Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01882

 

“ХЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ХЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох,

Гэрээ цуцалснаас учирсан хохиролд нийт 43 450 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Даваасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Г.Х-тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 баг, 2 хороолол, 44 А байр, 14, 15 тоот 2 орон сууцыг 156 250 000 төгрөгөөр худалдаж авахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг байр тус бүрээр байгуулсан. Дээрх 2 орон сууцны төлбөрийг гэрээний 5.4-т заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлөх байсан ч хугацаа хэтрүүлэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байрны төлбөрт 25 000 000 төгрөг төлсөн. Төлбөр төлөх хугацаа дууссан талаар удаа дараа Г.Х, түүний нөхөр А.Энхболд нарт мэдэгдэхэд удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Захиалагч нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэж авах хүсэлтийн дагуу 7 250 000 төгрөгийн зардал гаргасан. Г.Х нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Одоо уг орон сууцуудыг чөлөөлж аваад дахин худалдан борлуулахын тулд 2 тусдаа орон сууц болгон анхны байдалд оруулахын тулд нэмж засварын зардал гарах тул дээрх орон сууцнуудыг албадан чөлөөлж, засвар хийсний дараа энэхүү зардлыг нэхэмжлэх болно. Уг 2 орон сууц хүлээлгэн өгснөөс хойш шүүхийн шийдвэрээр чөлөөлүүлж буцаан хүлээн авсан хугацаанд Г.Х-ын эзэмшил, ашиглалтад байсан ба 1 орон сууцны түрээсийн төлбөрийг 400 000 төгрөг, 2 орон сууцны төлбөрт 1 сард 800 000 төгрөг нэхэмжилнэ. Захиалагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон тул гэрээний 6.2-т зааснаар урьдчилгаа төлбөрийн 20 хувь болох 5 000 000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар зардал 7 250 000 төгрөг болон гэрээ цуцалсны төлбөрт 5 000 000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2 орон сууцны түрээсийн төлбөрт 800 000 төгрөгөөр 39 сарын 31 200 000 төгрөг нийт 43 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр 7 250 000 төгрөгийн засвар хийх талаар тохиролцоогүй, ийм зардал гаргасан нь үндэслэлгүй юм. “ХЦ” ХХК нь дээрх орон сууц болон бусад байрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэд, хуулийн этгээдэд шилжүүлж байсан ба тус хугацаанд түрээсэлж, ашиг олох байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Энэхүү гэрээг цуцалж, ийнхүү цуцалснаас гарах үр дагавартай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 575 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:Т386082069/ Т овогтой Г.Х-аас 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан, “ХЦ” ХХК-д /РД:5428688/ олгож, шаардлагаас үлдэх 41 050 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 375 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн”. Дээрх зөрчлөөс улбаалж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч "ХЦ" ХХК болон иргэн Г.Х нар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг 2-р хороололд байрлах 44 А байрны 1-р орцны 4 давхрын № 14, 15 тоот хоёр орон сууцыг худалдаж авахаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг №14, 15 тоот тус бүрээр нь байгуулсан юм. Дээрх №14, 15 тоот орон сууцны тус бүрийн үнэ 83 125 000 төгрөг буюу нийт 166 250 000 төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулж дуусгах ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дээрх 2 байрны төлбөрт 25 000 000 төгрөг төлсөн. Төлбөр төлөх хугацаа дууссан талаар удаа дараа Г.Х болон түүний нөхөр А.Энхболд нарт мэдэгдэхэд удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн юм. Анх орон сууцыг авахдаа захиалагч Г.Х нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэж авмаар байна гэсэн хүсэлт амаар тавьсны дагуу нийт 7 250 000 төгрөгийн зардал гаргаж кордорын ханыг нурааж хаалга гаргаж, буцаан ханын өрлөг хийж нийлүүлсэн юм. Г.Х нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул "ХЦ"  ХХК  нь  гэрээнээс  татгалзан байраа чөлөөлүүлэх,  алданги  нэхэмжилсэн шаардлагатай  холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 575 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэвч хэргийн үйл баримтаар худалдан авагч буюу Г.Х нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэх талаар хүсэлт гаргасан болон талууд энэ талаар тохиролцсон гэж үзэх байдал тогтоогдохгүй байна. Харин худалдагч буюу "ХЦ" ХХК нь орон сууцыг борлуулахын тулд түүний 2 зэргэлдээ орон сууц худалдан авч байгаад нийцүүлэн засварласан байх тул зардал 7 250 000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна. Түүнчлэн гэрээний дагуу хийсэн засварын зардлыг гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд тооцохгүй” гэжээ. Түүнчлэн худалдан авагч 2 зэргэлдээ сууц нийлүүлж авах хүсэлтэй байсан учраас зардал гаргаж засвар хийсэн. Хэрэв тус тусдаа зэргэлдээ орон сууц худалдан авсан, нийлүүлэх хүсэлт гаргаагүй бол зардал гаргаж засвар хийхгүй байсан. Харин ч одоо зарахын тулд тус тусдаа орон сууц болгон тусгаарлахын тулд мөн дээрх хэмжээний зардал гаргахаар болж байна. Хоёр орон сууцыг нийлүүлж авах тохиолдолд маш ховор тохиолдол ба зөвхөн худалдан авагчийн хүсэлтээр нийлүүлсэн нь ойлгомжтой бөгөөд энэ талаар хэргийн оролцогч маргаагүй асуудал юм. Орон сууцыг худалдан авагч Г.Х ашиглаж амьдарсан хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн тухайд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна. Тухайн үед талуудын гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар учирсан хохирол арилгуулахаар шаардахад дээрх шийдвэр саад болохгүй юм гэж зөв дүгнэсэн байна. Гэвч "... нэхэмжлэгч нь уг 2 орон сууцыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад гэрээний дагуу хүлээлгэн өгсөн атлаа гэрээнээс татгалзсан үндэслэлээр дээрх хугацаанд  олох байсан ашгийг түрээсийн төлбөртэй дүйцүүлэн нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй” гэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Өмнө нь шүүхийн журмаар шийдвэрлэхэд зөвхөн талууд авсан зүйлээ биет байдлаар нь харилцан буцааж өгөх асуудлыг шийдвэрлэсэн. Харин гэрээний хариуцлага, хохирол болон гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн. Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 30-наас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл сар буюу ойролцоогоор 1170 хоног дээрх орон сууцанд амьдарсан. Хуулийн дээрх заалтын ашиг гэдэг зүйлийг зөвхөн бизнес хийж ашиг олох гэдэг агуулгаар хязгаарлагдмал хүрээнд ойлгож болохгүй бөгөөд өргөн хүрээтэй ойлголт юм. Шүүгчийн дотоод итгэл үнэмшлээр бол орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж жаахан  урьдчилгаа  мөнгө  төлөөд  үлдэгдлээ албаар төлөхгүй олон жил амьдарчихаад урьдчилгаанд өгсөн мөнгөө бүрэн буцааж аваад ямар ч үнэ төлбөргүй мөнгө зарлагадахгүй амьдраад яваад байж болох нь тэгсэн атлаа "Харин 00171 дүгаар шийдвэр, 575 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор Г.Х болон "ХЦ" ХХК-ийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болж, хариуцагч орон сууцыг хэлцэлгүйгээр ашигласныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна" гэжээ. Талууд орон сууц худалдах худалдан гэрээ байгуулснаас хойш өмнөх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болох хүртэл 39 сарын хугацаанд орон сууцыг ашигласан. Зөвхөн өмнөх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноос хойшхи 3 сарын хугацааны түрээс 2 400 000 төгрөгийн хэмжээнд энэ шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм. Захиалагч буюу худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой 5 000 000 төгрөг нэхэмжилсэн тухайд шийдвэрийн үндэслэх хэсэгт "... талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс 30 хоног хэтэрсэн тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлсөн төлбөрийн 20 хувийг суутгах эрх нь худалдагчид үүсэхээр байгаа боловч худалдагч нь гэрээний үүрэг зөрчсөнөөс хойш дээрх хугацаанд гэрээг цуцлах санал гаргаагүй байх тул шаардах эрхгүй гэж үзлээ. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэр, магадлалаар гэрээний үндсэн болон нэмэлт үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна" гэжээ. Орон сууц захиалгын гэрээний 5.2-т ийм заалт байхгүй. Орон сууцны захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д захиалагч энэ гэрээг дангаараа зөрчсөн тохиолдолд төлсөн нийт төлбөрийн 20 хувийг суутгуулж үлдсэн хэсгийг буцаан авна, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт захиалагч гэрээний төлбөрийг графикт хугацаандаа төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд ийнхүү 30 хоног хэтэрвэл "ХЦ" ХХК-д саад учирсан гэж үзэж гэрээг нэг талын санаачлагаар цуцална. Ингэхдээ захиалагчийн төлсөн төлбөрийн 20 хувийг суутгана гэсэн тул төлсөн 25 000 000 төгрөгийн 20 хувь буюу 5 000 000 төгрөгийг Г.Х-аас шаардах үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 "хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн", хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч "ХЦ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн миний бие 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд 1 орон сууцны түрээсийн 1 сарын төлбөр 400 000 төгрөг, 2 орон сууцны 1 сарын түрээсийн төлбөр 800 000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн боловч шүүх нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулаад бидний нэхэмжилсэн түрээсийн үнэлгээг шууд баримтлан хэргийг шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаартай шийдвэрт “ ...харин 00171 дугаар шийдвэр, 575 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор Г.Х  болон "ХЦ" ХХК-ийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болж, хариуцагч орон сууцыг хэлцэлгүйгээр ашигласныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 3 сарын хугацааны төлбөрийг тухайн орон нутагт 1 орон сууцны түрээсийн төлбөрийг 400 000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилснийг хариуцагч маргаагүй, энэ талаар хариуцагчаас хүсэлт гаргаагүй тул 2 орон сууцны 1 сарын төлбөрийг 800 000 төгрөгөөр тооцож, 2 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулав ..." гэсэн. Энэхүү орон сууцнуудын өмчлөгч нь барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсноос хойш "ХЦ" ХХК байгаа ба хариуцагч Г.Х болон түүний гэр бүлийнхний зүгээс тус орон сууцанд оршин сууж байсан удаагүй. Миний бие энэ талаар шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа удаа дараа дурдаж байсан болно. Мөн "ХЦ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... энэхүү орон сууцны түрээсийн төлбөрийг шаардана ..." гэж хэлж байсан боловч чухам энэхүү хугацаанд үл хөдлөх хөрөнгийг тухайн хугацааны туршид, дээрх хэмжээний мөнгөн хөлсөөр түрээслүүлэх байсан гэх тайлбараа нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй, бодит бус байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалт нь суурь хэлцэл хүчингүйд тооцогдох болон бусад хэлбэрээр буюу суурь хэлцэлгүйгээр эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө шилжигдсэн, эрх зүйн хувьд давуу тал олж авсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь анхнаасаа хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байсан бөгөөд талууд Иргэний хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 575 дугаартай магадлалаар тухайн гэрээний харилцааг дуусгавар болгосон. Хэдийгээр гэрээнээс татгалзсанаас үүдэлтэйгээр гэрээний харилцаа анхнаасаа үүргийн харилцаа үүсээгүйтэй адил хууль зүйн үр дагаврыг бий болгодгоороо суурь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдохтой төстэй боловч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх байдлаар гэрээ цуцалснаас учирсан хохиролтой холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаартай шийдвэрийн "...Г-ын Х-аас 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан "ХЦ" ХХК-д /РД:5428688/ олгож ..." гэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ХЦ” ХХК нь хариуцагч Г.Х-д холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохиролд нийт 43 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ХЦ ХХК” нь хариуцагч Г.Х-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ХЦ ХХК” нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 44а байр, 14, 15 тоот орон сууцыг худалдах, хариуцагч Г.Х нь орон сууцны төлбөрт нийт 166 250 000 төгрөгийг 2016 оны 2 сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Гэвч хариуцагч Г.Х нь орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, шүүхийн шийдвэр, магадлалаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 20-22, 23-26 дугаар тал/

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулж нэхэмжлэгч нь хоёр орон сууцыг нийлүүлэхэд гарсан зардал 7 250 000 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар төлсөн төлбөрийн 20 хувь буюу 5 000 000 төгрөгийг гаргуулна гэх боловч энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл талууд гэрээнд засварын зардлын талаар тохиролцоогүй, нөгөө талаар нэхэмжлэгч нь хоёр орон сууцыг борлуулах зорилгоор засварласан, тухайн засварын зардал нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэд орсон гэх үндэслэлтэй, 20 хувийн суутгалтай холбоотой шаардлагын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан хэмээн дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар харилцан буцаасан тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт зааснаар торгууль шаардах эрх үүсээгүй.

Харин нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч 39 сарын хугацаанд эзэмшилдээ байлгасан гэх үндэслэлээр 31 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож нэхэмжилнэ гэх боловч анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2019 оны 3 сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 3 сарын хугацааг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэмээн тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчаас 2 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.

Иймд засварын зардал, 20 хувийн торгууль, түрээсийн төлбөр гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдол, бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэх 2 400 000 төгрөгт гаргасан хариуцагчийн гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо орон сууцны түрээсийн төлбөрийн ханшийг шинжээч томилуулж тодруулахаар гаргасан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон гэх боловч талуудын тайлбарыг үндэслэн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ЭНХТӨР

                                                   ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Г.ДАВААДОРЖ