Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/MA2017/0421

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр             Дугаар 221/МА2017/0421            Улаанбаатар хот

 

Д.Энхбаясгалангийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээд В.Сумъяасүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Энхбаясгалангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд Нийслэлийн засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсгээс зарим хэсгийг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн  Л.Батчулуунд газар эзэмших эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж 70 тоот хаягт байрлалтай 404 мкв газраас хасагдсан 139 мкв газрыг Д.Энхбаясгалан надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсгийг \зарим хэсгийг\, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот шийдвэрийн Ш.Батчулуунд холбогдох хэсэг зарим хэсэг хүчингүй болгуулах нь хууль зүйн үндэслэлийн тухайд:

Д.Энхбаясгалан нь анх 2005 оноос өнөөдрийг хүртэл 404 м.кв газрыг өөрийн зардлаар хашаа татан авч, түүн дээрээ хувийн сууц барьж эзэмшиж амьдарсаар ирсэн ба хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1870 тоот тодорхойлолт, татсан 2004 оны байдлаархи Баянзүрх дүүргийн 12 дуг аар хороо Чулуут амины орон сууц 4 дүгээр гудамжны 70 тоот хаягт байрлах газар анхнаасаа ямар хэмжээ байршилтай байсныг харуулсан тойм зураг, нэгж талбарын хил заагын газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, хэмжилтийн зураг Полигонометр, Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2\1776 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралтаар 2005-2007 оны агаарын зургийг 2015 оны зурагтай давхацуулсан зураг, 7 дугаар хавсралтаар 2015 оны мэдээллийн санд бүртгэлтэй зургыг 2015 оны агаарын зурагтай давхацуулсан зураг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын уг хаягт байрлах 404 м.кв газрыг 2011 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 484 дүгээр захирамжаар Д.Энхбаясгаланд эзэмшүүлсэн.

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот шийдвэрийн Л.Батчулуунд холбогдох хэсэг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсэг нь хууль бус шийдвэр юм.

Учир нь тухайн маргаан бүхий газрыг бусдын эзэмшил ашиглалтад байсаар байхад тодруулбал яг маргаан бүхий хэсэгт Д.Энхбаясгалангын өмчлөлийн хувийн

 

сууц байсаар байхад Л.Батчулуунд 2007 онд эзэмших эрх, 2008 онд өмчлөх эрх олгож шийдвэрлэсэн.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3-д  Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэсэн заалтын хүрээнд дүгнэхэд Д.Энхбаясгалангын газартай давхцалтай эсэхийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шалгаж нягтлалгүйгээр Д.Энхбаясгалангын байшин байрлаж байгаа газрыг хажуу айлд \Л.Батчулуунд\ эзэмшүүлж өмчлүүлсэн байдаг ба энэ талаар хариуцагч байгууллага газар олголт хийхдээ байшин байна гэдгийг үзэж нягтлаагүй гэдгээ зөвшөөрсөн байдаг.

Энэ нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэгдэж байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуульд заасан үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахтай холбоотой хууль журмыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Энхбаясгалангаас “... маргаан бүхий газар болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж 70 тоот хаягт байрлах газарт 2005 онд байшин барьж амьдарч байгаа, арав гаруй жилийн хугацаанд газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 484 дүгээр захирамжаар  404 м.кв газрыг эзэмшүүлсэн ... Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар ... газар эзэмшүүлэхдээ иргэн Л.Батчулууны газартай давхцуулсан байсан тул давхцалыг арилгасан гэж газрын хэмжээг багасгаж 265 м.кв газрыг өмчлөх эрх олгосон ... дээд шатны байгууллагад хандахад ... Л.Батчулууны газрыг давхцуулан эзэмшүүлсэн байсан тул хуульд нийцүүлж давхцлыг арилган 265 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх олгосон гэсэн хариуг ирүүлсэн ... эдгээр нь хууль бус ...” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 404 м.кв эзэмшил газрын үлдэх хэсэг болох 139 м.кв газрыг иргэн Д.Энхбаясгаланд өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага[1] гаргажээ.

Харин хариуцагчаас “... иргэн Л.Батчулуун нь 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус дүүргийн 12 р хороо, АОС 4 дүгээр гудамжны 5 тоотыг эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 411 дүгээр захирамжаар газар олгосон нь хуульд нийцсэн ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Д.Энхбаясгалан маргаан бүхий газарт 2005 оноос амьдарч, үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц барьсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна...” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Гуравдагч этгээд Д.Батчулууны Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан гаргасан 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “... Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны АОС-ны 4-р гудамжны 5 тоотод олон жил амьдарсан тул тус газрын гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж өгнө үү...” гэх хүсэлт[2]-ийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамж[3]-аар иргэн Л.Батчулуунд /12 дугаар хорооны  Чулуут–Овоот АОС гэж газрын байршлыг заасан/ 230 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамж[4]-аар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах 243 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1870 дугаар албан бичиг[5], Google Earth-ийн 2004 оны байдлаар маргаан бүхий газрын байдлыг харуулсан тойм зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг харуулсан тойм зураг, хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэж өгсөн акт, хэмжилтийн зураг[6] “Полигонометр” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ийн кадастрын зураг[7], Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2/1776 дугаар албан бичгийн 1 дүгээр хавсралт “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны зургийг 2005-2007 оны агаарын зурагтай давхцуулсан байдал”[8] зэрэг нотлох баримтууд, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан “... газрын дахин төлөвлөлтөөр айл бүрийн хуучин өмчилж байсан газар бага зэрэг баруун талаасаа зүүн тал руугаа шилжих явцад манай албан ёсны солбицолтой газар нэхэмжлэгчийн байшин байгаа газар луу орсон...” гэх тайлбар[9], нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн байшин 2005 онд байсан, тэнд амьдарч байсантай нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн маргаагүй байдал зэргээс үзвэл “нэхэмжлэгч Д.Энхбаясгалан нь маргаан бүхий газарт гуравдагч этгээд Л.Батчулуунаас өмнө амьдарч байсан, одоо амьдарч байгаа, 2005 онд үл хөдлөх эд хөрөнгө барьсан болох нь” тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нар нь нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн тус газарт амьдарч байсныг, 2005 оноос үл хөдлөх эд хөрөнгө үүсч бий болсон зэрэг нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр гуравдагч этгээд Д.Батчулуунд тус газрыг давхцуулан эзэмшүүлж, улмаар өмчлүүлж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамж нь тус тус Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцээгүй, хууль бус тус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх, хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна. Тодруулбал,

Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж газар эзэмшүүлэх хүсэлтийг нягтлан шалгах үүрэг, эрх бүхий этгээдийг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д  “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”,  5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж газар өмчлүүлэхэд тавигдах үндэслэл, зарчмыг тус тус зааж хуульчилжээ.

Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 2.1.2-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-д “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 6.2.1-д “Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.2-д “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.2.4-д “Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/”, 6.3-д “Энэ журмын 6.2.4-д заасан “шаардлагатай” гэсэнд дараах тохиолдол хамаарна”, 6.3.1-д  “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох”, 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна” гэж тус тус журамласан байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан болох дүүрэг, нийслэлийн Засаг дарга нь 2007, 2008 онуудад гуравдагч этгээд Б.Батчулууны газар эзэмших, өмчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахын өмнө хүсэлт гаргаж буй газарт суурин судалгаа хийж, улмаар өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж, хөрш зэргэлдээ байх газрын орц гарц, нэгж талбар тус бүрийн хувьд эргэлтийн цэгүүдийг тодруулж, хил залгаа хөршүүдийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, орц гарцыг тогтоож, газрын давхцал үүсэх эсэхийг тодруулж нягтлан хээрийн судалгааг хийсний эцэст хэрэв зөрчил илэрсэн бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны үндсэн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргах байжээ.

Хариуцагч нар нь ийнхүү 2005 оноос үл хөдлөх хөрөнгө бий болгож тус газрыг бодитоор эзэмшиж ашиглаж ирсэн нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн үл хөдлөх хөрөнгө байршиж буй газартай давхцуулан 2007, 2008 онуудад гуравдагч этгээдэд газар, эзэмшүүлж, өмчлүүлсэн нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2, 6 дугаар зүйлүүдэд заасантай нийцээгүй байна.

Улмаар дээрх зөрчлөө арилгах гэсэн нэрээр газар  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамж[10]-аар гуравдагч этгээдийн газартай хэсэгчилсэн давхцалтай гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн эзэмшлийн 400 м.кв газрыг 265 мкв болгон багасгах босон шалтгааныг хариуцагчаас “гуравдагч этгээдийн газартай давхацсан байсан зөрчлийг арилгасан” гэх боловч тус шалтгаан нь гуравдагч этгээдэд 2007 онд тус газрыг эзэмшүүлж, 2008 онд өмчлүүлэх шийдвэр гаргахдаа бусдын эзэмшлийн газартай давхацсан эсэхийг нягтлан шалгах хууль, журмаар тогтоосон үүргээ зүй ёсоор гүйцэтгээгүй, газрыг давхцуулан эзэмшүүлсэн зөрчлөө хаацайлсан хариуцагч төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагаа нь  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй болжээ.

Нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн “... өмчлүүлсэн 265 м.кв талбайд ... миний байшин орж байгаа гэж бодсон учир тухайн үед энэ асуудлаар маргаагүй юм ...” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 484 дүгээр захирамжаар 404 м.кв талбайг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамж[11]-аар 265 м.кв болж өмчлүүлэхэд уг талбайн хэмжээ багассаныг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй хэдий ч газар эзэмших, өмчлөх хүсэлтэд дурдагдсан газар нь өөр бусад этгээдийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг хээрийн судалгаа хийж, шалгасны үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ зөрчиж, бусдын газартай давхцуулан газар эзэмшүүлж, өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжуудыг зөвтгөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн 400 м.кв талбайн өмчлүүлээгүй үлдэх хэсгийг түүнд өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахад саад болохгүй гэж үзлээ. 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Энхбаясгалан нь “... миний газарт давхцуулан бусад этгээдэд газар өмчлөх эрх олгосон ...” гэх үндэслэлээр Нийслэлийн газрын албанд хандсаны хариуд тус албанаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/225 дугаар албан бичиг[12]-ээр “...таны эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх явцад бусдын өмчилсөн газартай давхцуулан эзэмшүүлсэн зөрчлийг ... арилган 2015 оны ...А/41 дугаар захирамжаар танд 261 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Иймд таны газарт давхцуулан бусдад газар өмчлөх эрх олгосон гэх үндэслэл байхгүй бөгөөд та энэхүү шийдвэрт гомдолтой бол ... шүүхэд хандах эрхтэй болохыг зөвлөе” гэх хариу өгсний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас тус албан бичгээр нэхэмжлэгчид газрын хэмжээг багасгаж өмчлүүлсэн үйлдлээ зөвтгөснөөр түүнд үлдэх газрыг нэмж эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй гэдгээ бодитоор илэрхийлсэн байхад шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр “...404 м.кв газраас хасагдсан 139 м.кв газрын Д.Энхбаясгаланд өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид газар өмчлүүлэх шийдвэрийг гаргахдаа “бусдын газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгасан” гэх тайлбар, үндэслэлээр анх эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгасан атлаа гуравдагч этгээдэд 2007 онд газар эзэмшүүлэх, 2008 онд өмчлүүлэх, түүнчлэн нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах үед газрын хил хязгаар эргэлтийн цэгийг нягтлан шалгаж, тухайн газрыг бусад этгээд газар эзэмших эрхийг гэрчилгээгээр эзэмшиж байгаа эсэх, хэн нэгэн амьдран сууж байгаа эсэхийг нягтлан шалгаж, зөрчлийг арилгах боломжтой байтал, ийнхүү нягтлан шалгаж, тодруулалгүйгээр шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцээгүй, тэгш байдлыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж өмчлүүлсэн хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаа газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хуулиар тогтоосон журамд нийцээгүй байхад нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг анх эзэмшиж байсан хэмжээгээр олгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдэл хууль бус байх тул нэхэмжлэгчийг тус газрыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэж, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, маргаан бүхий 139 м.кв газрыг түүнд өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Энхбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Батчулуунд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж 70 тоот хаягт байрлалтай 139 м.кв газрыг Д.Энхбаясгаланд нэмж өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                

     ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

     ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

     ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ