Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/ШЗ2019/01456

 

2019 оны 08 сарын 29 өдөр

    Дугаар 182/ШЗ2019/01456

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, өөрийн байранд байрлах, “БУЧХОУНБ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УА” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр болон гэрээний үүргээ зөрчсөний алдангид нийт 29 913 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “БУЧХОУНБ” ТӨААТҮГ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдоос гаргасан тайлбартаа: “Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ нь 2018 оны 09 дүгээр сарын 12-нд ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг “УА” ХХК-иас нийлүүлж авахаар тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээнд хувцсыг ажлын 25 хоногийн хугацаанд нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний урьдчилгаа буюу 50 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт шилжүүлнэ гэснээр 2018 оны 09 дүгээр сарын 17-нд “УА” ХХК-ийн “Капитрон банк” ХХК дахь дансанд 24 927 500 төгрөгийг шилжүүлсэн. Хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор уг хувцсыг нийлүүлэх байсан. Хариуцагч тал хугацаа сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Дахин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээг ажлын 21 хоногоор сунгаж өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу нэхэмжлэгч тал гэрээг дахин 21 хоногоор сунгаж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэ хугацаа нь дууссан. Хариуцагч талаас 4 удаагийн нийлүүлэлтээр 20  993 020  төгрөгийн хувцсыг нийлүүлсэн. Үүнээс 17 619 840 төгрөгийн үнэ бүхий хувцсыг ажилчиддаа тарааж өгсөн. 3 373 175 төгрөгийн хувцас нь хэмжээ зөрсний улмаас ажилчдад тараах боломжгүй болсон.

Алдангийн хувьд гэрээний 10 хувиас ихгүй байхаар заасан, ингэж тооцохдоо 2 886 198 төгрөг болж байгаа. Ингээд гэрээний дагуу биелүүлээгүй үүргийн дүн буюу зөрүү 3 934 480, чанарын шаардлага хангаагүй нийлүүлсэн хувцаны үнэ 3 373 175 төгрөг, алдангийн хамт нийт 10 193 198 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч ажилчдын хувцасны хэмжээг авахад хугацаа алдсан гэдэг, тэгвэл энэ тухайгаа тэр үедээ хүсэлтээр гаргаж болох байсан. Анхнаасаа ажлын 25 хоногт гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан. Бид 3 373175 төгрөгийн барааг чанарын шаардлага хангаагүй гэж үзээгүй, чанарын хувьд шаардлага хангасан гэж байгаа. Харин ажилчдад таарсан байх ёстой,  гэтэл зарим хувцаснууд таарахгүй болсон учир хэмжээний хувьд шаардлага хангахгүй гэж үзээд байгаа юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу худалдагч доголдолгүй эд зүйлсийг шилжүүлэх гэж байгаа. Манайх уг 3 373 175 төгрөгийн хувцсыг ажилчдад тараах боломжгүй байгаа учраас нэхэмжилсэн.  Манай талаас хариуцагч талд 3 удаа боломж олгон хугацаа сунгаж өгсөн.

Гэрээг цуцлах албан бичиг ирүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Манайх 2018 оны 12 дугаар сард “УА” ХХК-тай хугацаа сунгаад энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцална гэсэн албан бичиг явуулж байсан. Алданги 28 861 980 төгрөгийн гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 10 хувиас хэтрээгүй байх гэж заасан. Иргэний хуулийн 219 дүгээр заалтад үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зөрчлөө хурдан арилгуулахыг шаардах эрхтэй. Иймд бид нэхэмжлэлээ багасгаад нийт 10 193 198 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч “УА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайханаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани “Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 24 927 500 төгрөгийг манай байгууллагын эзэмшлийн “Капитрон банк” ХХК-ийн дансанд орсон. Гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээний дагуу бид ОХУ руу барааг захиалж авчраад нийлүүлсэн. Энэ нь тодорхой шалтгааны улмаас хугацаа алдсан.

Өөрөөр хэлбэл ажилчдын хувцасны хэмжээн дээр хугацаа алдсан. Хүн бүрт таарсан хувцас өгөх ёстой, тэр утгаараа хэмжээн дээр их хугацаа алдсан.  Мөн дээрх хугацаанд ОХУ-д нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ нэмэгдсэнээс бараа бүтээгдэхүүний үнэ 10 хувиар нэмэгдсэнтэй холботой санхүүгийн хувьд мөн хугацаа алдсан. Энэ талаар тухай бүрт нь бид харилцагч байгууллагадаа мэдэгдэж гэрээгээ сунгаж байсан.

Нийт 4 удаагийн нийлүүлэлтээр 20 993 020 төгрөгийн барааг нийлүүлсэн. Нийлүүлэхдээ 2 талаас акт үйлдэж гарын үсэг зурж, баталгаажуулан хүлээн авалцаж байсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 13-нд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг буцаах болсон тухай албан бичгийг манай компанид гэнэт ирсэн. Энэ хугацаанд дутуу бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар ярилцаж, ажиллаж байсан боловч үр дүнд хүрээгүй. 2019 оны 03 дугаар сарын 26-нд манай байгууллагаас татгалзах шаардлагыг хүлээж авч, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ буцааж авах, шилжүүлсэн мөнгөн дүнг буцааж өгөх гэсэн шийдвэр гаргаж нэхэмжлэгч талд албан бчигээр явуулсан. Уг бичигтээ 2 талаасаа комисс гаргаад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ анх нийлүүлсэн байдлаар нь манайх хүлээж авах, шилжүүлсэн мөнгийг манайх буцааж өгөхөөр заасан. Гэтэл бид нарт ямар нэгэн хариу өгөлгүй байсаар шүүхэд хандсан байсан. Бид уг барааг 2019 оын 04 дүгээр сарын 10-ны дотор 100% нийлүүлэх боломжтой байсан боловч гэнэт ийм бичиг ирсэн. Үүнээс үүдэж би “Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ-ын удирдлагуудтай нь уулзсан боловч үр дүнд хүрээгүйн улмаас бид ОХУ руу явуулсан барааны захиалгаа цуцалж, тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн.

Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, бид гологдол бүтээгдэхүүн нийлүүлээгүй, тухайн үед бараа бүтээгдэхүүнийг 2 талын актаар хүлээлцсэн, энэ бараа бүтээгдэхүүн нь Монгол улсын гаалиар орж ирсэн, ОХУ-ын томоохон брэндийн бүтээгдэхүүн, шаардсан сав баглаа боодол, тоо ширхгийн дагуу ирсэн. Тиймээс гологдол бүтээгдэхүүн гэж буцаахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, бид нарт гэрээ цуцлах албан бичиг ирүүлээгүй, шууд эхний ээлжид танайх бараа бүтээгдэхүүнээ буцааж ав, манайх мөнгөө авья гэдэг бичиг ирсэн. Гэнэт ингэж 10 хувиас хэтэрчихсэн алданги нэхэмжилж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эхний шаардлага болох нийлүүлэгдээгүй байгаа бараа бүтээгдэхүүний үнэ гэж өгсөн 3 934 480 төгрөгийг бид буцааж өгөхийг зөвшөөрч татгалзах зүйл байхгүй. Харин гологдол гэж үзээд байгаа барааг хүлээн зөвшөөрөхгүй. Гологдол бараа гэдэг бол чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг хэлдэг. Хэрвээ нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэхгүй байвал манай талаас 3 373 175 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцааж авахад бэлэн байна. Мөн уг барааг бид ажилчдад таарах хэмжээтэй болгон сольж өгөх боломжтой, энэ талаар нэхэмжлэгч байгууллагатай ярьж тохирсон байгаа. Харин бид алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүл

 

эгт зохигчдын гаргасан тайлбар болон  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БУЧХОУНБ” ТӨААТҮГ нь хариуцагч “УА” ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн  болон гэрээний үүргээ зөрчсөний алдангид нийт 29 913 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөний үлдэгдэл 3 934 480 төгрөг, гологдол хувцасны үнэ 3 373 175 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний алдангид 3 223 515 төгрөг, нийт 10 531 170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилсөн байна.

Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч “УА” ХХК нь үл зөвшөөрч, шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 3 934 480 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин  бид тухай бүр барааг хүлээлгэн өгч 2 талаасаа акт үйлдэж хүлээн авч байсан учраас гологдол барааны үнэ 3 373 175 төгрөг, алданги гэж нэхсэн 3 223 515 төгрөг нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй, 3 373 175 төгрөгийн хувцас размерын хувьд таарахгүй байгааг гологдол бараа гэж үзэхгүй, түүнийг сольж өгөхөөр тохирсон гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг дараахь үндэслэлээр  ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь 776 ширхэг 49 855 000 төгрөгийн үнэ бүхий,  хөдөлмөр хамгааллын зориулалттай, логотой, ажилчдын хувцас худалдан авахаар хариуцагч “УА” ХХК-д захиалан, хариуцагч нь урьдчилгаа төлбөр хүлээн авснаас хойш ажлын 25 хоногийн дотор ажлын хувцсыг нэхэмжлэгчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

Уг  Гэрээний тусгай нөхцлийн 3-т “6.1  урьдчилгаа төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 50 хувийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ” гэсний дагуу нэхэмжлэгч буюу худалдан авагч нь 2018 оны 09 дүгээр сарын 17-нд урьдчилгаа төлбөр болох 24 927 500 төгрөгийг худалдагчид шилжүүлж, хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 02-нд 4 990 159 төгрөгийн, 11 дүгээр сарын 06-нд 4 310 680 төгрөгийн, 11 дүгээр сарын 2-нд 3 818 328 төгрөгийн, 12 дугаар сарын 4-нд 7 873 853 төгрөгийн ажлын хувцсыг тус тус худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулсан ХХА/132 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”, түүний хавсралт, нэхэмжлэгч байгууллагын “Бараа материалын хүлээн авалтын баримт”-ууд, “Хөдөлмөр хамгааллын хувцас хүлээн авсан жагсаалт”, төлбөрийн даалгавар, хариуцагч байгууллагын зарлагын баримт,  зохигчдын тайлбар  зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.   

 

Талуудын хооронд байгуулсан  ХХА/132 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дэх заалтад “Гүйцэтгэгч гэрээ батлагдаад урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс хойш  ажлын 25 хоногийн дотор хийж гүйцэтгэх бөгөөд захиалагчийн тавьсан размер, бусад шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ” гэж зааснаас үзэхэд гэрээний хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар байсан бөгөөд талууд 2018 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл гэрээг үргэлжүүлэхээр харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгажээ.

 

Дээрх ХХА/132 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 8 дахь заалтад “Захиалагч нь гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн акт, зарлагын падаан, гэрээ дүгнэсэн актыг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээнэ гэж,  Гэрээний тусгай нөхцлийн 3-т “6.2  Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг бүрэн хүлээн авсан акт...баримт бичгийг үнэдэслэн гэрээний үнийн 50 хувьтай тэнцэх дүнг ажлын 7 хоногт багтаан шилжүүлнэ” гэж нэхэмжлэгч талын үүргийг заасан байна.

 

Нэхэмжлэгч тал нь гэрээний  хугацаа дуусахад 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09/е/1802 тоот  албан бичгээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид мэдэгдсэн байх боловч хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу  гэрээний зүйл болох 28 861 980 төгрөгийн үнэ бүхий ажлын хувцсыг шилжүүлээгүй байсан байна.

Иймд Иргэний хуулийн 249 дүгээр үйлийн 249.1.-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ  биелүүлэхээс татгалзаж болно” гэж, 249.3.-т “ Худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ хуулийн 204.2., 219.2.-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч буюу худалдан авагч нь Гэрээний тусгай нөхцлийн 3-т заасан үүргээсээ татгалзах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан ХХА/132 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 2 дахь заалтад  “...ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг захилагчийн хүсэлтээр логотой, ажилчдын биеийн хэмжээнд тохирсон, техникийн тодорхойлолтод заагдсаны дагуу хавсралт 1-д заагдсан үнийн саналыг...хүлээн зөвшөөрөв” гэж, 4 дэх заалтад “Гүйцэтгэгч...захиалагчийн тавьсан размер, бусад шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ” гэж тус тус  заасан бөгөөд хариуцагчийн   нийлүүлсэн 20 993 020 төгрөгийн ажлын хувцаснаас 3 373 175 төгрөгийн хувцас нь дээрх шаардлагыг хангаагүй  буюу  ажилчдын биеийн хэмжээнд тохироогүй талаар зохигчид тайлбарласан.

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба дээрх 3 373 175 төгрөгийн үнэ бүхий ажлын хувцас нь  гэрээний 2, 4 дэх заалтад заасан ажилчдын биеийн хэмжээнд тохирсон байх шаардлагыг хангаагүй, мөн түүнчлэн Иргэний хуулийн 251.2.-т заасны дагуу  гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд 3 373 175 төгрөгийн үнэ бүхий ажлын хувцас буюу доголдолтой эд хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.

           

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой  бол худалдагч нь уг доголдлыг арилгах, тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдан авагч нь доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээгээ цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.

           

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т зааснаар худалдан авагч гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу буюу доголдолтой, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлөх үүргийг хүлээх тул 3 373 175 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

           

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд  заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба талуудын хоорондох Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцлийн 6-д “Захиалагч гүйцэтгэгчийн хугацаа хоцорч гүйцэтгэсэн ажлыг гэрээний үнийн дүнгээс ГТН-д заасан хувьтай тэнцэх алданги оногдуулж, гэрээний үнийг тэр хэмжээгээр бууруулна” гэж заасан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 3 223 515 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй байна.

 

   Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч “УА” ХХК-иас доголдолтой барааны үнэ 3 373 175 төгрөг,  урдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 934 480 төгрөг нийт 6 767 655  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 131 872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 253 дугаар зүйлийн 253.1., 254 дүгээр зүйлийн 254.4.-т зааснаар хариуцагч “УА” ХХК-иас 6 767 655   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БУЧХОУНБ” ТӨААТҮГ-т  олгож, нэхэмжлэлээс  22 605 345 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 131 872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

      

ДАРГАЛАГЧ                                          Ж.БАЙГАЛМАА