Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/MA2017/0462

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр             Дугаар 221/МА2017/0462           Улаанбаатар хот

 

С.*******ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, С.*******ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 296 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.*******гийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд эс зөвшөөрч энэхүү гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

1.         Анхан шатны шүүх Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх болон Монгол Улсын Дээд Шүүхийн 2010.04.26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 15 дахь заалтуудыг баримтлан хэргийн үйл баримттай холбон зөв дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгч С.*******ийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсны хувьд Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй гэж зөв дүгнэсэн. Эдгээр дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэл болж байгаа юм.

Гэтэл нэхэмжлэгчийг албан тушаалдаа үргэлжлэн ажиллах хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргаагүй гэсэн ганц үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болов. Нэхэмжлэгч нь албан тушаалдаа үргэлжлэн ажиллах хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргаагүй байсан Ч знэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтын дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэхэд нь саад болох ёсгүй юм.

2. Анхан шатны шүүх Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх болон Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн заалтыг бүрэн дүүрэн хэрэглэсэн бол нэхэмжлэлийг зайлшгүй хангах байв.

3. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зөвхөн иргэн С.*******ийг өмнөөс маргаан бүхий Б/36 дугаар тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх уг маргаан бүхий актаар улсын хэмжээний бүртгэлийн төрийн захиргааны албан хаагчид халагдсан байна гэж үзэн зөвхөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй хэмээн хамааралгүй дүгнэлт хийжээ.

Эдгээр үндэслэл, бусад нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх “... газрын даргын албан тушаалын үндсэн чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт шилжсэн байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хадгалагдан үлдсэн ...” гэж зөв дүгнэсэн байх хэдий ч “... эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг шилжсэн ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргасан байх шаардлагатай ...” гэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

            Хэрэгт авагдсан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн "Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаал[1]-аас үзвэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөн байгуулагджээ.

Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаал[2]-ын хоёрдугаар хавсралтаар салбар нэгжийн бүтцийн тогтолцоог, дөрөвдүгээр хавсралтаар Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсны дотор Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг нийт 27 орон тоотой, үүнд хэлтсийн даргын 1 орон тоотой байхаар тус тус тогтоож, баталсан байна.

            Ийнхүү “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар”-ыг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгож өөрчлөн, бүтэц орон тоог баталсан Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалыг үндэслэн хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас нийт ажилтнуудыг чөлөөлсний дотор нэхэмжлэгч С.******* хамрагдсан буюу түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагчийн тус Б/36 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5-д “... албан тушаалд томилох, чөлөөлөх, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн Б/36 дугаар тушаалын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

            Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/37 дугаар тушаал[3]-аар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нийт 27 орон тоотой, үүнд хэлтсийн дарга 1 байхаар батлагдсанаар өмнө нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл статистикийн газар байх үед байсан тус газрын даргын орон тоо хэлтэс болсноор хасагдаагүй, ажил, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байхад нэхэмжлэгч С.*******ийг тус хэлтсийн даргын орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасантай нийцээгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг алдагдуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн талаар зөв дүгнэсэн атлаа “нэхэмжлэгч С.******* нь албан ёсоор, бичгээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө” гэж, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын 1-д “Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангараг /цаашид “тангараг” гэх/-ийг ёс төртэйгээр өргөнө”, 2-т “Төрийн захиргааны албан хаагч төрийн захиргааныхаас бусад төрийн албан тушаалд шилжин ажилласны дараа төрийн захиргааны албан тушаалд эргэж томилогдвол тангараг дахин өргөхгүй” гэж төрийн жинхэнэ албанд анх ороход тангараг өргөх журмыг зааж тогтоожээ.

Нэхэмжлэгч С.******* нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрийн аудитын байгууллагын ажилтны буюу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын Б/66 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр /төрийн албаны ТЗ-10 зэрэглэл/ томилогджээ.

Нэхэмжлэгч нь өөрөө тушаал гаргаж, тус аймгийн бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд өөрийгөө томилох боломжгүй, хариуцагчаас ямар шалтгааны улмаас түүнийг тус албан тушаалд жинхлэн томилоогүй талаар тайлбарлаагүй, энэ үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан ...” гэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн томилж ажиллуулаагүй нь хууль бус байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ. Хуулийн тус зүйл, заалтын агуулгаас үзвэл төрийн байгууллага, түүний зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч тухайн төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд ажилд томилж, чөлөөлөх шийдвэрийг гаргагч эрх бүхий этгээд нь ажилтнаас эрхэлж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар санал авсны үндсэн дээр тухайн албаны чиг үүргийг гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн томилохоор, хэрэв үргэлжлүүлэн ажиллах талаар санал гаргаагүй бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохгүй байхаар зааж хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн тус зохицуулалт нь төрийн албан хаагчид өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөхгүй байх баталгааг олгосон, байгууллагын зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдсөн гэх шалтгаар төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчмыг алдагдахаас сэргийлж, хамгаалсан шинжтэй байна.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон өөрчлөгдсөн хэдий ч тус газрын даргын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас баталсан  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “... “Ажлын байрны үндсэн зорилт хэсэг” ... 1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах ...” гэх  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт[4], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шинээр батлагдсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “... “Ажлын байрны үндсэн зорилт хэсэг” ... 1-д Улсын бүртгэлийн хэлтсийн ажил үйлчилгээг удирдан зохион байгуулах...” гэх аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт[5], Үр дүнгийн гэрээ[6] , Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/37 дугаар тушаал[7], хэргийн оролцогчдын тайлбар зэрэг нотлох баримт, тайлбаруудаар хангалттай тогтоогдсон байна.

Түүнчлэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч өөрөө түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ийнхүү нэхэмжлэгч С.*******ийг чөлөөлөх тушаал гаргасныг дурдах нь зүйтэй.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийг баталсан, түүнчлэн  тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар тус газрын салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

Харин 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-аас Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан хийсэн гэх “Аймаг, ...ийн газрын дарга нарын саналыг сонссон тухай тэмдэглэл”-д тус газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамцэцэгээс “Ерөнхий газрын зүгээс газрын даргын албан тушаал байхгүй болж байгааг мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч С.*******оос асуусан, хариуд нь С.******* “миний хувьд 6 сарын тэтгэмж олддог бол тэрийгээ аваад гарна. Заавал үлдэнэ гэхгүй” гэж хариулсан талаар тэмдэглэгджээ.

Тус ажиллагааг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу тухайн үед Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлаагүй байсан болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү салбар нэгжийн бүтэц зохион байгуулалт батлагдаагүй байхад хариуцагч байгууллагаас урьдчилан эрхэлж байсан албан тушаал нь огт байхгүй болсон мэтээр асуусныг “тухайн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгаа эсэхийг тодруулсан” гэж үзэх, хариуд нь нэхэмжлэгчээс дээрх байдлаар хариулсныг “эрхэлж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ ажилтан илэрхийлсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийнхүү хариуцагч байгууллагаас өөрийн харьяа орон нутгийн салбар нэгжийн бүтэц зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаагүй атлаа гаргасан мэтээр, түүнчлэн газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байхад огт байхгүй болсон мэтээр салбар нэгжийн удирдлагуудад мэдээлсэн дээрх үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” зорилго агуулгад нийцүүлэн сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан тухай урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу өөр ажлын байранд ажиллах эсэх тухай санал асуухад ажиллахгүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч чөлөөлөгдөх саналтай байгаагаа илэрхийлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч С.*******ийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад шүүх “...нэхэмжлэгчийн ... үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ амаар гаргаж байсан ...” гэх тайлбар нотлогдохгүй байна” гэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн “...ажилд эгүүлэн томилохыг, түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож, олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаал[8]-ын “аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан дөрөвдүгээр хавсралтаар хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-9 зэрэглэлээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг түүний урьд эрхэлж байсан аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалын ТЗ-10 зэрэглэлээр тооцож олгох боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу төрийн албаны ТЗ-9 зэрэглэлээр тооцож, нэхэмжлэгчийг ажилд нь үргэлжлүүлэн томилох байсан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, харин уг олговроос түүнд өмнө олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,373,462 төгрөгийг хасч олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.*******ийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэгч С.*******т 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож, уг олговроос түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,373,462 төгрөгийг хасаж олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ