Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/01645

 

 

 

 

 

    2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/01645

                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............. тоотод оршин суух Р.Л /РД:_____/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух, Л.Н /РД:____/-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Л нь Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, бэлх зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийн ....... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ....... дугаар бүхий 698 мкв газрыг, эхнэр Д.Д нь мөн өдрийн дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн ......  дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ......  дугаар бүхий 700 мкв газрыг тус тус хуулийн дагуу эзэмшдэг юм. Анх газраа авахад тухайн газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй дутуу баригдсан тоосгон байшин байсан. Бид 2013 оны 6 дугаар сард уг газартаа хашаа бариулахаар хүмүүстэй тохиролцоод ажлаа эхлүүлээд байж байтал өөрийгөө Л.Н гэж танилцуулсан хүн миний эзэмшлийн газарт та нар дураараа халдлаа гэж дүүргийн газрын албанд хандсанаар дүүргийн газрын албанаас мэдэгдэх хуудас өгч ажлыг маань зогсоосон болно. Уг газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа хандахад Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот албан бичгээр “...таны хүсэлт өмчийн маргаантай холбоотой байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү...” гэсэн, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 тоот албан бичгээр “...Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо Бэлхийн зусланд байрлах таны мэдээллийн санд бүртгэлтэй газарт Л.Н байшин барьсан тул маргаан үүссэн болно. Иймд тус маргааныг Иргэний хууль, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү...” гэсэн, Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11\763 тоот албан бичгээр “...Танд дүүргийн нутаг дэвсгэр болох 20 дугаар хороо, бэлхийн зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжаар 700 мкв газрыг эзэмшүүлсэн боловч таны эзэмшил газар дээр иргэн Л.Н үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Иймд газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлаа шүүх, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү. Иргэн Л.Н-ын хаяг, утас: ХУД-ийн ..., 9911...” гэсэн хариуг тус тус өгсөн болно. 2017 оны 6 дугаар сард дахин уг газартаа төмрөөр хашаа бариулж, хаалгыг цоожилсон байсан боловч Л.Н нь 5-6 залуугийн хамт очиж хашааны хаалганы цоожийг нь эвдэлж, хаалгыг нь авч хаяад 6 төмрийн оройг нь хугалсан байсан. Миний өөрийн эзэмшлийн газарт хашаа байшин барих эрхэнд халдаж, иргэн надад хүндрэл хохирол учруулж, цаг хугацааны асар их алдагдалд оруулж байна. Иймд хариуцагч Л.Н-ын хууль бус үйлдлийг зогсоож, Р.Л миний Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, бэлхийн зуслан, газар эзэмших эрхийн ....... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын .......дугаар бүхий газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ушүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Р.Л нь Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, бэлх зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийн ....... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын .......дугаар бүхий 698 мкв газрыг, эхнэр Д.Д нь мөн өдрийн дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн ......  дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ......  дугаар бүхий 700 мкв газрыг тус тус хуулийн дагуу эзэмших болсон. Анх газраа авахад тухайн газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй дутуу баригдсан тоосгон байшин байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сард уг газартаа хашаа бариулахаар хүмүүстэй тохиролцоод ажлаа эхлүүлээд байж байтал өөрийгөө Л.Н гэж танилцуулсан хүн миний эзэмшлийн газарт та нар дураараа халдлаа гэж дүүргийн газрын албанд хандсанаар дүүргийн газрын албанаас мэдэгдэх хуудас өгч барилгын ажлыг маань зогсоосон байсан. Уг газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа хандахад Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот албан бичгээр “...таны хүсэлт өмчийн маргаантай холбоотой байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү...” гэсэн, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 тоот албан бичгээр “...Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Бэлхийн зусланд байрлах таны мэдээллийн санд бүртгэлтэй газарт Л.Н байшин барьсан тул маргаан үүссэн болно. Иймд тус маргааныг Иргэний хууль, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү...” гэсэн, Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11\763 тоот албан бичгээр “...Танд дүүргийн нутаг дэвсгэр болох 20 дугаар хороо, бэлхийн зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжаар 700 мкв газрыг эзэмшүүлсэн боловч таны эзэмшил газар дээр иргэн Л.Н үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Иймд газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлаа шүүх, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд дүүргийн засаг даргын захирамж, мөн 2004 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон, 2010 оны 11 дугаар сарын 12-нд олгосон гэрчилгээ, гэрээний дагуу газрын төлбөрөө төлж эзэмшиж байгаа Р.Л-ийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, бэлх зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийн ....... дугаар гэрчилгээтэй, гэрээ, кадастарын зурагтай газрыг албадан чөлөөлж өгнө үү. Мөн хэргийн материалаас үзэхэд хариуцагч хариу тайлбар гаргаж байгаагүй. Сүүлд гаргасан хүсэлтдээ маргаан бүхий газартай холбогдолтой түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас гаргуулах хүсэлт гаргаж байсан. Үүгээр хариуцагч юу нотлох гэж оролдсон бэ гэхээр Л.Н тухайн газарт ямар үндэслэлээр байшин барьсан гэдгийг тодруулах гэж хүсэлт гаргасан гэж үзэж байна. Маргаан бүхий газар Л.Н-тай холбогдох ганц зүйл бол газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ. Хэдий эрх шилжүүлэх гэрээ байгаа боловч газар эзэмших эрхийн хугацаа дууссан этгээдтэй эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль бус. Мөн дүүргийн засаг даргаас захирамж гарсан тохиолдолд газар эзэмших эрх үүсдэг. Зөвхөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх үүсдэггүй. Дүүргийн Засаг даргын захирамж байхгүй, гэрээг гэрчлээгүй атлаа Л.Н бусдын газар дээр дур мэдэн байшин барьсан нь хууль бус үйлдэл. Энэ хууль бус үйлдлээс иргэн Р.Л гэдэг хүн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Р.Л-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Л.Н-ын баригдаж буй байшинг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Л нь Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, бэлхийн зуслан, газар эзэмших эрхийн ....... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын .......дугаар бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Н-д холбогдуулан шүүхэд  гаргажээ.

Хариуцагч тал 2018.06.04-ний өдөр нэхэмжлэлийн хувийн гардаж авсанаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар бичгээр ирүүлээгүй байна.

Нэхэмжлэлд дурдсанаар тухайн газарт хариуцагчийн дутуу барьсан тоосгон байшин байсан гэх бөгөөд 2013 оны 6 дугаар сард өөрийнх нь  барилга барих ажлыг зогсоосоноос талуудын хооронд маргаан үүсч, нэхэмжлэгч Р.Л удаа дараа холбогдох газарт өргөдөл өгсөний дагуу Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 604, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 дугаар албан бичгээр хариу авсан, улмаар Сүхбаатар дүүргийн газрын албаны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11/763 дугаар албан бичигт “таны эзэмшил газарт тань Л.Н үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Иймд газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлаа шүүхэд хандах”-ыг мэдэгдсэн байна.

Дээрх албан бичгүүдээс үзэхэд маргаан бүхий газар нь Р.Лийн мэдээллийн санд бүртгэлтэй, түүний эзэмшил газар болохыг дурдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх, энэ хугацаанд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй байхаар тус тус заасан ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.30-ны өдрийн 2388 дугаар магадлалаар уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд магадлалын үндэслэх хэсэгт “...Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны  алба, иргэн Р.Л нарын байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан газрын хэмжээ, нэгж талбарын дугаар зөрүүтэй болохыг, мөн хариуцагч нь дээрх иргэдэд тухайн газрыг олгохоос өмнө эзэмших эрхтэй байсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан”-ыг дурдсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-ын хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2019.06.12-ны өдрийн 07216 дугаар шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын  албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус албаны 2019.06.27-ны өдрийн 14/1814 албан бичгээр “Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд” менежер программд иргэн Л.Н, Б.Э нарын нэр дээр өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын мэдээлэл байхгүй болно” гэсэн хариу ирүүлсэн болно.

Нэхэмжлэгч 2019.05.16-ны өдөр кадастрын зураг эх хувиар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар зэрэг 5 хуудас нотлох баримтыг нэмж ирүүлсэн бөгөөд урьд нь андуурч шүүхэд өөр гэрээ өгсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамж, түүний хавсралтад зааснаар тус дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн зусланд байрлах, нэгж талбарын .... дугаар бүхий, 698 м/кв газрыг 15 жилийн хугацаатай Р.Лид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь 2010.11.22-нд олгогдсон ....... дугаартай  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,  кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Р.Л-той байгуулсан 2010.11.12-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь тухайн газрын төлбөрийг 2011 оны 10 дугаар сараас хойш 2018 оны 4 сарыг дуустал төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар,  маргаан бүхий газрын хаяг хожим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо болж өөрчлөгдсөн болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны тоотуудаар тус тус тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт  “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шударга эзэмшигч шаардах эрхтэй” гэж, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг  тус тус заасан.

Б.О , Л.Н нарын байгуулсан 2009.04.15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хариуцагч тал ирүүлсэн боловч маргааны зүйл болох нэхэмжлэгч Р.Л-ийн эзэмшлийн газартай хамааралгүй, Л.Н-ын нэр дээр өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын мэдээлэл байхгүй болох нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын  албаны 2019.06.27-ны өдрийн 14/1814 албан бичгээр тогтоогдсон болно.

Иймд хариуцагч Л.Н маргааны зүйл болох газрыг хуулийн дагуу эзэмшсэн нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалт нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэйг заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Лийн нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, бэлхийн зусланд байрлах, нэгж талбарын .... дугаар, газар эзэмших эрхийн ....... дугаар гэрчилгээ бүхий, 698 мкв газрыг хариуцагч Л.Н-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ