Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01838

 

2019 оны 9 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2019/01838 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: з, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д  холбогдох,

Гэрээ цуцалснаас учирсан хохиролд 12,250,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 31,200,0000 төгрөг, нийт 43,450,000 /дөчин гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд .....нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Г.Х тай 2 орон сууцыг 156,250,000 төгрөгөөр худалдаж авахаар 2015 оны 11 сарын 30-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ-г байр тус бүрээр байгуулж, сан. Дээрх 2 орон сууцны төлбөрийг гэрээний 5.4-т заасны дагуу 2016 оны 2 сарын 28-ны дотор төлөх байсан ч хугацаа хэтрүүлэн 2017 оны 6 сарын 21-ний өдөр байрны төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн. Төлбөр төлөх хугацаа дууссан талаар удаа дараа Г.Х , түүний нөхөр А.Э нарт мэдэгдэхэд удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Захиалагч нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэж авах хүсэлтийн дагуу 7,250,000 төгрөгийн зардал гаргасан. Г.Х  нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Одоо уг орон сууцуудыг чөлөөлж аваад дахин худалдан борлуулахын тулд 2 тусдаа орон сууц болгон анхны байдалд оруулахын тулд нэмж засварын зардал гарах тул дээрх орон сууцнуудыг албадан чөлөөлж, засвар хийсний дараа энэхүү зардлыг нэхэмжлэх болно. Уг 2 орон сууц хүлээлгэн өгснөөс хойш шүүхийн шийдвэрээр чөлөөлүүлж буцаан хүлээн авсан хугацаанд Г.Х ын эзэмшил ашиглалтад байсан ба 1 орон сууцны түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг, 2 орон сууцны төлбөрт 1 сард 800,000 төгрөг нэхэмжилнэ. Захиалагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон тул гэрээний 6.2-т зааснаар урьдчилгаа төлбөрийн 20 хувь болох 5,000,000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 227.1-д зааснаар зардал 7,250,000 төгрөг болон гэрээ цуцалсны төлбөрт 5,000,000 төгрөг, Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар 2 орон сууцны түрээсийн төлбөрт 800,000 төгрөгөөр 39 сарын 31,200,000 төгрөг, нийт 43,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 11 сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ээр 7,250,000 төгрөгийн засвар хийх талаар тохиролцоогүй, ийм зардал гаргасан нь үндэслэлгүй юм. Х ХХК нь дээрх орон сууц болон бусад байрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэд, хуулийн этгээдэд шилжүүлж байсан ба тус хугацаанд түрээслэж, ашиг олох байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Энэхүү гэрээг цуцалж, ийнхүү цуцалснаас гарах үр дагавартай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 сарын 29-ны өдрийн 575 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Х ХХК нь Г.Х д холбогдуулан гэрээний үүрэгт 43,450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцалсан тул торгууль болоод хохирол шаардана, хүсэлтээр нь 2 орон сууцыг нийлүүлж засварласан тул зардал гаргуулна, чөлөөлж өгөөгүй тул гэрээний хугацаа болон шийдвэрээс хойш эзэмшиж ашиглаж байсан үндэслэлээр түрээсийн төлбөрийн жишгээр төлбөр гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээгээр засвар хийх талаар тохиролцоогүй, гэрээний дагуу шилжүүлсэн тул түрээсэлж ашиг олох байсан нь үндэслэлгүй, гэрээг цуцалж, гарах үр дагавартай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж маргалаа.

 

Х ХХК нь Г.Х тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-г хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс нэхэмжлэгч татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг шийдвэрлэсэн, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 575 дугаар магадлалаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Тухайн үед талуудын маргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар учирсан хохирол гаргуулахаар шаардахад дээрх шийдвэр саад болохгүй юм.

 

Гэвч хэргийн үйл баримтаар худалдан авагч буюу Г.Х  нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэх талаар хүсэлт гаргасан болон талууд энэ талаар тохиролцсон гэж үзэх байдал тогтоогдохгүй байна.

 

Харин худалдагч буюу Х ХХК нь орон сууцыг борлуулахын тулд түүний 2 зэргэлдээ орон сууц худалдан авч байгаад нийцүүлэн засварласан байх тул гарсан зардал 7,250,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна. Түүнчлэн гэрээний дагуу хийсэн засварын зардлыг гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд тооцохгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 5.2-т захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээр 30 хоног хэтэрсэн тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлсөн төлбөрийн 20 хувийг суутгах эрх нь худалдагчид үүсэхээр байгаа боловч худалдагч нь гэрээний үүрэг зөрчсөнөөс хойш дээрх хугацаанд гэрээг цуцлах санал гаргаагүй байх тул шаардах эрхгүй гэж үзлээ. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр болсон дээр шийдвэр, магадлалаар гэрээний үндсэн болон нэмэлт үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь уг 2 орон сууцыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад гэрээний дагуу хүлээлгэн өгсөн атлаа гэрээнээс татгалзсан үндэслэлээр дээрх хугацаанд олох байсан ашгийг түрээсийн төлбөртэй дүйцүүлэн нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй байна.

 

Харин 00171 дугаар шийдвэр, 575 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор Г.Х  болон Х ХХК-ийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болж, хариуцагч орон сууцыг хэлцэлгүйгээр ашигласныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 3 сарын хугацааны төлбөрийг тухайн орон нутагт 1 орон сууцны түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилснийг хариуцагч маргаагүй, энэ талаар хариуцагчаас хүсэлт гаргаагүй тул 2 орон сууцны 1 сарын төлбөрийг 800,000 төгрөгөөр тооцож, 2,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулав.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,250,000 төгрөгийн зардал, гэрээ цуцалсны төлбөрт 5,000,000 төгрөг, 2 орон сууцны түрээсийн төлбөрт 800,000 төгрөгөөр 36 сарын 28,800,000 төгрөг буюу 41,050,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2,400,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 375,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 53,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Х аас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан, Х ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 41,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 375,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 53,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ