Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэний нэнэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Г.Даваахүү

Шүүгдэгч Б.Н, С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М нарт холбогдох эрүүгийн 201625032211 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамрийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б.Н,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, ам бүл 2, нөхөрийн хамт оршин суух хаягтай, Замын-Үүд 1-р баг байранд түр оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, С.М,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших нийтийн байрны өрөөнд Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд багтсан 5 тооны “Халиун буга”-ын эвэр, 4 ширхэг эр бодгалийн төмсөг бүхий чив, 4 ширхэг "Халиун буга"-ын сүүл зэргийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, мөн С.М-тэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Улаанбаатар хот-Эрээн хот” чиглэлийн 511 дүгээр галт тэрэгний 8 дугаар өрөөнд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны буюу “Баданга хүдэр”-ийн 5 ширхэг заарыг тээвэрлэж гадаад улсад гаргасан,

Шүүгдэгч С.М нь шүүгдэгч Б.Н-тэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Улаанбаатар хот-Эрээн хот” чиглэлийн 511 дүгээр галт тэрэгний 8 дугаар өрөөнд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны буюу “Баданга хүдэр”-ийн 5 ширхэг заарыг тээвэрлэж гадаад улсад гаргасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Чонын ходоод 11 ширхэг, чонын 3 толгой, бугын ясан эвэр 20-иод килограмм байхаа, 5 ширхэг хүдрийн заар, 4 чив зэргийг авч яваад баригдлаа. Эдгээр зүйлийг би 2,3 хүнээс авсан юм. 2016 оны 11 сард Эрдэнэтийн зах дээрээс Б гэдэг хүнээс 8 ширхэг чонын ходоодыг авсан юм, Б-д бэлнээр 70 мянган төгрөг өгсөн. Харин өнгөрсөн жил би Ч-с 3 чонын толгойг ходоодтой нь хамт авч байсан юм. Эрдэнэтэд  арьс ширний ченж хийдэг хүн байгаа юм, би хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна, бэлнээр хэдэн төгрөгийг өгч байсан. 2016 оны 11 сарын эхээр мөн Ч-с би 5 ширхэг хүдрийн зааврыг 1 граммыг нь 17000 төгрөгөөр бодож авсан,  нийт 170 орчим грамм байгаа байхаа 2,800,000 очим төгрөг болсон. Мөнгөө Ч-н Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. 2016 оны 11 сард У-с бугын ясан эврийг 400,000 орчим төгрөгөөр, 4 чивийг нь 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Мөнгийг нь У-н данс руу шилжүүлсэн санагдаж байна. Ингээд дээрх зүйлсийг аваад Замын-Үүд рүү 2016 оны 11сарын 27-ны өдөр М-тэй хамт явсан юм. М нь Замын-Үүдэд гуанз ажиллуулж байгаа юм, ингээд М-тэй утсаар яриал вокзал дээр уулзаад хамт Замын-Үүд рүү явсан.Тэгэхэд би дээрх 20-иод килограмм бугын эвэр, чонын ходоод, 5 ширхэг хүдрийн заар, 4 ширхэг чивийг 3 цүнхэнд хувааж хийгээд авч явсан юм. Бусад эд зүйл нь буюу 3 чонын  толгой, 3 ходоодыг би өмнө нь Замын-Үүдэд аваачсан байсан юм. Замын-Үүдэд илгээгч хийж байгаа одоо гуанзанд ажиллаж байгаа Н гэдэг хүн байдаг юм, тэр хүний амьдардаг газар нь дээрх зүйлийг би 2016 оны 3,4 сард аваачсан байсан юм. Ингээд 2016 оны 11 сарын 28-ны өглөө 07:20 цагт Замын-Үүдэд буугаад цүнхтэй юмнуудаа аваад гуанз руу явсан. Эхлээд Улаанбаатар хотоос авчирсан гуанзны бараануудаа М буулгаад, тэндээ үлдсэн, би өөрийнхөө 3 цүнхтэй юмыг аваад Замын-Үүдийн төв хаан банкны ард байдаг Н-н гэр лүү явсан. Ингээд би цүнхтэй юмнуудаа Н-н гэрт үлдээхдээ, 5 ширхэг хүдрийн заарыг авч гадуур хувцасны халаасандаа хийгээд аваад явсан юм, бусдыг нь бол тэнд түр үлдээсэн байсан. Би дээрх эд зүйлийг Хятад руу гаргаж Б-т зарах гэж байсан юм. Ингээд М-тэй хамт вагонд суугаад удаагүй байхдаа нөгөө 5 ширхэг хүдрийн заараа М-д өгсөн, М болохоор тэр 5 ширхэг хүдрийн заарыг хаана нуусан гэдгийг нь мэдэхгүй байна. Ингээд удалгүй цагдаа нар орж ирсэн ба тэнд байсан эд зүйлийг нэгжиж үзээд, эмэгтэй гаалийн байцаагч нь миний биед үзлэг хийгээд юм гарч ирээгүй, тэгээд М нуусан байсан 5 ширхэг заар гарч ирээд баригдсан. Б-г  л арай гайгүй авах гэж бодсон юм, хүн болгон  л Б арай гайгүй авдаг гэж ярьдаг юм. Б нь холбоо барих утасгүй Эрээнд зээлийн үүдээр л явж байдаг юм. Би Б-г одоогоос 2,3 жилийн өмнөөс таньдаг байсан. Би өмнө нь эд зүйл Хятад руу гаргаж байгаагүй. Н нь манай төрсөн эгч байгаа юм. Н нь М-н ажиллуулдаг гуанзанд үйлчлэгч хийдэг юм, тэгээд би өчигдөр өглөө гуанзан дээр нь очоод гэрийнх нь түлхүүрийг авсан юм. Хөргөгчинд ийм зүйл хийлээ гэдгийг хэлээгүй. Энэ хэрэгтэй холбоотой надад хохирол төлбөр тооцогдож мэдэхээр байна, тиймээс би битүүмжлүүлсэн хашаа байшингаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна, төлбөр тооцоо гарвал би төлж барагдуулна. Мөн энэ хэргийг С.М-тэй бүлэглэж хийгээгүй юмаа, тухайн үед М-д ууттай зүйлийг бариулснаас болж одоо давхар ямар ч гэмгүй хүнийг энэ хэрэгт хутгалдуулсандаа харамсаж байна, энэ хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ. Өөр хэлэх зүйл байхгүй гэсэн гэжээ. /хх-ийн 124-125/

- Шүүгдэгч Б.Н-н шүүх хуралдаан хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатан мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

-Шүүгдэгч С.М-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би Н-г одоогоос 2,3 жилийн өмнөөс таньдаг болсон юм, Н-н төрсөн эгч нь Н гэж байдаг юм, Н нь миний Замын-Үүдэд ажиллуулдаг гуанзанд ажилладаг юм. Н болохоор Хятад руу орж гараад л явж байдаг юм, зүгээр сайхан танилууд байгаа юм. 2016 оны 11 сарын 27-ны өдөр буюу бүтэн сайн өдөр Н нь  над руу утсаар яриад чи Замын-Үүд явах гэж байна уу гэхээр нь явна гэсэн чинь би билет авчихъя гэсэн, ингээд Н нь билет авсан. Ингээд би орой 17:10 цаг болж байхад вагонд суусан юм, би зоогийн газартаа хэрэглэх майонез, үхрийн хавирга, өндөг, 2 тор цувдай зэргийг авч явсан. Н бол суучихсан байсан, цүнхнүүдээ суудал доороо хийсэн байсан юм. Ингээд 2016 оны 11 сарын 28-ны өглөө 07:30 цагт  Замын-Үүдэд буусан. Ингээд ачаагаа буулгаад тэрэгчин дуудсан ба би авч явсан юмнуудаа ачуулахад Н хөх өнгийн том цүнх, бас нэг жижиг ууттай билүү шуудаатай зүйл ачсан. Ингээд тэрэгчингээр гуанз хүргүүлээд тэндээ авч үлдэх юмнуудаа үлдээд би тэндээ харин Н болохоор 2 цүнхтэй юмаа аваад Н руу явсан. Ингээд би зоогийн газартаа ороод юмнуудаа хүлээлгэж өгөөд Хятад руу явах гэж байсан юм. Тэгээд Н-тэй хамт Хятад явъя гэж ярилцаад 08:30 цагийн вагонд суусан юм. Ингээд вагонд ороод сууж байтал жижигхэн гялгар ууттай юмыг өгөөд, “бөндөг” байгаа авч бай гэсэн, түүнээс биш хүдрийн заар гэж хэлээгүй. Тэгээд би сандарсандаа хөхний даруулгандаа хийсэн. Тэгтэл гаднаас хүмүүс орж ирээд шалгаад нэгжээд байсан. Тэгэхээр нь би сандарсандаа нуусан гэдгээ хэлээд гаалийн байцаагчид тэр хүдрийн заарыг гаргаж өгсөн. Хэнд хэдэн төгрөгөөр зарах гэж байсныг нь Н-с асуу, би мэдэхгүй. Н харин надад өгөөд барьж бай гэхээр нь би хөхний даруулгандаа хийсэн. Би энэ асуудалд ямар ч хамаагүй, намайг асуудлаас салгаад надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөөч, Н-н барьж байгаач гээд өгсөн юу байсныг нь мэдэхгүй зүйлийн төлөө 38 хоног хоригдож жил шахам цагдаа прокурор шүүхийн үүд сахилаа. Намайг энэ асуудлаас салгаад өгөөч. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч байна. Өөр хэлэх  зүйл байхгүй гэсэн гэжээ / хх-ийн 127-128 /

-Шүүгдэгч С.М-н шүүх хуралдаан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Н-тэй хамт Хятад явъя гэж ярилцаад 08:30 цагийн вагонд суусан юм. Ингээд вагонд ороод сууж байтал жижигхэн гялгар ууттай юмыг өгөөд, “бөндөг” байгаа авч бай гэсэн, түүнээс биш хүдрийн заар гэж хэлээгүй. Тэгээд би сандарсандаа хөхний даруулгандаа хийсэн. Тэгтэл гаднаас хүмүүс орж ирээд шалгаад нэгжээд байсан. Тэгэхээр нь би сандарсандаа нуусан гэдгээ хэлээд гаалийн байцаагчид тэр хүдрийн заарыг гаргаж өгсөн. Тэр зүйл нь минийх биш би энэ хэрэгт хамаагүй. Н барьж бай гэхээр нь барьж байгаад л шалгалт орж ирхээр нь сандраад энгэрлүүгээ хийсэн. Тухайн үед яагаад хийснээ ч одоо мэдэхгүй байна. Надад хориотой зүйл хилээр гаргах санаа бодол байгаагүй. Наранцэцэгийг ийм зүйлтэй яваа гэдгийг ч мэдээгүй. Хар уутанд боосон жижиг зүйл л байсан гэв.

-Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Р.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Эдгээр амьтад нь  бол Монгол улсын  Засгийн газраас тогтоосон 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан нэн ховор, ховор амьтад байна. Үнэлгээний хувьд тухайн амьтны эд эрхтэн, байгаа боловч бүтэн бодгаль биеийн үнэлгээгээр үнэлж үздэг. Дээрх тогтоолын хавсралтын дагуу эдгээр амьтдын экологи эдийн засгийн үнэлгээгээр тус бүрдээ өөр, өөр үнэлгээтэй байна. 5 хүдрийн заар байгаа нь 5 ширхэг хүдэр байна гэсэн үг, халиун буга 5 байх боломжтой байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан амьтны нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Хүдэр нь 3 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг, халиун буга болохоор 6,6 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Ингээд энэ хэрэгт нийт 48.000.00 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ/ хх-ийн 22-23/  

-Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хүдэр нь 3 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг, халиун буга болохоор 6,6 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Хэрэг доторх нэхэмжлэлийн үнийн дүнгээр 48.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

-Гэрч Р.Цэрэнноровын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:  Би С.Мөнх-Эрдэний нөхөр нь байгаа юмаа. Би Мөнх-Эрдэнэтэй хамт амьдраад 32 жил болж байна, бид 2-ын дундаас гарсан охин байдаг. Нэг нь Хятадад сурч байгаа, нөгөө нь тусдаа гарчихсан. Би болохоор Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, манай эхнэр болохоор Замын-Үүд суманд гуанз ажиллуулж байгаа, би тэр газарт нь нэг ч удаа очиж үзээгүй, манай эхнэр хагасайн өдөр ирээд гуанзны юмны цуглуулаад л бүтэнсайн өдөр буцаад явчихдаг юм. Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би Наранцэцэг гэдэг хүнийг танихгүй юм байна. Энэ талаар мэдэхгүй байна, гуанз ажиллуулдаг хүн шүү дээ, өмнө нь жимс зардаг байсан юм. Мөнх-Эрдэнэ хар нялхаасаа зовлон үзсэн хүн дээ, би цэрэгт явахаасаа өмнө таньдаг байсан юм. Мөнх-Эрдэнэ нь их даруухан хүн байгаа юм, дандаа хүний төлөө явдаг, Мөнх-Эрдэнэ нь өмнө нь хэрэг зөрчилд орж байсныг нь мэдэхгүй юм байна гэжээ. / хх-ийн 24-25 /

-Гэрч Л.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Н гэх хүнийг таньдаг учир нь гэвэл манай нутгийн эмэгтэй байгаа Орхон аймагт арьс шир авч байгаад л танилцаж байсан, одоогоос хоёр жилийн өмнөөс танилцсан юм. Дотны найз нөхөд бол биш зарим үед мөнгө, төгрөг бие биенээсээ зээлдэг юм. Би өнгөрсөн жил Н-т чонын толгой, ходоод зэргийг зараагүй, надад угаасаа чонын толгой, ходоод зэрэг зүйл байхгүй байсан юм. Ер нь би чоно эд эрхтэн надад байдаггүй, түүхий эдийн л ченж байгаа юм. Би хүдрийн заар гэдгийг мэднэ, гэхдээ нүдээр үзэж, харж үзээгүй. Би Н-т хүдрийн заар гэх зүйлийг зараагүй, өмнө Н-тэй арьс түүхий эдийн талаар л хоорондоо холбогдож байсан юм. 2016 оны 11-р сарын эхээр над руу залгаад чи хаана байна гэсэн юм би хариулахдаа Дөмөг зах дээр байна гэсэн чинь чам руу хоёр хүн явуулъя чиний машины дугаарыг өгчихлөө гэсэн юм чи тэр хүний өгсөн юмыг авчих би одоо Эрдэнэт орж байна очоод авъя гэсэн юм тэгээд миний данс руу 2,674,000 төгрөгийг шилжүүлсэн санагдаж байна, тэгээд тэр хоёр Н-н шилжүүлсэн мөнгийг банкнаас аван бэлнээр нь өгсөн юм. Удалгүй Н өөрөө ирээд тэр хоёр хүний өгсөн юмыг аваад явсан би ямар учиртай юм гэдгийг мэдээгүй, Н ч хэлээгүй, тэр хоёр хүн ч хэлээгүй. Би тэр хоёр хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, хаанаас ирсэн талаараа хэлээгүй, нэг нь 50 гаран насны эрэгтэй хүн, нөгөө нь 30 насны орчим эрэгтэй хүн байсан санагдаж байна. Шууд л ирсэн, Н өөртэй чинь уулзаад энийг өгчөөрэй гэсэн тэгээд мөнгө авчаарай гэсэн өөр зүйл болоогүй. Би Б, У гэх хоёр хүнийг танихгүй, харилцаа холбоо байхгүй гэжээ. /хх-ийн 29-30/

-Гэрч Д.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Н гэх хүнийг Н гэх нэрээр нь бол танихгүй, махлаг биетэй Н гэх нэрээр нь л таньдаг юм. Учир гэвэл би махны ченж байгаа юм хөдөө гадаа явсан үедээ жамын эвэр ганц нэгийг авчраад Нараа гэх хүнд зун өгч байсан өөрөөр бол дотны найз нөхөд хамаатан садан бол биш юм. Би Н гэх хүнд  бугийн ясан эвэр, бугийн чивийг зарж байгаагүй юм. Харин би өнгөрсөн зун жамын эвэрийг Наруу гэх хүнд зарж байсан юм. Би махны ченж л хийдэг хөдөө айл өрхөөр явах үед заримдаа жамын эвэрийг аваад таарсан хүндээ тав арван төгрөг хараад л өгдөг юм. Энэ талаар өөр хэлэх зүйл байхгүй. Н гэх эмэгтэй надад өнгөрсөн зуны жамын эвэрний мөнгийг тэр үед нь шилжүүлж байсан байж магадгүй, тэрнээс өнгөрсөн 11-р сард миний данс руу мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Би Б, Ч гэх хоёр хүнийг танихгүй, харилцаа холбоо байхгүй гэжээ. / хх-ийн  31-32 /

-Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Миний төрсөн дүү болох хүн байгаа юм. Б бид 2 эцэг эхээс 10-уулаа ба Б дээрээ 2 ах, нэг эгчтэй, нэг эгч нь би байгаа юм. Тэгээд дараа нь Н орно, доороо 6 дүүтэй хүн юм. Миний дүү Н нь хүнтэй их нийтэч, хүнд хэлэх үгээ ил далд хэлэхгүй, хэлэх гэснээ шууд хэлчихдэг. Өөр янз бүрийн гаж этгээд зан араншин байхгүй д хүн байгаа юм. Архи огт уудаггүй, тамхи огт татдаггүй, одоо охинтойгоо л гэртээ байдаг, юу хийж амьдардаг талаар сайн мэдэхгүй байна, хувиараа л юм хийдэг юм шиг байсан, яг юу хийдгийг нь мэдэхгүй. Би Замын-Үүдэд 6 жилийн өмнө цемент илгээгч хийж байсан, тэндээ ер нь байнга байж ажилладаг байсан. Ялангуяа зуны ид ачааллын үеэр байнга байдаг байсан, 4 сараас 12 сар хүртэл Замын-Үүдэд байдаг. Зундаа ийм ажилтай байдаг ба өвөлдөө ажил багасчихдаг учир орж гарч явсаар байгаад танилцсан зоогийн газрыг ажиллуулдаг М гэх эмэгтэйтэй танилцсан, тэгээд өвөлдөө ажил бага үеэр зоогийн газарт нь касс дээр нь суучихдаг, энэ цайны газарт нь ажиллаад энэ жилтэйгээ нийлээд 3-н жил болох гэж байна. Уг ажиллахын хажуугаар Замын-Үүд сумын төв хаан банкны хажууд байх хишиг буудал гэж хуучнаар байсан, нийтийн байранд сарын 250,000 төгрөгийн түрээс төлөөд амьдарч байна. Манай дүү Н нь миний түрээслэж байгаа газарт үе үе ирж очоод л явж байдаг, сардаа 2 удаа бол ирдэг. Н сардаа 2 удаа ирэхдээ урагшаа гарна гээд л ирж байдаг юм. Гэхдээ яг наймаа арилжаа хийгээд явдагыг нь мэдэхгүй, сая л хилээр юм гаргах гэж байгаад баригдсан гэдгийг нь мэдлээ, та нэг очоод байцаалт өгөөдхөөч гэхээр нь л ирлээ. Тэр өдөр намайг цайны газарт байж байхад л цагдаа сэргийлэхийн хүмүүс орж ирээд хаалгаа түгжчих нэгжинэ гэхээр нь гайхаад байсан, тэгээд баахан цагдаа нар орж ирээд нэгжлэг хийгээд явсан, би тэр үед нь Н-г гэж мэдээгүй, гэтэл Н нь М-тэй юм гаргах гэж байгаад баригдсан юм байна лээ, би дараа нь л мэдсэн. Н нь ирэхдээ урагшаа Хятад руу ямар наймаа хийдэг талаараа хэлж байгаагүй. Би Н-тэй хамт урагшаа Хятад руу гарч үзээгүй, нээрээ түрүү жил 3 сард нэг удаа хамт гарч байсан юм байна. Би түүнийг юу хийгээд яваад байгааг нь мэддэггүй байсан. Надад ямар нэгэн зүйл хэлдэггүй байсан. Хил гарна гээд л ирсэн байдаг байсан, өөр юм авч бариад хилээр гардаггүй байсан, тэгээд л наймаа хийх гэх зэргээр цүнх савтай овор хэмжээтэй зүйл бол оруулж ирж байгаагүй, хааяа нэг хүнд өгнө гээд нэг дээлийн өнгө барьчихсан урд Хятадаас ирсэн харагддаг. Манай ах дүү нар хоорондоо амьдралынхаа нарийн ширийн зүйлийг яриад байдаггүй, жилдээ нэг уулзахаараа ойр зуурын зүйл яридаг уу гэхээс биш дотоод нарийн ширийн зүйлрүүгээ оролцоно гэж байдаггүй юм.Энэ 2  яаж яваад танилцсанг би мэдэхгүй, М-тэй би лав би гуанзанд нь өглөө оройд нь хоол идэж байхдаа л танилцаж байсан. Тэгээд ардаа татлаа түтлээ байхгүй юм чинь надтай ханиндаа ажиллаад өгөөч гэхээр нь би ардаа татлаа түтлээгүй юм чинь миний насны хүнд ажил олдож байгаа нь их юм гээд л ажилладаг юм. Мөнх-Эрдэнэ ч гэсэн надад нарийн ширийн зүйл яриад байдаггүй, ажилчиддаа хоорондоо хов жив битгий ярь, хэл амны нэмэр гээд байдаг хүн байгаа юм. Хар торонд юм байсан, энэ хөргөгчинд юу байдаг юм бэ гэхэд Б ахад өгөх гэж байгаа юм аа, чонын хил юм уу толгой юм уу тийм зүйл байгаа гэж хэлж байсан. Би өөрөө хөргөгч онгойлгож үздэггүй, өөрөө бэлэн хоолны газарт ажилладаг учраас хөргөгчид гар хүрээд байдаггүй, миний дээд талын Б гэдэг ах маань тал цус харвачихсан, 2 удаа харвачихсан, хэвтэрт байдаг юм. Ачаа бараа гэх зүйл байдаггүй ш дээ, хааяа нэг орондоо жижиг сажиг зүйл авлаа гэдэг болохоос биш....., ямар зорилгоор орж гардагыг мэдэхгүй, ойр ойрхон л орж гараад байдаг байсан гэжээ. / хх-ийн 34-37 /

-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын явцад авсан мэдүүлэгт: Би Н-тэй хамт амьдраад 15 жил болж байна, бид 2-ын дундаас гарсан хүүхэд байхгүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед хөдөө ажиллаж байсан. Манай эхнэр Н нь ойр зуурын түүхий эд худалдаж аваад  буцаагаад хүмүүст зардаг ажил хийдэг юм, түүхий эдийн ченж хийдэг юм. Н нь сайн хүн. Н-н нэр дээр бүртгэлтэй газар байдаг, мөн байшин байгаа, машин бол миний нэр дээр байдаг. Би мэдэхгүй юм байна. Би энэ талаар мэдэхгүй юм байна, би энэ үед хөдөө ажиллаж байсан, надад Хаан банкны нэг данс байдаг юм, карт нь Н л байдаг юм, би бол өөрөө ашигладаггүй юм. Тэгэхээр энэ талаар Н л мэднэ.Үүнийг  бас мэдэхгүй байна, Н мэдэж байгаа. Би тэр үед нь хөдөө байсан болохоор яах гэж явсан гэдгийг нь мэдэхгүй байна, ер нь бол хааяа Эрээн явдаг юм, хүүхдийн хувцас энэ тэр гээд л явдаг юм гэжээ. /хх-ийн 39/                 

-Гэрч Д.Б мөрдөн байцаалтын явцад авсан мэдүүлэгт: Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 Монгол улсын хилийг гаалийн хил байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд гаальд мэдүүлээгүй, гаалийн хяналтаас нууж буй үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар бараа, эд зүйлийг гаргахыг завдсан үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэл болно. Гаалийн тухай хуулийн 8.5 улсын хилээр гаргахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахгүй гэж заасан байдаг тус хэрэг холбогдож байгаа бараа нь хориглосон бараа байгаа тул монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Гаалийн хууль тогтоомж зөрчихийг завдсан үйлдэл ба гаалийн мэдүүлэгт бичээгүй орхисон л бол завдсан гэж үздэг. Ховор амьтны эд зүйлийг угаасаа хилээр гаргахыг хориглодог гэжээ. /хх-ийн 241/

-Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 1/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 4/

-Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /1-р хх-ийн 5/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 7-12/

-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17/

-Эд мөрийн баримт хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/

-Шинжээчийн 24 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хүдрийн заар гэх 2 ширхэг эд зүйл нь Бугын овгийн Хүдрийн төрөлд хамаарах Баданга хүдрийн заар мөн болно. Баданга хүдэр нь нэн ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн амьтан болно. 2.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хүдрийн заар нь таван бодгаль амьтных бөгөөд маш сайн хадгалсан шинэ байсан. 3.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хүдрийн заараар насыг тогтоох боломжгүй бөгөөд 5 заар нь 5 эр бодгаль байгааг гэрчлэж байна. 4.Баданга хүдрийн экологи-эдийн засгийн үнэгээ нь эр бодгаль 3.000.000 төгрөг, эм бодгаль 3.500.000 төгрөг байдаг байна. 5.Амьтаны тухай хуулийн 7.2-т Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. Мөн 7.3-т энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно. /1-р хх-ийн 55-57/

-Шинжээчийн 25 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эвэр гэх зүйл нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын ясан эврүүд мөн болно. Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. 2.Шинжилгээнд ирүүлсэн хөрөөдөж жижиглэсэн халиун бугын ясан эврүүдийг байгалийн жамаараа үхсэн бугын эврийг тайрч авсан болон агнасны дараа тайрч авсан эсэхийг тогтоох боломжгүй болно. 3.Шинжилгээнд ирүүлсэн хөрөөдөж жижиглэсэн халиун бугын ясан эвэр нийт 89 ширхэг байсан бөгөөд үүнээс 9 ширхэг нь эврийн уг байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын  ясан эврээр насыг тогтоох боломжгүй болно. Халиун бугын эр бодгаль буюу дайр нь зөвхөн эвэртэй байдаг болохоор дээрх ясан эврүүд нь 5 эр бодгаль амьтных болно. 5.Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь тэр бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байдаг байна. 6.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлана. /1-р хх-ийн 63-65/

- Шинжээчийн 26 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай чив гэх зүйл нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын төмсөг бүхий чив мөн болно. Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. 2.Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын төмсөг бүхий чивийг агнасны дараа авах боломжтой. 3.Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын төмсөг бүхий чив нь 4 бодгаль эр амьтных буюу дайрын маш сайн хадгалсан шинэ төмсөг бүхий чив болно. 4.Шинжилгээнд ирүүлсэн халиун бугын төмсөг бүхий чивээр насыг тогтоох боломжгүй болно. Халиун бугын эр бодгаль буюу дайрын 4 ширхэг төмсөг бүхий чив болно. 5. Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байдаг болно. 6.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлана. /1-р хх-ийн 67-69/

- Шинжээчийн 30 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн амьтны сүүл гэх зүйл нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын сүүл мөн болно. Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. 2. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг халиун бугын сүүл нь 4 бодгаль амьтных бөгөөд маш сайн хадгалсан шинэ байсан. 3.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг халиун бугын сүүлээр нас, хүйсийг тогтоох боломжгүй болно. 4. Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байдаг байна. 5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлана. /1-р хх-ийн 83-85/

-Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ /2-р хх-ийн 71-75/

-Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хх-ийн 85-86/

-Шүүгдэгч Б.Н, С.М нарын оршин суух хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 125-126/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 87 тоот дүгнэлт: 1.Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Н нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Б.Н нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Н нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж үгүй байна. 3.Б.Н нь одоо хэрэг хариуцах чадвартай байна /2-р хх-ийн 139-140/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 86 тоот дүгнэлт: 1.С.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. С.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж үгүй байна. 3. С.М нь одоо хэрэг хариуцах чадвартай байна /2-р хх-ийн 141-142/  

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 30-32/

-Дорноговь аймаг Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын 3/1092 дугаартай албан тоот /3-р хх-ийн...... / зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.М, Б.Н нарыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Улаанбаатар хот-Эрээн хот” чиглэлийн 511 дүгээр галт тэрэгний 8 дугаар өрөөнд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны буюу “Баданга хүдэр”-ийн 5 ширхэг заарыг тээвэрлэж гадаад улсад гаргасан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.М, Б.Н нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байх үед үйлдэгдсэн нь тогтоогдсон. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйл ангид “нэн ховор” амьтны түүний эд, эд эрхтэнг улсын хилээр нэвтрүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцсон эрх зүйн зохицуулалт байхгүй байж. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т “нэн ховор” амьтны түүхий эдийг тээвэрлэж, гадаад улсад гаргасан үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон байгаа нь 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс өмнөх үйлдэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцох, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Иймд нэн ховор амьтан болох “Баданга хүдэр”-ийн 5 ширхэг заарыг шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ, Б.Наранцэцэг нарыг тээвэрлэж гадаад улсад гаргасан гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М, Б.Н нарын нэн ховор амьтан болох “Баданга хүдэр”-ийн 5 ширхэг заарыг тээвэрлэж гадаад улсад гаргасан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон тул эд мөрийн баримтаар хураагдсан “Баданга хүдэр”-ийн 5 ширхэг заарыг шүүгдэгч Б.Н-т буцаан олгох нь зүйтэй юм.

 Шүүгдэгч С.М өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдаагүй байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасанг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь  шинжээчийн 25, 26,30 тоот дүгнэлтүүд нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчлэж байх үед хийгдсэн дүгнэлт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана гэж заасан. Өөрөөр хэлбэл процессийн хуулийн буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй иймд дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх процессийн хууль зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэл алга.

Шүүгдэгч Б.Н-г 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суудаг Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд багтсан “Халиун буга”-ын 89 ширхэг ясан эвэр, 4 ширхэг эр бодгалийн төмсөг бүхий чив, 4 ширхэг "Халиун буга"-ын сүүл зэргийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 25, 26, 30 дугаартай дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Н-н үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдсэн боловч шүүгдэгчийн эрх зүйн байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрдэж байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч Р.Д-н /2-р хх-ийн 238-239/ мэдүүлэгт “ Уг хэрэгт хилээр гаргахыг завдсан хүдрийн заар 5 ширхэг байгаа ба экологи эдийн засгийн үнэлгээ нь эр хүдэр 3.000.000 төгрөг байдаг, нийт 15 сая төгрөг нэхэжилнэ, мөн гэртээ хадгалж байсан бугын төмсөг бүхий 4 чив, 4 сүүл зэрэг нь 4 бодгаль буга учир эколдоги эдийн засгийн үнэлгээ нь эр нь 6.600.000 төгрөг байдаг учир нийт 26.400.000 төгрөг нэхэмжилнэ. Ясан эврийн тухайд гэртээ хадгалж байсан үйлдэлд нь нэхэжлэх зүйл байхгүй. ...Халиун бугын эвэр нь яс болсныхоо дараа байгальд хаягдаж гээгддэг учраас ховорт тооцогдох амьтан агнасан гэж үзэхгүй” гэж мэдүүлжээ. Иймд ховорт тооцогдох 4 халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг шүүгдэгч Б.Н-с гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Шинжээчийн 25 тоот дүгнэлтээр /1-р хх-ийн 63-65/, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ /2-р хх-ийн 85-86/ зэрэг баримтуудаар халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг эр бодгаль нь 6.600.000 төгрөг байдаг гэх тул 4 эр бодгаль бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 26.400.000 төгрөг гэж тооцон шүүдэгч Б.Н-с гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь энэ хэрэг нийт 37 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч Б.Н-н эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан Халиун бугын 4 ширхэг сүүл, 4 ширхэг төмсөг бүхий чив, хүдрийн заар 5 ширхэг эд зүйлс Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд хадаглагдаж байгаа бөгөөд Халиун бугын 89 ширхэг ясан эвэр нь Эрүүгийн цагдаагийн Эдиын засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадаглагдаж байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н-н нэр дээр бүртгэлтэй 000393662 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг 601 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг, мөн уг газар дээрх Б.Н, Б.Б, Д.М нарын нэр дээр бүртгэлтэй 180 мкв амины орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгон шүүгдэгч Б.Н-т буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Н, С.М нарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1-р хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Н-г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-г 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 37 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож /15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийг 37 хоногоор үржиж 550.000 төгрөгийн торгох ялыг төлсөнд тооцон/ үлдэх 4.845.000 /дөрвөн сая найман зуун дөчин таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгэгч Б.Н-т оногдуулсан 4.845.000 төгрөгийн торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Н нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. С.М нь энэ хэрэгт 37 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Н, С.М нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Халиун бугын 4 ширхэг сүүл, 4 ширхэг төмсөг бүхий чив, 89 ширхэг ясан эвэр зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хүдрийн заар 5 ширхэгийг шүүгдэгч Б.Н-т буцаан олгосугай.

9. Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 23 тдугаар зүйлийн 23.5-т зааснаар шүүгдэгч Б.Н-с 26.400.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

10. Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Н-н нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг  601 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг, мөн уг газар дээрх Б.Н, Б.Б, Д.М нарын нэр дээр бүртгэлтэй 180 мкв амины орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгон шүүгдэгч Б.Н-т буцаан олгосугай.      

11. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА