Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0975/З |
Дугаар | 128/ШШ2023/0766 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2023/0766
2023 10 18 128/ШШ2023/0766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ундармаа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Болдбаатар,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Оюунцэцэг, Д.Алимаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Даваагэрэл нарыг оролцуулан, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсэг буюу 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагч Б.Оюунцэцэг, Д.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар нөхөн ногдуулалтын актаар Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-д 249,996,863.49 төгрөгийн нөхөн татвар 75,181,207.78 төгрөгийн торгууль, 49,173,400.61 төгрөгийн алданги нийт 374,351,471.88 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсэг буюу 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
2.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, уг тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлж, тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2022/9356 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгч Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:
“1.Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн нийт энгийн хувьцааг өмчилж байсан С.Отгонмөнх нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нийт хувьцааны 51%-ийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хүрэл интернэшнл ХХК-д, үлдсэн хувьцааны 49%-ийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Смарт Коммуникэйшн ХХК-д тус тус худалдсан ба энэхүү хэлцлийн харилцаанд Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК оролцоогүй болно.
Гэтэл татварын байцаагчид Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг татан авч анхан шатны баримтаар үнэлсэн боловч гэрээний тал суутган төсөвт төлөх үүрэг бүхий этгээдийг зөв тодорхойлж чадсангүй.
Дээрх гэрээгээр С.Отгонмөнх нь орлого олж байгаа тул суутган төсөвт төлөх үүрэг байгаа эсэхийг Хувь хүний орлогын албан татварын хуулиар зохицуулна. Татварын хяналтын улсын байцаагчид хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй өөр харилцааг буруу тодорхойлж буруу хууль хэрэглэсэн байна. С.Отгонмөнх болон Хүрэл интернэшнл ХХК, Смарт Коммуникэйшн ХХК-ийн хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээний дагуу С.Отгонмөнх өмчлөлийн Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн хувьцаа худалдан авагч Хүрэл интернэшнл ХХК, Смарт Коммуникэйшн ХХК-нд гэрээнд заасан хувь хэмжээгээр шилжсэн байтал татварын байцаагчид Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн өмчлөл, тусгай зөвшөөрөл бусдад огт шилжээгүй.
Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн эзэмшлийн цор ганц эрх болох Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан Тусгай зөвшөөрөл нь бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдахыг хориглодог, хэрэв дээрх үйлдэл гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг судалж үзсэнгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага тул Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх нотариатч Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ хоёрыг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6, 46.1.8 заасан гэрээ Эрх шилжүүлэх гэрээ гэрээгээр компанийн бүх удирдлагын эрх үүрэг, өр төлбөр үүрэг шилждэг гэж хамт байгуулахыг шаарддаг
Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн татвар ногдох объект болох ямар эрх нь бусдад шилжсэн гэдгийг хариуцагч нотолж чадаагүй, нотлох боломжгүй юм.
Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн эзэмшдэг Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх 12900098 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний 9.3-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хууль бусаар ашигласан, засварласан, бусдад шилжүүлсэн, барьцаалсан, тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь эрх бүхий байгууллагаас нотлогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно." гэж шилжүүлэхийг хориглосон байна.
Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/гэсэн хуудаст байршуулдаг болсон байна.
2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр оруулсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талууд нь эрх борлуулсны орлогын албан татвар төлөгч, эсхүл суутган төлөгч болно" гэсэн мэдээнд "...Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар "орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэг үүсэх" бөгөөд бусдад орлого шилжүүлж буй этгээд нь орлого олж буй этгээдийн төлбөл зохих татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байна. Энэ тохиолдолд, ИГЦ ХХК нь өөрөө ямар нэг орлого олоогүй, бусдад ямар нэг орлого шилжүүлээгүй, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний оролцогч биш байх тул татвар суутган төлөх үүрэг үүсээгүй буюу татвар суутган төлөгч биш байна. Өөрөөр хэлбэл, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр ИГЦ ХХК-ийн 100 хувийн хувьцааг зарж орлого олсон тал нь иргэн С. Ч нар, худалдан авсан тал буюу тэдэнд орлого шилжүүлсэн этгээд нь иргэн Б болох нь тодорхой байхад ИГЦ ХХК-ийг татвар суутган төлөх үүрэгтэй гэж үзэхгүй, шүүхүүд энэ талаар буруу дүгнэлт хийсэн гэж дүгнэж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав..." гэсэн байна.
Бидний маргаад байгаа гол зүйл ердөө л энэ гэрээний тал биш, орлого олсон этгээд биш байхад татварын суутган төлөгчийн үүрэг үүсэхгүй хэмээн маргасан.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар "3.4. Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна." гэсэн хэсэг нэмж, "3.3.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна." гэсэн хэсгийг хүчингүй болгосон.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6."бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;" мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно" гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.
Гэвч татварын улсын байцаагчид сонсох ажиллагаанд манай компанийн ажилтныг оруулсан гэх боловч зөвхөн гаргасан шийдвэрийг гардаж авах эрхтэй, сонсох ажиллагаанд оролцох эрх олгогдоогүй, тайлбар, мэдүүлэх өгөх эрхгүй хүнээс өрөөсгөл мэдээлэл авч буруу дүгнэлт хийсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Татварын эрх зүйн харилцааны субъект, объект, агуулга гэсэн ерөнхий бүтэц байгаа. Бид нарын харилцаанд буюу маргаан бүхий актад объектоо андуурсан байгаа. Орлого олоод байгаа этгээдээ андуурсан зүйл болсон. Татварын эрх зүйн харилцаанд оролцож байгаа этгээд буюу хувь хүн, нэг талаас иргэн С.Отгонмөнх, нөгөө талаас дурдсан хоёр компани хоорондын хувьцаа борлуулах харилцаа үүссэн байгаа. Гэтэл тухайн харилцаанд өртөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгчийг орлого олсон этгээд гээд татварын орлого ногдуулсан. Акт дээр хэд хэдэн зөрчил юу гэж харагдах вэ гэвэл борлуулсан гэдэг зүйлээр авч үзсэн. Борлуулалт гэдгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэр томьёон дээр тодорхой тайлбарласан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл болсон радио телевизийн тусгай зөвшөөрөл борлогдож бусдын өмчлөлд шилжээгүй гэдэг агуулгаар харвал ямар нэгэн борлуулалтын харилцаа явагдаагүй. Хариуцагч нар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар орлого олж байгаа этгээдээс хэрхэн суутгаж төсөвт төлөх ёстой гэдгийг зөв тодорхойлж чадаагүй. Өөрөөр хэлбэл тухайн харилцаанд С.Отгонмөнх гагцхүү компанийн дансаар дамжуулаад мөнгө авсан байгаа.
Тухайн төлбөр тооцоогоо дурдсан хоёр хуулийн этгээд нэхэмжлэгч рүү шилжүүлсэн тохиолдолд хувьцаа борлуулсны орлого гэх мэт агуулгаар шилжүүлсэн тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу заавал суутгаж, төсөвт төлсөн байх ёстой. Энэ харилцаа хийгдээгүй юм. Нэхэмжлэгчийн ямар нэгэн борлуулалт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл эрх борлуулсан харилцаа байхгүй. Гагцхүү эрх борлуулж байгаа буюу харилцааг юу гэж андуурч ойлгосон бэ, хувьцаа худалдах, худалдан авах харилцааг эрх борлуулсан гэдэг зүйлээр орлуулан ойлгосон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Маргаан бүхий захиргааны акт дээр баримтаар нотлогдоогүй зардлыг шууд татвар ногдох орлогоос хассан нь үндэслэлгүй байна гэдэг зүйлийг гаргаж тавьсан. Энэ дүнг ингэж тавьж байгаа нь нийтлэг алдаа гаргаад байна. Яагаад гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг зөв ойлгож хэрэглэхгүй байна.
Бид нар иргэн, хуулийн этгээдээс баримт аваагүйн төлөө тухайн зардлыг нотлоогүй байна гэдэг үндэслэлээр шууд татвар ногдох орлогоос хасахгүй байх үндэслэл болохгүй байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 28.3 дахь хэсэгт татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй эсвэл татвар ногдох орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэлгээг хийсэн тохиолдолд Татварын алба татварын орлогыг жишиг үнэ эсвэл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.
Өөрөөр хэлбэл Татварын албанд эхлээд зайлшгүй жишиг үнэ, үнэ шилжилтийн аргаар ногдуулалт хийх үүрэг нь ногдсон байгаа. Автоматаар энэ харилцааг тодорхойлох биш. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актын 1-ээс бусад дээр маргаагүй учраас шүүх хуралдааны тэмдэглэлд дурдуулъя. Яагаад асуудлыг дурдаад байгаа вэ гэвэл яг энэ хэсэг дээр маргаж байна гэж ойлгоод нотлох баримт гаргуулсан. Хариуцагчийн зүгээс үнэ шилжилтийн тохируулга хийгээгүй гэсэн хариу ирүүлсэн байдаг. Миний зүгээс асуусан асуулт нь актын хүрээнд үнэ шилжилтийн тохируулга хийсэн үү гэж бүхэлд нь асуусан байгаа. Тэгэхээр 1-ээс бусдад нь маргаагүй гэдгийг тухайлан дурдаад явъя. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.
5.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“1/Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК нь хяналт шалгалтын хугацаанд арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тус татвар төлөгчийн хувьцаа эзэмшигч С.Отгонмөнхөөс 2018 онд Хүрэл интернэшнл ХХК 51 хувийг, 2019 онд Смарт коммуникэйшн ХХК 49 хувийг худалдаж авсан нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ мөн дансны хуулгаар нотлогдож байна.
Хяналт шалгалтаар 2019 онд эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл Үйл ажиллагааны орлого 8.2."Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс орсон орлогыг хамааруулна.", мөн хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 4.1.6. "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг,", 17 дугаар зүйл. Албан татварын хувь хэмжээ 17.2.7. "эрх борлуулсны орлогод 30 хувиар", 21 дүгээр зүйл. Албан татвар төлөх, тайлагнах. 21.5. "Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ" гэж тус тус заасныг зөрчсөн гэж хариуцлага ногдуулсан.
2/ Нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Татварын ерөнхий хуулийн 41.10-д заасан эрх хэмжээг хэрэгжүүлэн, 41.12-д заасан татвар төлөгчийн эрх үүргийг ханган ажилласан. Тус компани нь татварын хяналт шалгалтын явцад нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлд татварын акттай танилцах, гарын үсэг зурах, холбогдох төлбөр тооцоо хийх эрхийг Б.Намуунд олгосон байсан тул шийдвэрийг танилцуулж, гардуулсан болно.
3/ Хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх, татварын торгууль, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж өгнө үү.” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтаар нөхөн ногдуулалтын акт гарсан. Үүн дээр гол маргаад байгаа зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн үйл ажиллагааны орлого, эрх шилжүүлсэн, үүнээс олсон орлого гэдэг дээр маргаад байгаа. Нэхэмжлэгчийг үүсгэн байгуулагч С.Отгонмөнх нь Хүрэл интернэшнл ХХК-тай 50 хувийн хувьцаа борлуулах эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн байгаа. Үүн дээр эрх шилжүүлсний төлбөр буюу гэрээний үнийн дүн нь нэхэмжлэгчийн данснаас иргэний данс руу шилжсэн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогдоно. Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан суутгагчийн үүргийг хүлээх эрх зүйн зохицуулалт байна гэдэг нь үүгээр харагдаж байгаа. Татварын ерөнхий хуулийн зөрчил гарсан хугацааны буюу 2008 оны Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж суутгаад төсөвт төлөөгүй бол хариуцлага хүлээлгэнэ гээд улсын байцаагчийн эрхийг нь заагаад өгсөн. Орлого нэхэмжлэгчийн данснаас шилжсэн байгаа. Хоёрдугаарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккаруэл сууриар хөтөлнө, 3.1.1 дэх нягтлан бодох бүртгэлийн аккаруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг орсон үед, зарлагыг гарсан үед хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэрэглэнэ гэж заасан. Үүнийг мөрдөж дансны хуулгаар татварын хяналт шалгалт шийдвэрлэгдсэн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын чиглэл гэж байна. Үүнийг байцаагч нарын хувьд чиглэлээр хуулийг тайлбарлаагүй гэж ойлгож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2.1 дэх хэсэгт зааснаар актаа тавьсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсэг буюу 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр маргасан.
2.1.Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн захирал С.Отгонмөнх нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нийт хувьцааны 51%-ийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хүрэл интернэшнл ХХК-д 49%-ийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Смарт коммуникэйшн ХХК-д тус тус худалдахад Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК оролцоогүй.
2.2.Татварын байцаагчид Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг татан авч анхан шатны баримтаар үнэлсэн боловч гэрээний тал суутган төсөвт төлөх үүрэг бүхий этгээдийг зөв тодорхойлоогүй. Дээрх гэрээгээр С.Отгонмөнх нь орлого олж байгаа тул суутган төсөвт төлөх үүрэг байгаа эсэхийг Хувь хүний орлогын албан татварын хуулиар зохицуулна. Татварын хяналтын улсын байцаагчид хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй харилцааг буруу тодорхойлж хууль буруу хэрэглэсэн.
3.Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 12900098 дугаар Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.
4. Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн захирал С.Отгонмөнх тус компанийн хувьцааны 51 хувийг Хүрэлинтернэшнл ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр 400,095,000.00 төгрөгөөр, компанийн хувьцааны 49%-ийг Смарт коммуникэйшн ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр 195,000,000.00 төгрөгөөр тус тус худалдан шилжүүлсэн.
5.Дээрх эрх шилжүүлсэн хувьцаа худалдсан гэрээний төлбөр нь Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн дансанд хийгдэж, уг данснаас С.Отгонмөнхийн данс руу шилжсэн нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогддог бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримттай маргаагүй.
6.Хариуцагч нар татварын хяналт шалгалтаар Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн 2019 онд эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй зөрчилд хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2."Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс орсон орлогыг хамааруулна.", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг,", 17 дугаар зүйлийн 17.2.7. "эрх борлуулсны орлогод 30 хувиар", 21 дүгээр зүйлийн 21.5. "Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.2.1.эрх борлуулах гэж тус тус заасан.
8.Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.5-т “татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;”
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;”, 6 дугаар зүйлийн 6.1.” 6.1.Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.” гэж заажээ.
9.Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК-ийн өмчлөгч С.Отгонмөнх болон Хүрэл интернэшнл ХХК, Смарт Коммуникэйшн ХХК-ийн хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн бөгөөд энэхүү хэлцлийн харилцаанд Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК оролцоогүй гэх гомдол үндэслэлгүй байна.
10.Түүнчлэн Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Тухайн компаниас ... гаргасан нийт ... энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх ...”, 30.2-т ”Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.” гэж заасан бөгөөд Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК-ийн өмчлөгч, захирал С.Отгонмөнх нь өөрийн компанийн нийт 100 хувийн хувьцааг бусдад хэлцлийн дагуу шилжүүлсэн хувьцааг шилжүүлсэн үнэ компанийн дансанд орж өмчлөгч С.Отгонмөнхөд шилжүүлснээр түүнд хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар суутган төлөх үүрэг үүснэ гэж үзэхээргүй байна.
11.Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн эзэмшдэг Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх 12900098 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний 9.3-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хууль бусаар ашигласан, засварласан, бусдад шилжүүлсэн, барьцаалсан, тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь эрх бүхий байгууллагаас нотлогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно." гэж зааснаар шилжүүлэх боломжгүй гэж нэхэмжлэгч маргасан.
12.Гэвч Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн дүрмийн 3.2-т “... тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг ... зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ”,
Хүрэл интернэшнл ХХК-тай байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээний /1х.х-101/ 2.1.”Эрх шилжүүлэгч нь 1.000.000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй 1 гишүүнтэй Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн өөр ногдох 51 хувийг албан ёсоор эрх шилжүүлэн авагчид шилжүүлэх, 2.1.3.”тайланд тусгагдсан болон компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байдаг хөрөнгө тусгай зөвшөөрөл: Харилцаа холбооны зохицуулах хорооны Б ангиллын тусгай зөвшөөрөл, 2.3-т “энэхүү гэрээний 2.1.3-т заасан хөрөнгө, тусгай зөвшөөрлийн үнэлгээ энэ гэрээний дагуу хийгдэж байгаа Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4-д заасан төлбөрт багтсан болно”,
Мөн Смарт коммуникэйшн ХХК-тай байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээний /1х.х-61/ 2.1.”эрх хүлээн авагчид шилжүүлж буй компанийн хувьцааны 49 хувьд ноогдох эрх үүргийг бүрэн шилжүүлнэ”, 3.2.”Компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг бүрэн шилжүүлж авна” гэснээс үзэхэд компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх бүхэлдээ шилжсэн гэж үзэхээр байна.
13.Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад тулгуурлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан нэхэмжлэгч Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК-иас гаргасан Татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25220000093 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан Эн Ти Эн Эйч Ди медиа групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25220000093 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН