Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/01892

 

“ЧХОУНБ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01456 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЧХОУНБ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УА” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр болон гэрээний үүргээ зөрчсөний алдангид нийт 10 193 198 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧХОУНБ” ТӨААТҮГ нь 2018 оны 9 дүгээр сарын 12-нд ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг “УА” ХХК-иас нийлүүлж авахаар тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд хувцсыг ажлын 25 хоногийн хугацаанд нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний урьдчилгаа буюу 50 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт шилжүүлнэ гэснээр 2018 оны 9 дүгээр сарын 17-нд “УА” ХХК-ийн “Капитрон банк” ХХК дах дансанд 24 927 500 төгрөгийг шилжүүлсэн. Хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор уг хувцсыг нийлүүлэх байсан. Хариуцагч тал хугацаа сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Дахин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээг ажлын 21 хоногоор сунгаж өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу нэхэмжлэгч тал гэрээг дахин 21 хоногоор сунгаж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэ хугацаа нь дууссан. Хариуцагч талаас 4 удаагийн нийлүүлэлтээр 20 993 020 төгрөгийн хувцсыг нийлүүлсэн. Үүнээс 17 619 840 төгрөгийн үнэ бүхий хувцсыг ажилчиддаа тарааж өгсөн. 3 373 175 төгрөгийн хувцас нь хэмжээ зөрсний улмаас ажилчдад тараах боломжгүй болсон. Алдангийн хувьд гэрээний 10 хувиас ихгүй байхаар заасан, ингэж тооцохдоо 2 886 198 төгрөг болж байгаа. Ингээд гэрээний дагуу биелүүлээгүй үүргийн дүн буюу зөрүү 3 934 480, чанарын шаардлага хангаагүй нийлүүлсэн хувцасны үнэ 3 373 175 төгрөг, алдангийн хамт нийт 10 193 198 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч ажилчдын хувцасны хэмжээг авахад хугацаа алдсан гэдэг, тэгвэл энэ тухайгаа тэр үедээ хүсэлтээр гаргаж болох байсан. Анхнаасаа ажлын 25 хоногт гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан. Бид 3 373175 төгрөгийн барааг чанарын шаардлага хангаагүй гэж үзээгүй, чанарын хувьд шаардлага хангасан гэж байгаа. Харин ажилчдад таарсан байх ёстой, гэтэл зарим хувцаснууд таарахгүй болсон учир хэмжээний хувьд шаардлага хангахгүй гэж үзээд байгаа юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч доголдолгүй эд зүйлсийг шилжүүлэх гэж байгаа. Манайх уг 3 373 175 төгрөгийн хувцсыг ажилчдад тараах боломжгүй байгаа учраас нэхэмжилсэн. Манай талаас хариуцагч талд 3 удаа боломж олгон хугацаа сунгаж өгсөн. Гэрээг цуцлах албан бичиг ирүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Манайх 2018 оны 12 дугаар сард “УА” ХХК-тай хугацаа сунгаад энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцална гэсэн албан бичиг явуулж байсан. Алданги 28 861 980 төгрөгийн гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 10 хувиас хэтрээгүй байх гэж заасан. Иргэний хуулийн 219 дүгээр заалтад үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зөрчлөө хурдан арилгуулахыг шаардах эрхтэй. Иймд бид нэхэмжлэлээ багасгаад нийт 10 193 198 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “УА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайханаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ЧХОУНБ” ТӨААТҮГ-тай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 24 927 500 төгрөгийг манай байгууллагын эзэмшлийн “Капитрон банк” ХХК-ийн дансанд орсон. Гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээний дагуу бид ОХУ-руу барааг захиалж авчраад нийлүүлсэн. Энэ нь тодорхой шалтгааны улмаас хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл ажилчдын хувцасны хэмжээн дээр хугацаа алдсан. Хүн бүрт таарсан хувцас өгөх ёстой, тэр утгаараа хэмжээн дээр их хугацаа алдсан. Мөн дээрх хугацаанд ОХУ-д нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ нэмэгдсэнээс бараа бүтээгдэхүүний үнэ 10 хувиар нэмэгдсэнтэй холбоотой санхүүгийн хувьд мөн хугацаа алдсан. Энэ талаар тухай бүрт нь бид харилцагч байгууллагадаа мэдэгдэж гэрээгээ сунгаж байсан. Нийт 4 удаагийн нийлүүлэлтээр 20 993 020 төгрөгийн барааг нийлүүлсэн. Нийлүүлэхдээ 2 талаас акт үйлдэж гарын үсэг зурж, баталгаажуулан хүлээн авалцаж байсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 13-нд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг буцаах болсон тухай албан бичгийг манай компанид гэнэт ирсэн. Энэ хугацаанд дутуу бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар ярилцаж, ажиллаж байсан боловч үр дүнд хүрээгүй. 2019 оны 3 дугаар сарын 26-нд манай байгууллагаас татгалзах шаардлагыг хүлээж авч, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ буцааж авах, шилжүүлсэн мөнгөн дүнг буцааж өгөх гэсэн шийдвэр гаргаж нэхэмжлэгч талд албан бичгээр явуулсан. Уг бичигтээ 2 талаасаа комисс гаргаад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ анх нийлүүлсэн байдлаар нь манайх хүлээж авах, шилжүүлсэн мөнгийг манайх буцааж өгөхөөр заасан. Гэтэл бид нарт ямар нэгэн хариу өгөлгүй байсаар шүүхэд хандсан байсан. Бид уг барааг 2019 оын 4 дүгээр сарын 10-ны дотор 100% нийлүүлэх боломжтой байсан боловч гэнэт ийм бичиг ирсэн. Үүнээс үүдэж би “ЧХОУНБ” ТӨААТҮГ-ын удирдлагуудтай нь уулзсан боловч үр дүнд хүрээгүйн улмаас бид Оросын Холбооны Улс руу явуулсан барааны захиалгаа цуцалж, тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, бид гологдол бүтээгдэхүүн нийлүүлээгүй, тухайн үед бараа бүтээгдэхүүнийг 2 талын актаар хүлээлцсэн, энэ бараа бүтээгдэхүүн нь Монгол улсын гаалиар орж ирсэн, Оросын Холбооны Улсын томоохон брэндийн бүтээгдэхүүн, шаардсан сав баглаа боодол, тоо ширхэгийн дагуу ирсэн. Тиймээс гологдол бүтээгдэхүүн гэж буцаахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, бид нарт гэрээ цуцлах албан бичиг ирүүлээгүй, шууд эхний ээлжид танайх бараа бүтээгдэхүүнээ буцааж ав, манайх мөнгөө авъя гэдэг бичиг ирсэн. Гэнэт ингэж 10 хувиас хэтэрчихсэн алданги нэхэмжилж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эхний шаардлага болох нийлүүлэгдээгүй байгаа бараа бүтээгдэхүүний үнэ гэж өгсөн 3 934 480 төгрөгийг бид буцааж өгөхийг зөвшөөрч татгалзах зүйл байхгүй. Харин гологдол гэж үзээд байгаа барааг хүлээн зөвшөөрөхгүй. Гологдол бараа гэдэг бол чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг хэлдэг. Хэрвээ нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэхгүй байвал манай талаас 3 373 175 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцааж авахад бэлэн байна. Мөн уг барааг бид ажилчдад таарах хэмжээтэй болгон сольж өгөх боломжтой, энэ талаар нэхэмжлэгч байгууллагатай ярьж тохирсон байгаа. Харин бид алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар хариуцагч “УА” ХХК-иас 6 767 655 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “БУЧХОУБ” ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 22 605 345 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 131 872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа доголдолтой барааны үнэ, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл, алдангийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх барааны үнэ болох 3 373 175 төгрөг, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 934 480 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлээд нийт дүнг 6 767 655 гэж дүгнэсэн боловч уг нийлбэр дүн нь нэхэмжилсэн үнийн дүнгээс 540 000 төгрөгөөр зөрүүтэй байна. Тийм учраас шүүхийн шийдвэр бодитой биелэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЧХОУНБ” ТӨААТҮГ нь хариуцагч “УА” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр болон гэрээний үүргээ зөрчсөний алдангид нийт 10 193 198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ЧХОУНБ” ТӨААТҮГ нь хариуцагч “УА” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “УА” ХХК нь 776 ширхэг хөдөлмөр хамгааллын хувцсыг 2018 оны 10 сарын 22-ны өдрийн дотор нийлүүлэх, нэхэмжлэгч “ЧХОУНБ” ТӨААТҮГ нь 49 855 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 сарын 17-ны өдөр урьдчилгаа төлбөрт 24 927 500 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. Талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2018 оны 11 сарын 7, 12 сарын 7-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус сунгасан байх бөгөөд хариуцагч “УА” ХХК нь 2018 оны 11 сарын 02-ны өдрөөс 12 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 20 993 020 төгрөгийн хувцсыг нийлүүлж, талууд 3 373 175 төгрөгийн хувцсыг буцаах болсон нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, нэхэмжлэгч байгууллагын албан бичиг, хувцас хүлээн авсан баримт зэргээр тус тус тогтоогджээ. /хх-ийн 6-10, 15, 16, 44-р тал/

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх бөгөөд хариуцагч “УА” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч тал үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.

Ийнхүү гэрээнээс татгалзсаны үр дагавар болох урьдчилгаа 24 927 500 төгрөгийн үлдэгдэл /24 927 500 – 20 993 020 = 3 934 480/ 3 934 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба хариуцагч “УА” ХХК-нийг энэхүү үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэж буцаах хувцасны үнэд 3 373 175 төгрөгийг хариуцагчаас гаргуулах талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.   

Харин анхан шатны шүүх хариуцагч “УА” ХХК-иас доголдолтой барааны үнэ 3 373 175 төгрөг, урдьчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 934 480 төгрөг нийт 7 307 655 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргаж 6 767 655 төгрөг гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой ба энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 6 767 655 ...” гэснийг “7 307 655” гэж, “... 22 605 345 ...” гэснийг “2 885 543” гэж, “... “Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал” ...” гэснийг “Буянт-Ухаа дахь ЧХОУНБ” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    Г.ДАВААДОРЖ