Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01837

 

П.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ, “ХЭ” ХХК-д холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаартай захирамжаар П.Д-аас 108 298 341 төгрөг гаргуулж, “Сидан" ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу П.Д миний өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 133/01 дүгээр байрны 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаартай, 66,86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 111 389 100 төгрөгөөр үнэлсэн, 70 хувиар тооцон 77 972 370 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдсэн. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/7920 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 111 389 100 төгрөг гарсан байх бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлжээ. Мөн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо манай байрны хажууд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа, удахгүй ашиглалтад орно. Иймд тэр орчмын байрнуудын үнэлгээ өндөр болж байгаа. Иймээс уг орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаар захирамжаар П.Д-аас 108 298 341 төгрөгийг гаргуулж “Сидан” ХЗХ-д олгохоор, төлбөр төлөгч П.Д шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 133/1 дүгээр байрны 47 тоотод байрлах 66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч П.Д-д 2018 оны 18271292/01, 18271292/02, 18271292/16, 170/3 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “ХЭ” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 111 389 100 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4/7920, 4/7921 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч П.Д-д мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Нарантунгалагийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 89 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/1 дүгээр байрны 47 тоотод 66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилогдсон. Бид үнэлгээг тогтоохдоо тухайн байранд үзлэг, шинжилгээ хийж олон улсын үнэлгээний стандартын дагуу үнэлгээний тайланг бичсэн. Үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийхдээ тухайн үед уг хороололд зарагдаж байгаа ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж зах зээлийн үнэлгээг гаргасан болно. Уг 66,86 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ 111 389 100 төгрөгөөр үнэлсэн 1 м.кв-ийн үнийг 1 666 000 төгрөгөөр тогтоосон. Москва хороололд судалгаа хийхэд 1 м.кв-ийн дундаж үнэ 1 500 000 – 1 600 000 төгрөгийн хооронд зарагдаж байсан. Иймд зах зээлийн ханшнаас доогуур үнэлэх ямар ч үндэслэлгүй болно. Сургууль, цэцэрлэг баригдаж байгаа ба очиж үзсэн. Гэвч орон сууцны үнэлгээнд ямар нэг нөлөөлөл байхгүй. Шүүхээс томилогдсон шинжээч ч зах зээлийн үнэлгээг бодитой гаргасан байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-аас хариуцагч НШШГГ, “ХЭ” ХХК нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол 133/1 дүгээр байр, 47 тоот 66,86 м.кв талбайтай, Ү-2201024569 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын   22-ны   өдрийн 2943 дугаар шийдвэрийн дагуу П.Д-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 133/01 дүгээр байрны 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаартай, 66,86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 111 389 100 төгрөгөөр үнэлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 сарын 29-ний өдрийн 4/7920 дугаар мэдэгдлийг хүлээн авч мэдсэн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон боловч мөн л зах зээлийн үнээс хэт доогуур буюу маш зөрүүтэй дүгнэлт гаргасан. Манай байрны хажууд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох тул зэргэлдээ орчноосоо хамаараад тэр орчмын байрнуудын үнэлгээ өндөр болж байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 133/01 дүгээр байрны 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаартай, 66,86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                              

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч НШШГГ, “ХЭ” ХХК-д холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаар захирамжаар хариуцагч П.Д нь 107 602 380 төгрөгийг нэхэмжлэгч “Сидан” ХЗХ-д 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/1 дүгээр байрны 47 тоотод 66,86 м.кв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаар бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

Төлбөр төлөгч П.Д нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Сидан” ХЗХ-ны хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 00695 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 23 дугаар тал/

Нэхэмжлэгч П.Д-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хариуцагч НШШГГ нь 2018 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 16, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус хүргүүлж, П.Д-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/1 дүгээр байрны 47 тоотод 66,86 м.кв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаар бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хураасан нь холбогдох тогтоолуудыг үндэслэсэн, ажиллагаа хуульд нийсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 38-45 дугаар тал/

Шийдэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч П.Д-аас үнийн санал авахад тэрээр 133 720 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “Сидан” ХЗХ нь шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар талууд харилцан тохиролцоогүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 46-47 дугаар тал/

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/1 дүгээр байрны 47 тоотод 66,86 м.кв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаартай орон сууцыг 111 389 100 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 48-57 дугаар тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/7921 дугаар мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч П.Д-д хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 58-59 дүгээр тал/

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/1 дүгээр байрны 47 тоотод 66,86 м.кв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201024569 дугаартай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоохоор “Хос стандарт” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 93 031 945 төгрөг гэж гаргасан байх бөгөөд уг үнэлгээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн үнэлгээнээс доогуур тогтоогджээ. /хх-ийн 70-72, 111-124 дүгээр тал/

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо орон сууцны хажууд сургууль, цэцэрлэг баригдаж, удахгүй ашиглалтад орох тул зах зээлийн үнэлгээ өснө гэх боловч дээрх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй байх тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                      

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                Г.ДАВААДОРЖ