Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1900

 

 

 

 

 

 

 

 

 

“ЖДҮХС-” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01820 дугаар шийдвэртэй, “ЖДҮХС-” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, Ц.З- нарт холбогдох, зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 132 945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б- нь тус сангаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/317 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг 60 сарын хугацатай, жилийн 3 хувийн хүүтэй Нийтийн хоолны төслийн үйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ц.З-гийн /Ү-2206016497/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж ХД 102-р байр 100 тоот 62.01 м.кв талбайтай орон сууцыг барьцуулан зээл авсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн төлбөрт 5 062 817 төгрөг, хүү 4 206 774 төгрөг, нийт 9 269 591 төгрөг төлсөн. Гэтэл Б.Б- нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн бөгөөд зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Б.Б-тай байгуулсан 2016/03-17 тоот гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 74 937 183 төгрөг, зээлийн хүү 1 032 430 төгрөг, алданги 143 332 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 76 132 945 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч төлөөлөгч Ц.З- шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.З- болон гэр бүлийн хүн Б.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2016/3-17 тоот зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан боловч тухайн зээлийг бодитоор авч ашигласан хүн нь миний нагац ах О юм. Уг зээл нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-ын дансанд олголт хийгдэж тухайн өдөр нь миний бие тухайн данснаас зарлага гарган нагац ах Х.О-д хүлээлгэн өгсөн байдаг. Нагац ах маань Налайх дүүрэгт хүнсний бөөний төвийн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд тухайн зээлийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлж ашигласан. Тухайн бизнест нь эргэлтийн хөрөнгө шаардлагатай боловч өөрийн нэр дээр банкны зээлтэй мөн барьцаа хөрөнгө байхгүй тул намайг гэр бүлийнхээ хүний нэр дээр буюу Б.Б-ын нэр дээр зээл авч өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаалж өгч туслаач гэж хүссэн юм. Нагац ах маань хүнтэй ярилцаж тохиролцсон тиймээс аливаа асуудал үүсэхгүй зээл бүтнэ өөрөө зээлийг цаг тухайд нь төлөөд барагдуулчихна гэсэн тул бид зөвшөөрч ахдаа тусалсан. Ах маань тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахаа амласан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач болох хүртлээ зээлийн хүүг төлж байсан. Тухайн цаг хугацаанаас хойш талийгаачийн эхнэр Б.Э нь тухайн бизнесийг эрхэлж байгаа боловч тухайн зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа юм. Иймд миний бие болон гэр бүлийн хүн Б.Б-ын хувьд тухайн зээлийг бодитоор ашиглаагүй байдаг тул төлж барагдуулах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2016/З-17 дугаартай зээлийн гэрээ, 2016/Б-17 дугаартай барьцааны гэрээг тус тус цуцалж, хариуцагч Б.Б-, Ц.З- нараас 76 132 945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖДҮХС- УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Ц.З- нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж ХД-102 байр 100 тоот хаягт байршилтай Ү-2206016497 улсын бүртгэлийн дугаартай, 62.01м.кв талбайтай, иргэн Ц.З-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б-, Ц.З- нараас улсын тэмдэгтийн хураамжинд 538 615 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.З- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.З- миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэхэмжлэгчтэй Б.Б- болон Ц.З- нарт олбогдох Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 132 945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч, ариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон. Тус шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01820 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол аргаж байна. Үүнд, анхан шатны шүүх Хариуцагч Б.Б-, Ц.З- нараас 76 132 945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖДҮХС- УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үндсэн зээлийн төлбөр 74 937 183 төгрөгийг зөвшөөрч харин зээлийн үү 1 032 430 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 143 332 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх ЖДҮХС-гийн гаргаж өгсөн "Иргэн Б.Б-ын зээлийн эргэн төлөлтийн хуваарь" болон ЖДҮХС-гаас 2014-2018 онуудад олгосон зээлүүдийн эргэн төлөлтийн мэдээ" зэрэг баримтуудад үндэслэн эдгээрт тусгагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд нэмж тооцоолол хийлгүй шууд нэмж тооцоолон шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй" гэж заасныг зөрчиж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Нэхэмжлэгч “ЖДҮХС-” УТҮГ нь хариуцагч Б.Б-, Ц.З- нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 74 937 183 төгрөг, зээлийн хүү 1 032 430 төгрөг, алданги 143 332 төгрөг, нотариатчийн зардалд 20 000 төгрөг, нийт 76 132 945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2016/З-17 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “ЖДҮХС-” УТҮГ нь 80 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Нийтийн хоолны үйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөхөөр тохиролцож, улмаар уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж ХД-102 байр 100 тоот хаягт байршилтай Ү-2206016497 улсын бүртгэлийн дугаартай, 62.01м.кв талбайтай, орон сууцыг барьцаалжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Б.Б-, Ц.З- нар нь зээлийн төлбөрт нийт 9 269 591 төгрөг төлсөн болон төлбөрийг гэрээгээр тохиролцсон хувиарын дагуу төлөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 393 хоног хэтрүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Хариуцагч нар нь зээлийг бодитоор авч ашиглаагүй нагац ахдаа зээлийг авч өгсөн гэж байх боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

            Нөгөө талаар хариуцагч нар зээлийг бусдад шилжүүлсэн буюу өөр этгээд гэрээний үүргийг биелүүлж байсан эсэх нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

            Хариуцагч нар гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн болохыг үгүйсгээгүй, нэхэмжлэгч гэрээг цуцалсанд маргаагүй тул, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн үлдэгдэл төлбөр 74 937 183 төгрөг, хүү 1 032 430 төгрөг, нийт 75 969 613 төгрөгийг гаргуулж, уг төлбөрийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлийг буцаах шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Харин талууд гэрээний 3.3-т “...нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна.” гэж тохиролцсон байх боловч нэхэмжлэгч “ЖДҮХС-” УТҮГ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн заалтад нийцээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдуулан нотариатын зардалд 20 000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцогдохгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, хариуцагч нараас алданги 143 332 төгрөг, хохиролд 20 000 төгрөг, нийт 163 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыгИргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2016/З-17 дугаартай зээлийн гэрээ, 2016/Б-17 дугаартай барьцааны гэрээг тус тус цуцалж, хариуцагч Б.Б-, Ц.З- нараас 75 969 613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЖДҮХС-” УТҮГ-т олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163 332 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “538 615” гэснийг “537 898” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО   

 

                                                     ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                       

                                                                                                        С.ЭНХТӨР