Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2019/02210

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Хариуцагч: “Х” ХХК нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч П.Д , хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаартай захирамжаар П.Д-аас 108,298,341 төгрөг гаргуулж, “С " ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаартай шийдвэрийн дагуу П.Д  миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 133/01 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, 66.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 111,389,100 төгрөгөөр үнэлсэн, 70 хувиар тооцон 77,972,370 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгсэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/7920 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 111,389,100 төгрөг гарсан байх бөгөөд уг унэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй зах зээлийн үнэлгээнээс хэт догуур үнэлжээ. Мөн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо манай байрны хажууд сургууль цэцэрлэг баригдаж байгаа, удахгүй ашиглалтад орно. Тэхээр тэр орчмын байрнуудын үнэлгээ өндөр болж байгаа.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 133/01 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000 дугаартай сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувьд ямар нэг гомдол байхгүй гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаар захирамжаар П.Д аас 108,298,341 төгрөгийг гаргуулж “С ” ХЗХ-д олгохоор, төлбөр төлөгч П.Д  шүүгчийн захирамжинд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 133/1 дүгээр байрны 000 тоотод байрлах 66.86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч П.Д д 2018 оны 18271292/01, 18271292/02, 18271292/16, 170/03 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 111,389,100 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/7920, 4/7921 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг болон хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч П.Д д мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч “Х” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Манай байгууллага нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 136-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Н-ийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №89 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/1 дүгээр байрны 000 тоотод 66,86 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилогдсон.

Бид үнэлгээг тогтоохдоо тухайн байранд үзлэг, шинжилгээ хийж ОУҮС-ын дагуу үнэлгээний тайланг бичсэн. Үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийхдээ тухайн үед уг хороололд зарагдаж байгаа ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж зах зээлийн үнэлгээг гаргасан болно. Уг 66.86 мкв 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ 111,389,100 төгрөгөөр үнэлсэн 1 мкв-ийн үнийг 1,666,000 төгрөгөөр тогтоосон. Москва хороололд судалгаа хийхэд 1 мкв-ийн дундаж үнэ (1,500,000-1,600,000)-ийн хооронд зарагдаж байсан. Иймд зах зээлийн ханшаас доогуур үнэлэх ямарч үндэслэлгүй болно.

Сургууль, цэцэрлэг баригдаж байгаа юм билээ очиж үзсэн. Гэвч орон сууцны үнэлгээнд ямар нэг нөлөөлөл байхгүй. Шүүхээс томилогдсон шинжээч ч зах зээлийн үнэлгээг бодитой гаргасан байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Х” ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүйд  тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч талаас ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь хууль бус, үндэслэлгүй тул хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд гомдолтой гэж, хариуцагч талаас ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн байгууллага гаргасан, үндэслэлтэй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг, бичмэл баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн болон өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа бол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус бол энэ талаар шаардах, гомдол гаргах эрхтэй болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаар захирамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “...төлбөр төлөгч П.Д аас  107,602,380 төгрөг, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол 133/1 дүгээр байр, 000 тоот 66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамж 695,961 төгрөгийг тус тус гаргуулж төлбөр авагч “С ” ХЗХ-д олгохоор” 695 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч П.Д д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа явуулж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18271292-02 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, 133/1 дүгээр байрны 000 тоот, 66,86 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18271292-136 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хурааж, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлснийг төлбөр төлөгч П.Д  хүлээн авсан, танилцсан байна.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэд санал нэгдээгүй тул төлбөр авагч “С ” ХЗХ-ны хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинжээчээр “Х” ХХК-ийг томилж, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол 133/1 дүгээр байр, 000 тоот 66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 111,389,100 төгрөгөөр үнэлж /хх 50-55/, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/7921 тоот албан бичгээр хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг мэдэгдэхэд нэхэмжлэгч П.Д  нь мөн өдөр хүлээн авсан /хх 58/ болох нь тус тус баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч болох “С ” ХЗХ-ны хүсэлтээр эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулсан нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээч “Х” ХХК-иас тус орон сууцыг 93,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 115-123/

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй гэх тайлбар нь үндэслэл бүхий байх тул П.Д ын үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д аас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Х” ХХК нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол 133/1 дүгээр байр, 000 тоот 66,86 м.кв талбайтай, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Д ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ