Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01880

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02260 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТО” ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзсантай холбоотой 106 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнх-Оргил,

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Намнансүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Мядагбадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь “ТО” ХХК-тай ажил гүйцэтгэхээр 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын С-1 блокын өрлөгийн ажлыг хийлгэхээр 19-1232 тоот гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 486 691 380 төгрөг байсан. Манай байгууллага гэрээгээр заасан 30 хувийн урьдчилгаа болох 146 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч байгууллагын “Хас банк” ХХК-ийн 5001196515 тоот данс руу шилжүүлсэн. Манай байгууллага гэрээнд заасан үүргээ цаг тухайд нь биелүүлсэн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Тухайн ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүч цөөн зэргээс шалтгаалан манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах шаардлага тавьсан. Дээрх дутагдлаа залруулахгүй байсан ба гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн байтал ажлыг эхлүүлэхгүй хугацаа алдсан. Бидний зүгээс удаа дараа шаардлагыг гаргасан ба 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх дутагдлаа залруулахгүй бол гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг дуусгавар болгохоор мэдэгдсэн. Хариуцагч талаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа төлбөрөөс 40 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрөө авах гэхэд манайх өртэй байсан түүнийгээ дарчихсан гэж хэлсэн. Манайх 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 106 000 000 төгрөгийг төлөх шаардлага тавьсан боловч хариуцагч тал төлөөгүй. Иймд хариуцагч байгууллагаас 106 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манайхаас өөр бүх л байгууллагууд ажил хийхээс өмнө тендер зарладаг. Ямар ч ажлыг хийхэд эхлээд ажлын зураг гардаг. Тендерт оролцож байгаа компаниуд манайхаас ажлын зургийг аваад өөрсдийн үнийн саналыг гаргадаг. Манай байгууллага үнийн санал ирүүлсэн байгууллагуудаас сонголт хийсэн. Ямар ч ажлын зураг байхгүйгээр үнийн санал гаргах боломжгүй. Зургаа хараад тоо хэмжээгээ бодож, үнийн саналаа гаргадаг. Хэрэв ажлын зураг гараагүй байсан бол хэрхэн үнийн санал гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Манай байгууллагаас ажлын зургийг өгч хариуцагч байгууллага нь үнийн саналаа гарган өгсөн. Манай байгууллага тендер зарлаж цаг хугацаа алдаж нэг компани сонгоод урьдчилгаа өгчихөөд одоо та нар гар гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол манай байгууллагад цаг хугацаа алдсан ажил болох юм. Манай байгууллага “ТО” ХХК-тай гэрээ байгуулснаар асар их хохирч байгаа. Учир нь бид ажлаа 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж дулаан авах байсан. Хариуцагч талаас болж бид дулаан авах боломжгүй болсон. Мөн татгалзаад байгаа мөнгөний талаар тайлбарлахад дансанд орсон гэх шимтгэл 10 хувь гэж байгаа. Миний ойлгож байгаагаар орлого орж, зарлага гарч улирал болгон санхүүгийн тайлан тооцоогоо өгөхөд татвар тухайн компанийн олсон орлогоос 10 хувийн шимтгэл авдаг гэж ойлгож байгаа. Түүнээс биш орж ирсэн мөнгө болгоноос нь шимтгэл аваад байх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн 3 ширхэг автомашин ажилласан зүйл байхгүй. “ТО” ХХК-ийн нэр дээр 3 ширхэг авто машин байдаг талаар ямар нэгэн баримт байхгүй. Гэрээний 4.2-т заасан гүйцэтгэгч тал шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг өөрсдөө хариуцна гэж заасан байгаа. Хэн ч 100 айл дээр очоод падаан бичүүлээд авчих боломжтой. Хэрэв авсан бол манай талд үлдээсэн зүйл байхгүй. Өөрсдөө ашиглаад явж байгаа байх. Мөн байгуулсан гэрээнд зөөвөрлөлт, тээвэрлэлт хийх заалт байхгүй. Үүнтэй холбоотой зардал ч байхгүй. Гэрээгээр манай талаас бүх материалыг нийлүүлэхээр заасан байгаа. Мөн 11 хүн цалинжуулсан зүйл байхгүй. Нэг өдөрт 120 000 төгрөгийн цалин авдаг жишиг ч байхгүй. Одоо ажиллаж байгаа байгууллагаас асуухад нэг өдөрт 60 000 төгрөг авдаг л гэж хэлсэн. 120 000 төгрөгийг нэг өдөрт авдаг гэх үндэслэлгүй. Өрлөг хийх юм бол сард 3 600 000 төгрөг болно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын С-1 блокын өрлөг, шавардлага, дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан гүйцэтгэхээр тохиролцсон. Урьдчилгаа төлбөр 146 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын гүйцэтгэл сайн эхлээд явж байсан. Мөн өдрөөс ажлаа эхлүүлж болно гэж нэхэмжлэгч компанийн захирал хэлсэн боловч 08-ны өдрөөс материал буусан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаа эхлүүлээд 2-4 давхрын бүх материалыг зөөвөрлөн гаргах ажлыг хийж байсан. Зөөвөр тээврийн ажил бол өрлөгийн ажлын 60 хувь гэж үзэж болно. Өрлөгийн ажил 40 хувь байдаг. Гэрээнд манай байгууллага ажлаа хийж гүйцэтгэхээр очсон боловч захиалагчаас гарган өгсөн техникийн даалгаврын дагуу гэрээт ажлыг гүйцэтгэхээр заасан байгаа боловч ажлаа хийх гэтэл гэрээт талбайн хэмжээстэй зураг буюу техникийн даалгавар гараагүй байсан учраас үүдэн өрлөгийн ажил хойшлогдож, ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Манай байгууллага ажиллах хүч хангалттай, ажиллах зохион байгуулалт сайн байсан. Манай байгууллага 5-6 бригадтай гэрээ байгуулсан байсан. Нэг бригад нь 2 давхрыг нэг сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулчихсан байсан. Нэхэмжлэгч талаас манай ажиллах хүчийг 2-3 хүн байсан гэж хэлээд байгаа. Гэтэл нэг бригад ирчихсэн манай ажилчид бас оччихсон байсан. Инженертэйгээ нийлээд ойролцоогоор 20 гаран хүн ажиллахаар очсон. Нэхэмжлэгч өөр хүмүүс оруулах зорилгоор манай компанийг ажил үүргээ хугацаа алдалгүй гүйцэтгэж байхад ажлын талбайгаас 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалж байна, талбай чөлөөлж, авсан мөнгөө буцааж хий гэсэн. Өрлөгийн 4 бригад 8-18 хүнтэй, шаврын 4-30 хүнтэйгээр ажиллах хүчний асуудлыг бүрэн шийдсэн байсан. Инженер, нягтлан бодогч, өрлөгчин, туслах зэрэг 13 хүн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж цалин, нийгмийн даатгал, хоол унааны зардалд 13 004 037 төгрөг, “Исүзү” 14-41 УБЦ маркийн автомашинд 300 000 төгрөг, “Приус” 23-34 УБМ маркийн автомашинд 250 000 төгрөг, “Приус” 36-95 УБЧ маркийн автомашинд 250 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийн шатахуун хэрэглэсэн, краны чальк, усны шланг, усны насос, цахилгаан кабелийн утас, шаврын неви, шаврын тэрэг, неви зэрэг багаж хэрэгслийг бусад зардалд 1 750 000 төгрөг, дансанд орлого орсны шимтгэл 146 007 141 төгрөгийн 10 хувийг 14 600 741.4 төгрөгийг татварын байгууллага, нийт 29 349 778.4 төгрөгийг хасч тооцох болно. Энэ талаар манай хоёр байгууллага хоорондоо албан тоотоор харилцаж 2019 оны 5 дугаар сарын 19, 29-ний өдрүүдэд Монгол шуудангаар бичиг хүргүүлж байсан. Энэ тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. Манай компани ажлын урьдчилгаанд авсан 146 007 414 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн Голомт банкны 2105016958 тоот дансанд шилжүүлсэн. Энэ ажлыг манайх авахад нэхэмжлэгч талаас хүмүүс ирж танилцаад манай байгууллагыг болох юм байна гэж дүгнэсэн. Ингээд манайх энэ ажлыг гүйцэтгэхээр болсон. Автомашины тухайд хэлэхэд нэхэмжлэгч талын хашаанд манай машинууд байгаа тухай зураг нь надад байгаа. Өрлөг далий өрсөн тухай яригдаж байна. Нэхэмжлэгч талын инженер н.Итгэлт гэдэг хүн өдөр бүр хяналт тавьж байсан хэрнээ одоо далий, чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “ТО” ХХК-иас 106 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “ТО” ХХК-иас 687 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлын хөлсөө төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэсэн байна. Манай нөхцөлийн хувьд бид мөнгөө авсан бидэнд бодит байдал дээр зарцуулагдсан мөнгө тул энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй, харин ажлын болон бусад хөлсөө аваагүй тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах талаар шүүх буруу дүгнэсэн. Манай компани 10 хоног ажиллахдаа 3 автомашин, хүн хүч зарцуулсан. Мөн хийсэн ажлын зургуудаа шүүхэд өгсөн байтал үнэлээгүй. Анхан шатны шүүхэд ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар өгөхөд хүлээн аваагүй. Мөн нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авч өгөхөд шүүх үнэлээгүй. 10 хоног ажилласан, өрлөг, зөөвөр, тээврийн ажил хийсэн талаар гэрч Баянмөнхийн Пүрэвжав мэдүүлэг өгсөн байхад үнэлээгүй. Ул өрлөг 3 талдаа өрсөн. 12-ын хана өрсөн, блокон өрлөг өрсөн талаар гэрчилдэг. Мөн Б.Пүрэвжав нь өрлөгийн багийн ахлагч байсан. “ТО” ХХК-тай өдрөөр хөлсөө бодож орсон. Өрлөгчин нь өдрийн 120 000 төгрөг, туслах нь 60 000 төгрөгөөр тохиролцож орсон. Надад гарын үсгээ зураад ажлын хөлсөө авсан баримт байгаа. Би мөнгөө аваад ажилчиддаа гарын үсэг зуруулж өгч байсан гэдэг. Мөн тэрээр ажил эхлэх гэхээр зураг байхгүй байсан. Зарим үед утсан дээрээс зураг тавьдаг байсан. Жишээ нь цонх, хаалга хэрхэн тавигдах талаар нарийвчилсан зураг байхгүй байсан талаар мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс харахад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчаас гарган өгсөн техникийн даалгаврын дагуу гэрээт ажлыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу захиалагч тал болох “Н” ХХК техникийн даалгавар буюу ажлын зургаа өгөхгүй байсан буруутай үйл ажиллагаа байгааг шүүх үнэн зөвөөр нь олж тогтоож чадаагүй. “Н” ХХК ч гэрээнээс хууль ёсоор татгалзаагүй. Мөнгөтэй компани дур зоргоороо аашилж өөр хүмүүс оруулах зорилгоор манай компанийг ажил үүргээ хугацаа алдалгүй гүйцэтгэж байхад ажлын талбайгаас 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн инженер нь захирлуудын хуралтай нэрийн дор намайг дуудан авчирч захирал Бямбажав танай гэрээг цуцалж байна, талбай чөлөөлж авсан мөнгөө буцааж хий гэсэн би гайхаад асуутал танайх хүн хүч муу байна тийм болохоор танай гэрээг цуцалж байна гэж хууль бусаар хөөж гаргасныг шүүх үнэлээгүй. Шүүхэд энэ талаар нотлох 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн самсунг нөүт 2 гар утасны бичлэгийг өгөхөд шүүх үнэлээгүй. Манай компани ажил гүйцэтгэх чадвартай, бригад болон үндсэн ажилчдын тоо хангалттай байсан. Хавтаст хэргийн 89, 103, 104, 105-111, 112-123 дугаар хуудсанд байгаа нотлох баримтуудыг үнэлээгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Нотлох баримтуудыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, инженер, нягтлан бодох, өрлөгчин, туслах зэрэг 13 хүн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж цалин, нийгмийн даатгал, хоол унааны мөнгөнд 9 935 077 төгрөг болсон. “Исүзү” 14-41 УБЦ маркийн автомашинд 300 000 төгрөг, “Приус” 23-34 УБМ маркийн автомашинд 250 000 төгрөг, “Приус” 36-95 УБЧ маркийн автомашинд 250 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийн шатахуун хэрэглэсэн. Краны чальк, усны шланк, усны насос, цахилгаан кабелийн утас, шаврын нови, шаврын тэрэг, невий зэрэг багаж хэрэгслийг 950 000 төгрөгөөр авсан. Дансанд орлого орсны шимтгэл 146 007 414 төгрөгийн 10 хувийг 14 600 741.4 төгрөгийг татварын байгууллага, цалингийн зардал ажилчдын хоол унааны мөнгө 13 004 037 төгрөг, багаж материал бусад зардалд 1 745 000 төгрөг, нийт 29 349 778.4 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “ТО” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбоотой 106 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “ТО” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ТО” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын С-1 блокын барилгад өрлөг, шавардлага, дотор заслын ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Н” ХХК нь ажлын хөлс нийт 486 691 380 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 146 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, ажил  гүйцэтгэх гэрээ, төлбөрийн даалгавар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-12, 14 дүгээр тал/

Хариуцагч “ТО” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талууд гэрээг цуцалж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч “ТО” ХХК нь 40 000 000 төгрөгийг Голомт банкин дах нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн ба энэхүү үйл баримтад талууд маргаангүй болно. /хх-ийн 15-16, 35-37 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Хариуцагч “ТО” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөнөөс талууд гэрээг цуцалсан, хариуцагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрөөс 40 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул үлдсэн төлбөр болох 106 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн тул ажилчдын цалин, багаж хэрэгсэл, нийгмийн даатгал, хоол, унаа, шатахууны зардал, татварын зардалд нийт 29 349 778.4 төгрөгийг суутгуулна, нэхэмжлэгч нь техникийн даалгавар буюу ажлын зургаа өгөхгүй байсан буруутай гэх боловч  хариуцагчийн дээрх тайлбар, гомдол үндэслэлгүй болно. Тодруулбал, хэрэгт авагдсан ажилчдын цалин хөлс, бусад зардлын баримтууд нь талуудын ажил гүйцэтгэх гэрээний цаг хугацаанд хамаарахгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн гэх боловч талууд хийсэн ажлын талаар баримт үйлдээгүй, хариуцагч нь хийсэн ажлын талаар шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн, ажлын зургаа гаргаж өгөөгүй буруутай гэх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                              ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

                                                                               Г.ДАВААДОРЖ