Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01839

 

“ӨОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ӨОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.О, “Т” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг, бусад зардалд нийт 80 830 200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч Ч.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ч.О-тэй тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, экскаваторыг 170 000 000 төгрөг, бульдозерыг 170 000 000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсон. Ч.О урьдчилгаа 76 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 264 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 65 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 65 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 65 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 69 000 000 төгрөг тус тус төлөхөөр тохирсон. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр гэрээнд заасан. Ч.О нь гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй учир экскаваторыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буцаан татсан. Гэрээний 4.1-д төлбөр төлөхгүй бол техникийн ашигласан хугацаанд түрээс тооцохоор заасан, экскаваторыг 20 000 000 төгрөг, бульдозерыг 30 000 000 төгрөгөөр тохирсон. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 сарын түрээсийн төлбөрт 80 000 000 төгрөг төлөхөөр байсан, 2016 оны 10 дугаар сард Ч.О өөрөө ирж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бульдозерын үлдэгдэл 20 000 000 төгрөг төлнө, 3 000 000 төгрөгийг уурхай ажиллахаар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж хэлсний үндсэн дээр түрээс 80 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хасч 70 000 000 төгрөгөөр тохирсон байгаа. Манай компани 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, мөн дахин 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэх явуулсан. Мөн “Т” ХХК тус компаниас сэлбэг захиалан худалдаж авдаг байсан. Сэлбэгийн төлбөр 35 591 600 төгрөгөөс 28 900 000 төгрөг болон 1 391 600 төгрөг төлсөн, 5 300 000 төгрөг дутуу төлснийг нэхэмжилж байгаа болно. Мөн хариуцагчийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги 2 460 000 төгрөг тооцож нэхэмжилсэн байгаа болно. Иймд хариуцагч Ч.О, “Т” ХХК нараас нийт 80 830 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨОМ” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан Hyundai R300LC экскаватор, D6RII STD маркийн бульдозер зэргийг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаа 76 000 000 төгрөгөөр болон юаниар төлсөн. Дээрх хоёр техникийг уурхай дээр аваачин ашиглаагүй сар гаран болж байхад “ӨОМ” ХХК ирж техникээ буцааж авна гээд экскаватораа хүчээр ачаад аваад явсан. Үүнээс хойш бульдозерын мөнгийг тухай бүрт нь төлөөд дуусгасан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү төлөхгүй, бичгээр гэрээ хийгээгүй үед түрээс тооцохгүй, түрээсийн гэрээнд нэгэн адил үйлчлэх эд хөрөнгө хөлслөх гэрээгээр гурван сарын турш хөлс төлөөгүй нөхцөлд цуцалдаг учир экскаваторын төлбөрийг нэг сар төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Одоо “ӨОМ” ХХК-д төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨОМ” ХХК-тай экскаватор, бульдозер худалдан авах гэрээг Ч.О байгуулсан. Манай компанийн уурхайн үйл ажиллагаанд ашиглаж байсан. Тиймээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй учир энэ гэрээтэй холбоотой бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэлбэгийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүссэн нь үнэн боловч тухай бүр үнийг нь төлсөн. Иймээс сэлбэгийн үнийн үлдэгдэл 5 300 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.О-гээс 68 653 564 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 176 636 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-гээс 501 218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс иргэн Ч.О, "ӨОМ" ХХК нарын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүү тохиролцоогүй учир зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээг заавал хүүтэй байх талаар заагаагүй. Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөх бөгөөд хүү төлөхгүй байхаар хуульд заасан. Хариуцагч тал нь худалдан авсан техникээ бүрэн бүтнээр нь буцаан өгсөн. Нэхэмжлэгч тал хариуцагчаас техникийн түрээсийн төлбөр 70 000 000 төгрөг нэхэмжилсэн атал шүүхээс өөрийн санаачилгаар уг шаардлагыг өөрчлөн хохирол болгон Ч.О-гээс 64 193 564 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх хохирлын хэмжээг өөрөө тогтоосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрээс хохиролд тооцон 64 193 564 төгрөг гаргуулахаар заасныг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ӨОМ” ХХК нь хариуцагч Ч.О, “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг, бусад зардалд нийт 80 830 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ӨОМ” ХХК, хариуцагч Ч.О нар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ӨОМ” ХХК нь “Hyundai R300LC” маркийн экскаваторыг 170 000 000 төгрөгөөр, “D6RII STD” маркийн бульдозерыг 170 000 000 төгрөгөөр тус тус хариуцагч Ч.О-д шилжүүлэх, хариуцагч Ч.О нь гэрээний үнэд нийт 340 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3-5 дугаар тал/

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно. Учир нь гэрээний үнийг хэсэгчилэн төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг тодорхойлохгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Хариуцагч Ч.О нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бульдозерын үнэд 170 000 000 төгрөг төлөхөөс 167 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч Ч.О-гээс бульдозерын үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг, алданги 1 460 000 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч “ӨОМ” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй болно.

Харин анхан шатны шүүх хариуцагч Ч.О-гээс 64 193 564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ гэрээнээс үүссэн хохирол гэж буруу дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, талууд гэрээний 4.1 дэх хэсэгт гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл, талууд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний зүйлийг ашигласантай холбоотой харилцаагаар солихоор тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Иймд нэхэмжлэгч “ӨОМ” ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-гээс экскаваторын түрээсийн төлбөрт 3 сар 22 хоногийн 64 193 564 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм. /хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч “ӨОМ” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан худалдсан сэлбэгийн үнийн үлдэгдэл 5 300 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 ...” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ч.Огээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501 218 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                   

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                   Г.ДАВААДОРЖ