Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1973

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01690 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-гийн хариуцагч “К Б” ХХК БЭХАид холбогдуулан гаргасан хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Д- анх “К Б” ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 611 дүгээр тушаалаар тус байгууллагын банкны бизнесийн албаны менежер ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн контракт байгуулж хороолол тооцооны төвийн захирлаар томилогдон ажилласан. Хөдөлмөрийн контрактын хугацаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусч цаашид сунгах эсэхийг дүгнэх байсан боловч Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “К Б” ХХК -ийг албадан татан буулгах шийдвэр гарч мөн өдрийн А/97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нийт ажилчдад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад тэтгэмж олгохгүй гэж мэдэгдсэнийг эсэргүүцэж ажилчдын төлөөлөл 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус асуудал болон холбогдох бусад хөдөлмөрийн маргаантай асуудлаар банкны эрх хүлээн авагчид албан шаардлага хүргүүлсэн боловч эрх хүлээн авагч нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр албан шаардлагад хариу ирүүлэхдээ хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдын адил нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр эцсийн тооцоог дуусгавар болгож хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилтанд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт контрактыг энэ хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно гэж, 41.1.3-т зааснаар ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн гэж, 41.2 дахь хэсэгт энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заасныг зөрчиж байна. Иймд хариуцагчаас хөдөлмөрийн контрактыг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр цуцалсны дагуу 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн", 41.2 дахь хэсэгт энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр cap, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэх зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд “К Б” ХХК -ийн өмчлөх эрх банкны эрх хүлээн авагчид бүрмөсөн шилжээгүй болох нь дараах тайлбараар тогтоогдоно.

Үүнд: Төв Банк (Монгол банк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К Б” ХХК -ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл банкны эрх хүлээн авагчаас “К Б” ХХК -ийн чанаргүй зээл, авлагыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгийг худалдах үйл ажиллагааг гүйцэтгэж, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагуудад учирсан хохирлыг нөхөн барагдуулахаар ажиллаж байна. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт эцсийн өмчлөгч гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч этгээдийг тодорхойлжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанд "Капитал банк” ХХК-ийн нийт хувьцааны 99.98 хувийг “Б Х” ХХК , үлдэх 0.2 хувийг “ЧФ” ББСБэзэмшдэг байна.

Монгол банкнаас “К Б” ХХК -д банкны эрх хүлээн авагч томилсноор тус банкны хувьцаа эзэмшигчийн эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэж үзэхгүй, мөн хувьцаа эзэмшигчийн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй. Учир нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт Монгол банк эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт энэ хуулийн 73.1 дэх хэсэгт заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна гэж тус тус зааснаас үзэхэд банкны хувьцаа эзэмшигч нь хэрэв банкны төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хөрөнгө үлдэх тохиолдолд эрхийн дагуу хуваарилж авах эрх нь хадгалагдаж байна. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлдэг. Банкны эрх хүлээн авагч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 42.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нийт ажилчдад гардуулан өгч, мэдэгдэл хүлээн авснаас хойш 45 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин, нэмэгдлийг хэвээр олгож, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. “К Б” ХХК -ийн өмчлөх эрх бусад этгээдэд бүрмөсөн шилжээгүй тул тохиолдолд хөдөлмөрийн контрактын гэрээг байгуулсан ажилтанд 3 cap, түүнээс дээш хугацааны тэтгэмж олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн контракт гэрээнд гэрээ дуусгавар болсон, цуцалсан тохиолдолд тэтгэмж олгох тухай асуудал тусгагдаагүй болно. Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэгчид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө гардуулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б-153 дугаар хөдөлмөрийн контрактын гэрээ цуцлах тухай тушаалаар хөдөлмөрийн контрактын гэрээг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Хэдийгээр хөдөлмөрийн контрактын гэрээтэй ажилчдад тэтгэмж олгох эрх зүйн зохицуулалтгүй байсан ч банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөрөө хэлэлцээд ашигтай байдлаар буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны адилаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, олгосон тул дахин мөнгө олгох боломжгүй юм. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах болсон тухай нийтэд мэдээлэлж, нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжлэгч энэ хугацаанд банкны эрх хүлээн авагчид ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болно. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах төлбөрийн дарааллыг заасан. Тус дарааллын 6 дугаарт банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлсийг олгохоор заасан тул “К Б” ХХК -ны эрх бүхий албан тушаалтанд төлбөр олгох үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К Б” ХХК БЭХАаас 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “К Б” ХХК БЭХАаас улсын тэмдэгтийн хураамжид 53 350 төгрөгийг гаргуулж С.Д-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо:

… Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ажил олгогч өмчлөх эрхээ бусдад бүрмөсөн шилжүүлэх нь тухайн ажил олгогчийн хүсэл зоригоос хамаарсан иргэний эрх зүйн гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдад худалдах, бэлэглэх мэтээр, мөн хувьчлах зэрэг аргаар хуульд заасан журмын дагуу хэрэгждэг онцлогтой бөгөөд уг ойлголтод "Капитал банк" ХХК-ийг татан буулгаж байгаа асуудал хамаарахгүй болно. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-т банкны эцсийн өмчлөгч гэдгийг тодорхой заасан, хэрэгт авагдсан баримтаар "К Б" ХХК-ийн нийт хувьцааны 99.98 /ерэн ес зууны ерэн найман/ хувь “Б Х” ХХК , үлдэх 0.2 /тэг аравны хоёр/ хувийг “ЧФ” ББСБэзэмшдэг болох нь тогтоогдсон. Банкны эрх хүлээн авагчид "Капитал банк" ХХК-ийн өмчлөгч буюу хувьцаа эзэмшигчийн эрх шилжээгүй.

Учир нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт Монгол банк эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт энэ хуулийн 73.1 дахь хэсэгт заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна гэж тус тус зааснаас үзэхэд банкны хувьцаа эзэмшигч нь хэрэв банкны төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хөрөнгө үлдэх тохиолдолд эрхийн дагуу хуваарилж авах эрх нь хадгалагдаж байна. Мөн Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар банкны хувьцаа эзэмшигч нь банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монгол банкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхийг эдэлдэг ба өнөөдрийн байдлаар “К Б” ХХК -ийн хувьцаа эзэмшигч “Б Х” ХХК  нь Монгол банкны Ерөнхийлөгчийн А-96 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, Захиргааны хэргийн шүүхээс банкны эрх хүлээн авагчийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцох бөгөөд энэ зохицуулалтаас харахад компанийн эрх бүхий албанд хувьцаа эзэмшигч орохгүй. Банкны эрх хүлээн авагч контрактын гэрээний 9.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааасны дагуу нэхэмжлэгчид контрактын гэрээг цуцлах тухай 45 хоногийн өмнө мэдэгдсэн, түүнчлэн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаал зэрэг үйл баримтуудаас үзэхэд "Капитал банк" ХХК нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр татан буугдаж, Банкны тухай хуулийн 68-74 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол банкнаас "Капитал банк" ХХК-ийг татан буулгаж, банкны эрх хүлээн авагч томилсон, энэ үндэслэлээр банкны эрх хүлээн авагч контрактын гэрээг цуцалсан зэргээс дүгнэн үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгаа ба уг тохиолдолд 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг олгосон, контрактын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийг ямар хэмжээтэй олгох эсэх, асуудлаар тохиролцоогүй, энэ талаар зохицуулаагүй тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч үүнээс илүү тэтгэмж нэхэмжлэх эрхгүй болно. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч “К Б” ХХК БЭХАид холбогдуулан хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар “К Б” ХХК -ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 тоот тушаалаар эрх хүлээн авагчаар М.А-ийг томилжээ. /хх17, 18, 65-68/

 

            Нэхэмжлэгч С.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн контракт гэрээний дагуу 3 жилийн хугацаатайгаар Капитал банкны Хороолол тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэгчид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гардуулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б-153 дугаар тушаалаар С.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээг цуцалж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.

 

            Хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчид 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулан хуралдуулж, банкны эрх хүлээн авагчид албан шаардлага хүргүүлсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн маргаан таслах комисст албан шаардлагын хариуг хүргүүлж, контрактын гэрээтэй ажилчдад 1 сарын тэтгэмж олгох үндэслэлтэйг мэдэгджээ.

 

            Нэхэмжлэгч нь 1 сарын тэтгэмж олгосныг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын тэтгэмж шаардаж маргаан үүсгэсэн байна.

 

            “К Б” ХХК  нь Хөдөлмөрийн дотоод журамд, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээнд ажил олгогчийн санаачилгаар болон ажил олгогч татан буугдсан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж олгох эсэх, ямар хэмжээтэй байх талаар тохиролцоогүй, энэ талаар зохицуулсан хамтын гэрээгүй байна.

 

            Ажил олгогч банк нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан тул банкны эрх хүлээн авагчийг банкны өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч “К Б” ХХК БЭХА нь контрактыг цуцалсны үр дагавар 3 сарын тэтгэмж олгох үүргийг хүлээхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 40.5-д заасныг хэрэгжүүлж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-д 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмж олгосныг буруутгах боломжгүй.

 

            Нэхэмжлэгч С.Д- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр мөн хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг хариуцагч “К Б” ХХК БЭХАаас шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01690 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “К Б” ХХК БЭХАид холбогдох Хөдөлмөрийн контрактын цуцалсны хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2 400 000 төгрөг гаргуулах тухай С.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч “К Б” ХХК БЭХА нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ