Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00364

 

Ньютур ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02260 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1880 дугаар магадлалтай, 

Ньютур ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Таванцамхаг орд ХХК-д холбогдох  

Гэрээнээс татгалзсантай холбоотой 106,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Д.Намнансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ньютур ХХК нь Таванцамхаг орд ХХК-тай ажил гүйцэтгэхээр 2019.05.02-ны өдөр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын С-1 блокын өрлөгийн ажлыг хийлгэхээр 19-1232 тоот гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 486,691,380 төгрөг байсан. Манай байгууллага гэрээгээр заасан 30 хувийн урьдчилгаа болох 146,000,000 төгрөгийг 2019.05.08-ны өдөр хариуцагч байгууллагын Хас банк ХХК-ийн 5001196515 тоот данс руу шилжүүлсэн. Манай байгууллага гэрээнд заасан үүргээ цаг тухайд нь биелүүлсэн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Тухайн ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүч цөөн зэргээс шалтгаалан манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах шаардлага тавьсан. Дээрх дутагдлаа залруулахгүй байсан ба гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн байтал ажлыг эхлүүлэхгүй хугацаа алдсан. Бидний зүгээс удаа дараа шаардлагыг гаргасан ба 2019.05.16-ны өдөр дээрх дутагдлаа залруулахгүй бол гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг дуусгавар болгохоор мэдэгдсэн. Хариуцагч талаас 2019.05.20-ны өдөр урьдчилгаа төлбөрөөс 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрөө авах гэхэд манайх өртэй байсан түүнийгээ дарчихсан гэж хэлсэн. Манайх 2019.05.31-ний өдрийн дотор 106,000,000 төгрөгийг төлөх шаардлага тавьсан боловч хариуцагч тал төлөөгүй. Иймд хариуцагч байгууллагаас 106,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манайхаас өөр бүх л байгууллагууд ажил хийхээс өмнө тендер зарладаг. Ямар ч ажлыг хийхэд эхлээд ажлын зураг гардаг. Тендерт оролцож байгаа компаниуд манайхаас ажлын зургийг аваад өөрсдийн үнийн саналыг гаргадаг. Манай байгууллага үнийн санал ирүүлсэн байгууллагуудаас сонголт хийсэн. Ямар ч ажлын зураг байхгүйгээр үнийн санал гаргах боломжгүй. Зургаа хараад тоо хэмжээгээ бодож, үнийн саналаа гаргадаг. Хэрэв ажлын зураг гараагүй байсан бол хэрхэн үнийн санал гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Манай байгууллагаас ажлын зургийг өгч хариуцагч байгууллага нь үнийн саналаа гарган өгсөн. Манай байгууллага тендер зарлаж цаг хугацаа алдаж нэг компани сонгоод урьдчилгаа өгчихөөд одоо та нар гар гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол манай байгууллагад цаг хугацаа алдсан ажил болох юм. Манай байгууллага Таванцамхаг орд ХХК-тай гэрээ байгуулснаар асар их хохирч байгаа. Учир нь бид ажлаа 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж дулаан авах байсан. Хариуцагч талаас болж бид дулаан авах боломжгүй болсон. Мөн татгалзаад байгаа мөнгөний талаар тайлбарлахад дансанд орсон гэх шимтгэл 10 хувь гэж байгаа. Миний ойлгож байгаагаар орлого орж, зарлага гарч улирал болгон санхүүгийн тайлан тооцоогоо өгөхөд татвар тухайн компанийн олсон орлогоос 10 хувийн шимтгэл авдаг гэж ойлгож байгаа. Түүнээс биш орж ирсэн мөнгө болгоноос нь шимтгэл аваад байх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн 3 ширхэг автомашин ажилласан зүйл байхгүй. Таванцамхаг орд ХХК-ийн нэр дээр 3 ширхэг авто машин байдаг талаар ямар нэгэн баримт байхгүй. Гэрээний 4.2-т заасан гүйцэтгэгч тал шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг өөрсдөө хариуцна гэж заасан байгаа. Хэн ч 100 айл дээр очоод падаан бичүүлээд авчих боломжтой. Хэрэв авсан бол манай талд үлдээсэн зүйл байхгүй. Өөрсдөө ашиглаад явж байгаа байх. Мөн байгуулсан гэрээнд зөөвөрлөлт, тээвэрлэлт хийх заалт байхгүй. Үүнтэй холбоотой зардал ч байхгүй. Гэрээгээр манай талаас бүх материалыг нийлүүлэхээр заасан байгаа. Мөн 11 хүн цалинжуулсан зүйл байхгүй. Нэг өдөрт 120,000 төгрөгийн цалин авдаг жишиг ч байхгүй. Одоо ажиллаж байгаа байгууллагаас асуухад нэг өдөрт 60,000 төгрөг авдаг л гэж хэлсэн. 120,000 төгрөгийг нэг өдөрт авдаг гэх үндэслэлгүй. Өрлөг хийх юм бол сард 3,600,000 төгрөг болно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын С-1 блокын өрлөг, шавардлага, дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2019.05.02-ны өдөр гэрээ байгуулан 2019.09.30-ны өдрийн дотор багтаан гүйцэтгэхээр тохиролцсон. Урьдчилгаа төлбөр 146,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Гэрээний дагуу 2019.05.06-ны өдрөөс 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын гүйцэтгэл сайн эхлээд явж байсан. Мөн өдрөөс ажлаа эхлүүлж болно гэж нэхэмжлэгч компанийн захирал хэлсэн боловч 08-ны өдрөөс материал буусан. 2019.05.06-ны өдрөөс ажлаа эхлүүлээд 2-4 давхрын бүх материалыг зөөвөрлөн гаргах ажлыг хийж байсан. Зөөвөр тээврийн ажил бол өрлөгийн ажлын 60 хувь гэж үзэж болно. Өрлөгийн ажил 40 хувь байдаг. Гэрээнд манай байгууллага ажлаа хийж гүйцэтгэхээр очсон боловч захиалагчаас гарган өгсөн техникийн даалгаврын дагуу гэрээт ажлыг гүйцэтгэхээр заасан байгаа боловч ажлаа хийх гэтэл гэрээт талбайн хэмжээстэй зураг буюу техникийн даалгавар гараагүй байсан учраас үүдэн өрлөгийн ажил хойшлогдож, ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Манай байгууллага ажиллах хүч хангалттай, ажиллах зохион байгуулалт сайн байсан. Манай байгууллага 5-6 бригадтай гэрээ байгуулсан байсан. Нэг бригад нь 2 давхрыг нэг сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулчихсан байсан. Нэхэмжлэгч талаас манай ажиллах хүчийг 2-3 хүн байсан гэж хэлээд байгаа. Гэтэл нэг бригад ирчихсэн манай ажилчид бас оччихсон байсан. Инженертэйгээ нийлээд ойролцоогоор 20 гаран хүн ажиллахаар очсон. Нэхэмжлэгч өөр хүмүүс оруулах зорилгоор манай компанийг ажил үүргээ хугацаа алдалгүй гүйцэтгэж байхад ажлын талбайгаас 2016.05.16-ны өдөр гэрээг цуцалж байна, талбай чөлөөлж, авсан мөнгөө буцааж хий гэсэн. Өрлөгийн 4 бригад 8-18 хүнтэй, шаврын 4-30 хүнтэйгээр ажиллах хүчний асуудлыг бүрэн шийдсэн байсан. Инженер, нягтлан бодогч, өрлөгчин, туслах зэрэг 13 хүн 2019.05.06-ны өдрөөс 2019.05.16-ны өдрийг хүртэл ажиллаж цалин, нийгмийн даатгал, хоол унааны зардалд 13,004,037 төгрөг, Исүзү 14-41 УБЦ маркийн автомашинд 300,000 төгрөг, Приус 23-34 УБМ маркийн автомашинд 250,000 төгрөг, Приус 36-95 УБЧ маркийн автомашинд 250,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийн шатахуун хэрэглэсэн, краны чальк, усны шланг, усны насос, цахилгаан кабелийн утас, шаврын неви, шаврын тэрэг, неви зэрэг багаж хэрэгслийг бусад зардалд 1,750,000 төгрөг, дансанд орлого орсны шимтгэл 146,007,141 төгрөгийн 10 хувийг 14,600,741.4 төгрөгийг татварын байгууллага, нийт 29,349,778.4 төгрөгийг хасч тооцох болно. Энэ талаар манай хоёр байгууллага хоорондоо албан тоотоор харилцаж 2019.05.19-29-ний өдрүүдэд Монгол шуудангаар бичиг хүргүүлж байсан. Энэ тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. Манай компани ажлын урьдчилгаанд авсан 146,007,414 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг 2019.05.20-ны өдөр тус компанийн Голомт банкны 2105016958 тоот дансанд шилжүүлсэн. Энэ ажлыг манайх авахад нэхэмжлэгч талаас хүмүүс ирж танилцаад манай байгууллагыг болох юм байна гэж дүгнэсэн. Ингээд манайх энэ ажлыг гүйцэтгэхээр болсон. Автомашины тухайд хэлэхэд нэхэмжлэгч талын хашаанд манай машинууд байгаа тухай зураг нь надад байгаа. Өрлөг далий өрсөн тухай яригдаж байна. Нэхэмжлэгч талын инженер н.Итгэлт гэдэг хүн өдөр бүр хяналт тавьж байсан хэрнээ одоо далий, чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 184/ШШ2019/02260 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Таванцамхаг орд ХХК-иас 106,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ньютур ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Таванцамхаг орд ХХК-иас 687,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ньютур ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 1880 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 184/ШШ2019/02260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Намнансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 1880 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 6 хуудсанд тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн гэх боловч гэж үзжээ. 2019.05.06-ны өдрөөс 2019.05.16 хүртэл 10 хоног ажилласан, өрлөг зөөвөр тээврийн ажил хийсэн талаар гэрч Баянмөнхийн Пүрэвжав мэдүүлэг өгсөн байхад үнэлээгүй. Ул өрлөг 3 талдаа өрсөн, 12-ын хана өрсөн, блокон өрлөг өрсөн талаар гэрчилдэг. Мөн Б.Пүрэвжав нь өрлөгийн багын ахлагч байсан. Таванцамхаг орд ХХК-тай өдрөөр хөлсөө бодож орсон. Өрлөгчин нь өдрийн 120,000 төгрөг, туслах нь 60,000 төгрөгөөр тохиролцож орсон, надад гарын үсгээ зураад ажлын хөлсөө авсан баримт байгаа, би мөнгөө аваад ажилчиддаа гарын үсэг зуруулж өгч байсан гэдэг. Мөн тэрээр ажил эхлэх гэхээр зураг байхгүй байсан, бүдүүвч зураг байсан, нарийвчилсан зураг байхгүй байсан. Зарим үед утсан дээрээс зураг тавьдаг байсан. Жишээ нь цонх хаалга хэрхэн тавигдах талаар нарийвчилсан зураг байхгүй байсан талаар мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс харахад 2019.05.02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 1.4 зүйлд заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчаас гарган өгсөн техникийн даалгаврын дагуу гэрээт ажлыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу захиалагч тал болох Ньютур ХХК нь техникийн даалгавар буюу ажлын зургаа өгөхгүй байсан буруутай үйл ажиллагаа байгааг шүүх үнэн зөвөөр нь олж тогтоож чадаагүй. Ньютур ХХК нь гэрээнээс хууль ёсоор татгалзаагүй, мөнгөтэй компани дур зоргоороо аашилж өөр хүмүүс оруулах зорилгоор манай компанийг ажил үүргээ хугацаа алдалгүй гүйцэтгэж байхад ажлын талбайгаас 2016.05.16-ны өдөр тус компанийн инженер нь захирлуудын хуралтай нэрийн доор намайг дуудан авчирч захирал Бямбажав танай гэрээг цуцалж байна, талбай чөлөөлж авсан мөнгөө буцааж хий гэсэн би гайхаад асуутал танайх хүн хүч муу байна тийм болохоор танай гэрээг цуцалж байна гэж хууль бусаар хөөж гаргасныг нотлох 2019.05.16-ны өдрийн Samsung нүүт 2 гар утасны бичлэгийг шүүх үнэлээгүй. Манай компани ажил гүйцэтгэх чадвартай бригад болон үндсэн ажилчдын тоо хангалттай байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Ажилчдын цалин гэрчийн мэдүүлэг зэрэг нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд хамаарч байгаа нотлох баримтаа шүүхэд өгсөн байтал энэ хугацаанд хамаарахгүй байна гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч ажлын зургаа гаргаж өгөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг гэрч нотлож шүүхэд үнэн зөв мэдүүлдэг. Дээрх заалтуудыг хэрэглэх байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйл, 172.2.1 зүйлд зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Нотлох баримтуудыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй хэт 1 талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж инженер, нягтлан бодох, өрлөгчин, туслах зэрэг 13 хүний цалин, нийгмийн даатгал, хоол, унааны мөнгөнд 9,935,077 төгрөг, Isuzu 14-41 УБЦ маркийн автошинд 300,000 төгрөг, Prius 23-34 УБМ маркийн автомашинд 250,000 төгрөг, Prius 36- 95 УБЧ маркийн автомашинд 250,000 төгрөг нийт 800,000 төгрөгийн шахатууны үнэ, багаж хэрэгслийн үнэ 950,000 төгрөг, дансанд орлого орсны шимтгэл 146,007,414 төгрөгийн 10 хувийг 14,600,741.4 төгрөгийг татварын байгууллага, цалингийн зардал, ажилчдын хоол унааны мөнгө 13,004,037 төгрөг, багаж материал бусад зардалд 1,745,000 төгрөг нийт 29,349,778.4 төгрөгийг хасаж тооцож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1.Нэхэмжлэгч Ньютур ХХК, Таванцамхаг орд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэж урьдчилгаа хөлсөнд олгосон 106,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Нэхэмжлэгч Ньютур ХХК нь хариуцагч Таванцамхаг орд ХХК- тай 2019.05.02-ны өдөр 19-1232 тоот гэрээ байгуулж, нэхэмжлэгч компанийн Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын С-1 блокын өрлөгийн ажил хийлгэхээр тохиролцсон байна.

Гэрээний нийт үнийн дүн 486,691,380 төгрөг гэж, урьдчилгаанд 146,000,000 төгрөг олгохоор гэрээний 3.4 дэх заалтад заажээ.

Ньютур ХХК нь урьдчилгаа мөнгийг 2019.05.08-ны өдөр хариуцагчид шилжүүлэн өгсөн, ажлыг даруй эхлэхийг шаардаж хугацаа тогтоосон боловч, заасан хугацаанд ажил эхлээгүй гэх шалтгаанаар 2019.05.16-ны өдөр гэрээ цуцлахыг мэдэгджээ.

Хариуцагч 2019.05.20-ны өдөр урьдчилгаа мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж үлдэгдэл 106,000,000 төгрөг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд ажлыг хийж гүйцэтгүүлэхийн тулд хариуцагчид урьдчилгаа олгон улмаар ажил эхлэхийг шаардсан боловч үр дүн гаргаагүй байгаа нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т заасан нөхцөлийг үүсгэсэн байна.

Хуулийн мөн зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг, 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал буюу нэхэмжлэгч Ньютур ХХК нь хариуцагч Таванцамхаг орд ХХК-ийг ажиллах хүч цөөн учир хугацаандаа ажил эхлээгүй, цаашид ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсаныг хариуцагч баримтаар няцааж үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.5-д заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны харилцаанд Иргэний хуулийн 205, 343, 355 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Хариуцагч Таванцамхаг орд ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан үндэслэлээ гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд зарим ажил гүйцэтгэсний зардал, ажлын хөлсөнд 29,349,778 төгрөгийг урьдчилгаа мөнгөнөөс хасаж тооцуулна гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч 2,400 метр куб өрлөгийн ажил хийж гүйцэтгэсэн 13 хүний ажлын хөлс, хоол, унааны зардал 13,004,037 төгрөг, автомашины шатахууны зардал 800,000 төгрөг, багаж хэрэгслийн үнэ 1,750,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн орлогын албан татварт төлөх 14,007,141 төгрөг гэж нэхэмжлэлээс хасч тооцуулахыг хүсэж буй дээрх 29,349,778 төгрөгийн зарлагын задаргааг гаргасан боловч эдгээрийг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Мөн дээрх татварын тооцоог тайлагнасан баримт байхгүй байна.

Эдгээр зардал нь 2,400 метр куб өрлөгийн ажил хийж гүйцэтгэсэнтэй холбоотой гарсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд уг ажлыг хийж гүйцэтгэснийг нотлох, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, улмаар гүйцэтгэсэн гэх ажил нь захиалагч талд буюу нэхэмжлэгчид ашигтай байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байх ёстой.

Барилгын тухай хуулийн 12, 14 дүгээр зүйлд барилга нь хуульд заасан шаардлагыг хангасан, батлагдсан зураг төслийн дагуу баригдах ёстойг зохицуулжээ.

Хариуцагч ... ажлаа хийж гүйцэтгэхээр очсон боловч захиалагчаас зураг техникийн даалгавар гараагүй байсан учир өрлөгийн ажил хойшлогдож ажил гүйцэтгэх боломжгүй болсон... гэсэн тайлбар гаргаснаас дүгнэхэд дээрх өрлөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбар нь эргэлзээтэй байх тул хийсэн ажлын зардлыг суутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийн эдгээр нөхцөл байдлыг зөв дүгнэсэн боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэл зааж ажлын зардалд гарсан гэх 29 349 778 төгрөгийг хасаж тооцохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэрэв хариуцагчийн гүйцэтгэсэн ажил баримтаар тогтоогдсон, мөн уг ажлын үр дүнг захиалагч цаашид хэрэглэх нөхцөлд, зардлыг хасаж тооцох боломжтой боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөнөөс тооцох зардал байхгүй байна .

4. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, мөн хуулийн 167 дугаар167.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр 29,349,778 төгрөг хасаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1880 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Намнансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Намнансүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 304,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

                                                             ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                             Х.СОНИНБАЯР

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                      Д.ЦОЛМОН