Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/02402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 41А байрны 74 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УШ70050819, Ногай овогт Ризабекийн Семсерийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, өөрийн байранд байрлах, РД-2076675, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгргөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт энэ хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Семсер, өмгөөлөгч К.Султанбек/ үнэмлэхийн дугаар 1756/, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Б.Шинэцэцэг, гэрч А.Мөнгөн, Б.Загд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилтийг хийлгүүлэхээр хариуцагчаас шаардсныг шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.8, 5.3.10 дах заалтууд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22-р зүйлийн а , з заалтууд, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан замын орлогч дарга Х.Амгалангийн 2019-06-27 өдөр хийсэн хурлын шийдвэрийг үндэслэн намайг Вагон ашиглалтын депогийн харьяа Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Намайг ажлаас халсан тушаалд шагналын мөнгө 320 000 төгрөгийг завшсан, вагон үзэгч Б.Загд-Очир, Х.Амарсайхан нарын архи уусан зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилтнуудаас 283 000 төгрөг, 1 портер элс авч Толгойт техник үйчилгээний газрын урд талбайг тохижуулсан, 2018-09-16 өдөр БТЕГ ХХК-д Улаанбаатар төмөр замын хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш дур мэдэн шилжүүлсэн гэж заасанг би зөвшөөрөхгүй. Ийм зөрчил гаргаагүй. Ажлын төлөө хүнийг ажлаас халж байсан. Үүнд өширхсөн хүмүүсийн явуулгаар ийм юм болж байна.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам даргын 2019-07-01 өдрийн Б-II-100 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, Толгойт техник үйчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Р.Семсер нь 2003 оны 09 сараас 2019 оны 07 сарын 02 өдөр хүртэл Улаанбаатар өртөөнд вагон үзэгч, засварчин, Тээврийн хяналтын албанд вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч, Салхит техник үйчилгээний газрын дарга, Вагон ашиглалтын депод зааварлагч, инженер, 2018 оны 02 дугаар сараас Толгойт техник үйчилгээний газрын даргаар тус тус ажилласан.

Ажилд томилогдож ажиллах хугацаандаа 2017 оны 05 дугаар сард Замын даргын үзлэгээр ажлын байранд архи ууж, сахилгын зөрчил гаргасан учир ажлаас халагдсан боловч мөн оны 06 дугаар сард түүнийг ажилд буцаан авсан. 2019 оны 05 сард ажлын байранд танхайрсан тул Вагон ашиглалтын депогоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Толгойт техник үйчилгээний газрын хамт олноос дарга Р.Семсерт холбогдуулан гаргасан гомдлын дагуу УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албанаас шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар Р.Семсер нь дараах ноцтой зөрчил гаргасныг 2019-06-04 өдөр актаар тогтоогдсон.

Үүнд: а/ Толгойт техник үйчилгээний газрын дарга Р.Семсер нь 2018 оны 08 сарын 01 өдөр Вагон ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос Толгойт техникийн үйчилгээний ажилтан нарт Төмөр замчдын баярыг тохиолдуулан нягтлан бодогч Г.Ганзориг нь ахлах вагон үзэгч Б.Загд-Очирын /Худалдаа хөгжлийн банкны 3400001887 тоот /дансанд шилжүүлсэн 190 000 төгрөгийг,

б/ Улаанбаатар төмөр замын 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж, шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт техник үйчилгээний газарт хуваарилан, 2019 оны 02 сарын 04 өдөр олгосон 320 000 төгрөгийг Вагон ашиглалтын депогийн данснаас Р.Семсерийн дансанд шилжүүлсэнийг тус тус хувьдаа завшиж ашигласан,

в/ УБТЗ ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш зэргийг 2018 оны 09 сарын 16 өдөр Болд төмөр ерөө гол ХХК-д дур мэдэн шилжүүлсэн,

г/ 2019 оны 04 сарын 05 өдөр вагон үзэгч Б.Загд-Очир, 04 дүгээр сарын 08 өдөр ахлах вагон үзэгч Х.Амарсайхан нарын гаргасан архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан, Б.Загд-Очироос 243 000 төгрөг, Х.Амарсайханаас 40 000 төгрөг, нэг портер элсийг тус тус авч Толгойт техник үйчилгээний газрын талбайг тохижуулсан ноцтой зөрчил гаргасан байсан.

Р.Семсер нь ажилчдад олгох хөрөнгийг хувьдаа завшсан, ажилчдын гаргасан сахилгын зөрчлөөр шалтаглан тэд нараас мөнгө авч, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, байгууллагын хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана, 4.8-д Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, 5.3.10-т Нийгэмлэгийн өмч хөрөнгийг завшсан гэснийг болон шан харамж авсан, архи уусан хүнийг нуун дарагдуулж, үгсэн нийлсэн, 11.2.1-т Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төмөр замын тээврийн тухай болон бусад хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана гэснийг тус тус зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байгаа.

Түүний гаргасан сахилгын зөрчлүүд нь Дотоод аудит хяналтын албанаас хийсэн шалгалтын 2019 оны 06 сарын 04 өдрийн илтгэх ХШ-61/05/23 тоот хуудас /дүгнэлт/, Вагон ашиглалтын депогийн 2019 оны 04 сарын 16 өдрийн 18 тоот хурлын тэмдэглэл, шуурхай хурлын 20 тоот тэмдэглэл, 2019 оны 05 сарын 17 өдрийн 24 тоот тэмдэглэл, гэрч Б.Загд-Очир, Н.Мөнхдорж, А.Мөнгөн нарын тодорхойлолт, УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн даргын 2019 оны 02 сарын 02 өдрийн 109 дүгээр тушаал, түүний 1-р хавсралт, уг тушаалыг үндэслэн 320 000 төгрөгийг Толгойт техник үйчилгээний газрын дарга Р.Семсерийн дансанд шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 02 сарын 04 өдрийн орлогын ордер, Вагон ашиглалтын депогийн ҮЭХорооны харьяа Үйлдвэрчний Эвлэлийн бүлгүүдэд Төмөр замын баяр тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан мөнгө хувиарласан хувиарлалт болон уг хувиарлалтын дагуу 190 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 2018 оны 08 сарын 01 өдөр Б.Загд-Очирын дансанд шилжүүлсэн дотоод шилжүүлгийн маягт болон 2018 оны 06 сарын 12 өдрийн шаардлага, Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн 2018 оны 12 сарын 14 өдрийн 04/77 тоот болон 2019 оны 06 сарын 04 өдрийн 02/87 тоот бичиг, УБТЗамын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын удирдан хийсэн 2019 оны 06 сарын 27 өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдоно.

Иймд Замын даргын 2019 оны 07 сарын 01 өдрийн Б-II-100 дугаар тушаалаар Р.Семсерийг ажлаас халсан, мөн сарын 02 өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчээр оролцсон Б.Загд-Очир, А.Мөнгөн нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал, ажлын байрны тодорхойлолт, Вагон ашиглалтын депогийн хөдөлмөрийн дотоод журам, хурлын 2019-04-16 өдрийн 18, 2019-04-14 өдрийн 20, 2019-05-17 өдрийн 24, 2019-06-27 өдрийн тэмдэглэлүүд, Вагон ашиглалтын депогоос 2019-06-03 өдөр өгсөн зөвлөмж, шалгалтын илтгэх хуудас, түүнд хавсаргасан баримтууд, Болд төмөр ерөө гол ХХК-ийн албан бичгүүд, сахилгын арга хэмжээ авсан тушаалууд, зарлагын баримт , фото зураг, сэлбэгийн үнэ, Төмөр замын цагдаагийн газрын албан бичиг, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Семсер нь 2018-02-02 өдрөөс Вагон ашиглалтын депогийн Толгойт техник үйлчилгээний газрын даргаар томилогдсон байх бөгөөд ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 5.3.3-т заасан зөрчлийг гаргасанд Вагон ашиглалтын депогийн даргын 2019 оны 05 сарын 17 өдрийн 391 тушаалаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.

 

Толгойт техник үйчилгээний газрын хамт олноос Р.Семсерт холбогдуулан гаргасан гомдлын мөрөөр УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албанаас хийсэн шалгалтаар нэхэмжлэгч Р.Семсер 1/ Вагон ашиглалтын депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос 2018 оны 08 сарын 01 өдөр Толгойт техникийн үйчилгээний ажилтан нарт Төмөр замын баярыг тохиолдуулан шилжүүлсэн 190 000 төгрөгийг ажилчдад олгоогүй, хувьдаа хэрэглэсэн,

2/ Улаанбаатар төмөр замын 2018 оны хөдөлмөрийн уралдаанд Вагон ашиглалтын депо 3 дугаар байр эзэлж, шагнуулсан 6 600 000 төгрөгөөс Толгойт техник үйчилгээний газарт хуваарилан, 2019 оны 02 сарын 04 өдөр олгосон 320 000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн,

3/ УБТЗ ХНН-ийн хөрөнгө болох төгсгөлийн кран 24 ш, зөөлөн хоолой 20 ш, нийт 3 684 134 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг 2018 оны 09 сарын 16 өдөр Болд төмөр ерөө гол ХХК-д дур мэдэн, үндэслэлгүйгээр шилжүүлсэн,

4 / 2019 оны 04 сарын 05 өдөр вагон үзэгч Б.Загд-Очир, 04 дүгээр сарын 08 өдөр ахлах вагон үзэгч Х.Амарсайхан нарын гаргасан архи уусан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нуун дарагдуулж, зөрчил гаргасан Б.Загд-Очироос 243 000 төгрөг, Х.Амарсайханаас 40 000 төгрөг, нэг портер элсний хамт гаргуулсанг тогтоосон нь 2019-06-04 өдөр илтгэх ХШ-61/05/23 тоот хуудас /дүгнэлт/, түүнд хавсаргасан баримтуудаар нотлогдсон байна.

 

Нэхэмжлэгч Р.Семсерийн гаргасан дээрх зөрчлүүд нь мөн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн баримтууд, зохигчийн мэтгэлцээн, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд түүний гаргасан эдгээр зорчлүүд нь хариуцагч байгууллагатай нэхэмжлэгч 2018-02-02 өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, УБТК-ын Вагон ашиглалтын депогийн хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллах, 4.8-д Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх үүрэг, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан 5.3.10-т Нийгэмлэгийн өмч хөрөнгийг завшсан гэсэн үйлдэл, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т ... бусдаас шан харамж авсан, архи уусан хүнийг нуун дарагдуулж, үгсэн нийлсэн зөрчилд хамаарч, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1-т, Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төмөр замын тээврийн тухай болон бусад хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүргээ зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тухайлан заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн сахилгын ажлаас халах шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцалсан түүний шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иймд Толгойт дахь техник үйлчилгээний газрын даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт энэ хугацааны нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхгүй, түүний гомдол үндэслэлгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 500 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилтийг хийлгүүлэхээр шаардсан нэхэмжлэгч Р.Семсерийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.