын тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 30 дугаар зүйлийн 30.1.11-д тус тус зааснаар  холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж, мэдэгдэл, зөвшөөрөл авсан үйл баримт тогтоогдсон.

Эдгээр үйл баримтуудаас үзэхэд салбар зөвлөлөөс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоонд санал болгосон нэр дэвшигч К.Быг  уг албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа гэж үзээд томилох эрх бүхий этгээдээс түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хянуулахаар Авлигатай тэмцэх газарт, аймаг, нийслэлийн боловсролын газрын даргаар томилох зөвшөөрөл авахаар боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус хандсан байна гэж дүгнэлээ.

7.Нэхэмжлэгч К.Баас гаргасан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилох тухай өргөдөлд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Баян-Өлгий  аймгийн Засаг  даргаар томилогдон ажиллаж байгаа А.К нь “шилжүүлэн томилохоос татгалзсан” хариу өгсөн  ба үндэслэлээ ”Төрийн албаны тухай  хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт  зааснаар  төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллага, байгууллагын нэгж хооронд  шилжүүлэх, шилжүүлэн авч ажиллуулах шийдвэрийг  төрийн байгууллагын хооронд  тэдгээрийн удирдлага төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр томилох эрх бүхий албан  тушаалтан гаргахаар хуульчилсан. Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд  К.Быг Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилохоос  татгалзсан шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл  хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн томилох эсэх нь томилох эрх бүхий этгээдийн эрх  хэмжээнд хамаарна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч К.Быг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохоос татгалзан, уг сул орон тоонд  нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн  байна.

Гэтэл дээр дурдсанаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан  албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах нөхцөл байдал байгаагүй, харин аймгийн Боловсрол, шинжлэх ухааны  газрын даргын  сул орон тоо гарснаар тухайн үед Баян–Өлгий аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан Засаг даргын орлогчоос Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн сул орон тоог нөхөхөөр  захиалга хүргүүлсэн, салбар зөвлөлөөс уг сул орон тооны албан тушаалын тусгай шаардлага хангасан гэж үзээд К.Быг санал болгосон үйл баримт тогтоогдсон.

Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, ”Төрийн албаны шалгалт өгөх болзол болон  шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” –ын 4.2-т тус тус зааснаар томилох эрх бүхий этгээд нь төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн сул орон тооны албан тушаалын тусгай  шаардлагыг хангасан гэж үзээд санал болгосон  этгээдийг томилохоор, харин төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын хувьд  санал болгосон  нэр дэвшигчийг  томилохоос хуульд заасан үндэслэлээр  нэг удаа татгалзах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.

Гэтэл хариуцагч аймгийн Засаг даргаас төрийн албаны салбар зөвлөлөөс  санал болгосон, тухайн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа нэхэмжлэгч К.Быг “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар шилжүүлэн томилох  эсэх нь томилох эрх бүхий этгээдийн эрх  хэмжээнд хамаарна” гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан нь  хууль бус, өөрөөр хэлбэл хуульд заасан ямар шаардлага, нөхцөлийг хангаагүй гэж үзэж томилохоос татгалзсан нь тодорхой биш байх тул хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан байна гэж дүгнэлээ.

8. Мөн  “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон  шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу сул орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд журмын 4.3-т зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлэхээр  зохицуулсан.

Дээр дурдсанчлан төрийн албаны  салбар зөвлөлөөс санал болгосон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа этгээдийг хариуцагч аймгийн Засаг даргаас дээрх үндэслэлээр  томилохоос  татгалзсан нь хууль бус, өөрөөр хэлбэл  журмын 4.2-т заасны дагуу  тухайн сул орон тоо нөхөгдөх боломжгүй  байсан гэж үзэх үндэслэлгүй тул  хариуцагч аймгийн Засаг даргаас   маргаан бүхий сул орон тоонд  нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь  мөн хууль бус байна гэж үзлээ.

9. Төрийн  албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах; 7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д“Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж тус тус заасан.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон  дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч аймгийн Засаг даргын төрийн албаны салбар байгууллагаас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын сул орон тоонд санал болгосон, уг албан  тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа нэр дэвшигч К.Быг хуульд заагаагүй үндэслэлээр томилохоос татгалзаж, улмаар уг  орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт  явуулахаар захиалга хүргүүлсэн нь  Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3-д заасантай тус тус нийцээгүй, нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах,  ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

11.Иймд нэхэмжлэгч К.Быг  маргаан бүхий сул орон тоонд томилохоос татгалзаж,нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус тул  уг сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн гаргасан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн С.Хыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн 41 дүгээр тогтоолыг мөн хууль бус гэж үзээд  уг тогтоолыг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12.Харин  “К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн  Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18-д зааснаар  Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасны дагуу чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Нэхэмжлэгчээс “Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Боловсролын ерөнхий хуулиар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг томилох нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан, өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг томилох шийдвэр гаргах эрхгүй болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1,  27.3, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч К.Бы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр “Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “К.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан  тушаалд томилохыг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЕРКЕШ