Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1955

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-гийн хариуцагч С.О-, Ж.Б- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт          27 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т- миний бие С.О-тай олон жил найзалж одоо ч хүртэл нэг байгууллагад ажиллаж байгаа. С.О- надад бэлэн мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь би хадгаламжид байсан мөнгөө зээлсэн. С.О-тай 2005 онд ШУТИС-д нэг ангид орсноос хойш найзалж нөхөрлөж явсан учир би итгэж, С.Отгонтунгалагийн 5622246158 тоот Хаан банкны дансанд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15:15 цагт 7 500 000 төгрөг, 20 000 000 төгрөгийг 5029237501 тоот Хаан банкны дансанд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18:37 цагт тус тус шилжүүлсэн. 20 000 000 төгрөгийг шилжүүлэхэд С.О- өөрөө энэ данс руу хийчих манай нагац ахын данс гэж хэлээд Жамц овогтой Батбаатарын данс руу хийлгэсэн. Өөрөө энэ данс руу хий гэсэн мессеж нь байгаа. Би С.О-ийг 15 жил найз нөхөд гэж явчхаад намайг ингэж хохирооно гэж бодоогүй итгээд мөнгөө өгсөн. Би ээж, хүүхдийн хамт амьдардаг, ээждээ ч хэлж чадаагүй. С.О-аас мөнгөө авъя гэхээр мөнгө байхгүй гээд явсаар өдий хүрсэн. Найз нөхөд гэж явчхаад ийм байдалд хүрнэ гэж огт санаанд ороогүй, ингэж итгэл алдаж, намайг хохироож байгаад их гомдолтой байна. Иймд С.О-, Ж.Б- нараас 27 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь өөрийн нагац эгч болох Жамцын Б-ийн охин Б.Б-ын 10 жилийн ангийн охин болох Э.Энхчимэг гэгчид мөнгө олж өгөөд эргээд 14-21 хоногийн хугацаанд өсгөөд өгнө гэдэгт итгэж явсан. Энэ нь өөрийгөө Ж.Б Ерөнхийлөгчийн охин Б.Н-гийн туслах хийдэг. Манай ах аялал жуулчлалын компанитай. Би олон улсын аялал жуулчлалын газар ажиллаж байсан. Тэнд байдаг хүнтэй хамтарч аялалын билет хямд авч, бусдад үнэтэй зардаг гэж эгчид хэлдэг байсан. Эгч энэ охинд итгээд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэлсэн мөнгөө өгөөд буцаагаад авдаг байсан. Энэ тухайгаа надад 2018 оны 9 дүгээр сараас хэлсэн ийм боломж байна чи мөнгө олоод өгөөд эргээд өсгөж авах боломжтой гэж хэлсэн. Ингээд 2 500 000 төгрөг өгөөд дараа нь 7 500 000 төгрөг өгөөд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 150 000 болгож авсан. Энэ байдлаар хадам эгчтэйгээ хамтран ажиллаж байгаагаа найз Б.Т-д хэлсэн тэгээд би ч гэсэн ингэж мөнгөө өсгөж авъя гээд мөнгөө өгөхөөр болсон. Бид 2 хамтраад мөнгөө өгөөд буцаагаад өсгөж авч байсан. Б.Т-д энэ байдал нь таалагдаж дахин асуувал би өгнө шүү гэж ярьж мессеж бичиж байсан. Б.Т-гөөс би зээлийн гэрээ гэсэн утгаар мөнгө авсан удаа байхгүй. Энэ бол намайг гүтгэж байна. Сүүлд 2019 оны 01 дүгээр сард би эгч Ж.Б-тай маргалдаж дахиж надаас мөнгө авахгүй гэж хэрэлдсэн. Энэ тухайгаа Б.Т- болон Б.Т- нарт яг тэр өдрөө хэлсэн өөрсдөө ахиж мөнгө өгөхгүй болсондоо харамсаж байсан. Би дараа нь бас ингэж мөнгөө өсгөөд авч байсан өөрийн нагац эгч Ж.Б, Ж.Б- нарт хандаж энэ 2 хүний мөнгийг надаас аваад Э.Энхчимэгийн дансанд хийдэг байсан. Энэ тухай Ж.Б- эгч мэдэхгүй байсан. 7 500 000 төгрөгийг би өөрийн 2 500 000 төгрөгтэй хамт Ж.Болормаагийн дансанд хийгээд эгч Э.Энхчимэгийн дансанд хийсэн. Энэ мөнгөө бага багаар эргүүлж авч байсан. Б.Т-д 1 200 000 төгрөг нэг удаа, 2 500 000 нэг удаа тус тус өөрийнх нь хаан банкны 5031240441 дансанд хийсэн. 20 000 000 төгрөгийг Б.Т- нь Ж.Б-ын дансанд хийсэн яагаад ингэж хийж байгааг өөрөө мэдэж байсан. Энэ тухай бичсэн мессеж хавсаргалаа. Тэрнээс би Б.Т-д худлаа ярьж мөнгийг аваагүй болно. Ж.Б- нь Ж.Б-гийн дансанд хийсэн. Би эгчтэйгээ маргалдсанаас хойш мөнгө өгч авахаа болъё гэж байхад Б.Т- нь өгөх хүсэлтэй байна намайг өгчихөө гэдэг байсан. Энэ тухай бичсэн мессеж байгаа. Би бас өөрөө 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ж.Б-ын данс руу нөхрийнхөө данснаас 13 000 000 төгрөг хийж мөн Э.Энхчимэгийн данс руу шилжүүлсэн. Энэ үед цуглуулсан 35 000 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргаж өгнө урьд нь өгсөн мөнгөнүүдтэй хамт бөөндөө шилжүүлэх болно гэж байсан. Би энэ Э.Энхчимэг гэгчийг өмнө нь таньдаггүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгнө гэсэн мөнгө нь хугацаандаа орохгүй цагаан сарын амралтын өдрүүд таараад 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болоход Э.Энхчимэг нь компанийн захирал золголтоор хөдөө явсан байна. Захирлын гарын үсэг нь байхгүй болохоор мөнгө гарахгүй байна гэх мэтээр өдөр хоногийг авсаар байгаад 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүрсэн. Би энэ бүх мэдээллийг 2, 3 хүн дамжсаны дараа сонсдог тэгээд цааш нь хэлдэг байсан. Би энэ хугацаанд их сэтгэл санаагаар унаж тухай бүрт нь өөрийн мэдсэн мэдээллээ Б.Т-д хэлж байсан. Хүний мөнгө ингэж өгчихөөд хүлээх нь надад хэцүү байдаг талаараа хэлсэн. Б.Т- нь өөрөө хүсэж мөнгөө өгчихөөд одоо хүлээж байхаас гэж хэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өглөө мөнгөө дамжуулж өгсөн Ж.Б- ах маань Э.Энхчимэгийн гэрт нь байна, энэ охин бид нарт худлаа ярьж байсан байна гэсэн. Тэгээд би Б.Т- болон Б.Т- нөхөр Б.Онон нартай хамтдаа гэрт нь очсон. Тэгэхэд бид нараас гадна 20-иод хүн бас мөнгөө өгөөд аваагүй байна гээд зогсож байсан. Энэ бүх процесс үйл явдлаа Б. Тунгалагмөрөн өөрөө бүгдийг мэдэж байгаа. Би мөн адил мөнгө хүнээс зээлээд тухайн охинд өгсөн байсан. Би бас хохирогч болно. Б.Т- нь би мөнгөө авчихаад буцаагаад 30 000 000 болгоод өгье гэж хүртэл ярьж байсан. Энэ мэтээр Э.Энхчимэг гэх охин нь манай ах эгч нараас 196 000 000 төгрөг аваад буцааж өгөөгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Т-гөөс Ж.Б-, С.О- нарт холбогдуулан 27 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Б- нь түүний хүсэлтээр дүү С.О-аар дамжуулан 20 000 000 төгрөгийг өөрийн мөнгөтэй нийлүүлэн өсгөж өгөх зорилгоор Э.Энхчимэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Э.Энхчимэг нь бусдын мөнгийг аялалын билет худалдаж авч ашиг өгөх нэрээр олон удаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан байна. Бид үнэн байдлыг мэдэлгүй өөрийн болон бусдын мөнгийг түүний данс руу шилжүүлэн давхар хохирсон. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О-, Ж.Б- нарт холбогдох 27 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал давж заалдах гомдолдоо:

… Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч С.О-аас зээлийн 7 500 000 төгрөг, хариуцагч Ж.Б-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 20 000 000 төгрөг тус тус нэхэмжилсэн. Гэтэл шүүхийн шийдвэр ойлгомжгүй гарсан. Шүүхийн шатанд хариуцагч С.О- нь нэхэмжилсэн 7 500 000 төгрөгөөс 3 620 000 төгрөг төлсөн тул бид нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 780 000 төгрөг нэхэмжилсэн.Үүнийг шүүх ялгаж салгаж бичээгүй байна. Хоёр хариуцагчаас хувь тэнцүүлэн тус тусд нь нэхэмжилсэн үүнийг яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

2. Нэхэмжлэлийг даалгаврын гэрээ хийгдсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч С.О-т 27 000 000 төгрөг зээлсэн. Ингэхдээ С.О-ын дансаар 7 500 000 төгрөг ах Батбаатарынх нь дансаар 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ амаар хийгдсэн. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ гэж үзэх хуулийн ямар ч боломжгүй. Учир нь энэ гэрээгээр “даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг" зохицуулалттай.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар "хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл" иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохоор зохицуулсан ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

З. Шийдвэрийн үндэслэл болгосон үзлэгийн тэмдэглэл хуульд нийцээгүй. Учир нь шүүгч захирамждаа гар утсанд үзлэг хийхээр шийдвэрлэсэн мөртлөө мессенжерт үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд шууд нэхэмжлэгч, хариуцагч гэж нэр заан бичиж хэлсэн бичснийг зөрүүлсэн, нэхэмжлэгч гээд байгаа нь ямар утасны дугаар, ямар нэршлээр харилцсан мессенжер болохыг тогтоож үзлэг хийгээгүй. Энэ нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримт болохгүй нотолгооны шинж чанараа алдсан баримт юм.

Иймд дээр үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Т-гийн 27 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.О-, Ж.Б- нар зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С.О-, Ж.Б- нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн гэж, хариуцагч нар нь мөнгийг зээлээгүй, Б.Т- нь өсгөх зорилгоор Э.Энхчимэгт мөнгө өгснийг дансаараа дамжуулж шилжүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь өөрийн эзмшлийн ХААН банкны 5031240441 тоот данснаас 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөгийг 18 900 000 болон 1 100 000 төгрөгөөр 5029237501 тоот дансанд шилжүүлэхдээ утгыг “оогий билетний мөнгө” гэж тодорхойлсон, мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 7 500 000 төгрөгийг 56 22246158 тоот дансанд утгыг “тунгалагмөрөн” гэж шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

  /хх-3, 4/

 

Мөн хариуцагчийн хүсэлтээр зохигчдын гар утасны харилцан бичсэн мэдээлэлд шүүхээс үзлэг хийж баримтжуулсан тэмдэглэлд нэхэмжлэгч нь өсгөх зорилгоор хариуцагч С.О-тай харилцан зөвшилцсөнөөр Э.Энхчимэгт мөнгө шилжүүлж, өсгөсөн байдлаар буцаан авч байсан агуулга тусгагдсан байна. /хх-80-89/

 

Нэхэмжлэгч мөнгийг зээлдүүлсэн гэх үндэслэлээ нотолсон өөр баримтыг шүүхэд гаргаагүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хэрэгт авагдсан баримтыг маргаж буй үндэслэлд хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлжээ.

 

Талуудад зээлийн үүрэг үүссэн эсэхээр зохигчид маргаж байхад шүүх маргаж буй үндэслэлд хамааралгүй даалгаврын гэрээний зохицуулалт буюу Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсныг зөвтгөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон агуулгаар өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа 276 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ