Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1902

 

 

 

 

 

 

 

 

 

Р.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБТЗ-д холбогдох

 

Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт энэ хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.С, түүний өмгөөлөгч К.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.8, 5.3.10 дах заалтууд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22-р зүйлийн а , з заалтууд, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан замын орлогч дарга Х.А-ийн 2019-оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хурлын шийдвэрийг үндэслэн намайг Вагон ашиглалтын депогийн харьяа Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг ажлаас халсан тушаалд шагналын мөнгө 320 000 төгрөгийг завшсан, вагон үзэгч Б.З, Х.А нарын архи уусан зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилтнуудаас 283 000 төгрөг, 1 портер элс авч Толгойт техник үйчилгээний газрын урд талбайг тохижуулсан, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БТЕГ ХХК-д Улаанбаатар төмөр замын хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш дур мэдэн шилжүүлсэн гэж заасанг би зөвшөөрөхгүй. Ийм зөрчил гаргаагүй. Ажлын төлөө хүнийг ажлаас халж байсан. Үүнд өширхсөн хүмүүсийн явуулгаар ийм юм болж байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0000 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, Толгойт техник үйчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Р.С- нь 2003 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар өртөөнд вагон үзэгч, засварчин, Тээврийн хяналтын албанд вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч, Салхит техник үйчилгээний газрын дарга, Вагон ашиглалтын депод зааварлагч, инженер, 2018 оны 02 дугаар сараас Толгойт техник үйчилгээний газрын даргаар тус тус ажилласан. Ажилд томилогдож ажиллах хугацаандаа 2017 оны 5 дугаар сард Замын даргын үзлэгээр ажлын байранд архи ууж, сахилгын зөрчил гаргасан учир ажлаас халагдсан боловч мөн оны 6 дугаар сард түүнийг ажилд буцаан авсан. 2019 оны 5 дугаар сард ажлын байранд танхайрсан тул Вагон ашиглалтын депогоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Толгойт техник үйчилгээний газрын хамт олноос дарга Р.С-т холбогдуулан гаргасан гомдлын дагуу УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албанаас шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар Р.С- нь дараах ноцтой зөрчил гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр актаар тогтоогдсон. Үүнд: а/ Толгойт техник үйчилгээний газрын дарга Р.С- нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Вагон ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос Толгойт техникийн үйчилгээний ажилтан нарт Төмөр замчдын баярыг тохиолдуулан нягтлан бодогч Г.Ганзориг нь ахлах вагон үзэгч Б.З-ын /Худалдаа хөгжлийн банкны 3400001887 тоот /дансанд шилжүүлсэн 190 000 төгрөгийг, Улаанбаатар төмөр замын 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж, шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт техник үйчилгээний газарт хуваарилан, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгосон 320 000 төгрөгийг Вагон ашиглалтын депогийн данснаас Р.С-ийн дансанд шилжүүлсэнийг тус тус хувьдаа завшиж ашигласан, УБТЗ ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш зэргийг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Болд төмөр ерөө гол ХХК-д дур мэдэн шилжүүлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр вагон үзэгч Б.З-, 4 дүгээр сарын 08-ны өдөр ахлах вагон үзэгч Х.А- нарын гаргасан архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан, Б.З-оос 243 000 төгрөг, Х.А-аас 40 000 төгрөг, нэг портер элсийг тус тус авч Толгойт техник үйчилгээний газрын талбайг тохижуулсан ноцтой зөрчил гаргасан байсан. Р.С- нь ажилчдад олгох хөрөнгийг хувьдаа завшсан, ажилчдын гаргасан сахилгын зөрчлөөр шалтаглан тэд нараас мөнгө авч, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, байгууллагын хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана, 4.8-д Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, 5.3.10-т Нийгэмлэгийн өмч хөрөнгийг завшсан гэснийг болон шан харамж авсан, архи уусан хүнийг нуун дарагдуулж, үгсэн нийлсэн, 11.2.1-т Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төмөр замын тээврийн тухай болон бусад хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана гэснийг тус тус зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байгаа. Түүний гаргасан сахилгын зөрчлүүд нь Дотоод аудит хяналтын албанаас хийсэн шалгалтын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх ХШ-61/05/23 тоот хуудас /дүгнэлт/, Вагон ашиглалтын депогийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 тоот хурлын тэмдэглэл, шуурхай хурлын 20 тоот тэмдэглэл, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24 тоот тэмдэглэл, гэрч Б.З-, Н.М, А.М нарын тодорхойлолт, УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02 өдрийн 109 дүгээр тушаал, түүний 1-р хавсралт, уг тушаалыг үндэслэн 320 000 төгрөгийг Толгойт техник үйчилгээний газрын дарга Р.С-ийн дансанд шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орлогын ордер, Вагон ашиглалтын депогийн ҮЭХорооны харьяа Үйлдвэрчний Эвлэлийн бүлгүүдэд Төмөр замын баяр тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан мөнгө хувиарласан хувиарлалт болон уг хувиарлалтын дагуу 190 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.З-ын дансанд шилжүүлсэн дотоод шилжүүлгийн маягт болон 2018 оны 6 сарын 12 өдрийн шаардлага, Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04/77 тоот болон 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02/87 тоот бичиг, УБТЗамын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын удирдан хийсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдоно. Иймд Замын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00000дугаар тушаалаар Р.С-ийг ажлаас халсан, мөн сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилтийг хийлгүүлэхээр шаардсан нэхэмжлэгч Р.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Р.С- би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ;шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаастай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасныг хариуцагч зөрчсөн байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Учир нь Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн орлогч даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00000 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилд томилогдож байх хугацаандаа 2017 оны 5 дугаар сард Замын даргын үзлэгэзр ажлын байранд архи ууж, сахилгын зөрчил гаргаж, ажлаас халагдсан энэ хэрэгт хамааралгүй асуудлыг шүүх дүгнэсэн буруу байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйпийн 131.4 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байхад шүүх үүнийг дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 5 дугаар сард ажлын байранд танхайрсан тул вагон ашиглалтын депогоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Вагон ашиглалтын депогийн орлогч даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шуурхай хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Уг тэмдэглэлд дээрх зөрчлийн асуудлаар бодит шуурхай хурал хийж надад сануулж сахилгын шийтгэл ногдуулсан болно. Тээврийн Цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14-46/1823 дугаартай албан бичигт "уг иргэнтэй холбоотойгоор 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 31/464 дугаартай албан тоотоор Улааанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогоос хандсаны дагуу хэрэг бүртгэлтийн 190300475 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно" гэж анхан шатны шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна Иргэний хэрэг шүүхзд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр миний бие надад холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн нотлох баримтаар шүүхэд татуулах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангаагүй миний эрх ашгийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан нэхэмжлэгч Р.С- нь Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ./хэргийн 1, 19-22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Р.С- нь хариуцагч байгууллагад Вагон ашиглалтын депогийн Толгойт техник үйлчилгээний газрын даргаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00000тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.8, 5.3.10 дах заалтууд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22-р зүйлийн а , з заалтууд, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан замын орлогч дарга Х.А-ийн 2019-оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хурлын шийдвэр зэрэгт заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ./хэргийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Р.С- нь Вагон ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Толгойт техникийн үйчилгээний ажилтан нарт Төмөр замын баярыг тохиолдуулан шилжүүлсэн 190 000 төгрөг, Улаанбаатар төмөр замын 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж, шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт техник үйчилгээний газарт хуваарилан, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгосон 320 000 төгрөгийг тус тус хувьдаа хэрэглэсэн, УБТЗ ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш, нийт 3 684 134 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Болд төмөр ерөө гол” ХХК-д дур мэдэн, үндэслэлгүйгээр шилжүүлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр вагон үзэгч Б.З-, 4 дүгээр сарын 08-ны өдөр ахлах вагон үзэгч Х.А- нарын архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, Б.З-оос 243 000 төгрөг, Х.А-аас 40 000 төгрөг, нэг портер элсний хамт гаргуулсан зэрэг сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөмөрийн гэрээг хариуцагч дуусгавар болгосон байна.

 

Нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь 2019 ны 6 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх ХШ-61/05/23 тоот хуудас, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тус газрын ээлжийн ахлах үзэгч ажилтай Ж.Б-ын “..ТҮГ-ын дарга Р.С-тэй хамтран ажиллахад хүндрэлтэй байна учир нь ажилчдыг ялихгүй зүйлээр шалтаглаж цалинг нь хасна гэж сүрдүүлэн өөрт ашигтайгаар аж ахуйн ажил хийлгэх, мөнгө санхүү шаарддаг зүйл хэд хэдэн удаа гарсан байсан” гэх тайлбар, ахлах үзэгч Б.З-ын “8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн гараар 190 000 төгрөгийг ПТО Р.С-т албан өрөөнд нь хүлээлгэн өгсөн” гэх тодорхойлолт, 190 000 төгрөгийг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, шагналын мөнгийг ажилчид аваагүй гэсэн гарын үсэг зурсан жагсаалт, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Р.С-ийн “....БТЕГ ХХК-д 20 зөөлөн хоолой, 24 төгсгөлийн кран гэдэг сэлбэгийг Б.З-ын ээлжний вагон үзэгч нар суудлын 271-р галт тэрэгний тээшийн вагонд хийж, өгч явуулсан, тус газраас ямар нэгэн бичиг өгөөгүй, зөвхөн утсаар ярьсан, ...190 000 төгрөгөөс ойролцоогоор 150 000 орчин төгрөг авсан, ...Б.З-оос 243 000 төгрөг, Х.А-аас 40 000 төгрөг, мөн 2 портер элс буулгуулж авсан, ...Б.Б-ээс 100 000 төгрөг данснаас шилжүүлж, буцаагаад 2018 оны 9 дүгээр сард ажлын өрөөндөө бэлнээр өгсөн ..” гэх тайлбар, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн вагон үзэгч Б.Б-ийн “...Р.С- даргын Хаан банкны дансанд 100 000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 320 000 төгрөгийг Р.С- хүлээн авсан банкны орлогын ордер, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Х.Ш-ийн Толгойт техник үйлчилгээний газрын сэлбэгийн талаар өгсөн тайлбар, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн вагон үзэгч Н.Б-ын тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай Толгойт техник үйлчилгээний газрын ажилтнуудаас ТҮГ-ын дарга Р.С-ийн талаар ирсэн гомдлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүд, Вагон ашиглалтын депогоос 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсөн зөвлөмж, “Б” ХХК-ийн “УБТЗ” ХНН-ийн дотоод аудит хяналтын албанд ирүүлсэн “...ямар нэг эд анги буюу зөөлөн хоолой болон төгсгөлийн краныг байршуулсан асуудал, санхүүгийн бүртгэл байхгүй болно” гэх албан бичиг, 6 ширхэг хайрцагтай зүйлийг зөөж, ачсан тухай ажилчдын өгсөн тайлбар, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “УБТЗ” ХНН-ийн дотоод аудит, хяналтын албаны №61/02/15 дугаар “хамт олны шагналын мөнгийг нөхөн төлүүлэх” тухай акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна./хэргийн 39-51, 53-83, 87-91 дүгээр тал/

 

Вагон ашиглалтын депогийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т “... бусдаас шан харамж авсан, архи уусан хүнийг нуун дарагдуулж, үгсэн нийлсэн....зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж, 11.2.1-т “Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төмөр замын тээврийн тухай болон бусад хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана” гэж, 4.8-д “Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх үүрэгтэй” гэж, 5.3.10-т “Нийгэмлэгийн өмч хөрөнгийг завшсан, хулгайлсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон” гэж заасныг зөрчсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн, хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14-46/1823 дугаартай албан бичигт “уг иргэнтэй холбоотойгоор 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 31/464 дугаартай албан тоотоор Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогоос хандсаны дагуу хэрэг бүртгэлтийн 190300475 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно” гэж дурджээ. Энэ нь нэг зөрчилд давхар сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэргийг шалгаж байгаа нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцласанд хамааралгүй.

 

            Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь сахилгын зөрчилд давхар шийтгэл ногдуулсанд тооцогдохгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР