Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 27

 

Б.Н, С.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Ж.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, А.Цэрэнханд даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 144 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Н, С.М нарт холбогдох, эрүүгийн 201625032211 дугаартай, 2 хавтас, 459 хуудас эрүүгийн хэргийг Прокурор Д.Бийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч: М -нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Б.Н, С.М нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-үүд сумын нутаг дэвсгэрт “Улаанбаатар хот-Эрээн хот чиглэлийн 51 дүгээр галт тэрэгний 8 дугаар өрөөнд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны буюу “Бандага хүдэрийн” заар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан,

 

Шүүгдэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших нийтийн байрны 2 тоот өрөөнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд багтсан 5 тооны “Халиун буганы” сүүл зэргийг хадгалж Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, 25.5 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н, С.М нарт холбогдох эрүүгийн 201625032211 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Б.Н, С.М нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүдрийн заар 5 ширхэг, бугын чив 3 ширхэг, нохдын овгийн ходоод 10 ширхэг, хэл 4 ширхэг, гавал 3 ширхэг, эрүү хоншоор 1 ширхэг, төмсөг бүхий чив 4 ширхэг эд зүйлс нь Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд, Халиун бугын эвэр нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэж Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд тэмдэглэсэн байгааг дурдаж, ...гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...144 тоот шүүгчийн захирамжийн зарим заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд:

Яллагдагч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших нийтийн байрны 2 тоот өрөөнд Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд багтсан 5 тооны “Халиун буганы” эвэр, 4 ширхэг эр бодгалийн төмсөг бүхий чив, 4 ширхэг “Халиун буын’ сүүл зэргийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж их хэмжээний буюу 33,000,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 33 дугаар зүйлд зааснаар уг гэмт хэргийг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан этгээд гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд хүргэхээс сайн дураараа, төгс татгалзсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө" гэж заасан ба яллагдагч Б.Н нь бусдаас ховор амьтны эд зүйлийг худалдан авч өөрийн эзэмшилд оруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгссөн. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 33 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзах’ ойлголт нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдах үе шатанд хэрэглэх зохицуулалт гэж үзэж байна.

Шинжээч Г.Цогтжаргалыг байцаасан тэмдэглэлд /хх-ийн 93-р хуудас/ “9 ширхэг эврийн уг, 4 ширхэг төмсөг бүхий чив, 4 ширхэг сүүл байгаа нь 5 ширхэг буга байх боломжтой. Тэгэхээр халиун бугын нийт үнэлгээ 33 сая төгрөг болно” гэж мэдүүлсэн байна. Үүнээс үзвэл яллагдагч Б.Н нь 5 тооны халиун бугын түүхий эдийн зүйлийг хадгалсан нь тогтоогдсон.

Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар дүгнэлтэд /хх-ийн 63-р хуудас/ Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6,600,000 төгрөг гэж тогтоогдсон тул 5 тооны эр бодгаль халиун бугын нийт үнэлгээ 33,000,000 сая төгрөг болж байна.

Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр 5 хүдрийн заар байсан нь тогтоогдсон. 1 бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3,000,000 төгрөг нийт 15.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба Б.Н нь яллагдагч С.М нар уг хүдрийн заарыг бүлэглэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэхийг завдсан тул уг хохирлыг шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шүүгдэгч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн тогтоох боломжтой юм.        .

Мөн яллагдагч Б.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших нийтийн байрны 2 тоот өрөөнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд багтсан ‘Халиун буганы" эвэр, эр бодгалийн төмсөг бүхий чив, “Халиун бугын" сүүл зэргийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан тул нийт 5 тооны эр бодгаль халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ 33.000.000 төгрөгийг яллагдагч Б.Нээс бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй, иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 144 тоот шүүгчийн захирамжийн 1,7, 10 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 144 тоот шүүгчийн захирамжийн зарим заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, 144 тоот шүүгчийн захирамжийн 1, 7, 10 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар шүүгдэгч Б.Н, С.М нарыг бүлэглэн нэн ховор амьтан буюу бандага хүдэрийн заарыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2,  шүүгдэгч Б.Н нь ховор амьтны жагсаалтад багтсан 5 тооны халиун буганы сүүл зэргийг хадгалж байсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй болсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 10 заалт бүхий үндэслэлээр буцаасан ба эдгээр үндэслэлүүдээс 3 үндэслэлийг зөвшөөрөхгүй гэж бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд заасан ан агнуурын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэргийн обьектив талын 1 нөхцөл нь агнуурын болон ховор,  нэн ховор ан амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан байх, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1-ийн санаа зорилго бол гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан этгээд гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд нь хүргэхээс сайн дураараа төгс татгалзсан байхаас гадна энэ тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг.

 

Өөрөөр хэлбэл түүхий эдийн зүйлийг хадгалж байсныгаа шударгаар хүлээн мэдүүлэх болон хэргээ илчилсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзахаас ялгаатай болохыг анхан шатны шүүх анхаараагүй ба дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Г.Цогтжаргалаас байцаалт авч, шинжээчийн дүгнэлтийг тодруулахад 9 ширхэг эврийн уг,  4 ширхэг төмсөг бүхий чив, 4 ширхэг сүүл байгаа нь 5 ширхэг халиун буга байх боломжтой, тэгэхээр халиун бугын нийт үнэлгээ нь 33.000000 төгрөг  гэж мэдүүлсэн /1-р хх-ийн 90-91/ нь шинжээчээр томилогдсон Г.Цогтжаргал нь тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцах үүрэг хүлээсэн тул шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй юм. Шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэхгүй гэж үзвэл иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Р.Дэжидээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад  4 эр бодгаль буюу 26.400.000 төгрөгөөр /2-р хх-ийн 68-70/ тооцох боломжтой.

 

Иргэний нэхэмжлэгч болон прокурорын яллах дүгнэлтээр тогтоосон хохирлын тооцоо зөрүүтэй байгаа нь хавтаст хэргийн материалаар тогтоогдож байгаа боловч иргэний нэхэмжлэгч Р.Дэжидийн нэхэмжлэлийн шаардлагаар шүүх хохирлыг багасгаж шийдвэрлэх боломжтой юм.

 

Эдгээр нөхцөл шалтгаануудаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх ба шүүгчийн захирамжаар дээрх ажиллагаануудыг хийхийг шаардсаныг хүчингүй болгох нь зүйтэй боловч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бусад ажиллагаанууд үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул түүнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгчийн захирамжинд зааснаас гадна шүүгдэгч нарын хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн бандага хүдрийн заар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор заасан Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон тарифын болон тарифын бусаар хязгаарласан барааны жагсаалтын аль заалтад хамаарч байгааг тогтоож,  уг тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                                                          

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний 144 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.  

  2. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсгуай.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                                                                                   А.САЙНТӨГС